- Нүүр
- Сайдын тушаал
- АВТО ЗОГСООЛ
ЗТБХБСайдын 2010 оны
12 дугаар сарын 23 ны 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
АВТО ЗОГСООЛ
PARKING
|
20… оны …-р сарын …-ний
өдрөөс эхлэн эхлэн мөрдөнө.
Нэг. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү норм ба дүрэм нь тээврийн хэрэгсэл байрлуулах барилга байгууламж, талбай, тусгай байранд байрлах авто зогсоол ба түүний эзэлхүүн төлөвлөлт, бүтээцийн шийдэлд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно. Түүнчлэн дээрх барилга, байгууламжийн инженерийн тоног төхөөрөмж, тэдгээрийг суурин газарт байрлуулахад энэ норм ба дүрмийг мөрдөнө.
Тэсрэх, хорт, халдварт болон цацраг идэвхит бодис тээвэрлэх автотээврийн хэрэгслэлд зориулсан зогсоол буюу байр (хадгалах) бүхий барилга байгууламжид энэ норм ба дүрэм хамаарахгүй.
Энэхүү норм ба дүрэмд БНбД 21-01-02, БНбД 21-02-02 заасан үндсэн шаардлага болон ерөнхий зарчмыг ашиглана.
Хоёр. НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ
Энэхүү барилгын норм ба дүрэмд дараахь норматив баримт бичгийг ишлэл болгосон. Үүнд:
БНбД 40-05-98 Барилга доторхи усан хангамж, ариутгах татуурга
БНбД 40-02-06 Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж
БНбД 41-01-02 Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер
БНбД 21-04-05 Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл
БНбД 30-01-04 Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт
БНбД 21-01-02 Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал
БНбД 21-02-02 Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм
БНбД 23-02-08 Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг
БНбД 30-02-07 Үйлдвэрийн газрын барилгажилтын ерөнхий төлөвлөгөө
"Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"
MNS 4991:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын бүсийн агаар дахь хорт бодисын концентрацыг хэмжих аргачилалд тавих шаардлага.
MNS 5342:2007 Авто зогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага.
"Барилга байгууламж, өрөө тасалгааны галын болон тэсрэлтийн аюулын ангиллыг тодорхойлох"
"Барилга байгууламжид гал гарсан үед хүмүүст зарлан мэдээлэх систем төлөвлөх"
Гурав. НЭР ТОМЪЁО, Тодорхойлолт
3.1 Авто тээврийн хэрэгслийн зогсоол (цаашид авто зогсоол гэх) - зөвхөн авто тээврийн хэрэгсэл байрлуулах (зогсоолын) зориулалттай барилга, байгууламж (барилга, байгууламжийн хэсэг), түр буюу удаан хугацаагаар байрлуулах зориулалтын талбай.
3.2 Газар дээрх битүү авто зогсоол - гадна хашлага бүтээц бүхий авто тээврийн хэрэгслийн зогсоол.
3.3 Задгай авто зогсоол - гадна хашлага бүтээцгүй авто тээврийн хэрэгслийн зогсоол. Задгай авто зогсоолд мөн харьцангуй урт хэмжээний хоёр талаасаа задгай байгууламж хамаарна. Тухайн талын хашлага бүтээцийн гадаргуугийн нийт талбайн 50 хувиас багагүйг нүх эзэлж байвал задгай авто зогсоолд хамааруулна.
3.4 Налуу пандус (рамп)-тай авто зогсоол – тойруугаар тогтмол өгсөх (буух) эсвэл, давхар хооронд холбох пандус буюу налуу замаар авто тээврийн хэрэгсэл түвшин хооронд шилжих боломж бүхий авто зогсоол.
3.5 Механикжсан авто зогсоол – жолоочийн оролцоогүйгээр зориулалтын механикжсан төхөөрөмжөөр авто тээврийн хэрэгслийг байрлуулах зогсоолд зөөвөрлөн байрлуулах боломжтой зогсоол.
Дөрөв. Барилга, байгууламжийн байршил
4.1 Хот суурин газарт авто зогсоол байршуулах газрын хэмжээ, бусад барилга байгууламж хүртлэх зайг БНбД 30-01-04 ба БНбД 30-02-07-гийн дагуу авна.
4.2 Авто зогсоолыг газрын гадаргуугаас дээш, доош байршуулж болно. Энэ нь газар доорх ба дээрх хэсгээс (газар доорх давхар, газар дээрх давхар түүнчлэн барилгын дээврийг ашиглаж болно) бүрдэнэ. Авто зогсоолыг өөр зориулалттай барилгад залгаж барих, барилгын газар доорх зоорь буюу цоколийн давхарт, мөн газар дээрх давхарт байрлуулж болно. Түүнчлэн газрын гадарга дээр тусгай тоноглосон задгай талбайд байрлуулж болно.
Өрөөний шалны түвшин газрын өндөржилтийн түвшингээс доош өрөөний өндрийн хагасаас илүү хэмжээгээр доор байвал газар доорх авто зогсоол гэнэ.
Газар доорх авто зогсоолыг барилгажаагүй талбайд (зам, гудамж, талбай, ногоон байгууламжийн дор) байрлуулахыг зөвшөөрнө.
4.3 Авто зогсоолыг (БНбД 21-01-02-ын 5.21-ийн дагуу) Ф1.1, Ф 4.1 мөн Ф 5[1] ангиллын А ба Б зэрэглэлийн барилгаас бусад өөр зориулалтын барилгад залгаж байршуулахыг зөвшөөрнө.
4.4 Авто зогсоолыг (БНбД 21-01-02-ын 5 дугаар хүснэгтийн дагуу) С0 ба С1[2] ангиллын гал тэсвэршилтийн I ба II зэргийн өөр зориулалтын барилга дотор байрлуулахыг зөвшөөрнө. Харин Ф 1.1, Ф 4.1, Ф 5 ангиллын А болон Б зэрэглэлийн барилгад байрлуулахыг хориглоно. Ф 1.4 ангиллын барилгад түүний гал тэсвэршилтийн зэргээс үл хамааран авто зогсоол төлөвлөхийг зөвшөөрнө. Ф 1.3 ангиллын барилга дотор тухайлсан эзэмшигчтэй суудлын авто тээврийн хэрэгслийн зогсоол төлөвлөхийг зөвшөөрнө (хязгаарлах төхөөрөмжгүй).
Ф 1.1, Ф 4.1 ангийн барилга доор авто зогсоол байрлуулахыг хориглоно.
4.5 Байгалийн хий болон шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгсэлийн зогсоолыг өөр зориулалттай барилгад залгаж буюу дотор нь барих түүнчлэн газрын гадаргуугаас доош байрлуулахыг тус тус хориглоно.
4.6 Авто тээврийн хэрэгсэл байрлуулах зориулалтын задгай талбайгаас (түүний дотор саравчтай газар) үйлдвэрийн газрын барилга байгууламж хүртэлх галаас хамгаалах зай нь (авто тээврийн хэрэгсэлд үйлчилгээ хийх, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлийн гэх мэт) дараахь шаардлагыг хангасан байна, үүнд:
а) үйлдвэрийн барилга байгууламж хүртэлх зай:
-С0[3] ангиллын гал тэсвэршилтийн I, II ба III зэргийн ханандаа нүхгүй (цонхгүй) бол норм тогтоохгүй,
- Мөн адил барилгын хана нүхтэй (цонхтой) бол -9 м-ээс багагүй;
-С0 ба С1 ангиллын гал тэсвэршилтийн IV зэргийн ханандаа нүхтэй (цонхтой) 6 м-ээс багагүй;
Мөн адил барилгын хананд нүхтэй (цонхтой) бол 12 м-ээс багагүй;
-бусад гал тэсвэршилтийн зэрэг, галын аюулын ангилалд - 15 м-ээс багагүй;
б) үйлдвэрийн захиргаа, ахуй үйлчилгээний барилга хүртэл зай:
-С0 ангиллын гал тэсвэршилтийн I, II ба III зэргийн барилгаас - 9 м-ээс багагүй;
бусад гал тэсвэршилтийн зэрэг, галын аюулын ангилалтай барилгаас - 15 м-ээс багагүй;
-15 хүртэлх зогсоолтой суудлын авто тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ хийх станцын байрлах нутаг дэвсгэрт С0 ангиллын гал тэсвэршилтийн I ба II зэргийн барилгын нүхтэй (цонхтой) хананаас авто тээврийн хэрэгсэл байрлуулах талбай хүртэлх зайд норм тогтоохгүй.
