- Нүүр
- Сайдын тушаал
- Үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн Ургамал ашиглах ажлыг зохион байгуулах тухай зөвлөмж
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны
А-241 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт
Үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн Ургамал ашиглах ажлыг зохион байгуулах тухай зөвлөмж
"Байгалийн ургамлын тухай хууль", "Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль"-д 2010 онд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан 2011 онд үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн ургамлыг ашиглах үйл ажиллагааг зохион байгуулахдаа доорх асуудлуудад анхаарч ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
- Ховор ургамлыг зөвхөн эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас олгосон тухайн ургамлыг ашиглах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох;
- Судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглох, иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ талаар анхааруулан, сурталчилан таниулах;
- Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн зориулалтаар ургамлын үндэс, үндэслэг иш, булцууны 50 ба түүнээс дээш хувийг ашиглаж байгаа тохиолдолд тухайн ургамлыг тарималжуулсан байх ёстой тул энэ талаар онцгой анхаарч, хяналт тавих;
- Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгалийн ургамлыг аливаа зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон, нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг зөвхөн эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргах нь хуулиар хориотой тухай орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд сурталчилан таниулах;
- Ургамлыг зөвхөн нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах;
- Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэх, ашиглах зөвшөөрөл олгоход "Байгалийн ургамлын тухай хууль", "Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль"-ийн холбогдох заалтуудыг баримтлан, холбогдох хууль,журмын дагуу дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
1. Тухайн ургамлын нөөцийн хэмжээг тогтоолгосон тайлан, дүгнэлт,
2. Ургамлын нэр, эд эрхтэн, ашиглах зориулалт болон, ургамлыг тарималжуулах төсөл,
3. Боловсруулсан төслийг холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулсан дүгнэлт,
4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэсэн тайлан,
5. Тухайн байгууллагын зүгээс ургамал ашиглах зөвшөөрөл хүссэн албан хүсэлт,
6. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
7. Байгаль орчны мэргэжлийн байгууллага бол мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар,
8. Тухайн аймаг, сумаас ургамал ашиглах зорилгоор газар эзэмшиж байгаа бол газар эзэмшлийн гэрчилгээний хуулбар.
9. Ховор ургамлыг ашиглах тохиолдолд ЭМЯ-аас тухайн аж ахуйн нэгжид олгосон "Эм үйлдвэрлэх зөвшөөрөл", эсвэл "Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх ханган нийлүүлэх худалдаалах импортлох зөвшөөрөл"-тэй байх зэрэг
болно.
болно.
—оОо—
Текст томруулах
A
A
A