- Нүүр
- Сайдын тушаал
- ГАХАЙН ҮРЖИЛ, АМЬСГАЛЫН ЗАМЫН ХАМ ШИНЖ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР /ХХААХҮС-ын 2019 оны А-34 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/ХХААХҮС-ын 2019 оны А-34 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
ХХААХҮ-ийн сайдын 2011 оны 06 дугаар сарын 02- ны өдрийн А/86 тоот тушаалын гуравдугаар хавсралт
ГАХАЙН ҮРЖИЛ, АМЬСГАЛЫН ЗАМЫН ХАМ ШИНЖ
ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
1. Тодорхойлолт. Гахайн үржил амьсгалын замын хам шинж бол мэгж хээл хаях, сувайрах, хөхүүл болон өсвөр торой гэнэт үхэх шинжээр илэрдэг халдварт өвчин.
2. Үүсгэгч. Гахайн үржил амьсгалын замын хам шинж өвчин нь Arterivis-ийн төрөл Гахайн үржил амьсгалын замын хам шинж өвчний вирусээр үүсгэгдэнэ. Энэхүү вирус РНХ агуулсан, уушигны макрофаг эсэд үрждэг, ихэнх омог хоруу чанартай бөгөөд халдвалах чанар маш их. Энэ вирус Америкийн ба Европын гэсэн хоёр хэв шинжтэй бөгөөд Ази тивд Америк хэв шинжит вирус тархсан байна. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
3. Үүсгэгчийн тэсвэрт чанар. Гахайн үржил амьсгалын замын хам шинж өвчний вирус гадаад орчинд тэсвэр муутай. Өвчилж эдгэрсэн гахайн биед 210-250 хоног хадгалагдана. Фенол, формальдегид агуулсан болон бусад түгээмэл хэрэглэдэг веркон-S, трифектант зэрэг халдваргүйтгэлийн бодисуудад хялбар идэвхгүйжинэ.
4. Халдвар дамжих зам. Гахайн үржил амьсгалын замын хам шинжээр тэжээвэр болон зэрлэг гахай өвчилнө. Өвчин үүсгэгчийн тээгч ил болон нуугдмал халдвартай гахай юм. Хоёр зуу гаруй хоног үргэлжилдэг нуугдмал халдварын үед энэ өвчний өвөрмөц эсрэг бием аль ч шинжилгээгээр илэрдэггүй. Халдвар үүсгэгчийн эх булаг нь нус, сүү, зулбадас, үрийн шингэн, шээс, баасаар вирус ялгаруулж байгаа далд халдвартай болон өвчилсөн гахай юм. Халдвар ихэвчлэн шууд хавьталаар дамжих боловч агаараар, үрийн шингэнээр дамжина.
Импорт, экспортын амьд гахай, гахайн түүхий мах, бүтээгдэхүүн энэ өвчний тархалтад голлох холбогдолтой. Гахайн үржил амьсгалын замын хам шинж өвчний вирус хүнээр, тээврийн хэрэгслээр, хувцасаар болон тэжээл, ус, тоног хэрэгсэлээр дамжина. Хавьтлаар, амьсгалаар, бэлгийн замаар, салст бүрхүүлээр халдварлана. Энэ өвчин сүргийн дотор хурдан тархах боловч шинж тэмдгийн илрэл аажим явагдана. Халдвар шинээр илэрч байгаа аж ахуйд энэ өвчин ихэнх тохиолдолд цочмог явцтай илэрч олон торой үхэж, үржлийн мэгж хээл хаяж, сувайрч нилээд хохирол гарсаны дараа далд болон нуугдмал халдвартай гахай үлдэж тодорхой шинж тэмдэггүй байсаар уг аж ахуйд болон сүрэгт торойн сугачаа хорогдол, мэгжний үл тасрах зулбалт үргэлжилсээр орогномол хэлбэрийн халдварт шилждэг. Сүргийг бүрэн устгаагүй цагт уг аж ахуйд болон сүрэгт орогномол халдвар байсаар байх ба сэргийлэх вакцин тарьсан ч халдварын үүр уурхай хэвээр байна.
5. Шинж тэмдэг. Гахайн үржил амьсгалын замын хам шинж өвчний илрэх шинж тэмдэг гахайн наснаас хамааран цочмог, архаг, далд явцтай илэрнэ.