4.7 Шатах тослох материал тээвэрлэдэг авто тээврийн хэрэгслийг задгай талбайд эсвэл С0 ангиллын гал тэсвэршилтийн II-оос доошгүй зэргийн нэг давхар тусдаа барилгад байрлуулна. С0 ангиллын гал тэсвэршилтийн I ба II зэргийн үйлдвэрийн барилгын 1, 2-р төрлийн гал тэсвэрлэлтийн битүү (цонхгүй) хананд (А ба Б зэрэглэлын барилгаас бусад) зөөвөрлөх, шатах тослох материалын нийт хэмжээ 30 м3-ээс хэтрэхгүй багтаамжтай бол авто тээврийн хэрэгсэл байрлуулах зогсоолыг залгаж барихыг зөвшөөрнө.
Шатах тослох материал тээвэрлэх авто тээврийн хэрэгсэл байрлуулах задгай талбайг 50-иас дээшгүй тооны авто тээврийн хэрэгсэл байхаар, мөн дээр дурьдсан материал нь 600 м3-ээс хэтрэхгүй байхаар бүлэглэн хуваана. Ийм бүлэг хоорондын болон бусад авто тээврийн хэрэгсэл байрлуулах талбай хүртэлх зай нь 12 м-ээс багагүй байна.
Шатах тослох материал тээвэрлэх авто тээврийн хэрэгсэл байрлуулах талбайгаас үйлдвэрийн шатамхай шингэн хадгалах барилга байгууламж хүртэлх зайг БНбД 30-02-07-гийн дагуу, үйлдвэрийн захиргаа, аж ахуйн барилга байгууламж хүртэл 50 м-ээс багагүйгээр авбал зохино.
Тав. ЭЗЭЛХҮҮН ТӨЛӨВЛӨЛТ БА БҮТЭЭЦИЙН ШИЙДЭЛ
Үндсэн шаардлага
5.1 Газар дээрх авто зогсоолын давхрын тоо 9-өөс, газар доорх авто зогсоолын давхрын тоо 5-аас хэтэрч болохгүй.
5.2 Авто тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах үйлдлийг дараахь байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд:
Жолоочийн оролцоотой – пандусаар (рамп) эсвэл ачааны цахилгаан шатны тусламжтайгаар;
Жолоочийн оролцоогүй – механикжуулсан төхөөрөмжөөр.
5.3 Авто зогсоолын барилга дараахь бүрдэлтэй байж болно. Үүнд: үйлчилгээний болон жижүүрийн ажилтанд зориулсан ажлын өрөө (хяналтын цэг болон касс, диспетчерийн өрөө, хамгаалалтын алба), техникийн зориулалтын (инженерийн тоноглолтой), ариун цэврийн өрөө, үйлчлүүлэгчдийн ачааны агуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тасалгаа түүнчлэн нийтийн утсан холбоо ба хүн зөөврийн цахилгаан шат зэрэг байна. Тэдгээрийн шаардлага, бүрэлдэхүүн хэсэг болон талбайг авто зогсоолын хэмжээ, түүнийг ашиглах онцлогоос хамааруулан зураг төслийн шатанд тогтооно.
Хүн зөөвөрлөх цахилгаан шатны нэг бүхээг нь тэргэнцэртэй иргэд ашиглахаар тоноглогдсон байна.
5.4 Авто тээврийн хэрэгсэл байрлуулах барилга байгууламжийн зэрэглэлийг тэсрэх болон галын аюулаас хамааруулан "Барилга, байгууламж, өрөө тасалгааны галын болон тэсрэлтийн аюулын ангиллын шаардлага"- д нийцүүлэн тодорхойлно.
Суудлын авто тээврийн хэрэгсэл байрлуулах байрыг В1-В4 зэрэглэлд, суудлын авто тээврийн хэрэгсэл байрлуулах барилга байгууламжийг В зэрэглэлд (шахмал эсвэл шингэрүүлсэн хийгээр ажилладаг хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгсэлээс бусад тохиолдолд) хамааруулж болно.
5.5 Өөр зориулалттай барилгад залгаж байрлах авто зогсоол эдгээр барилга байгууламжаас галаас хамгаалах 1 дүгээр төрлийн ханаар тусгаарлагдах ёстой.
Өөр зориулалтын барилга дотор байрлах авто зогсоол нь тухайн барилгын гал тэсвэршилтийн зэргээс багагүй байх бөгөөд бусад өрөө тасалгаа болон давхраас галаас хамгаалах 1 дүгээр төрлийн хана, хучилтаар тусгаарлагдсан байна.
Ф 1.3[4] ангиллын барилга дотор байрлах авто зогсоолыг 2 дугаар төрлийн хучилтаар тусгаарлахыг зөвшөөрнө. Ингэхдээ орон сууцны давхрыг авто зогсоолоос сууцны бус давхраар тусгаарлана. (тухайлбал техникийн давхараар).
Ф 1.4 ангиллын барилгад залгаж болон дотор нь байрлуулсан авто зогсоол нь хувийн эзэмшлийн нэг суудлын авто тээврийн хэрэгсэл байрлах тохиолдолд хашлага бүтээцийг нормчлох шаардлагагүй.
Өөр зориулалтын барилгад залгаж буюу дотор нь барьсан авто зогсоолын хананы нүх, цонхны доод ирмэг хүртэл 4 м-ээс багагүй зайтай байхаар тооцож 1 м-ээс багагүй өргөнтэй шатдаггүй материалаар хийсэн саравч төлөвлөх эсвэл дээр дурьдсан нүхийг шатдаггүй материалаар бөглөх (Ф 1.4 ангиллын барилгаас бусад) шаардлагатай.
5.6 Авто зогсоолын бүрдэлд авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний оношлогоо ба тохируулах ажиллагаа хийх, авто угаалга гэх мэт засвар үйлчилгээний тасалгаа төлөвлөж, шаардлагатай тохиолдолд энэ зориулалтаар тусдаа барилга, эсвэл бүлэг тасалгаа тусгах хэрэгтэй. Ийм байр нь авто зогсоолоос буюу ил зогсоол болон орон сууцны барилга дотор байрлах авто зогсоолоос бусад тохиолдолд галаас хамгаалах 2 дугаар төрлийн хана, болон 3 дугаар төрлийн хучилтаар тусгаарлагдах ёстой. Эдгээр байрны орц гарц нь авто зогсоолын орц гарцаас тусдаа байрлана.
Техникийн үйлчилгээ, урсгал засварын хэсэгчилсэн засвар үйлчилгээ явуулахад шаардагдах тасалгааны бүрдэл болон талбайн хэмжээг тухайн ажлын техникийн шаардлагыг баримтлан зургийн даалгаварт тусгана.
5.7 Барилгын авто зогсоол байрлах хэсэг нь "Дуу чимээ тусгаарлалт" /БНбД 23-05-10/ барилгын норм ба дүрмийн дагуу эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон дуу чимээний түвшинг хангасан байх ёстой.
5.8 Өөр зориулалтын барилгад байрлуулсан авто зогсоолд ердийн болон цахилгаан шатны (нэгдсэн) хонгил төлөвлөхийг хориглоно. Үндсэн барилга болон авто зогсоолын үйл ажиллагааны уялдааг хадгалах үүднээс зогсоолоос гарах ердийн ба цахилгаан шатны гарцыг дээрх барилгын төв орц буюу үүдний танхимд байрлуулбал зохино. Эдгээр зогсоолын давхар бүрт шат болон цахилгаан шатнаас утаа сорох системээр тоноглогдсон галаас хамгаалах 1 дүгээр төрлийн дамжих гонх тусгана. Авто зогсоолыг өөр зориулалтын барилгын бусад бүх давхартай холбох зайлшгүй шаардлагатай тохиолдолд 6.17-р зүйлийн дагуу ердийн цахилгаан шатны хонгилыг утаанаас хамгаалах арга хэмжээ авна.
