- Нүүр
- Сайдын тушаал
- ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ХОЛБОГДСОН БАРИМТ БИЧГИЙГ ХЭВЛҮҮЛЭХ, АШИГЛАХ ЖУРАМ
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн
301 дугаар тушаалын хавсралт
ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ХОЛБОГДСОН БАРИМТ БИЧГИЙГ
ХЭВЛҮҮЛЭХ, АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Автотээврийн хэрэгслээр зорчих тасалбар, ачааны дагалдах хуудас зэрэг тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг хэвлүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Тээвэрлэлтийг зохион байгуулж, зохицуулах эрх бүхий байгууллагууд, тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэд нь энэ журамд дурдсан тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг үйл ажиллагаандаа хэрэглэнэ.
1.3.Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичигт улс хооронд, хот хооронд, аймаг хооронд, орон нутаг, аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн тээврээр зорчигчдын зорчих тасалбар, автотээврийн үйл ажиллагаанд ашиглах ба хөтлөх ачааны дагалдах хуудас, замын хуудас зэрэг анхан шатны бүртгэл, хяналтын баримт бичиг хамаарна.
1.4.Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийн загварыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Хоёр. Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах
2.1.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тээвэрлэлтийг зохион байгуулж, зохицуулах эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн дараагийн улиралд хэрэглэх зорчих тасалбар болон тээвэрлэлтийн бусад баримт бичгийн захиалгыг нэгтгэн, улирал бүрийн сүүлчийн сарын 15-ны өдрөөс өмнө улсын хэмжээний нэгдсэн захиалгыг гаргана.
2.2.Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг дор дурдсан байгууллагууд нэгдсэн журмаар хэвлүүлж, хангах ажлыг зохион байгуулна.
2.2.1.Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба нь улс хооронд, хот хооронд, аймаг хооронд, орон нутаг, аймгийн төвийн нийтийн тээврээр зорчих тасалбар, автотээврийн үйл ажиллагаанд ашиглах ба хөтлөх ачааны дагалдах хуудас, замын хуудас зэрэг анхан шатны бүртгэл, хяналтын баримт бичгийг;
2.2.2.Нийслэлийн тээврийн газар нь нийслэл хотын доторх болон хот орчмын нийтийн тээврээр зорчих тасалбарыг.
2.3.Хэвлүүлэх ажлыг зохион байгуулах байгууллага нь хэвлэлийн газрыг сонгохдоо холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, тээвэрлэгчдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж, эрх бүхий хэвлэлийн газруудыг нээлттэй, чөлөөтэй өрсөлдүүлэх зарчмаар шалгаруулалт явуулна.
2.4.Хэвлүүлэх ажлыг зохион байгуулах байгууллага нь зорчих тасалбар болон тээвэрлэлтийн бусад баримт бичгийг хэвлүүлэх, түүнийг хүлээн авч өгөх, зорчих тасалбарын хэвлэлийн нууцыг хадгалах, үйлдвэрлэлийн явцад хяналт тавих, хэвлэлийн гологдол гарсан тохиолдолд шийдвэрлэх арга зам, шаардлагатай тохиолдолд нэмж хэвлүүлэх зэрэг асуудлыг тусгасан гэрээг шалгарсан хэвлэлийн газартай байгуулсан байна.
2.5.Хэвлүүлэх ажлыг зохион байгуулах байгууллага нь автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас өгсөн нэгдсэн захиалгын тоо, хэмжээгээр хэвлүүлсэн зорчих тасалбар болон тээвэрлэлтийн бусад баримт бичгийг дараагийн улирал эхлэхээс 7 хоногийн өмнө захиалгад заасан байгууллагуудад бүртгэл хөтлөн хүргүүлж, энэ тухайгаа автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
2.6.Зорчих тасалбар тус бүр нь хоёр үсэг, долоон оронтой тоо бүхий сери дугаартай, хуурамчаар үйлдэх боломжгүй, сайтар нууцлалтай хэвлэгдсэн байна.
2.7.Улс хооронд зорчигчдын зорчих тасалбар, ачаа тээвэрт хэрэглэх ачааны дагалдах хуудас нь монгол болон тухайн харилцагч орны эрх бүхий байгууллагуудын тохирсон загвараар 2 талын хэл дээр хэвлэгдсэн байна.
2.8.Улс хооронд, хот хооронд /хот талаас/-ын нийтийн тээврээр зорчих тасалбарыг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба, хот хооронд /аймаг, орон нутаг талаас/, аймаг хооронд, орон нутагт нийтийн тээврээр зорчих тасалбарыг аймгийн тээврийн газар тус тус хариуцан зорчигчдод худалдах ажлыг зохион байгуулна.
