- Нүүр
- Сайдын тушаал
- СУУРЬ БҮТЭЦ АШИГЛУУЛАХ ЖУРАМ /ЗТХС-ын 2017 оны 140-р тушаалаар хүчингүй болсон/
/ЗТХС-ын 2017 оны 140-р тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны 05-р сарын 10-ны өдрийн
138 дугаар тушаалын хавсралт
СУУРЬ БҮТЭЦ АШИГЛУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1 Зорилго
1.1.1. Энэ журмаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нарын хооронд суурь бүтэц ашиглуулахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулна.
1.1.2. Энэхүү журмыг суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийн өмчлөлийн хэлбэр, суурь бүтэц эзэмшигчийн харъяаллын тээвэрлэгч эсэхээс үл хамааран суурь бүтэц ашиглуулахтай холбоотой бүх харилцаанд дагаж мөрдөнө.
1.1.3. Суурь бүтэц эзэмшигч болон тээвэрлэгч нар нь Монгол Улс нэгдэн орсон Олон улсын гэрээ, Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актууд болон энэ журмыг баримтлан суурь бүтэц ашиглуулах тухай гэрээ байгуулж тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1.1.4. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд суурь бүтцийн хүчин чадал хангалтгүй тохиолдолд тээвэрлэгчийн ирүүлсэн захиалгыг зөвшилцөх, татгалзах, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам"-аар зохицуулна.
1.2 Нэр томъёо
1.2.1. Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог "Төмөр замын тээврийн тухай хууль"-д зааснаар болон дор дурьдсан утгаар ойлгоно:
1.2.1.1."түрээслүүлэгч" - өөрийн эзэмшил буюу өмчлөлд байгаа хөдлөх бүрэлдэхүүн /зүтгүүр, вагон/-ийг тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжид гэрээний үндсэн дээр шилжүүлж, ашиглуулахыг;
1.2.1.2."суурь бүтцийн тариф" гэж тариф тогтоох аргачлалын дагуу мөрдөж буй тээвэрлэгчид үзүүлэх үйлчилгээний хөлсийг.
Хоёр.Суурь бүтэц ашиглуулан үйлчилгээ үзүүлэхэд
тавигдах шаардлага
2.1. Суурь бүтэц ашиглуулан үзүүлэх үйлчилгээний үнэлгээ нь шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөгдсөн тариф, хөлс, хураамжид үндэслэсэн байна.
Гурав. Суурь бүтэц ашиглуулах тухай гэрээ
3.1. Суурь бүтэц ашиглуулах үйлчилгээ нь суурь бүтэц эзэмшигч , тээвэрлэгч нарын хооронд Монгол Улсын Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон энэхүү журамд заасан шаардлагыг хангасан, харилцан тохиролцож бичгээр үйлдсэн гэрээний/ цаашид гэрээ гэх/ үндсэн дээр хэрэгжинэ.
3.2. Суурь бүтэц ашиглуулах гэрээг Төмөр замын тээврийн тухай хуулийн 12.4.3, 12.4.10, 15.1.15 дахь заалтыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн загварын дагуу бичгээр байгуулах бөгөөд төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгэгдэнэ.
3.3. Суурь бүтэц эзэмшигч нь эрх бүхий тээвэрлэгчтэй суурь бүтэц ашиглуулах гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй. Гэрээний нөхцлийг тохиролцож чадаагүй нөхцөлд бусад тээвэрлэгч, түүний дотор өөрийн харъяаллын тээвэрлэгчид олгож буй нөхцлийг баримтлана.
3.4. Гэрээ байгуулах санал, гэрээний нөхцлийн талаарх саналаа тээвэрлэгч "Төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм"-ийн 3 зүйлийн 3.1 дэхь хэсэгт заасны дагуу жил бүрийн 11-р сарын 10-ны өдрөөс 2 сараас доошгүй хугацааны өмнө ирүүлнэ.
3.5. Гэрээнд дараах нөхцлийг тохиролцон тусгана.