Нэг давхарт байрлах авто зогсоол болон өөр зориулалтын тасалгаа (5.3-р зүйлд зааснаас бусад тохиолдолд) эсвэл гал тусгаарлах заадас бүхий зэргэлдээх хэсгийг гал түймрийн үед агаарын даралтаас хамгаалах дамжих гонхоор холбох болон авто зогсоол талын ханан дахь нүхэн дээр дренчерийн хөшгөөр тоноглохыг зөвшөөрнө.
5.9 Худалдаа хийх зориулалтын байр, түргэн үйлчилгээний цэг, лангуу гэх мэтийг авто тээврийн хэрэгсэл байрлуулах байранд байлгахыг хориглоно.
5.10 Олон давхар авто зогсоолын барилгад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан давхар хоорондын рамп (пандус), давхар хоорондын налуу хучилт эсвэл тусгай зориулалтын цахилгаан шат (механикжуулсан төхөөрөмж) төлөвлөвөл зохино.
Тасралтгүй үргэлжлэх спираль (эргэлттэй) хучилттай бүтээцийн нэг бүрэн эргэлтийг нэг давхар гэж үзнэ.
Хагас давхар бүхий олон давхар авто зогсоолын давхрын нийт тоог хагас давхрын тоог 2-т хувааснаар, давхрын талбайн хэмжээ нь зэргэлдээ 2 хагас давхрын нийлбэрээр тус тус тооцно.
5.11 Авто зогсоолын рамп (пандус), шаардлагатай гарц, орцын тоог ашиглалтын горим, хөдөлгөөний нягтрал, барилгын зохион байгуулалтыг харгалзан үзэж нэгдүгээрээс бусад нийт давхарт байрлах авто тээврийн хэрэгслийн тооноос хамааруулан тогтооно. (газар доорх авто зогсоолын хувьд – нийт давхарт).
Рамп (пандус)-ны төрөл ба хэмжээг авто тээврийн хэрэгслийн тооноос хамааруулан тогтооно:
100 хүртэл авто тээврийн хэрэгсэлд - зохих дохиолол бүхий нэг урсгалтай нэг рамп;
1000 хүртэл авто тээврийн хэрэгсэлд - хоёр урсгалтай нэг рамп эсвэл нэг урсгалтай хоёр рамп;
1000-аас дээш авто тээврийн хэрэгсэлд - хоёр урсгалтай хоёр рамп. Газар доорх болон газар дээрх давхарт байрлах авто зогсоолын орц гарц нь нэгдүгээр эсвэл цоколийн давхрын авто тээврийн хэрэгсэл байрлуулах бүсээр дамжин өнгөрөхийг хориглоно.
5.12 1 дүгээр хүснэгтэд зааснаар битүү авто зогсоолын бүх давхарт гарах рамп (пандус) нь галаас хамгаалах хаалт, том хаалга болон гал түймрийн үед утаа сорох системээр тоноглогдсон дамжих гонхоор давхар бүрдээ авто тээврийн хэрэгсэл байрлуулах байрнаас тусгаарлагдсан байх шаардлагатай.
1 дүгээр хүснэгт
Авто зогсоолын төрөл
|
Рамп (пандус)-ны тусгаарлах бүтээцийн (галаас хамгаалах хаалт),гал тэсвэрлэлтийн хязгаар минутаар
|
Дамжих гонх төлөвлөх үед тавигдах шаардлага
|
|
|
Хана
|
Том хаалга
|
|
Газар доорх
|
EI 90
|
El 60
|
Дамжих гонхны гүнийг том хаалга онгойх боломжтойгоор гэхдээ 1.5 м-ээс багагүйгээр авна
|
Газар дээрх
|
El 45
|
El 30
|
Заавал байх шаардлагагүй
|
Галаас хамгаалах хаалт болон дамжих гонхонд угсарсан том жижиг хаалт, хаалга нь гал түймрийн үед автоматаар хаагдах төхөөрөмжөөр тоноглогдсон байвал зохино.
Газар доорх нэг дан авто зогсоолын аврах гарцаар ашиглахгүй рамп (пандус)-ны урд талд дамжих гонх төлөвлөхгүй байж болно.
5.13 Газар дээрх дор дурьдсан авто зогсоолд тусгаарлагдаагүй рамп (пандус) байрлуулахыг зөвшөөрнө. Үүнд:
-3 хүртэлх давхар С0 ба С1 ангиллын гал тэсвэршилтийн I ба II зэргийн давхруудын (мөн хагас давхруудын) нийт талбай 10400 м2-аас хэтрэхгүй авто зогсоолын барилгад;
- задгай авто зогсоолд.
5.14 Авто зогсоолын (механикжсан авто зогсоолоос бусад тохиолдолд) гал тусгаарлах заагийн давхар тус бүрээс гадагш эсвэл шатны хонгил руу гарах 2-оос доошгүй аврах гарц төлөвлөнө. Аврах гарцын нэгийг тусгаарлагдсан рамп (пандус)-аар дамжин өнгөрөхийг зөвшөөрнө. Хагас давхар дахь шатны хонгил хүртэлх явган зам пандусаар дамжин өнгөрсөн тохиолдолд түүнийг аврах гарцад тооцож болно.
5.3-р зүйлд дурьдсан тасалгааны аврах гарц авто тээврийн хэрэгсэл байрлуулах байраар дамжин өнгөрөхийг зөвшөөрнө. Үйлчлүүлэгчдийн тээшний агуулахыг авто зогсоолын зөвхөн нэгдүгээр (буух) давхарт байршуулж болно. Тээш хадгалах газраас хамгийн ойр байрлах аврах гарц хүртэлх зайг 2 дугаар хүснэгтэд үзүүлэв.
2 дугаар хүснэгт
Авто зогсоолын төрөл
|
Тээш хадгалах байрнаас хамгийн ойрын аврах гарц хүртэлх зай, м
|
|
|
аврах гарцуудын хооронд байрлуулах
|
тасалгааны мухарт байрлуулах
|
Газар доорх
|
40
|
20
|
Газар дээрх
|
60
|
25
|
Тайлбар – аврах замын уртыг авто тээврийн хэрэгслийг байршуулснаар тооцон зам болон гарцны дунд шугамаар авна
|
Авто зогсоолын рампын нэг талаар 0.8 м-ээс багагүй өргөнтэй явган зам төлөвлөснөөр рамп нь аврах замын үүрэг гүйцэтгэнэ. Аврах замын үүрэгтэй шатны гишгүүрийн өргөн 1 м-ээс багагүй байна.
5.15 Рамп эсвэл зэргэлдээх гал тусгаарлах зааг руу гарах том хаалганы ойролцоо эсвэл түүн дотор 15 см хүртэлх өндөр босготой галаас хамгаалах хаалга төлөвлөх хэрэгтэй. Хаалганы доод хэсэгт галын үед усны хоолой оруулахад ашиглах 20х20 см-ийн хэмжээтэй өөрөө хаагддаг тагтай нүх хийнэ.
5.16 Барилгын хучилтыг авто зогсоол болгоход ердийн авто зогсоолын хучилтын адил шаардлага тавигдана. Ийм хучилтыг ашиглахад дээд давхаргыг гал тархдаггүй материалаар хийнэ (ийм материалын гал тархах бүлэг РП 1-ээс доошгүй байна).
5.17 Авто тээврийн хэрэгсэл байрлуулах байрны рамп эсвэл зэргэлдээх гал тусгаарлах зааг уруу гарах орц, гарцын хэсэгт, мөн түүнчлэн авто зогсоол болгон ашиглах тохиолдолд хучилтан дээр гал түймрийн үед шатахуун асгарч тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай.
5.18 Олон давхар (олон жигүүртэй) авто зогсоолын дээвэрт гарах гарц БНбД 21-01-02-ын шаардлагад нийцсэн байна.
5.19 Цахилгаан шатны хонгилын тусгаарлах бүтээц БНбД 21-01-02-ын шаардлагыг хангах ёстой.
5.20 Хоёр ба түүнээс олон давхартай газар доорх авто зогсоолын гал тусгаарлах зааг тус бүрт «гал сөнөөгчдийг зөөвөрлөх» горимд ажиллах нэгээс доошгүй цахилгаан шат төлөвлөвөл зохино.
