- Нүүр
- Сайдын тушаал
- СУУРЬ БҮТЭЦ АШИГЛАЛТЫН ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛ /ЗТЯ-ны 2015-07-03-ны 188-р тушаалаар хүчингүй/
/ЗТЯ-ны 2015-07-03-ны 188-р тушаалаар хүчингүй/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны 09-р сарын 22-ны өдрийн
252 дугаар тушаалын хавсралт
СУУРЬ БҮТЭЦ АШИГЛАЛТЫН ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛ
1.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү аргачлалыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны "Журам батлах тухай" 138 дугаар тушаалаар батлагдсан "Суурь бүтэц ашиглуулах журам"-д заасан суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нарын хооронд суурь бүтцийн ашиглалттай холбоотой харилцаанд ашиглана.
1.2.Тээвэрлэлтийн үйл ажиллагааг хангаж байгаа төмөр замын тээврийн суурь бүтцэд Монгол Улсын "Төмөр замын тээврийн тухай" хуульд зааснаар төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг, хашаа зэрэг техник технологийн иж бүрдлийн цогцыг ойлгоно.
1.3."Төмөр замын тээврийн тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-д заасны дагуу тариф, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, гэрээний өөрчлөлтийг хянаж, санал дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий ажлын хэсгийг Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилно.
1.4.Суурь бүтцийн ашиглалтын тарифыг боловсруулахдаа дараах үндсэн шалгуурыг тооцож үзнэ. Үүнд :
1.4.1.Тээврийн зах зээлийн нөхцөл, суурь бүтцийг оновчтой ашиглах шаардлага, замын нэвтрүүлэх чадвар, суурь бүтцийн үйлчилгээний чанарын дээшлэлт.
1.4.2.Тээврийн үйлчилгээний хурд, давтамж, хугацаа /ачаа хүргэх хугацаа/, шинж чанар.
1.4.3.Тухайн суурь бүтцийн техникийн онцлог, шинж.
1.4.4.Хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзүүлэлтүүд: хурд, нийт жин, гол дээр дарах даралт.
1.4.5. Галт тэрэгний урт, жин, төрөл.
1.4.6.Төмөр замын суурь бүтцийн элэгдлийн зэрэглэл.
1.5.Төмөр замын тээврийн суурь бүтцийг ашигласны тарифыг суурь бүтцийн ашиглалтын зардал, тухайн суурь бүтцээр өнгөрүүлсэн хөдлөх бүрэлдэхүүний гүйцэтгэсэн ажил бохир тонн-км болон захиалсан галт тэрэг километрийг үндэслэн тогтооно.
1.6.Төмөр замын тээвэрлэгч нь төмөр замын суурь бүтэц эзэмшигчид суурь бүтэц ашиглуулах үйлчилгээ үзүүлсэн тарифын төлбөрийг төлөх бөгөөд энэ төлбөр дараах хэсгээс бүрдэнэ.
· Захиалсан галт тэрэг-км-ийн үндсэн дээр тулгуурласан тогтмол зардлын хэсэг
· Өнгөрүүлсэн бохир тонн-км гүйцэтгэлээр /галт тэрэгний жинг түүний гүйлтээр үржүүлсэнтэй тэнцүү/ тооцсон хувьсах зардлын хэсэг
1.6.1.Төмөр замын сүлжээнд суурь бүтэц ашиглуулах үйлчилгээ үзүүлэхдээ нийт захиалсан хэмжээнд тогтмол ба хувьсах зардлын хуваарилалтыг дараах зарчмаар хийнэ. Тухайн жилийн зардлын 70 хувийг тогтмол, үлдэх 30 хувийг хувьсах зардал гэж тооцно.
1.6.1.1.Тогтмол зардал гэж үзүүлсэн үйлчилгээний тоо, хэмжээнээс хамаарч өөрчлөгдөхгүй зардлыг хэлнэ. Төмөр замын тээвэрлэгч нь түүнд хуваарилагдсан галт тэрэгний зурмагийн замналыг ашигласан, ашиглаагүйгээс үл хамааран тогтмол зардлыг төлнө.
1.6.1.2.Хувьсах зардал гэж үзүүлсэн үйлчилгээний тооноос хамаарч өөрчлөгдөх зардлыг хэлнэ. Хэрвээ төмөр замын тээвэрлэгч нь түүнд хуваарилагдсан галт тэрэгний зурмагийн замналыг ашиглаагүй бол хувьсах зардлыг төлөхгүй.
1.6.1.3.Төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь эхний ээлжинд олон улсын харилцааны тээврийн үйлчилгээ үзүүлэхэд галт тэрэгний зурмагийн замналыг өгөх ба дараагийн ээлжинд улсын дотоодын орон нутгийн харилцааны тээврийн үйлчилгээ үзүүлэхийг зорино.