3.5.1. зорчигчийн галт тэрэг аялуулах хуваарь /хагас жилд нэг өөрчлөлт оруулахаар/;
3.5.2. ачааны хэмжээ, ачаа тээвэрлэх хугацаа;
3.5.3. ачаа тээвэрлэлтийн сар, улирал, жилийн төлөвлөгөөний хуваарь /эсхүл сар бүр аялуулах ачааны галт тэрэгний тоо, жин/;
3.5.4. тариф хэрэглэх нөхцөл, энэхүү журмын 4.4-т заасан нэмэгдэл үйлчилгээний хөлс;
3.5.5. тээвэрлэлтийн технологи, тээвэрлэлтийг хэрэгжүүлэх захиалгыг зөвшилцөх журам, хугацаа.
3.5.6 энэхүү гэрээг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага.
3.6. Тээвэрлэгч тусгай зөвшөөрөлгүй, эзэмшиж буй хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүртээ аюулгүй байдлын гэрчилгээ аваагүй бол суурь бүтэц эзэмшигч нь гэрээ байгуулахаас татгалзаж болно.
3.7. Гэрээний талаар маргаан гарсан тохиолдолд эвийн журмаар зохицуулах бөгөөд боломжгүй бол харъяалах шатны шүүхэд хандан хянан шийдвэрлүүлнэ.
Дөрөв.Суурь бүтэц эзэмшигчийн эрх, үүрэг
4.1. Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн техник технологийн боломжийн талаарх мэдээллийг суурь бүтэц ашиглах гэрээ байгуулсан тээвэрлэгчдэд өгөх үүрэгтэй.
4.2. Суурь бүтэц эзэмшигч нь галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах, бусад суурь бүтэц эзэмшигчтэй зөвшилцөн тээвэрлэлтийг тасралтгүй явуулах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй.
4.3. Суурь бүтэц эзэмшигч нь галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах, суурь бүтцийг ашиглуулах үүргийн дагуу доорхи ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
4.3.1. суурь бүтэц, нийтийн хэрэглээний салбар замыг ашиглуулах;
4.3.2. зорчигч, ачаа, тээш болон ачаан тээш тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад байгууламжуудыг ашиглуулах;
4.3.3. суурь бүтэц эзэмшигч нь өөрийн нийтийн хэрэглээний зам дээр хэрэглэгчдэд төмөр замын үйлчилгээг ойртуулах үүднээс ачаа тээвэрлэлтийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан дагнасан хэрэглээний зам барих техникийн асуудлыг тээвэрлэгч болон үйлчлүүлэгч нарт салбар замын зураг төсөл боловсруулах, барих журмын дагуу шийдвэрлэх;
4.3.4. суурь бүтэц эзэмшигч нь өөрийн нийтийн хэрэглээний замаас салаалсан бусад үйлчлүүлэгчдийн эзэмшлийн дагнасан хэрэглээний замд тээвэрлэлтийн үйл ажиллагаа, нэгдсэн диспетчерийн удирдлагаар хангах;
4.3.5. явуулах өртөөнөөс хүлээн авах өртөө хүртэлх чиглэлийг аль болох дөт байх нөхцлөөр тогтоох;
4.3.6.тээвэрлэгч өөрөө гүйцэтгэх бололцоогүй тохиолдолд тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүнийг нийтийн хэрэглээний замд буюу замаас хүлээн авах, явуулах, дамжин өнгөрүүлэх;
4.3.7.тээвэрлэгч бие даан өөрийн хүчээр гүйцэтгэх бололцоогүй тохиолдолд суурь бүтэц эзэмшигч нь өөрийн нийтийн хэрэглээний замууд дээр өртөөдийн байгууламж, сэлгээний тэргээр тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүн ба галт тэргийг бэлтгэж найруулах;
4.3.8. бусад суурь бүтэц эзэмшигч болон гадаадын төмөр замын байгууллагуудтай тээврийн үйл ажиллагааны техник, технологийн асуудлуудыг зөвшилцөх;
4.3.9.тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүн суурь бүтэц эзэмшигчийн эзэмшлийн нийтийн хэрэглээний замаар гэрээнд заасан нөхцлийн дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэхэд хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах;
4.3.10. тээвэрлэлтийн үйл ажиллагааг диспетчерийн шуурхай удирдлагаар хангах;
4.3.11. хэрэв тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүний аялалын явц дахь засвар үйлчилгээг тээвэрлэгч бие даан өөрийн хүчээр гүйцэтгэх бололцоогүй тохиолдолд хийж гүйцэтгэх / салгалтгүй засвар/;
4.3.12. хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний болон байрлалын талаархи холбогдох мэдээллийг тээвэрлэгчийн хүсэлтээр гаргаж өгөх;
4.3.13. суурь бүтцийг цахилгаанжуулсан тохиолдолд тэээвэрлэгч нь цахилгаан зүтгүүрээр тээвэрлэлтийн ажиллагаа явуулбал суурь бүтэц эзэмшигч цахилгаан тэжээлээр хангах;
4.3.14. хэрэв тээвэрлэгч бие даан өөрийн хүчээр гүйцэтгэх бололцоогүй тохиолдолд суурь бүтэц эзэмшигчийн өртөөдөд довоос ялгалт хийх, сэлгээний ажил гүйцэтгэх.