5.21 Авто зогсоолын шалны гадаргуу нь нефтийн бүтээгдэхүүний үйлчлэлд тэсвэртэй бөгөөд тухайн байранд хуурай, түүний дотор механикжуулсан цэвэрлэгээ хийх боломжтой байхаар тооцох хэрэгтэй. Рамп (пандус) ба явган замын гадаргууг гулгамтгай материалаар хийхийг хориглоно. Шалны бүрхүүлийн гадаргуу дээр гал тархах бүлэг РП 1-ээс багагүй байхаар тооцож материалыг сонгоно.
5.22 Авто тээврийн хэрэгсэл явах, байрлуулах байрны болон хаалганы өндөр шалнаас бүтээцийн доош цухуйсан хэсэг буюу дүүжилсэн төхөөрөмжийн доод ирмэг хүртэлх хэмжээ нь 2.0 м-ээс багагүй бөгөөд авто тээврийн хэрэгслийн өндрөөс 0.2 м-ээс багагүйгээр дээш байна.
5.23 Авто зогсоол доторх авто тээврийн хэрэгслийн замыг жолоочийг зүглэн чиглүүлэх тэмдэг, тэмдэглэл, заалт, гэрэлтүүлгээр тоноглох ёстой.
5.24 Авто тээврийн хэрэгслийг байрлуулах газар, пандус (рамп) ба авто зогсоолын зорчих зурвасын хэмжээс авто тээврийн хэрэгсэл хоорондын болон тэдгээрээс барилгын бүтээц хүртэлх зай зэрэг параметрийг авто тээврийн хэрэгслийн төрөл (ангилал), хадгалах арга, овор хэмжээ, манёврлах чадвар ба байрлуулах байдал зэргээс хамааруулан зураг төслөөр тодорхойлно.
5.25 Авто тээврийн хэрэгсэл байрлуулах талбайн хамгийн бага хэмжээг дараахь байдлаар тодорхойлно: зогсоолын байрны урт-5,0 м, өргөн-2,3 м (тэргэнцэр ашигладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нь-3,5 м).
5.26 Авто тээврийн хэрэгсэл байрлуулах байрыг байгалийн гэрэлтүүлэггүй эсвэл хангалттай биш байгалийн гэрэлтүүлэгтэйгээр төлөвлөж болно.
5.27 Олон давхар зогсоолын давхар тус бүрийн шалны налуу ус цуглуулагч нүх (трап) ховил мөн түүнчлэн шат зэргийн байршлыг рамп (пандус) болон доод давхарт шингэн урсаж гоожихгүйгээр төлөвлөх шаардлагатай.
5.28 Авто зогсоолын рамп нь дараахь шаардлага хангасан байна. Үүнд:
а) битүү шулуун рампны замын урсгал дагуух налуу 18%-иас ихгүй, муруй шугаман рампад 13%-иас хэтрэхгүй, задгай (агаарын хур тундасаас хамгаалагдаагүй) рампны налуу 10%-иас ихгүй байна;
б) рампны хөндлөн налуу 6%-иас ихгүй байх ёстой;
в) явган замтай рампанд 0,8 м-ээс багагүй өргөнтэй явган зам байхаар тооцох ёстой.
5.29 Давхар хоорондын налуу хучилт 6%-иас ихгүй налуутай байна.
5.30 Хийн баллонтай авто тээврийн хэрэгсэл буюу шингэрүүлсэн шатдаг хий (ШШХ)-ээр эсвэл байгалийн хий (БХ)-ээр ажилладаг хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгсэл байрлуулах авто зогсоол ба барилга байгууламжинд тусгай нэмэлт шаардлагыг давхар мөрдөнө.
5.31 Хийн баллонтай авто тээврийн хэрэгсэл байрлуулах зориулалтын байрыг С0 ангиллын гал тэсвэршилтийн I, II, III ба IV зэргийн тусдаа барилга байгууламжид төлөвлөх шаардлагатай. Хийн баллоноор ажилладаг суудлын авто тээврийн хэрэгсэл байрлуулах байрыг бензин, дизель шатахуунаар ажилладаг авто тээврийн хэрэгсэл байрлуулсан тусдаа орших автозогсоолын дээд давхарт байрлуулахыг зөвшөөрнө. Хийн баллоноор ажилладаг авто тээврийн хэрэгсэл байрлуулах задгай зогсоол болон механикжуулсан авто зогсоолыг салхижуулах боломжтой үед байршлыг нормчлохгүй.
5.32 Хийн баллоноор ажилладаг авто тээврийн хэрэгсэл байрлуулах зориулалтын байрыг дараахь газруудад байрлуулахыг хориглоно. Үүнд:
а) авто зогсоолын цоколийн болон газар доорх давхарт;
б) өөр зориулалттай барилгад байрлах газар дээрх битүү зогсоолд;
в) тусгаарлагдсан рампгүй газар дээрх битүү зогсоолд;
г) бокс бүрээс шууд гадагш гарах боломжгүй байранд авто тээврийн хэрэгслийг байрлуулах тохиолдолд.
Суудлын авто тээврийн хэрэгслийн газар доорх авто зогсоол
5.33 Газар доорх авто зогсоолын гал тэсвэршилтийн зэрэглэл, гал тусгаарлах заагийн хязгаар дотор зөвшөөрөгдөх давхрын тоо болон давхрын талбайг 3 дугаар хүснэгтээр тодорхойлно. 100-гаас илүү авто тээврийн хэрэгсэл тутам 1-р төрлийн гал тэсвэршилттэй хамар ханаар, 200 авто тээврийн хэрэгсэл тутам 1-р төрлийн гал тэсвэршилтийн битүү /глухой/ хамар ханаар тусгаарлагдсан байна. Хэсэг бүр нь 2-оос доошгүй авралтын үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байрлуулсан гарц болон хүмүүсийг аврахад зориулсан 2-оос доошгүй хаалгатай байхаар төлөвлөвөл зохино. 3 дугаар хүснэгт
Барилга (байгууламж)-ын гал тэсвэршилтийн зэрэг
|
Барилга (байгууламж)-ын бүтээцийн галын аюулын ангилал
|
Гал тусгаарлах заагийн доторх давхрын тоо
|
Гал тусгаарлах заагийн хязгаар дахь давхрын талбай, м2
|
I
|
С0
|
5
|
3000
|
II
|
С0
|
3
|
3000
|
5.34 Жижүүрийн болон үйлчилгээний ажилчдын ажлын байр, гал унтраах ба усан хангамжийн насосны өрөө, трансформаторын дэд станцууд (зөвхөн хуурай трансформатортай), үйлчлүүлэгчдийн тээшний агуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тасалгааг газар доорх байгууламжийн эхний (газар доорх давхруудын дээд давхар) давхраас доошгүй байрлуулна. Бусад техникийн өрөө тасалгааны байрлалд давхрын хязгаар тогтоохгүй.
Дээр дурьдсан өрөөнүүд авто тээврийн хэрэгсэл байрлуулах байрнаас 1 дүгээр төрлийн галаас хамгаалах хаалтаар тусгаарлагдсан байх ёстой.
5.35 Газар доорх авто зогсоолд авто тээврийн хэрэгсэл зогсох талбайг тусдаа бокс болгон хаалтаар тусгаарлахыг хориглоно.
5.36 Газар доорх хоёр ба түүнээс олон давхар авто зогсоолд газар доорх давхрын ердийн болон цахилгаан шатны хонгилоос гарах гарцыг гал түймрээс үүсэх агаарын даралттай үед давхрын дамжих гонхоор дайрч өнгөрөхөөр төлөвлөнө.
5.37 Газар доорх авто зогсоолын орц, гарцыг Ф 1.1, Ф 1.3 ба Ф 4.1[5] ангиллын барилгаас БНбД 30-01-04-ийн шаардлагаар төлөвлөнө.
5.38 Гал унтраах үед газар доорх авто зогсоолын хучилтан дээр гал унтраах ус бүхий гадагшлуулах төхөөрөмж төлөвлөнө. Уг ус гадагшлуулах системийн хоолой нь газар доорх давхар тус бүрт тусдаа байх ёстой. Энэ усыг цуглуулан борооны ус зайлуулах сувагт хийх эсвэл цэвэрлэх байгууламжгүй бол газрын гадаргууг ашиглан урсгахаар тооцох хэрэгтэй.