1.7.Тарифт тооцогдохгүй, шаардлагатай үед суурь бүтэц эзэмшигчийн техник хэрэгслээр нэмэгдэл төлбөртэй хийгдэх ажил үйлчилгээнд доорх үйлчилгээнүүд орно. Үүнд:
1.7.1. өртөөн дээрх сэлгээний ажил /ачааны болон техникийн өртөөд дээр галт тэрэгний найруулгыг хийх, дахин найруулга хийх, вагон таталт ба тавилт /;
1.7.2. вагоныг тээвэрлэлтэд бэлтгэх;
1.7.3. вагоны төлөвлөгөөт бүх засварын төрлүүд болон урсгал салгалттай засвар;
1.7.4. зүтгүүрийн зэхэлт, техникийн үйлчилгээ ба засвар, зүтгүүрийн арчих тослох материал.
II. Зардлууд
2.1. Суурь бүтцийн ашиглалтын зардалыг /Зсб/ дараах томъёогоор тодорхойлно.
Үүнд : Зсб = З1 + З2 + З3 + З4 + З5 + З6 + З7 + З8 + З9 Энд :
З1 Суурь бүтцийн обьектуудын арчилгаа, үйлчилгээ, урсгал болон их засварын ажил, эдгээр обьектуудын элэгдэл хорогдлын шимтгэл;
32. Тээвэрлэлтийн процессын удирдлага /галт тэрэгний хөдөлгөөнийг хангах, зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах/ болон суурь бүтцийн ашиглалтын зардал;
33. Эхлэл төгсгөлийн ажиллагаатай холбоотой хийгдэх ажил, үүнээс сэлгээний зүтгүүрийн ажил;
З4. Сэлгээний зүтгүүрийн арчилгаа,үйлчилгээ, урсгал болон их засварын ажил, эдгээр зүтгүүрийн элэгдэл хорогдлын шимтгэл;
З5 Суурь бүтцийн обьектуудын арчилгаа, үйлчилгээ, урсгал болон их засварын ажлыг гүйцэтгэж байгаа бүтцийн нэгжийн нийт үйлдвэрийн ба нийт аж ахуйн зардлууд;
З6. Сэлгээний зүтгүүрийн арчилгаа,үйлчилгээ, урсгал болон их засвар, сэлгээний ажилтай холбоотой нийт үйлдвэрийн ба аж ахуйн зардлууд;
З7. Суурь бүтэц эзэмшигчийн удирдлагын зардал
З8. Зээлийн хүүгийн төлбөр /төрийн эзэмшилд ирэх хүртэлх хугацаанд/;
З9. Суурь бүтцийн обьектуудын хамгаалалттай холбоотой зардал.
2.2. Суурь бүтцийн обьектуудын зардлыг /З1/ дараах байдлаар шууд тооцооны аргаар тодорхойлно.Үүнд: З1 = Зз + Зц + Зта + Здх + Зсг + Зт Энд :
Зз - Замын аж ахуйн зардал;
Зц - Эрчим хүчний хангамж, цахилгаанжуулалтын аж ахуйн зардал;
Зта – Технологийн ажиллагаатай холбоотой байгууламж, ус хангамж, ус зайлуулах аж ахуйн зардал;
Здх - Дохиолол холбооны аж ахуйн зардал;
Зсб - Сэргээн босгох галт тэрэгний зардал;
Зт - Тээвэрлэлт, ачаа коммерийн аж ахуйн зардал.
2.2.1. Замын аж ахуйн зардал /Зз/ -ыг дараах томъёогоор тооцоолно.Үүнд:
Зз = Ззас + Зу + Зэц + З хт + Зэ + Зт + Ззүх + Ззаж Энд :
Ззас – замын төлөвлөгөөт засварын материалын зардал;
Зу – зам болон байнгын байгууламжийн арчилгааны материалын зардлыг хэсэг;
Зэц - элс, цастай тэмцэх зардлын материалын хэсэг;
З хт - хиймэл төхөөрөмжийн арчилгаа;
Зэ - зам болон байнгын байгууламжийн элэгдэл;
Зт – замын техникийн ашиглалт /элэгдэл, материал, түлш, бусад зардал/;
Зүх – замын аж ахуйн үндсэн хөрөнгийн арчилгаа;
Заж - замын аж ахуйн ажиллагсадтай холбогдон гарах зардал;
Замын засварын ажлын төрөл, үечлэлийг замын ачаалал, хөдөлгөөний хурднаас хамааруулан ангилсан техникийн нөхцөл, норм, нормативаар тогтооно.