4.4. Суурь бүтэц эзэмшигч нь энэхүү журмын 4.3.-т зааснаас гадна гэрээнд заасны дагуу дор дурьдсан нэмэлт үйлчилгээг үзүүлж болно.
- тээвэрлэгчийн эзэмшлийн буюу түрээс, захиалгын боловч тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй хоосон вагонуудын байршлыг тодорхойлох;
- суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгчийн нэрийн өмнөөс салбар зам ашиглуулах, салбар замд вагон тавих, татах тухай гэрээ байгуулах;
- тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүнийг нийтийн хэрэглээний замд буюу замаас хүлээн авах, явуулах, дамжин өнгөрүүлэх;
- нийтийн хэрэглээний замууд дээр өртөөдийн байгууламж, сэлгээний тэргээр тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүн ба галт тэргийг бэлтгэж найруулах;
- хөдлөх бүрэлдэхүүний аялалын явц дахь засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх. /салгалтгүй засвар/
4.5. Тээвэрлэгч хүсэлт гаргасан нөхцөлд суурь бүтэц ашиглуулах гэрээнд энэхүү журмын 4.3-т заагаагүй үйлчилгээг үзүүлэхээр тусгаж болно. Тээвэрлэгчид үзүүлэх нэмэлт ажил үйлчилгээний жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч нийтэд зарлана.
4.6. Суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгчид суурь бүтцийг ашиглуулан үйлчилгээ үзүүлэхдээ энэ журмын 4.3.-д заагаагүй үйлчилгээг үзүүлэхээр тулгах, гэрээний нөхцөлд оруулахыг шаардах эрхгүй.
4.7. Тээвэрлэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг ноцтой зөрчсөн, даац хэтрүүлэн ачсан тохиолдолд суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэлтийг гүйцэтгэхгүй байх эрхтэй.
Тав. Тээвэрлэгчийн эрх, үүрэг
5.1. Тээвэрлэгч нь суурь бүтэц ашиглуулах гэрээ байгуулснаар дараах эрх эдэлнэ:
5.1.1. суурь бүтэц эзэмшигчийн нийтийн хэрэглээний замыг ашиглах;
5.1.2. суурь бүтэц эзэмшигчийн хөдөлгөөний удирдлага дор тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
5.1.3. зорчигч, ачаа, тээш болон ачаан тээш тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад байгууламжуудыг ашиглах;
5.1.4. суурь бүтэц эзэмшигчийн нийтийн хэрэглээний замыг ашиглаж үйлчлүүлэгч нарт ойртож тээвэрлэлтийн үйл ажиллагааг хүргэхдээ суурь бүтэц эзэмшигчийн замаас салаалсан суурь бүтэц эзэмшигчийн бус эзэмшлийн дагнасан хэрэглээний зам, салбар замуудаас үйлчлүүлэгч нарын ачааг тээвэрлэх;
5.1.5. явуулах өртөөнөөс хүлээн авах өртөө хүртэлх чиглэлийг сонгох, зөвшилцөх.
5.2. Тээвэрлэгч нь суурь бүтэц ашиглалтын хөлсийг тогтоосон хугацаанд төлөх, суурь бүтцийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэгтэй.