Суудлын авто тээврийн хэрэгслийн газар дээрх битүү зогсоол
5.39 Газар дээрх битүү зогсоолын гал тэсвэршилтийн зэрэг ба гал тусгаарлах заагийн хязгаар доторх авто зогсоолын зөвшөөрөгдөх давхрын тоо болон давхрын талбайг 4 дүгээр хүснэгтээр тодорхойлно. 25-100 авто тээврийн хэрэгсэлд хоёр хаалга, 100-аас дээш авто тээврийн хэрэгсэлд хоёр хаалга, бүрэн ба бүрэн бус 100 авто тээврийн хэрэгсэл тутамд нэг хаалга нэмж тус тус төлөвлөнө.
4 дүгээр хүснэгт
Барилга (байгууламж)-ын гал тэсвэршилтийн зэрэг
|
Барилга (байгууламж)-ын бүтээцийн галын аюулын ангилал
|
Гал тусгаарлах заагийн давхрын тоо
|
Гал тусгаарлах заагийн хязгаар доторх давхрын талбай, м2
|
|
Нэг давхар барилгад
|
Олон давхар барилгад
|
|||
I, II
|
С0
|
9
|
10400
|
5200
|
|
С1
|
2
|
5200
|
2000
|
III
|
С0
|
5
|
7800
|
3600
|
|
С1
|
2
|
3600
|
1200
|
IV
|
С0
|
1
|
5200
|
—
|
|
С1
|
1
|
3600
|
—
|
|
С2, С3
|
1
|
1200
|
—
|
V
|
Нормчлохгүй
|
1
|
1200
|
—
|
5.40 Гал тэсвэршилтийн I ба II зэргийн авто зогсоолын барилгад иргэдийн эзэмшлийн суудлын авто тээврийн хэрэгсэл байрлуулах тусгайлсан бокс төлөвлөхийг зөвшөөрнө. Эдгээр боксуудын хамар хананы гал тэсвэршилтийн хязгаар нь R 45, галын аюулын ангилал нь К0; боксын хаалгыг тортой эсвэл хаалганы 1,4-1,6м өндөрт гал унтраах болон галын аюулаас хамгаалах хяналт явуулах боломжтой 300х300 мм-ээс багагүй хэмжээтэй нүх гаргана.
Гал тэсвэршилтийн I, II ба III зэргийн хоёр давхар барилга болон С0 ангиллын нэг давхар барилгад бокс бүрээс шууд гадагш гарах гарцтай тохиолдолд хамар хануудыг гал тэсвэрлэлтийн нормчлоогүй хязгаарын шатдаггүй материалаар хийхийг зөвшөөрнө. Харин дээрх хоёр давхар барилгын хучилт нь галаас хамгаалах 3 дугаар төрлийн харин эдгээр боксуудын хаалга нь галын аюулаас хамгаалах, хяналт тавих зориулалттай 300х300 мм-ээс багагүй нүхтэй байна.
Суудлын авто тээврийн хэрэгслийн газар дээрх задгай авто зогсоол
5.41 Гал тэсвэршилтийн зэргээс хамааруулан гал тусгаарлах заагийн хязгаар доторх авто зогсоолын зөвшөөрөгдөх давхрын тоо болон давхрын талбайг 5 дугаар хүснэгтээр тодорхойлно.
5 дугаар хүснэгт
Барилга (байгууламж)-ын гал тэсвэршилтийн зэрэг
|
Барилга (байгууламж)-ын бүтээцийн галын аюулын ангилал
|
Гал тусгаарлах заагийн давхрын тоо
|
Гал тусгаарлах заагийн хязгаар доторх давхрын талбай, м2
|
|
Нэг давхар барилгад
|
Олон давхар барилгад
|
|||
I, II
|
С0
|
9
|
10400
|
5200
|
|
С1
|
2
|
3500
|
2000
|
III
|
С0
|
6
|
7800
|
3600
|
|
С1
|
2
|
2000
|
1200
|
IV
|
С0
|
6
|
7300
|
2000
|
|
С1
|
2
|
2600
|
800
|
5.42 Авто зогсоолын барилгын нэг өргөтгөлийн өргөн 36 м-ээс хэтрэх ёсгүй.
5.43 Боксын хана, хамар хана нь (шатны хонгилын хананаас бусад) салхилуулахад саад болохуйц битүү байхыг хориглоно. Иргэдийн эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг тусгаарлах шаардлагатай тохиолдолд шатдаггүй материалаар торон хаалт хийхийг зөвшөөрнө.
5.44 Давхрын хашлага ханын өндөр 1 м-ээс ихгүй байна.
Гадна тусгаарлах бүтээцийн нүхийг бөглөхөд шатдаггүй материалаар хийсэн тор ашиглахыг зөвшөөрнө. Ингэхдээ тухайн давхарт салхи нэвт үлээх боломжтой байх ёстой.
Агаарын тунадасын үйлчлэлийг бууруулах зорилгоор ханан дахь нүхний дээр галд шатдаггүй материалаар хийсэн саравч төлөвлөнө. Ингэхдээ тухайн давхарт салхи нэвт үлээх нөхцөл хангасан байх шаардлагатай.
5.45 Гал тэсвэршилтийн IV зэргийн барилгын аврах шатны хонгил болон түүний элементэд тавих шаардлага нь гал тэсвэршилтийн lll зэргийн барилгын шатны хонгилын хананд тавих шаардлагыг хангаж байх ёстой.
5.46 Утаа зайлуулах болон агааржуулах систем төлөвлөх шаардлагагүй.
5.47 Задгай авто зогсоолд гал унтраах анхдагч хэрэгсэл хадгалахад зориулсан халаалттай тасалгаа нэгдүгээр давхарт төлөвлөх хэрэгтэй.
Суудлын авто тээврийн хэрэгслийн механикжсан зогсоол
5.48 Автозогсоолын хадгалах үүр, тасалгааны талбай бүтэц, авто зогсоолын параметр зэргийг тухайн авто тээврийн хэрэгсэл байршуулах системийн техникийн онцлогтой тохируулан төлөвлөнө.
Механикжуулсан төхөөрөмжийн удирдлага, түүний ажиллагаанд хяналт тавих мөн зогсоолын галын аюулгүй байдал хангах зэрэг үйлдлийг зорчигчдийн давхарт байрлах диспетчерийн өрөөнөөс гүйцэтгэнэ.
5.49 Механикжуулсан авто зогсоолыг хийцийн галын аюулын СО ангилалтай газар дээрх барилга (байгууламж)-д төлөвлөж болно.
Авто зогсоолын барилгыг шатамхай дулаалга ашиглаагүй, шатдаггүй материалаар хийсэн хашлага бүтээц болон тусгай хамгаалалтгүй төмөр каркасаар төлөвлөж болно.
Механикжуулсан авто зогсоолыг зөвхөн гал тэсвэршилтийн хязгаар нь REI 150-иас багагүй байх өөр зориулалтай барилгын битүү хананд залгаж барихыг зөвшөөрнө.
5.50 Механикжуулсан авто зогсоолын нэг блок нь 50-иас дээшгүй тооны авто тээврийн хэрэгслийн багтаамжтай байх ба барилгын өндөр нь (БНбД 21-01-02-ын дагуу)-28 м-ээс хэтрэх ёсгүй.
Авто зогсоолыг хэд хэдэн блокоос бүрдүүлэхэд тэдгээрийг хооронд нь 1 дүгээр төрлийн галаас хамгаалах ханаар тусгаарлана.
5.51 Механикжуулсан авто зогсоолын блок тус бүрт гал сөнөөх тээврийн хэрэгсэл орох орц байх бөгөөд гал сөнөөх хэсэг бүх давхарт тухайн блокын хоёр талаас шиллэсэн буюу онгорхой нүхээр дамжин чөлөөтэй нэвтрэн орох боломжоор хангагдсан байна.
5.52 Механикжуулсан авто зогсоолын блокод давхрын хэсэг тус бүрээр механикжуулсан төхөөрөмжийн техник үйлчилгээнд зориулсан шатдаггүй материалаар хийсэн задгай шаттай байхыг зөвшөөрнө.
Зургаа. Инженерийн хангамж
Үндсэн шаардлага
6.1 Авто зогсоолын инженерийн хангамж ба тэдгээрийн инженерийн тоног төхөөрөмжийг тусгайлан заагаагүй бол БНбД 40-05-98, БНбД 40-02-06, БНбД 41-01-02-ын шаардлагын дагуу төлөвлөнө.
