- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮНДЭСНИЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУДАЛДАХ, ИРГЭДЭД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ, ИРГЭДИЙН ХУВЬЦААГ ЗАСГИЙН ГАЗАР ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2012 оны
201 дүгээр тогтоолын хавсралт
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮНДЭСНИЙ
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУДАЛДАХ, ИРГЭДЭД ХУВЬЦАА
ЭЗЭМШҮҮЛЭХ, ИРГЭДИЙН ХУВЬЦААГ ЗАСГИЙН ГАЗАР
ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг (цаашид “хувьцаа” гэх) үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний
аж ахуйн нэгжүүдэд худалдах
2.1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хүртэлх хувийг дараахь шалгуурыг хангасан компани, нөхөрлөл, хоршоонд нэрлэсэн үнээр нь худалдана:
2.1.1. 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болон түүнээс өмнө байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн;
2.1.2. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлсөн;
2.1.3. санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргасан;
2.1.4. гадаадын хөрөнгө оруулалт нь 25 хувиас хэтрээгүй;
2.1.5. төрийн болон орон нутгийн өмчийн оролцоогүй;
2.1.6. Татварын ерөнхий хуулийн 7.3, 7.4-т заасан улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын аль нэгийг нэгээс дээш удаа төлсөн;
2.1.7. татан буугдаагүй, улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа.
2.2. Энэ журмын 2.1.1-2.1.7-д заасан шалгуурыг хангасан хувьцаа худалдан авах эрх бүхий аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газар хамтран гаргаж, улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн сан үүсгэн Татварын ерөнхий газарт хадгална.
2.3. Татварын ерөнхий газар хувьцаа худалдан авах шалгуурыг хангасан аж ахуйн нэгжийн нийт тоо өөрчлөгдсөн тухай бүрт “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК (цаашид “ҮЦТТТХТ” ХХК гэх), Сангийн яаманд хүргүүлнэ.
2.4. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын “1.2.б”-д заасны дагуу нэг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр санал болгон худалдах хувьцааны тооны дээд хэмжээг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцааны тоог энэ журмын 2.2-т заасны дагуу хувьцаа худалдан авах эрх бүхий үндэсний аж ахуйн нэгжийн тоонд хувааж гаргана.
2.5. Аж ахуйн нэгж нь хувьцаа худалдан авах төлбөрийг “ҮЦТТТХТ” ХХК дахь 3603005 дугаарын дансанд шилжүүлнэ.
2.6. “ҮЦТТТХТ” ХХК нь энэ журмын 2.5-д заасан төлбөрийг тус компанид байршиж байгаа Төрийн өмчийн хорооны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны төлбөр хүлээн авах тусгай дансанд бүртгэнэ.
2.7. Худалдан авах хувьцааны төлбөрөө 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлсөн аж ахуйн нэгжид уг хувьцааг худалдана.
2.8. Энэ журмын 2.7-д заасан хугацаа дууссаны дараа аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан нийт хувьцааны тоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувьд хүрээгүй тохиолдолд худалдагдаагүй үлдсэн хувьцааг энэ журмын 2.2-т заасан жагсаалтад орсон нийт аж ахуйн нэгжийн тоонд хуваах замаар нэг аж ахуйн нэгжийн нэмж худалдан авах хувьцааны тоог тогтоож, хувьцаа худалдах үйл ажиллагааг дахин нэг удаа Засгийн газрын шийдвэрээр сунгаж болно.
2.9. Татварын ерөнхий газар “ҮЦТТТХТ” ХХК-тай хамтран дараахь мэдээллийг олон нийтэд мэдээлнэ:
2.9.1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдан авах эрх бүхий үндэсний аж ахуйн нэгжийн нэр;
2.9.2. энэ журмын 2.5-д заасан дансны дугаар, данс эзэмшигчийн нэр, гүйлгээний зориулалт;
2.9.3. нэг аж ахуйн нэгжийн худалдан авах хувьцааны дээд хэмжээ;
2.9.4. хувьцаа худалдан авахтай холбоотой бусад мэдээлэл.
2.10. Энэ журмын 2.2-т заасан жагсаалтад орсон хувьцаа худалдан авах эрх бүхий аж ахуйн нэгж нь хувьцаа худалдан авах захиалгыг харьяалагдах татварын албанд бичгээр гаргана.
2.11. Татварын ерөнхий газар аж ахуйн нэгжийн хувьцаа худалдан авах захиалгыг нэгтгэж, энэхүү нэгдсэн захиалгыг долоо хоногийн Даваа, Пүрэв гаригт “ҮЦТТТХТ” ХХК-д хүргүүлж байна.
