- Нүүр
- Сайдын тушаал
- Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам
Эрүүл мэндийн сайдын 2011 оны
280 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эмчлэх, сувилах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид "Зөвшөөрөл" гэх) олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журам нь Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна.
1.3. Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол Улсад зөвхөн төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ.
1.4. Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд "эм барих", "эх барих" чиглэлээр зөвшөөрөл олгохгүй бөгөөд гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэлтэй ирж, үйл ажиллагаа явуулах тохиолдолд эм, эмнэлгийн хэрэгслийн зөвшөөрлийн асуудлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Импортын лиценз олгох журмын дагуу зохицуулна.
1.5. Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (цаашид "ЗГХА-ЭМГ" гэх)-ын дэргэд ажиллана.
1.6. ЗГХА-ЭМГ-ын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж нь Зөвлөлийн ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх)-ны үүргийг гүйцэтгэж, гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хоёр. Зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа
2.1 Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.1.1 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
2.1.2 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;
2.1.3 Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг Монгол Улсад ажиллуулах мэргэжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулах;
2.1.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох эсэх талаар хэлэлцэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал хүргүүлэх;
2.1.5 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлаар санал боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр шийдвэрлүүлэх.
2.2 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх ба гишүүдийн саналыг цахим болон цаасан хэлбэрээр авч дүгнэлт гаргаж болно.
2.3 Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг зөвлөлийн дарга батлах ба шаардлагатай үед даргын шийдвэрээр төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж болно.
2.4 Зөвлөлийн дарга хурлын дэгийг батална.
2.5 Зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлын төлөвлөгөө, хурлаар хэлэлцэх асуудлын танилцуулгын хамт, хурал болохоос 3 хоногийн өмнө зөвлөлийн даргад танилцуулж батлуулан, зөвлөлийн гишүүдэд хурал болохоос ажлын 2 хоногийн өмнө хүргүүлсэн байна.
2.6 Зөвлөлийн хурлыг сард 2-оос доошгүй удаа хийнэ. Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн даргын санаачилгаар ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.
2.7 Зөвлөлийн гишүүдийн 2/3 ирсэн тохиолдолд хурал хүчин төгөлдөр байна.
2.8 Зөвлөлийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудалтай бүрэн танилцаж саналаа бэлтгэж ирэх ба оролцох боломжгүй үед саналаа бичгээр ирүүлнэ.
2.9 Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар санал боловсруулж, тэмдэглэл хөтөлнө.
Гурав. Ажлын албаны чиг үүрэг
3.1.1 Шаардлагатай тохиолдолд гадаад орны холбогдох байгууллагатай харилцаж, зөвшөөрөл хүссэн гадаадын эмнэлгийн мэргэжилтний талаар тодорхойлолт, тодруулга авах;
3.1.2 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл олгоход шаардагдах баримт бичгийн бүрдэлтийг хянаж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
3.1.3 Зөвшөөрөл олгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаанд явцын хяналт тавих;
3.1.4 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хуулийн байгууллага зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл харилцан солилцох.
Дөрөв. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа
4.1 Дараах шалгуурыг хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргана:
4.1.1 Анагаах ухаан, сувилахуйн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
4.1.2 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичигтэй байх;
4.1.3 Тухайн мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.
4.2 Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг урьж буй Монголын талын байгууллага нь (цаашид "байгууллага" гэх) гадаадын эмнэлгийн мэргэжилтэнг Монгол Улсад ирэхээс ажлын 20-аас доошгүй хоногийн өмнө дараах материалыг ажлын албанд ирүүлнэ. Үүнд:
4.2.1 Тухайн мэргэжлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах хэрэгцээг тодорхойлсон албан бичиг;
4.2.2 Байгууллагын даргын баталсан "Гүйцэтгэх ажил үйлчилгээний төлөвлөгөө";
4.2.3 Мэргэжилтний танилцуулга (эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлагдсан маягтын дагуу),
4.2.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний паспорт, түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар, ажлын албаны монгол орчуулгын хамт;
4.2.5 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичгийн хуулбар, ажлын албаны монгол орчуулгын хамт;
4.2.6 Анагаах ухааны чиглэлээр боловсрол эзэмшснийг нотлох үнэмлэх, диплом түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичгийн хуулбар, ажлын албаны монгол орчуулгын хамт;
4.2.7 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дүгнэлт.