Авто зогсоолд гал түймэр унтраах усны зарцуулалт ба агааржуулах системд тавих шаардлагыг дээр заасан баримт бичгүүдийн галын аюулын В ангиллын агуулахын барилгад хамруулж тооцно.
6.2 Авто зогсоолын олон давхар барилгын хучилтыг нэвтлэн гарах усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн инженерийн шугам сүлжээг металл хоолойгоор хийнэ.
Хучилтыг нэвтлэн гарах кабелийн сүлжээг төмөр хоолойд сүвлэх эсвэл гал тэсвэршилтийн хязгаар нь EI 45-аас багагүй сүлжээний ховилд (ниш)-нд хийнэ.
Газар доорх авто зогсоолд шаталт тархахгүй хальсан бүрхэвчтэй цахилгаан кабель ашиглавал зохино.
6.3 Өөр зориулалтын барилга дотор эсвэл өөр барилгатай залгаж байрласан авто зогсоолын инженерийн хангамж нь эдгээр барилгын инженерийн хангамжаас ангид бие даасан байвал зохино.
Барилга дотор буюу залгаж байрласан авто зогсоолын өрөө тасалгаагаар дамжин өнгөрөх барилгын шугам сүлжээг (металл хоолойгоор хийсэн усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжаас бусад тохиолдолд) гал тэсвэршилтийн хязгаар нь EI 45-аас багагүй барилгын бүтээцээр тусгаарлана.
Усан хангамж
6.4 Халаалттай битүү авто зогсоолын доторх гал унтраах ус шүршигчийн тоо болон нэг шүршигчийн хамгийн бага ус зарцуулалтыг дараахь байдлаар тооцно. Үүнд: гал тусгаарлах заагийн эзлэхүүн 0,5-аас 5 мян. м3 хүртэл тус бүр 2,5 л/сек-ээр гарах 2 шүршигч , 5 мян. м3 дээш тус бүр 5 л/сек гаргах 2 шүршигч.
Бокс тус бүрээс шууд гадагш гарах гарцтай бокс төрлийн нэг ба хоёр давхар авто зогсоолд дотор гал унтраах усан хангамж төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө.
6.5 Халаалтгүй авто зогсоол болон задгай авто зогсоолд түүний дотор механикжуулсан зогсоол түүнчлэн барилгын дээвэр дээр байрлуулсан авто зогсоолын доторх гал унтраах усан хангамжийг гал сөнөөх хөдөлгөөнт техник холбогдоход зориулсан холбогч хаалтаар тоноглосон 89 (77) мм-ийн голчтой ил гаргасан патрубка бүхий хоолойгоор дамжуулахаар төлөвлөнө.
6.6 Газар доорх хоёр ба түүнээс дээш олон давхар авто зогсоолд галын аюулаас хамгаалах усан хангамж өөр бусад дотоод усан хангамжаас ангид байх ёстой.
6.7 Газар доорх хоёр ба түүнээс олон давхар авто зогсоолын доторх галаас хамгаалах усан хангамж болон гал унтраах автомат төхөөрөмж нь гал сөнөөх хөдөлгөөнт техник холбогдоход зориулсан холбогч хаалт болон үл буцах хавхлагаар тоноглогдсон толгойтой, ил патрубкатай байна.
6.8 Газар дээрх битүү болон задгай авто зогсоолыг барилгын гадна талд гарсан гал унтраах усны зарцуулалтыг 6 дугаар хүснэгтийн дагуу тооцно.
Бусад төрлийн авто зогсоолын гадна талын гал унтраах усны зарцуулалтыг дараахь байдлаар тооцно. Үүнд:
газар доорх хоёр ба түүнээс олон давхартай авто зогсоолд - 20 л/сек;
бокс бүрээс шууд гарах гарцтай бокс хэлбэрийн авто зогсоолд боксын тоо 50-иас 200 байвал 5 л/сек, 200-аас дээш тохиолдолд -10 л/сек
механикжуулсан авто зогсоолд - 10 л/сек;
200 ба түүнээс доош тээврийн хэрэгсэл хадгалах задгай талбайд 5 л/сек, 200-гаас дээш тохиолдолд -10 л/сек байна.
6 дугаар хүснэгт
Барилгын гал тэсвэршилтийн зэрэг
|
Барилгын бүтээцийн галын аюулын ангилал
|
Авто зогсоолын нэг удаагийн гадна талын гал унтраахад зарцуулах усны тооцоо, л/сек, барилгын эзлэхүүн (гал тусгаарлах зааг) доорх хэмжээтэй байхад, мян. м3
|
|||
5 хүртэл
|
5 - 20
|
20 - 50
|
50 дээш
|
||
I, II, III
|
С0, С1
|
10
|
15
|
20
|
30
|
IV
|
С0, С1
|
10
|
15
|
20
|
—
|
|
С2, С3
|
20
|
25
|
—
|
—
|
V
|
Нормчлохгүй
|
20
|
—
|
—
|
—
|
6.9 Галын усны шахуурга болон галаас хамгаалах усан хангамжийн шугмын хоорондох хангах сүлжээнд үл буцах хавхлага суурилуулбал зохино.
Халаалт, агаар сэлгэлт болон утааны эсрэг хамгаалалт
6.10 Халаалттай авто зогсоолын авто тээврийн хэрэгсэл байрлуулах байрны агаарын температур 5 °С байхаар тооцох ёстой.
6.11 Халаалтгүй авто зогсоолд зөвхөн 5.3 дугаар зүйлд заасан туслах өрөө тасалгааг халаалттай байхаар тооцно.
Ажилд бэлэн байх шаардлагатай (гал сөнөөх, эмнэлэгийн түргэн тусламж үзүүлэх, ослоос аврах анги гэх мэт) авто тээврийн хэрэгслийг байрлуулах халаалттай тасалгаа төлөвлөвөл зохино.
6.12 Битүү авто зогсоолын авто тээврийн хэрэгсэл байрлуулах байранд MNS 4991:2000 стандартын шаардлагад нийцэх хорт хий ялгаруулалтыг зайлуулах болон багасгах үйлчилгээтэй сорох ба цэвэр агаар өгөх агааржуулалт байхаар төлөвлөх шаардлагатай.
Газар дээрх халаалтгүй битүү авто зогсоолд цэвэр агаарын механик өдөөгчтэй урсгалыг зөвхөн гадна хашлага бүтээц дэх нүхнээс 18 м ба түүнээс хол зайд алслагдсан бүсэд хүргэхээр төлөвлөвөл зохино.
Газар доорх авто зогсоолд агааржуулалтын систем давхар бүрт тусдаа байх шаардлагатай.
6.13 Битүү авто зогсоолд СО-гийн (угаарын хий) бөөгнөрлийг хэмжих хэрэгсэл суурилуулах болон 24 цагийн жижүүртэй байранд СО-д (угаарын хий) хяналт тавих дохиоллын багаж хэрэгсэл тавих хэрэгтэй.
6.14 Галаас хамгаалах хаалтыг хөндлөн дайрч гарах агаар сорох хоолойн хэсэгт дөл саатуулах энгийн задгай хавхлаг суурилуулах ёстой.
Үйлчлэх давхар буюу байрнаас гадагш байгаа галаас хамгаалах хаалтаар тусгаарлагдсан дамжин өнгөрөх агааржуулалтын хоолойн гал тэсвэршилтийн хязгаар EI 30-аас багагүй байх ёстой.
6.15 Утаа сорох агааржуулалтын системүүдийг гал гарсан давхраас шатсан бүтээгдэхүүн зайлуулах зорилгоор төлөвлөнө:
а) авто тээврийн хэрэгсэл байрлуулах тасалгаанаас;
б) тусгаарласан рамп (пандус)-аас.
6.16 Утаа гадагшлуулах ажлыг механик сэнс өдөөгч бүхий сорох сувгаар дамжуулахаар төлөвлөнө.
Утааг цонх ба гэгээвч (фонар)-ээр дамжин өөрийн урсгалаар гадагшлахаар төлөвлөж болно. Энэ тохиолдолд 2,2 м-ээс дээш (шалнаас салхивчны доод ирмэг хүртэл) орших цонхны дээд хэсгийн салхивч болон гэгээвчүүдийг нээж хаах механикжуулсан удирдлагаар тоноглосон байна. Ингэхдээ нээгдэхээр төлөвлөсөн нээлхийнүүдийн нийт талбай тасалгааны талбайн 0.2 хувиас багагүй байхаар тооцоолно. Цонхноос хамгийн алслагдсан зай 18 м-ээс хэтрэх ёсгүй.