2.12. Захиалга өгсөн аж ахуйн нэгж худалдан авах хувьцааны төлбөрийг энэ журмын 2.5-д заасан дансанд мөн 2.7-д заасан хугацаанаас өмнө төлнө. Төлбөрийн баримтад аж ахуйн нэгжийн нэр болон улсын бүртгэлийн дугаар, гүйлгээний зориулалтыг ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны төлбөр” гэж заавал бичнэ.
2.13. “ҮЦТТТХТ” ХХК нь энэ журмын 2.5-д заасан тусгай дансны орлогын гүйлгээний мэдээллийг 7 хоногийн Даваа, Пүрэв гаригт Татварын ерөнхий газар, Сангийн яам, Төрийн өмчийн хороонд албан бичгээр болон цахим хэлбэрээр тус тус хүргүүлж байна.
2.14. Татварын ерөнхий газар нь аж ахуйн нэгжийн өгсөн энэ журмын 2.11-д заасан хувьцааны захиалга болон “ҮЦТТТХТ” ХХК-иас ирүүлсэн орлогын гүйлгээний мэдээллийг тулгаж, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох аж ахуйн нэгжид хандан уг зөрчлийг арилгуулсны үндсэн дээр “ҮЦТТТХТ” ХХК-д ажлын 2 хоногийн дотор эргэж мэдэгдэнэ.
2.15. “ҮЦТТТХТ” ХХК нь энэ журмын 2.13-т заасан дансны орлогын гүйлгээний болон 2.14-т заасны дагуу тулгаж шалгасан мэдээлэлд үндэслэн Төрийн өмчийн хорооны нэр дээрх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас худалдагдсан хувьцааг хасч, төлбөр төлсөн аж ахуйн нэгжийн нэр дээр уг хувьцааг ажлын 7 хоногийн дотор бүртгэнэ.
2.16. Хувьцаа худалдан авах шалгуур хангасан үндэсний аж ахуйн нэгж нь үйлчлүүлэх брокерын компанийг сонгон үнэт цаасны данс нээлгэсэн байвал зохино.
2.17. Хувьцаа худалдан авах, үнэт цаасны данс нээлгэх, брокерын компаниар болон бусад санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг аж ахуйн нэгж өөрөө бүрэн хариуцна.
Гурав. Иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн
хувьцаа эзэмшүүлэх
3.1. Хувьцаа эзэмших эрх бүхий иргэний нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар гаргаж “ҮЦТТТХТ” ХХК-д бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
3.2. Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд заасны дагуу хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаагүй иргэнийг хувьцаа эзэмших сонголт хийсэнд тооцно.
3.3. Иргэн Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын 1.3-т заасны дагуу хасч тооцсон хувьцааг төлбөрийг нь төлсний үндсэн дээр буцаан эзэмшиж болох бөгөөд хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд 2012 оны 8 дугаар сарын 1-ний дотор гаргаж болно.
3.4. Энэ журмын 3.3-т заасны дагуу гаргасан хүсэлтэд мөн журмын 2.5-д заасан дансанд хийсэн хувьцааны төлбөрийн баримтыг заавал хавсаргана.
3.5. Засгийн газарт хувьцаагаа худалдахаар өмнө нь хүсэлт гаргасан иргэн хувьцаа эзэмшихээр шийдсэн тохиолдолд энэ тухай хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд 2012 оны 8 дугаар сарын 1-ний дотор гаргаж болно.
3.6. Сум, хорооны нийгмийн ажилтан энэ журмын 3.3, 3.5-д заасан иргэдийн хүсэлтийг нэгтгэн, ажлын 3 хоногийн дотор аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст, аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь ажлын 3 хоногийн дотор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус хүргүүлнэ.
3.7. “ҮЦТТТХТ” ХХК нь энэ журмын 2.5-д заасан дансанд иргэдээс оруулсан орлогын гүйлгээний мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Сангийн яам, Төрийн өмчийн хороонд албан бичгээр болон цахим хэлбэрээр тус тус хүргүүлнэ.
3.8. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь энэ журмын 3.3-т заасан иргэний хүсэлтийг энэ журмын 3.7-д заасан орлогын гүйлгээний мэдээлэлтэй тулгаж хувьцаа эзэмших иргэдийн жагсаалтад зохих өөрчлөлтийг оруулна.