4.3 Ажлын алба нь энэхүү журмын 4.2-т заасан материалыг хянаж, хүлээн авснаас хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дотор Зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
4.4 Зөвлөл тухайн мэргэжлийн чиглэлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулах хэрэгцээг харгалзан, зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар санал гаргана.
4.5 Зөвлөлөөс гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг Монгол Улсад 6 сар ба түүнээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжсэн тохиолдолд тухайн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25.5-д заасны дагуу монгол хэл дээр зөвшөөрөл олгох зөвшөөрлийн шалгалт (цаашид "шалгалт" гэх) өгөх ба шалгалтыг ЗГХА-ЭМГ зохион байгуулна. Тухайн мэргэжилтэн монгол хэл мэдэхгүй бол энэхүү журмын 5.4-д заасан шаардлага хангасан орчуулагчтайгаар шалгалт өгч болно.
4.6 Шалгалтын үйл ажиллагаанд энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам"-ын 4.1-4.3, 4.10 дах заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
4.7 Шалгалтыг Зөвлөлийн шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан цаасан хэлбэрээр авч, шалгалтын дүнг шалгалт авсан өдрөөс хойш ажлын 2 өдөрт багтаан http://www.license.doh.gov.mn болон http://www.doh.gov.mn цахим хуудсанд байршуулна.
4.8 Шалгалтын сорилын 40 хувь нь ерөнхий мэргэжлийн анагаах ухааны, 50 хувь нь тухайн төрөлжсөн мэргэжлийн, 10 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуултууд байна.
4.9 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд ажиллуулж буй байгууллага зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 20-оос доошгүй хоногийн өмнө журмын 4.2-т заасан материалыг дахин бүрдүүлж, хийсэн ажлын тайлангийн хамт ажлын албанд ирүүлнэ. Энэ тохиолдолд гадаадын эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалтанд орохгүй байж болно.
4.10 ЗГХА-ЭМГ нь дор дурьдсан гадаадын эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалт бүхий шийдвэрийн төсөл боловсруулан, ажлын 5 хоногт багтаан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулан баталгаажуулна. Үүнд:
4.10.1 Зөвлөлөөс 6 сараас доош хугацаагаар ажиллахыг дэмжсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн;
4.10.2 Зөвлөлөөс 6 сараас дээш хугацаагаар ажиллахыг дэмжсэний дагуу шалгалтанд орж тэнцсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн;
4.10.3 Энэхүү журмын 4.9-д заасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэн.
4.11 Энэхүү журмын 4.2-т заасан материалыг дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд зөвшөөрлийг олгохгүй.
4.12 Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшиг, осол, нийтийг хамарсан аюул бүхий халдварт өвчний дэгдэлт болон бусад онцгой тохиолдлын үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ирж ажиллах гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр ажлын 1 өдөрт багтаан олгож болно.
4.13 Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн дагуу төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ард, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх зорилгоор богино хугацаагаар тус улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрлийг ажлын албаны дүгнэлтийг үндэслэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр шууд олгож болно.
4.14 Энэхүү журмын 4.10, 4.12, 4.13-т заасан шийдвэрийн төсөлтэй холбоотой асуудлыг ЗГХА-ЭМГ бүрэн хариуцах ба Эрүүл мэндийн яамны холбогдох газраар хянуулахгүй байж болно.
Тав. Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг урьж буй байгууллагын эрх, хүлээх үүрэг
5.1 Байгууллага нь дараах эрхтэй:
5.1.1 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрлийг асуудлаар санал, хүсэлт гаргаж, журамд заасан хугацаанд шийдвэрлүүлэх;
5.1.2 Хэрэв урьсан байгууллага гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд цалин олгох бол цалин, хөлсийг хууль, журамд нийцүүлэн тогтоон, олгох;
5.1.3 Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг гэрээний дагуу ажиллахыг шаардах;
5.1.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн гэрээний заалт биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах.