Цочмог явцтай үед хөхүүл болон эхээс салгасан торой хоолонд дургүй, халуурах, амьсгаадах, хааяа зөөлөн ханиах шинж богино хугацаанд илэрснээ удалгүй хэд хэдээр хорогдож эхлэнэ. Өсвөр торойд дээрх шинжээс гадна зарим үед чих улайх, хөхрөх шинж тэмдэг илэрнэ. Хээлтэй мэгж хээлийн сүүлийн сард зулбах, амьдрах чадваргүй торой гаргана. Өвчний архаг явц нас гүйцсэн гахайд элбэг тохиолдох бөгөөд үржлийн сүргийн 30 хүртэл хувь нь сувайрчах, зулбасан мэгж бага зэрэг халуурч байгаад турж эцэх ба удаан хугацааны турш халдварын эх уурхай болно. Сүргийн нилээд хувьд тохиолддог далд хэлбэр ихэвчлэн сувай мэгж, бодонд хамааралтай байдаг бөгөөд ийлдсийн шинжилгээгээр вирусийн өвөрмөц эсрэг бием илэрнэ. Харин нуугдмал халдварын үед энэ өвчний холбогдол бүхий шинж тэмдэг ажигдагдахгүй, өвчний өвөрмөц эсрэг бием ч илэрдэггүй.
Халдвар шинэ илэрч байгаа аж ахуйн нэг байрны сүргийн хувьд 1-3 сарын дотор халдварлалт бараг 100%, өсвөр торойн өвчлөл 50 хувь, үхэл 30 хувьд хүрнэ.
6. Эмгэг бие бүтцийн хувиралт. Зулбасан болон сувайрсан мэгж болон зулбадасны эрхтэн, эдэд эмгэгийн илэрхий тод онцлог өөрчлөлт ажиглагдахгүй. Хурц, архаг өвлөлийн сүүлийн шатанд чих болон хэвлийн арьсан бүрхүүл хөхөрсөн байж болно.
Үхсэн торойн уушиг өөр бусад эмгэг төрүүлэгчийн халдваргүй бол угийн болон дунд хэсэгт голомтолсон үхжилт, эсвэл нэлэнхүй нэвчдэст үрэвсэл үүсэж улаан хүрэн толбон, эсвэл судалтан цоохортсон гүвдрүү үүссэн байна. Уушиг орчмын тунгалгийн зангилаанууд алаг цоохор байх нь цөөнгүй.
Хурц явцтай өвчилсөн мэгжний уушгинд дээрхийн адил өөрчлөлтөөс гадна савны дотоод бүрхүүл, булчинт давхрага, эхэсийн үрэвсэл ажиглагдана.
7. Онош. Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын" 5.5.4–д заасны дагуу авч хүргүүлнэ.
Лабораторийн шинжилгээнд зориулан адил шинж тэмдэгтэй өвчилж үхсэн хэд хэдэн гахайн шинэ хүүрнээс уушиг, дэлүү, гүйлсэн булчирхай, тунгалгийн зангилаа, цээжний хөндийн шингэн, авч хүйтэн улиралд хөлдөөгөөд, дулаан улиралд 30%-ийн глицерины уусмалд хийж сайтар битүүмжлэнэ. Мөн дээрх эрхтнүүдээс 10%-ийн формалины уусмалд хадгалааслана. Ийлдэс судлалд зориулж янз бүрийн насны гахайнаас цус авч ийлдсийг ялган илгээнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлал болон ПГУ, ийлдсэнд ЭЛИЗА урвалын шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Гахайн үржил амьсгалын замын хам шинж өвчнийг Streptococcus suis, Mycoplasma hyopneumoniae, Salmonella choleraesuis, Haemophilus parasuis, Pasteurella multocida, Actinobacillus pleuropneumoniae, гахайн цирковирус, гахайн уушигны короновирус-ийн халдвараас ялгаварлан оношлох шаардлагатай.
8. Эмчилгээ: Гахайн үржил амьсгалын замын хам шинж өвчний вирусийн эсрэг эмчилгээ үр дүнгүй ч бактер, микоплазмын хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор тетрациклин, триметоприм/сульфа, тиамулин, линкомицин зэрэг антибиотикийг зааврын дагуу хэрэглэж болно.
9. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Гахайн үржил амьсгалын замын хам шинж өвчин гарсан аж ахуйд "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулинд заасан мэргэжлийн байгууллагуудын (мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага) дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлнэ.
9.1 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
9.1.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, гахай бүхий иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх;
9.1.2 Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээр зохих шатны төрийн захиргааны байгууллагуудыг хангаж байх ;
9.1.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж өвчтэй, өвчний сэжигтэй гахайг сүргээс ялган тусгаарлах, өвчтэйг нядлах үндэслэлээ тухайн шатны засаг даргад уламжлан хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
9.1.4 Өвчин гарсан аж ахуйн нэгж, айл өрхөд гахайн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;
9.1.5 Гахайн арчилгаа, тэжээллэгийн нөхцлийг сайжруулах;
9.1.6 Өвчтэй гахай байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
9.1.7 Өвчний улмаас үхэж хорогдсон гахайн хүүр, сэг зэмийг халдваргүйтгэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;
9.1.8 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх;
9.1.9 Бусад халдвараас сэргийлэх тарилга, туулгалт хийх:
9.1.10 Өвчнөөр тайван бус бүсэд гаднаас гахай оруулах болон гадагш гарахыг хориглоно.
---oOo---
Текст томруулах
A
A
A