A

A

A

Бүлэг: 1979
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын
Сайдын  2011 оны 04 дүгээр сарын 22 -ны
                                                  өдрийн 123 дугаар тушаалын  хавсралт
 
 
ИНД-91 "НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ДҮРЭМ",
ИНД-121 "Агаарын тээврийн Үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц", ИНД-135 "Агаарын тээврийн Үйл ажиллагаа-багтаамж багатай онгоц, нисдэг тэрэг"-д оруулах нэмэлт, өөрчлөлт
 
Нэг. "Дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2010 оны 112 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"-д орох нэмэлт, өөрчлөлт:
 
1.      Дүрмийн 91.101-ийг дараах байдлаар өөрчлөх:   91.101 Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар
 
(a) Энэ зүйлийн (в) болон ИНД-103, ИНД-106-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь хүчин төгөлдөр НТЧ-ын гэрчилгээгүй, нислэгт тэнцэх чадваргүй, эсхүл ИНД-21-ийн дагуу тусгай нислэгийн зөвшөөрөл олгогдоогүй агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно. /(в)-тэй ижил болгон найруулав/
 
(б) Агаарын хөлгийн дарга нь MEL-д зөвшөөрөгдөөгүй дутагдалтай агаарын хөлгөөр нислэг үйлдэхийг хориглоно.
 
(в) Аливаа этгээд нь дараах шаардлагыг хангасан бол хүчин төгөлдөр НТЧ-ын гэрчилгээгүй агаарын хөлгөөр, гэрчилгээ олгох, сунгах зорилгоор нислэг үйлдэж болно:
 
1/   агаарын хөлөг нь ИНД-21-ийн "Б" Бүлгийн дагуу олгогдсон Маягийн гэрчилгээ ба Маягийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээтэй;
2/   ИНД 21.191-ийн шаардлагыг хангасан;
3/   ИНД-43.101-ийн (а)-д заасан шаардлагыг хангасан этгээд тухайн агаарын хөлгийг нислэгт тэнцсэн гэдгийг баталгаажуулсан;
4/   агаарын хөлгийн дарга нь ИНД-61-ийн дагуу олгогдсон хүчин төгөлдөр үнэмлэх болон тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй;
5/   нислэгийн үйл ажиллагаанд оролцох зайлшгүй шаардлагатай этгээдээс бусад этгээдийг тээвэрлээгүй бол.
 
2.      Дүрмийн Б бүлэг-т дараах агуулга бүхий 91.139 зүйл нэмэх:
 
91.139. Байгаль, цаг агаарын аюултай үзэгдэл болон газрын ба навигацийн тоног төхөөрөмжийн хэвийн бус ажиллагааны талаар мэдээлэх
 
(а) Нислэгийн үед тулгарсан байгаль, цаг агаарын аюултай үзэгдэл, эсхүл газрын болон навигацийн тоног төхөөрөмжийн хэвийн бус ажиллагаа нь бусад нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлж болзошгүй гэж үзсэн тохиолдолд, агаарын хөлгийн дарга нь энэ талаар холбогдох Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагад нэн даруй мэдээлнэ.
 
 
(б) Энэ зүйлийн (а)-д заасны дагуу мэдээлэл хүлээн авсан байгууллага нь энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад шуурхай мэдээлнэ.
 
 
91.255. RNP агаарын зайд нислэг үйлдэх
 
(a) Аливаа этгээд нь дараахь шаардлагыг хангаагүй тохиолдолд RNP агаарын зайд нислэг үйлдэхгүй:
 
1/ энэ дүрмийн дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан, тухайн агаарын хөлөг, түүний навигацийн системийг RNP агаарын зайн нислэгт ашиглах заавар агаарын хөлөгт байх;
2/ RNP агаарын зайд, батлагдсан зааварт заасан журам, хязгаарлалтын хүрээнд нислэгийг гүйцэтгэх;
3/ RNP нислэгт ашиглах, энэ дүрмийн 91.519-д шаардсан хэрэглэл, тоног төхөөрөмжид батлагдсан хөтөлбөрийн дагуу техник үйлчилгээ хийж, үзлэг шалгалт хийгдсэн байх;  
4/ нисэх багийн гишүүд нь дор дурдсан зүйлтэй танилцаж, тэдгээрийн талаар зохих мэдлэг эзэмшсэн байх:
4.1. нислэг гүйцэтгэх агаарын хөлөг;
4.2. тухайн агаарын хөлгийн навигацийн систем;
4.3. урьдчилан төлөвлөгдөөгүй журмуудыг багтаасан, нислэгт хэрэглэгдэх журам, горимууд;
 