Зам, сумын шилжүүлгийн арчилгаа, засварын ажлыг дараах үндсэн төрлөөр ангилна.Үүнд:
а. Зам, сумын шилжүүлгийн хүчжүүлсэн их засвар;
б. Замын дунд засварын хэмжээний ажилд дагалдах сумын шилжүүлгийн металл хэсгүүд болон зам төмрийн шууд солилт;
в. Зам, сумын шилжүүлгийн их засвар;
г. Замын хүчжүүлсэн дунд засвар;
д. Замын дунд засвар;
е. Замын өргөх засвар;
ё. Замын төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх чиг таталт;
ж. Засвар болон чиг татах ажлын үед техникийн нөхцлөөр тусгагдсан бусад засварын ажил;
з. Замын арчилгаа.
2.2.2. Эрчим хүчний хангамж, цахилгаанжуулалтын аж ахуйн зардал /Зц/-ыг дараах томъёогоор тооцоолно.Үүнд:
Зц = Зэх + Зцүх + Зца Энд:
Зэх – хэрэглэсэн цахилгаан эрчим хүч;
Зцүх - Эрчим хүчний хангамж, цахилгаанжуулалтын аж ахуйн үндсэн хөрөнгийн арчилгаа;
Зцаж Эрчим хүчний хангамж, цахилгаанжуулалтын аж ахуйн ажиллагсадтай холбогдон гарах зардал.
2.2.3. Технологийн ажиллагаатай холбоотой байгууламж, ус хангамж, ус зайлуулах аж ахуйн зардал / Зта/-ыг дараах томъёогоор тооцоолно.Үүнд:
Зта = Збб + Зус + Збох + Здул + Зтаүх + Зтааж Энд:
Збб – барилга байгууламжийн /өртөө, зөрлөг, замын хэсгийн ажиллагсдын орон сууцыг оруулаад/ засварын материалын зардал;
Зус - усны хэрэглээ;
Зб – бохир зайлуулалт;
Зтаүх - Технологийн ажиллагаатай холбоотой байгууламж, ус хангамж, ус зайлуулах аж ахуйн үндсэн хөрөнгийн арчилгаа;
Зтааж - Технологийн ажиллагаатай холбоотой байгууламж, ус хангамж, бохир ус зайлуулах аж ахуйн ажиллагсадтай холбогдон гарах зардал.
2.2.4. Дохиолол холбооны аж ахуйн зардал /Здх/-ыг дараах томъёогоор тооцоолно.Үүнд:
Здх = Зхол + Зтн + Здхүх + Здхаж Энд:
Зхол – холбооны үйлчилгээний төлбөр;
Зтн - Дохиолол холбооны аж ахуйн техникийн нэгжийн ашиглалт;
Здхүх - Дохиолол холбооны аж ахуйн үндсэн хөрөнгийн арчилгаа;
Здхаж - Дохиолол холбооны аж ахуйн ажиллагсадтай холбогдон гарах зардал;
Төмөр замын автоматик, телемеханикийн төхөөрөмжийн засвар, техник үйлчилгээнд шаардагдах сэлбэг хэрэгсэл, материалын зардлын норм болон техникийн нэгжийн тодорхойлолтын үндсэн дээрх зардлаар тодорхойлогдоно.
2.2.5. Сэргээн босгох галт тэрэг
Хөдлөх бүрэлдэхүүн мөргөлдөх, замаас гарахаас үүдсэн уршгийг арилгах, байгалийн гамшгийн үед туслалцаа үзүүлэх зориулалтаар байгуулагдах бөгөөд байнгын бэлэн байдалд байна.
Сэргээн босгох галт тэрэг нь зүтгүүрийн ажлын парктай томоохон өртөөд дээр байрлана. Сэргээн босгох галт тэрэгний ажил нь төмөр замд сэргээн босгох ажлыг зохион байгуулах заавар, дүрмээр зохицуулагдана.
Сэргээн босгох галт тэрэгний зардал /Зсг/-ыг дараах томъёогоор тооцоолно.Үүнд:
Зсг = Зсбүх + Зсббз + Зсбаж Энд :
Зсбүх - Сэргээн босгох галт тэрэгний үндсэн хөрөнгийн арчилгаа;
Зсббз - Сэргээн босгох галт тэрэгний ашиглалтын бусад зардал;
Зсбаж - Сэргээн босгох галт тэрэгний ажиллагсадтай холбогдон гарах зардал.
2.2.6. Тээвэрлэлт, ачаа коммерийн аж ахуйн зардал /Зт/ нь тухайн аж ахуйн ажиллагсадтай холбогдон гарах зардлаар тодорхойлогдоно.