5.3. Тээвэрлэгч нь тээвэрлэлтийг зохион байгуулах хөдлөх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байх, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас тээвэрлүүлэгч, гуравдагч этгээд, түүний дотор суурь бүтэц эзэмшигчид учирч болох хохирлыг тооцож, түүнээс сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
Зургаа. Тээвэрлэлтийг хэрэгжүүлэх
6.1. Суурь бүтэц ашиглуулах тухай гэрээ байгуулсан тээвэрлэгч нь орон нутгийн тээвэрлэлт хийх тухай захиалгаа тээвэрлэлт хийхээс 8-аас дээшгүй хоногийн өмнө, олон улсын ачаа тээвэрлэлт хийх тухай захиалгаа тээвэрлэлт хийхээс 13-аас дээшгүй хоногийн өмнө, олон улсын зорчигчийн галт тэрэгний зурмаг тохиролцож, үйлчилж эхлэхээс хуанлийн 400 хоногоос доошгүй хоногийн өмнө суурь бүтэц эзэмшигчид ирүүлнэ.
6.2. Захиалгыг тээвэрлэгч эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан 2 хувь үйлдэж суурь бүтэц эзэмшигчид хүргүүлнэ.
6.3. Захиалгыг дутуу, буруу хийсэн, захиалга өгөх журмыг зөрчсөн тохиолдолд суурь бүтэц эзэмшигч түүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд захиалга хүлээн авснаас хойш 1 өдрийн дотор татгалзсан шалтгааныг бичиж албан бичгээр мэдэгдэнэ.
6.4. Суурь бүтэц эзэмшигч нь захиалга ирүүлсэн өдрөөр тусгай бүртгэл хөтөлж, бүртгэлийн дугаар олгоно. Суурь бүтэц эзэмшигч захиалга бүртгэх дотоод журмыг тогтоож нийтэд мэдээлэх үүрэгтэй.
6.5. Суурь бүтэц эзэмшигч шаардлагатай бол бусад суурь бүтэц эзэмшигчтэй зөвшилцөн орон нутгийн тээвэрлэлт хийх тухай захиалгыг 5 хоногийн дотор, олон улсын ачаа тээвэрлэлт хийх тухай захиалгыг 10 хоногийн дотор хянан үзэж тээвэрлэлтийг зөвшөөрөх тухай, эсхүл зөвшөөрөхөөс татгалзсан шалтгааныг тусгасан хариуг бичгээр өгнө.
6.6. Суурь бүтэц эзэмшигч дараахь тохиолдолд зөвшилцөхөөс татгалзаж буй шалтгааныг тодорхой бичиж, захиалгыг тээвэрлэгчид буцааж өгнө:
6.6.1. холимог тээвэр гүйцэтгэх байгууллага зөвшилцөхөөс татгалзсан;
6.6.2. гадаад улсын төмөр зам зөвшилцөхөөс татгалзсан;
6.6.3. бусад суурь бүтэц эзэмшигч зөвшилцөхөөс татгалзсан;
6.6.4. эрх бүхий байгууллагын шийдвэрээр ачаа тээвэрлэх замналын дагуу ачилт, тээвэрлэлтийг зогсоосон буюу хязгаарласан;
6.6.5. тээвэрлэлт зохион байгуулах гэрээний дагуу өөр тээвэрлэгчийн захиалгыг зөвшилцөх үүрэг хүлээсэн;
6.6.6. тээвэрлэлтийг гүйцэтгэх техник, технологийн бодит боломжгүй.
6.7. Суурь бүтэц эзэмшигч нь энэ журмын 6.6.2-6.6.4, 6.6.6-д заасан үндэслэлээр захиалгад өөрчлөлт оруулах саналыг тээвэрлэгчид хүргүүлж болно.
6.8. Гэрээнд өөрөөр заагаагүй бол тодорхой тээвэрлэлт бүрийн дараа гүйцэтгэлийн хэмжээг баталгаажуулна.
6.9. Суурь бүтэц эзэмшигч нь вагоны жин, аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж аюулгүй байдлын шаардлагыг хангуулах, шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд тээвэрлэлтийг үргэлжлүүлэхээс татгалзах эрхтэй.
6.10. Суурь бүтэц эзэмшигчийн үндэслэл бүхий шаардлагыг тээвэрлэгч биелүүлэх үүрэгтэй.
6.11. Суурь бүтэц эзэмшигчийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар маргаан гарвал суурь бүтэц ашиглах гэрээнд заасан журмаар шийдвэрлэнэ.
------------ооОоо-------------
Текст томруулах
A
A
A