5/ агаарын хөлгийн дарга нь, RNP нислэгт ашиглах агаарын хөлөг, түүний навигацийн систем ИНЕГ-аар батлагдсан, RNP-ийн үзүүлэлт нь төлөвлөсөн агаарын зам болон нөөц агаарын замд тохирно гэдгийг баталгаажуулсан байх; 
6/ ICAO-гийн стандарт нислэгийн төлөвлөгөөний 10-рт бичигдсэний дагуу нислэгийн төлөвлөгөөнд дараахь тэмдэглэгээг хийж зохих НХҮ-ний байгууллагад хүргүүлсэн байх:
6.1. RNP нислэгт зөвшөөрөгдсөн агаарын хөлөгт ‘R’ тэмдэглэгээ;
6.2. зөвшөөрөгдсөн GNSS-ээр тоноглогдсон агаарын хөлөгт 'G' тэмдэглэгээ.
 
(б) Агаарын хөлөг ашиглагч нь RNP нислэгт мөрдөх  журам, зааврыг ажлын үндсэн байрандаа хадгалж, ИНЕГ-аас шаардсан үед шалгуулна.
 
(в) RNP нислэгт мөрдөх зааврыг батлуулах, эсхүл батлагдсан зааварт өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргаж буй этгээд нь уг заавар, эсхүл өөрчлөлтийн төслийг ИНЕГ-т хүргүүлнэ.
 
(г) RNP нислэгт мөрдөх заавар болон түүнд оруулах аливаа өөрчлөлтийг ИНЕГ-ын дарга батална.
 
(д) RNP нислэг гүйцэтгэх зааварт дор дурдсан зүйлүүд багтсан байна:
 
1/ ашиглагчийн нэр;
2/ RNP нислэгт ашиглаж буй агаарын хөлгийн бүртгэл, төрөл, маяг;  
3/ агаарын хөлгийн навигацийн системийн төрөл, маяг болон үйлдвэрлэгч; 
4/ дараах журмуудыг агуулсан техник үйлчилгээний хөтөлбөр:
4.1    RNP нислэгт ашиглах, энэ дүрмийн 91.519-д шаардсан хэрэглэл, тоног төхөөрөмжид хийх үзлэг, шалгалт;
4.2     техник үйлчилгээний тэмдэглэл, огноо, нисэн гарах ба очих буудал, хэрэглэл болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийн улмаас RNP нислэг тасалдсан шалтгаан;  
 
5/ дараахь зүйлүүдэд хамаарах журам, зааврууд:
5.1  тоног төхөөрөмжийн эвдрэл, эсхүл ашиглалтын улмаас гарч болзошгүй навигацийн их хэмжээний алдааг багасгах аргачлал;
 
6/ НХУ-аас зөвшөөрсөн замаас санамсаргүй хазайхаас сэргийлэх үүднээс, навигацийн алдаа гарсан эсэхийг тогтоох зорилгоор харьцуулан шалгалт хийх журмыг багтаасан нислэгийн үед мөрдөх журмууд;
7/ RNP гэж тогтоогдсон агаарын зайд нисэх үед RNP-ийн шаардлагатай үзүүлэлтийг хадгалахын тулд навигацийн системийн хэрэглэлийн заалтыг сэргээх;
8/ RNP системийн, RNP агаарын зайд зөвшөөрөгдөх  максимум хазайлт;
9/ RNP-ийн шаардлагад нийцэх цагийн хязгаарлалтын тооцоо;
10/ хэрэглэл, тоног төхөөрөмжийн гэмтлийг анхааруулах систем;
11/ системийн гэмтэл, саатал;
12/ найдвартай ажиллагааны болон өгөгдлийн үзүүлэлтийг цуглуулах, хянах систем;
13/ ИНЕГ-аас шаардлагатай гэж үзсэн бусад журам, заавар, хязгаарлалт.
 
(е) Энэ зүйлийн (а), (б), (в) болон (д)-д шаардсан журам, заавар нь ИНД-119-ийн дагуу Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт багтсан байж болно.
 