Өөр зориулалтын барилга дотор байрлах авто зогсоолд нээлхийгээр дамжуулан утаа гадагшлуулахаар төлөвлөхийг хориглоно.
Газар дээрх 2 хүртэлх давхар авто зогсоол мөн нэг давхар газар доорх авто зогсоолд ердийн таталттай сорох суваг байж болно.
Тусгаарлагдсан рамп (пандус)-тай авто зогсоолын сорох сувгийн давхар тус бүрт утааны хавхлага төлөвлөвөл зохино.
Гадагшлуулах утааны хэмжээ ба суваг, утааны хавхлагын тоог тооцоогоор тодорхойлно.
Газар доорх авто зогсоолын нэг утааны хонгилд давхар тус бүрт 900 м2-аас ихгүй талбайтай утааны бүс холбогдож болно.
Газар дээрх авто зогсоолын рамп (пандус)-аас утаа гадагшлуулах үйлдлийг хашлага бүтээц, хучилтан дахь нээлхийгээр гүйцэтгэж болно.
6.17 Дараахь нөхцөлд авто зогсоолын цахилгаан шатны цооног, шатны хонгилд гал түймрийн үед агаарын даралт үүсгэхээр эсвэл давхар тус бүрт гал түймрийн үед 1 дүгээр төрлийн агаарын даралт үүсгэх дамжих гонх төлөвлөнө. Үүнд:
а) газар доорх хоёр, түүнээс олон давхартай тохиолдолд;
б) шатны болон цахилгаан шатны хонгил нь авто зогсоолын газар доорх, газар дээрх хэсгийг холбож байвал;
в) шатны болон цахилгаан шатны хонгил нь авто зогсоолыг өөр зориулалтын барилгын газар дээрх давхартай холбож байвал.
6.18 Гал түймрийн үед нэгдсэн агаар сэлгэлтийг салгагдахаар төлөвлөх ёстой.
Утаанаас хамгаалах системийн ажиллах горим (дэс дараалал)-ийг тогтоохдоо урьд нь цэвэр агаар оруулдаг байсан хоолой утаа сорох систем болгон өөрчлөхөөр төлөвлөсөн байвал зохино.
6.19 Утаанаас хамгаалах системийн удирдлага нь галын дохиоллоос, алсаас, (галын аюулаас хамгаалах системын төв удирдлагаас) авто зогсоолын давхар тус бүрийн шатны хонгилд орцны дэргэд болон галын кран байрлах шүүгээн дэх товчлуураас тус бүр автоматаар ажиллаж байх шаардлагатай.
6.20 Утаанаас хамгаалах системийн элементүүд (вентилятор, суваг, агаар дамжуулагч, хавхлага, утаа сорох төхөөрөмж гэх мэт)-ийг БНбД 41-01-02-ын дагуу төлөвлөнө.
Сорох үйлдэлтэй утаанаас хамгаалах системийн галаас хамгаалах (түүний дотор утаанаас хамгаалах) хавхлагуудын хөндлөн огтлолын 1 м2 талбайд 8000 кг-1 м-1-ээс багагүй хэмжээний утаа хий нэвтрэх эсэргүүцэлтэй байх ёстой.
6.21 Утааны эсрэг агаар өгөх ба сорох агааржуулалтын системийн үндсэн параметрийг тодорхойлоход дараахь анхдагч өгөгдлийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:
-газар дээрх авто зогсоолын давтагдах доод давхруудад, газар доорх зогсоолын давтагдах дээд доод давхруудад гал түймэр гарах байдал (авто тээврийн хэрэгсэл шатах эсвэл 5,3-р зүйлд заасан өрөөнүүдийн аль нэгд гал гарах)
-давтагдах давхрын геометрийн үзүүлэлтүүд - ашиглаж буй талбай, цонх хаалганы нүхтэй эсэх, хашиц бүтээцийн талбай;
-галын хувийн ачаалал;
-аврах замын нүхний нээлхийний байдал (гал гарсан давхраас гадна талын гарц хүртэл нээлттэй);
-гадна агаарын параметрууд.
Цахилгаан хангамж
6.22 Авто зогсоолын цахилгаан хангамжийг "Цахилгаан байгууламжийн дүрэм" (БД 43-101-03)-ийн дагуу төлөвлөнө.
6.23 Авто зогсоолын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор дараахь зэрэглэлд хуваана. Үүнд:
I зэрэглэлд: галын аюулаас хамгаалахад ашигладаг цахилгаан төхөөрөмжүүд орно, Үүнд автомат гал унтраагч болон автомат дохиололын, утаанаас хамгаалах төхөөрөмж, гал сөнөөгчдийг зөөвөрлөх цахилгаан шат, галын зарлан мэдээллэх систем, түүнчлэн хийн баллоноор ажилладаг авто тээврийн хэрэгсэл байрлуулах тасалгааны агаарын орчинг хянах зориулалтын автомат систем хамаарна;
II зэрэглэлд: авто тээврийн хэрэгсэл зөөвөрлөх цахилгаан шат болон бусад механикжуулсан төхөөрөмжийн цахилгаан хангамж;
Түүнчлэн гар ажиллагаагүй хаалга нээх механизмын болон байнгын бэлэн байдалд байх авто тээврийн хэрэгслийн авто зогсоол дахь ослын гэрэлтүүлгийн цахилгаан хангамж;
III зэрэглэлд: авто зогсоолын технологийн тоног төхөөрөмжийн бусад цахилгаан хэрэглэгчид.
Гал эсэргүүцэх төхөөрөмжийн тэжээлийн цахилгааны кабель тухайн барилга (байгуламж)-ын оролтын самбарт шууд холбогдсон байх бөгөөд бусад цахилгаан хэрэглэгчдийг нэгэн зэрэг холбож болохгүй.
6.24 Авто тээврийн хэрэгсэл байрлуулах байрны гэрэлтүүлэгд тавигдах шаардлагыг БНбД 23-02-08-ын дагуу авна.
6.25 Ослын (аврах замын) гэрэлтүүлэгийн сүлжээнд доорх заалтыг холбосон байна. Үүнд:
- давхар бүрийн аврах гарцанд;
- авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний замын;
- гал сөнөөх техник холбох зориулалтын холбогч хушуу байрлах газрын;
- гал унтраах дотор талын кран, гал унтраагч байрлуулсан газрын;
- гадна талын гидрант байгууламжийн нүүрэнд талд байрлуулсан цэгийн.
6.26 Хөдөлгөөний чиглэлийг заах гэрэлтүүлэгчийг эргэлтийн хэсэгт, налуу өөрчлөгдөх хэсэгт, рамп дээр, давхар бүрийн орох ба гарах хэсэгт мөн шатны хонгилд тус тус байрлуулна.
Хөдөлгөөний чиглэлийн заалтуудыг авто зам дээр болон аврах замын аль ч цэгээс тод харагдахуйц газарт шалнаас 2 м ба 0,5 м-ийн өндөрт байрлуулна.
6.27 Битүү авто зогсоолын давхар тус бүрийн орох үүдэнд I зэрэглэлийн цахилгаан хангамжийн сүлжээнд холбогдсон залгуур суурилуулах ёстой. Энэ нь гал унтраах цахилгаан тоног төхөөрөмж ашиглах боломжоор хангана.
Автомат гал унтраагч болон галын автомат дохиолол
6.28 Авто зогсоолд ашиглах гал унтраах автоматжуулсан систем ба дохиололд тавигдах шаардлагыг БНбД 21-04-05-ын дагуу авна. Автоматжуулсан төхөөрөмж нь галын аюулгүй байдлын холбогдох гэрчилгээтэй байна.