5.2 Байгууллага нь дараах үүрэгтэй:
5.2.1 Энэхүү журмын 4.2-т заасан баримт бичгүүдийг журамд заасан хугацаанд үнэн, зөв бүрдүүлж, холбогдох байгууллагад хүргүүлэх;
5.2.2 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй гэрээ байгуулан ажиллах;
5.2.3 Зөвшөөрөл олгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг монгол хэлээр үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх, энэхүү журмын 5.4-т заасан шалгуурыг хангасан орчуулагч ажиллуулах;
5.2.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй хийсэн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажлын 5 хоногийн дотор ажлын албанд албан тоотоор мэдэгдэх;
5.2.5 Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулсан тухай тайлан, тухайн мэргэжилтэнтэй хийсэн гэрээний хуулбарыг түүний зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор ажлын албанд ирүүлэх
5.2.6 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэндэд хохирол учирсан болон бусад зөрчил, сөрөг үр дагавар гарсан тохиолдолд хуулийн хариуцлага бүрэн хүлээх.
5.3 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй байгуулах гэрээнд байгууллага нь дараах нөхцөлийг заавал тусгана:
5.3.1 Ажиллах хугацаа;
5.3.2 Албан тушаал, ажлын газрын хаяг, ажиллах нөхцөл;
5.3.3 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл;
5.3.4 Цалин хөлсний хэмжээ, олгох хугацаа болон нийгмийн даатгалын шимтгэл, татварын асуудлыг холбогдох хууль журмын дагуу тооцох
5.3.5 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэндэд хохирол учирсан болон бусад зөрчил, сөрөг үр дагавар гарсан тохиолдолд үүрэх хариуцлага.
5.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй ажиллах орчуулагч нь дараах шаардлагыг хангасан байна:
5.4.1 Тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтний эх хэлний дээд түвшний мэдлэгтэй, түүнийг гэрчилсэн үнэмлэх, баримт бичигтэй байх,
5.4.2 Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр орчуулга хийж байсан туршлагатай буюу түүнийг гэрчилсэн баримт бичигтэй байх (өмнө нь орчуулга хийж байсан эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт г.м).
Зургаа. Гадаадын эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг
6.1 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дараах эрхтэй:
6.1.1 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах орчноор хангуулах,
6.1.2 Энэхүү журмын 5.4-т заасан шалгуур хангасан орчуулагчтай ажиллах.
6.2 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэгтэй:
6.2.1 Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль, тогтоомжийг бүрэн сахиж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах;
6.2.2 Зөвхөн тухайн мэргэжлээр авсан зөвшөөрлийн хүрээнд, зөвлөлөөс тогтоосон хугацаанд үйл ажиллагаа явуулах;
6.2.3 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн зөвшөөрлийг бичгээр авах;
6.2.4 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.
Долоо. Зөвшөөрлийг хүчингүй болгох, мэдээлэх
7.1 Дараах тохиолдолд гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно:
7.1.1 Байгууллагын болон гадаадын эмнэлгийн мэргэжилтний санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан;
7.1.2 Байгууллага болон гадаадын эмнэлгийн мэргэжилтэн гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, бусад хуулийг зөрчсөн нь холбогдох байгууллагаар тогтоогдсон;
7.1.3 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдаа гаргасан нь холбогдох байгууллагаар тогтоогдсон.
7.2 Ажлын алба зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийн төслийг боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж баталгаажуулна.
7.3 Энэхүү журмын 7.2-т заасан шийдвэрийн төсөл, зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой асуудлыг ЗГХА-ЭМГ бүрэн хариуцах ба Эрүүл мэндийн яамны холбогдох газраар хянуулах шаардлагагүй.
7.4 Ажлын алба нь зөвшөөрөл олгосон, зөвшөөрлийг хүчингүй болгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтний талаархи мэдээллийг зөвшөөрлийн мэдээний санд бүртгэн, цахим хуудас (http:www.med-license.mn)-д байршуулна.
Найм. Хариуцлага
Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгохтой холбоотой энэхүү журмыг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэн, Эрүүл мэндийн байгууллагын холбогдох албан тушаалтанд хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ооОоо
Текст томруулах
A
A
A