(ж) Агаарын хөлгийн дарга нь:
 
1/  хоёр тусдаа ажиллагаа бүхий Алсын зайн навигацийн систем нь /LRNS/ найдвартай, өндөр нарийвчлалтай ажиллаж байгаа эсэхийг нислэгийн дор дурьдсан үе шатуудад баталгаажуулна:
1.1     тогтоосон RNP агаарын зайд орохоос 30 минутын өмнө;
1.2     тогтоосон RNP агаарын зайд орох үед.
 
2/  тогтоосон RNP агаарын зайд нэвтрэхээс 30 минутын өмнө, эсхүл уг агаарын зайд нислэг үйлдэж байгаа үед:
2.1                             тухайн агаарын хөлөг RNP шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд НХУ-д мэдэгдэнэ;
2.2                             тухайн агаарын хөлөг нь нэг LRNS-тэй нислэг үйлдэж буй үед НХУ-д мэдэгдэнэ
2.3                            НХУ-тай холбоо барих боломжгүй бол, Бүс нутагт мөрдөх нэмэгдэл журам "ICAO Regional Supplementary Procedures, Doc 7030"-ын дагуу ажиллана.
 
3.      Дүрэмд найруулгын чанартай дараах нэмэлт оруулах:
 
91.413-ын (в)-гийн 3.1-3.8 болон (д)-гийн 1.1, 1.2, (е)-гийн 1/; 91.415-ын (в)-гийн 1/, 2/;  91.417-гийн (а)-гийн 1.1-д цэгтэй таслал ";" -ын дараа "эсхүл" гэж нэмэх.
 
Хоёр. "Дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2010 оны 111 дүгээр тушаалын 10 дугаар хавсралтаар баталсан ИНД-135 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж багатай онгоц, нисдэг тэрэг"-д оруулах нэмэлт:
 
          Дүрмийн Е бүлэг-т дараах агуулга бүхий 135.269 зүйл нэмэх:
135.269. Нислэгийн бичигч төхөөрөмжүүд /FDR,CVR/-ийн ажиллагаа болон бичлэгийг хадгалах
 
(а) Нислэгийн үед бичлэгийн төхөөрөмжүүдийг салгахыг хориглоно.
 
(б) Агаарын хөлөг осол, зөрчилд өртсөн тохиолдолд Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн бичигч төхөөрөмжүүдийн мэдээллийг хадгалах зорилгоор тэдгээрийг салгаж, бичигдсэн мэдээллийг 60 хоног хүртэл, хэрэв эрх бүхий байгууллага шаардсан бол илүү урт хугацаагаар хадгална.
 
(в) Нислэгийн бичигч төхөөрөмжийг дахин идэвхжүүлэхээс өмнө Чикагогийн конвенцийн Хавсралт 13-ын Attachment D /Нислэгийн бичигч төхөөрөмжүүдийг унших ба дүн шинжилгээ хийх гарын авлага/-д заасан шаардлагыг хангасан байна. 
 
Гурав. "Дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2010 оны 112 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц"-д оруулах өөрчлөлт:
  Дүрмийн 121.385-ыг дараах байдлаар өөрчлөх:   121.385. Нислэгийн бичигч төхөөрөмжүүд /FDR,CVR/-ийн ажиллагаа ба осол, зөрчлийн үед тэдгээрийг хадгалах
 
(а) Нислэгийн үед бичлэгийн төхөөрөмжүүдийг салгахыг хориглоно.
 
(б) Агаарын хөлөг осол, зөрчилд өртсөн тохиолдолд Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн бичигч төхөөрөмжүүдийн мэдээллийг хадгалах зорилгоор тэдгээрийг салгаж, бичигдсэн мэдээллийг 60 хоног хүртэл, хэрэв эрх бүхий байгууллага шаардсан бол илүү урт хугацаагаар хадгална.
 
(в) Нислэгийн бичигч төхөөрөмжийг дахин идэвхжүүлэхээс өмнө Чикагогийн конвенцийн Хавсралт 13-ын Attachment D /Нислэгийн бичигч төхөөрөмжүүдийг унших ба дүн шинжилгээ хийх гарын авлага/-д заасан шаардлагыг хангасан байна. 
 
 
---оОо---