2.9.Аймаг, нийслэлийн тээврийн газар нь аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн тээврээр зорчих тасалбарыг гэрээ байгуулсан тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд тухайн сард хэрэглэх тоо, хэмжээгээр бүртгэл хөтлөн олгож, ашиглалтанд нь хяналт тавьж ажиллана.
2.10.Аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэд нь зорчих тасалбарын ашиглалтын тайланг сар бүр гаргаж, дараа сарын 05-ны өдрөөс өмнө харъяа аймаг, нийслэлийн тээврийн газарт хүргүүлнэ.
2.11.Аймаг, нийслэлийн тээврийн газар, Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба нь зорчих тасалбарын ашиглалтын тайланг улирал бүр нэгтгэн гаргаж, зорчих тасалбар болон тээвэрлэлтийн бусад баримт бичгийн захиалгын хамт дараа сарын 10-ны өдрөөс өмнө автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.12.Холбогдох байгууллагууд нийтийн тээврээр зорчих тасалбарыг бэлэн мөнгөний нэгэн адил үзэж, хариуцуулсан ажилтны тайлан, тооцоонд сар тутам дотоодын хяналт тавих бөгөөд зорчих тасалбарыг үрэгдүүлэх, завших, ашиглах зөрчил илэрвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
2.13.Аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, иргэд нь зорчих тасалбарыг он дамжуулан хэрэглэх тохиолдолд тайлан тэнцэлдээ түүний зарцуулалт, үлдэгдлийг үнэн зөв тусгаж байна.
2.14.Зорчих тасалбарыг ямар нэг шалтгаанаар гэмтээж ашиглах боломжгүй болгосон /усанд норсон, гал түймэрт орсон/ буюу алдаж үрэгдүүлсэн тохиолдол гарвал 72 цагийн дотор холбогдох байгууллагад мэдэгдэж хүчингүй болгох, үндсэн материалуудад тулгуурлаж тооллого, тооцоог хийнэ.
2.15.Тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэд зорчих тасалбарыг хуурамжаар үйлдэх, бусдад шилжүүлэх, дамжуулан худалдахыг хориглоно.
2.16.Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийн загварыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд тээвэрлэлтийг зохион байгуулж, зохицуулах эрх бүхий байгууллага болон тээвэрлэгчдээс автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад саналаа тавьж шийдвэрлүүлнэ.
2.17.Техникийн нөхцөл бүрдсэн газруудад улс хооронд, хот хооронд, аймаг хооронд болон орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний захиалгыг цахим сүлжээгээр захиалах, аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн тээвэрт цахим тасалбар хэрэглэх зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлж ажиллана.
1.5.Автотээврийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Нөхөх олговрыг олгох журам"-аар тогтоосон загварын зорчих пайз, баримт бичгийг аймгийн төв болон хотын доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр зорчиход ашиглана.
2.18.Зорчих тасалбарыг ашиглан зорчигчдод урамшуулал үзүүлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж болно.
2.19.Улс хоорондын ачаа тээвэрт хэрэглэх ачааны дагалдах хуудсыг захиалах, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчдэд хүргэх ажлыг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба, дотоодын ачаа тээвэрт хэрэглэх ачааны дагалдах хуудсыг захиалах, түүнийг тээвэрлэгч, тээвэрлүүлэгчдэд хүргэх ажлыг аймаг, нийслэлийн тээврийн газар тус тус хариуцан зохион байгуулна.
2.20.Ачааны дагалдах хуудсыг 3 хувь үйлдэх бөгөөд тээвэрлэгч, тээвэрлүүлэгч тус бүр нэг, нэг хувийг авч, үлдсэн хувийг ачааг дагалдуулан ачаа хүлээн авагчид хүргэж өгнө. Тээвэрлэгч нь ачааны дагалдах хуудсаар өөрийн байгууллагатай тооцоо хийнэ.
2.21.Улс хооронд, хот хооронд, аймаг хооронд болон орон нутагт ачаа тээвэрлэх тээвэрлэгч нь автозамын дагуух зам, тээврийн хяналтын товчоодод ачааны дагалдах хуудсаа шалгуулж, тэмдэглэгээ хийлгүүлнэ.
2.22.Байнгын давтамжтай ачаа тээвэрлэлтэнд ачааны дагалдах хуудсыг нэг удаа үйлдээд олон удаа ашиглаж болно.
2.23.Автотээврийн үйл ажиллагаанд ашиглах ба хөтлөх ачааны дагалдах хуудас, замын хуудас зэрэг анхан шатны бүртгэл, хяналтын баримт бичгийг шаардлагатай тохиолдолд батлагдсан загвараар олшруулан ашиглахыг зөвшөөрнө.
Гурав. Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг
хэвлүүлэх, ашиглахад тавих хяналт
3.1.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг мөрдөөгүй, зорчих тасалбарыг хуурамчаар үйлдсэн, хэвлэж ашигласан, дамжуулан худалдсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.
___ оОо ___
Текст томруулах
A
A
A