6.29 Гал унтраах автоматжуулсан системийг дараахь битүү авто зогсоолын авто тээврийн хэрэгсэл хадгалах байранд төлөвлөнө. Үүнд:
а) давхраас үл хамааран газар доорх авто зогсоолд;
б) хоёр ба түүнээс олон давхартай газар дээрх зогсоолд;
в) нэг давхар газар дээрх авто зогсоол нь: 7000 м2 ба түүнээс дээш талбайтай гал тэсвэршилтийн I, II ба III зэрэглэлтэй; 3600 м2 ба түүнээс дээш талбайтай С0 ангилалын гал тэсвэршилтийн IV зэрэглэлтэй; 2000 м2 ба түүнээс дээш талбайтай С1 ангилалын мөн 1000 м2, түүнээс дээш талбайтай С2, С3[6] ангиллын барилгад түүнчлэн дээр дурьдсан барилгуудад тээврийн хэрэгслийг тусгайлсан боксуудад 5.40 дүгээр зүйлд заасан ёсоор хадгалах тохиолдолд – 5-аас дээш тооны бокстой байхад.
г) өөр зориулалтын барилга дотор байрлуулсан бол;
д) шатах тослох материал зөөвөрлөдөг авто тээврийн хэрэгсэл байрлуулах зориулалтын байранд;
е) гүүрэн доор байрласан бол;
ж) механикжуулсан авто зогсоолд. Барилгажаагүй талбайд байрлах 25 хүртэлх авто тээврийн хэрэгслийн багтаамжтай нэг давхар газар доорх авто зогсоолд гал унтраах автоматжуулсан систем төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө.
6.30 Доорх нөхцөлд галын автоматжуулсан дохиоллоор тоноглоно. Үүнд:
а) газар дээрх нэг давхар битүү авто зогсоол 6.29 дүгээр зүйлийн в:-д зааснаас бага талбайтай эсвэл 5, түүнээс цөөн бокстой тохиолдолд;
б) ариун цэврийн өрөө болон агааржуулалтын камераас бусад 5.3 дугаар зүйлд заасан өрөөнд.
24 цагийн жижүүр байрлах өрөөнд галын автоматжуулсан дохиолол тоноглохгүй байж болно.
6.31 Бокс бүрээс шууд гадагш гарах гарцтай нэг ба хоёр давхар бокс төрлийн авто зогсоолд автоматжуулсан гал унтраах болон дохиоллын систем төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө.
6.32 Хоёр, түүнээс олон давхартай битүү газар дээрх авто зогсоолд (бокс бүрээс шууд гадагш гарах гарцтай болон механикжуулсан авто зогсоолоос бусад тохиолдолд) 100 хүртэл авто тээврийн хэрэгслийн багтаамжтай бол "Барилга байгууламжид гал гарсан үед хүмүүст зарлан мэдээлэх систем"-ийн дагуу 1 дүгээр төрлийн, 100-гаас дээш авто тээврийн хэрэгслийн багтаамжтай бол 2 дугаар төрлийн зарлан мэдээллэх системээр тоноглох шаардлагатай.
Газар доорх хоёр түүнээс олон давхартай авто зогсоолууд мэдээллэх системээр тоноглогдох шаардлагатай. Үүнд:
50 хүртэл авто тээврийн хэрэгслийн багтаамжтай бол – 2 дугаар төрөл, 50-иас дээш 200 хүртэл бол – 3 дугаар төрөл, 200-гаас дээш багтаамжтай зогсоолд – 4 эсвэл 5 дугаар төрөл байна.
Долоо. Ашиглалтанд тавих шаардлага
7.1 Авто зогсоолын давхар тус бүрийн гарцуудыг сайн харагдах, тод өнгийн заалтаар тэмдэглэнэ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг чиглүүлэх болон чухал ач холбогдолтой цэгүүдийг (давхруудын гарц, галын кран, гал унтраагч байрлуулсан хэсэг гэх мэт) заах тэмдэглэгээг гэрэлтдэг будаг эсвэл гийгүүлэх бүрхэвчтэй хийвэл зохино.
7.2 Авто тээврийн хэрэгсэл байрлуулах байр болон рамп (пандус)-уудад тамхи татахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ тавина.
7.3 Авто зогсоол нь галын аюулгүйн дүрмэнд нийцсэн гал түймэр унтраах анхан шатны хэрэгслээр тоноглогдсон байх ёстой.
7.4 Бүтээцийн ил гадаргуу дээр хийгдсэн галаас хамгаалах тусгай бүрхүүл болон нэвчилгээ гэмтсэн (бүрэн болон хэсэгчилэн ажиллагаанаас гарах) тохиолдолд, дээрх хучлага ба нэвчилгээний техникийн баримт бичигт дурьдсан ашиглалтын хугацааны дагуу тогтмол сольж эсвэл сэлбэн засварлаж байх шаардлагатай.
7.5 Гадна талын зам (пандус) гадна шатыг цас, мөс тогтохоос хамгаалж тогтмол цэвэрлэвэл зохино.
7.6 Тээврийн хэрэгсэл байрлуулах зарим боксыг засвар үйлчилгээний өрөө болгохоор өөрчлөн тоноглох, ашиглахыг хориглоно.
7.7 Галын аюулаас хамгаалах инженерийн системын ажиллагааг (галын кран ба гидрант, гал сөнөөх шахуургын төхөөрөмж, галын дохиолол, утаанаас хамгаалах систем, галын зарлан мэдээллэх төхөөрөмж, аврах гарцууд хаах төхөөрөмж) жилд нэгээс цөөнгүй удаа шалгаж байх ёстой, үүнд улсын галын хяналтын байгууллагын төлөөллийг байлцуулан акт гаргаж баталгаажуулна.
7.8 Галын аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээг галын аюулгүйн дүрмийн шаардлагын дагуу авч байна.
Орчуулан хэрэглэсэн түлхүүр үгс:
1. надземная автостоянка - газар дээрх авто зогсоол
2. подземная автостоянка - газар доорх авто зогсоол
3. степень огнестойкости - гал тэсвэршилтийн зэрэг
4. противопожарная защита - галын аюулаас хамгаалах
5. пожарная опасность - галын аюул
6. огнестойкость - гал тэсвэршилт
7. противопожарная преграда - галаас хамгаалах хаалт
8. категория - зэрэглэл
9. класс - ангилал
10. тип - төрөл
11. степень - зэрэг
12. пожарный отсек - гал тусгаарлах зааг
13. эвакуационный путь - аврах зам
14. тамбур-шлюзы - дамжих гонх
АГУУЛГА
1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ 3
2. НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ 3
3. НЭР ТОМЪЁО, ТОДОРХОЙЛОЛТ 4
4. БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН БАЙРШИЛ 4
5. ЭЗЭЛХҮҮН ТӨЛӨВЛӨЛТ БА БҮТЭЭЦИЙН ШИЙДЭЛ 5
Үндсэн шаардлага 5
Суудлын автомашины газар доорх авто зогсоол 9
Суудлын автомашины газар дээрх битүү зогсоол 10
Суудлын автомашины газар дээрх задгай авто зогсоол 11
Суудлын автомашины механикжуулсан зогсоол 12
6. ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ 12
Ерөнхий шаардлага 12
Усан хангамж 13
Халаалт, агаар сэлгэлт болон утааны эсрэг хамгаалалт 14
Цахилгаан хангамж 15
Автомат гал унтраагч болон галын автомат дохиолол 16
7. АШИГЛАЛТАНД ТАВИХ ШААРДЛАГА 17
[1] Ф1.1, Ф1.3, Ф1.4, Ф4.1, Ф5 нь БНбД 21-01-02-ын 5.21-ийн дагуу барилга байгууламжийн галын аюулын анги
[2] С0 ба С1 нь БНбД 21-01-02-ын 5 дугаар хүснэгтийн дагуу барилгын бүтээцийн галын аюулын ангилал
[3] С0 ба С1 нь БНбД 21-01-02-ын 5 дугаар хүснэгтийн дагуу барилгын бүтээцийн галын аюулын ангилал
[4] Ф1.3, Ф1.4 нь БНбД 21-01-02-ын 5.21-ийн дагуу барилга байгууламжийн галын аюулын анги
[5] Ф1.1, Ф1.3, Ф4.1 нь БНбД 21-01-02-ын 5.21-ийн дагуу барилга байгууламжийн галын аюулын анги
[6] С0, С1, С2, С3 нь БНбД 21-01-02-ын 5 дугаар хүснэгтийн дагуу барилгын бүтээцийн галын аюулын ангилал
Текст томруулах
A
A
A