3.9. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын 1.3, 1.4-т заасны дагуу иргэдийн өмнө нь хүртсэн хишиг, хувийг хасч, тухайн иргэн бүрт ногдох хувьцааны тоо болон хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэний нэрсийн жагсаалт болон энэ журмын 3.8-д заасан өөрчлөлтийн хамт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамаар баталгаажуулан “ҮЦТТТХТ” ХХК-д бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
3.10. Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд заасны дагуу “ҮЦТТТХТ” ХХК нь иргэдэд эзэмшүүлвэл зохих хувьцааны тоог бүхэлчлэн гаргах бөгөөд бутархай үлдэгдэл хувьцааг нэгтгэн Төрийн өмчийн хорооны нэр дээрх үнэт цаасны дансанд бүртгэж Сангийн яам, Төрийн өмчийн хороонд мэдэгдэнэ.
3.11. “ҮЦТТТХТ” ХХК нь иргэдийн өмнө нь хүртсэн хишиг хувийн мөнгөн дүнд ногдох хувьцаа болон тухайн иргэний Засгийн газарт худалдахаар хүсэлт гаргасан хувьцааг хасах болон энэ журмын З.8-д заасны дагуу, иргэнд эзэмшүүлэх хувьцааны бүртгэлийг хөтөлнө.
3.12. “ҮЦТТТХТ” ХХК нь иргэдийн Засгийн газарт худалдах хувьцаа болон өмнө нь хүртсэн хишиг, хувьд суутгагдан тооцогдсон хувьцааг нэгтгэн Төрийн өмчийн хорооны нэр дээрх үнэт цаасны дансанд бүртгэнэ.
3.13. “ҮЦТТТХТ” ХХК нь иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааны тоо, холбогдох бусад мэдээллийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргүүлнэ.
3.14. Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэ журмын 3.13-т заасан мэдээллийг үндэслэн иргэдийн “Хүний хөгжил сан” дэвтэрт хувьцаа эзэмшсэн тухай бичилт хийж баталгаажуулна.
3.15. “ҮЦТТТХТ” ХХК нь энэ журмын 3.10, 3.12-т заасны дагуу Төрийн өмчийн хорооны нэр дээрх үнэт цаасны дансанд бүртгэгдсэн хувьцаанаас зөвхөн Засгийн газрын шийдвэрээр худалдах буюу шилжүүлнэ.
Дөрөв. Засгийн газарт худалдах иргэдийн хувьцааг
худалдан авах, төлбөрийг шилжүүлэх
4.1. Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд заасны дагуу хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэний өргөдөл болон цахим мэдээллийн санг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хадгална.
4.2. Төрийн өмчийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хувьцааг худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөр олгох санхүүгийн үйлчилгээг гэрээ байгуулсны үндсэн дээр арилжааны банкаар гүйцэтгүүлнэ. Гэрээнд талуудын хүлээх үүрэг, хариуцлага, иргэний төлөх банкны үйлчилгээний шимтгэлийн хэмжээг тодорхой тусгана.
4.3. Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн хувьцааны орлогын нийт дүн, иргэдийн хувьцааны төлбөр хүлээн авах хэлбэрийг харгалзан хувьцааны төлбөрийг иргэдэд олгох зарчим, дарааллыг тухай бүр нь хамтран шийдвэрлэнэ.
4.4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь энэ журмын 4.3-т заасан зарчим, дарааллын дагуу арилжааны банкинд шилжүүлвэл зохих мөнгөний хэмжээг ажлын 5 хоногийн дотор Төрийн өмчийн хороонд мэдэгдэнэ.
4.5. Төрийн өмчийн хороо нь энэ журмын 4.4-т заасан мэдээллийг үндэслэн Сангийн сайдын зөвшөөрөл авсны үндсэн дээр энэ журмын 2.5-д заасан данснаас арилжааны банкинд төлбөр шилжүүлэх хүсэлтийг “ҮЦТТТХТ” ХХК-д хүргүүлж, төлбөрийг хийлгэнэ.
4.6. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь энэ журмын 4.3-т заасан зарчим, дарааллын дагуу хувьцааны төлбөрт тухайн сард иргэдэд төлөх дүн, иргэний нэрсийн жагсаалтыг энэ журмын 4.4-т заасан хугацаанд холбогдох арилжааны банкинд хүргүүлнэ.
4.7. Арилжааны банк нь “ҮЦТТТХТ” ХХК-иас шилжүүлсэн мөнгийг энэ журмын 4.6-д заасан нэрсийн жагсаалтад байгаа иргэдийн хувийн дансанд ажлын 2 хоногт багтаан шилжүүлэх буюу иргэдэд олгох ажлыг зохион байгуулна.
4.8. Засгийн газарт хувьцаагаа худалдсаны төлбөрийг арилжааны банкин дахь орон сууцны болон бусад зээлийн төлбөрт шилжүүлэх хүсэлттэй иргэн орон сууцны төлбөр, зээл төлүүлэх тухай хүсэлтээ мөнгө олгож байгаа харьяалах арилжааны банкинд гаргана.
------оОо------
Текст томруулах
A
A
A