III.Тарифын тооцоо
3.1. Захиалсан галт тэрэг-км-ийн үндсэн дээр тулгуурласан тогтмол зардлын хэсэг
3.1.1. Энэ аргачлалын 1.5.1.-т дурьдсан суурь бүтцийн ашиглалтын ажлын жилийн нийт зардлын 70 хувийг тогтмол зардалд тооцон нийт захиалсан галт тэрэг километрт харьцуулан өртгийн тогтмол зардлыг тооцож ашгийн нормыг нэмж тооцон тарифыг тодорхойлно.
Тсбтз =Зсб*0,7/ NS + А Энд:
Тсбтз- суурь бүтцийн тогтмол зардал, төг;
Зсб- cуурь бүтцийн ашиглалтын зардал,төг ;
NS- захиалсан галт тэрэг километрийн тоо;
A- төмөр замын суурь бүтэц ашиглалтын ашгийн норм.
3.2. Өнгөрүүлсэн бохир тонн-км гүйцэтгэлээр/галт тэрэгний жинг түүний гүйлтээр үржүүлсэнтэй тэнцүү/ тооцсон хувьсах зардлын хэсэг
3.2.1. Энэ аргачлалын 1.2.2.-т дурьдсан суурь бүтцийн ашиглалтын ажлын жилийн зардлын 30 хувийг хувьсах зардлаар тооцон, тухайн хугацаанд төсөөлж буй бохир тонн-км-ээр илэрхийлэгдсэн нийт ажилд / зүтгүүрийн өөрийнх гүйцэтгэсэн бохир тонн-км-т оруулаад / харьцуулах замаар нэгжийн жишиг өртгийн хувьсах зардлыг тогтоож ашгийн нормыг нэмж тооцон тарифыг тодорхойлно.
Тсбхз = Зсб*0,3 / РLбр төл +А Энд:
Тсбхз- суурь бүтцийн хувьсах зардал, төг;
Зсб- cуурь бүтцийн ашиглалтын зардал, төг ;
РLбр – тухайн хугацаанд гүйцэтгэсэн ажил, бохир тоннкм /галт тэрэгний жинг
түүний гүйлтээр үржүүлсэнтэй тэнцүү/;
A- төмөр замын суурь бүтэц ашиглалтын ашгийн норм.
3.3. Дээрх тооцооны тарифын хэсгийг тухайн хугацааны захиалсан болон гүйцэтгэсэн ажлуудаар тооцон төлбөрийн хэмжээг тооцно.
Тсб = РLбр гүйцэтгэл * Тсбхз + NS захиалгат * Тсбтз Энд :
Тсб – суурь бүтцийн ашиглалтын төлбөр, төг;
РLбр – тухайн хугацаанд гүйцэтгэсэн ажил, бохир тоннкм /галт тэрэгний жинг түүний гүйлтээр үржүүлсэнтэй тэнцүү/;
NS – захиалсан галт тэрэг километрийн тоо;
А – төмөр замын суурь бүтэц ашиглалтын ашгийн норм нь хөрөнгийн өртгийн жигнэсэн дундаж хэмжээнээс /WACC/ хэтэрч болохгүй ба дараах томъёогоор тооцогдоно.
WACC = re * E / ( D+E) + rd * D / ( D+E)
re - өөрийн хөрөнгийн өртгийн жигнэсэн дундаж хэмжээ ,%;
rd – зээлийн хөрөнгийн өртгийн жигнэсэн дундаж хэмжээ, % /хүү төлөх үүрэгтэй/;
E- өөрийн хөрөнгийн мөнгөн илэрхийлэл;
D - зээлийн хөрөнгийн мөнгөн илэрхийлэл.
3.4.Төмөр замын суурь бүтэц эзэмшигч суурь бүтцийн ачаалалт хэтэрсэн үед тодорхой хэсэгт суурь бүтэц ашиглалтын төлбөрийн хэмжээг өсгөн тогтоож болно.
3.5.Төмөр замын суурь бүтцийн эзэмшигч нь тарифын хэмжээнд эдийн засгийн үндэслэлтэй хөнгөлөлт үзүүлэх эрхтэй. Тухайн суурь бүтцийн хүчин чадлыг оновчтой ашиглахад нөлөөлөхүйц хөнгөлөлтийг тодорхой хугацаанд хэрэглэж болно. Хөнгөлөлт нь төмөр замын суурь бүтцийн тодорхой хэсэгт, ижил үйлчилгээнд, ижил хөнгөлөлт тогтоох замаар үйлчилнэ.
__________оОо__________
Текст томруулах
A
A
A