A

A

A

Бүлэг: 1979

 

Засгийн газрын 2012 оны 203 дугаар

                                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

“ХАТАН ТУУЛ” ХӨТӨЛБӨР

 

 

Нэг. Хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлага, өнөөгийн байдал

 

      Туул голын сав газар нь Монгол Улсын нийт газар нутгийн гурван хувийг эзэлдэг ч 2012 оны байдлаар нийт хүн амын талаас илүү хувь буюу ойролцоогоор 1.6 сая иргэн тус сав газарт амьдарч байна. Үүнээс гадна 20 мянга гаруй үйлдвэр аж ахуйн газар, 400 га бүхий усалгаатай газар тариалан, 330 мянган толгой мал сүрэг, Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэр болох 3 том дулааны цахилгаан станц Туул голын экосистемд хүчтэй нөлөөлөл үзүүлж байна.

 

      Хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн Улаанбаатар хотын ус хангамжид жилд шаардлагатай 77 сая шоо метр усыг зөвхөн Туул голын сав дахь газрын доорхи усны нөөцөөс хангасаар байгаа юм.

 

      Үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилгажилт, уул уурхайн үйл ажиллагааны улмаас Туул голын эх болон эргийн ургамлан нөмрөг, ойн санд ихээхэн хохирол учирч, элэгдэл, эвдрэлд орсоор байна.

 

      Үүнээс гадна Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаа байнгын доголдолтой, ачааллаа даахгүй нөхцөл байдал үүссэн, хотыг тойрон байрлах гэр хорооллын нүхэн жорлон, агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй орчны бохирдлын угаагдал зэрэг нь Туул голын бохирдлын үндсэн шалтгаан болж байна.

 

      Улаанбаатар хот дахь 150 мянга орчим автотээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааны хийн найрлаганд этилт хар тугалга, нүүрсустөрөгч, азотын ислүүд, нүүрстөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис, мөн гэр хорооллын талхлагдаж, элэгдэлд орсон хөрс, ил задгай асгасан бохир ус, хог хаягдал, шороон зам, баригдаж байгаа болон засварт орсон барилга, элс хайрганы карьер, блок-тоосгоны үйлдвэр, айл өрхийн үнс, хөө тортог зэргээс үүсдэг тоос, тоосонцор, машин техникээс асгарсан тос нь үерийн болон борооны усаар угаагдан Туул голд шууд орж байна.

      Хотын төлөвлөлтөд тусгагдаагүй газар олголт, хууль бус газар ашиглалтаас үүдэн Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон тэжээгдлийн мужийн дэглэм ихээхэн зөрчигдөж байна.

 

      Туул голын усны нөөцийн хомсдол, бохирдол жилээс жилд ихэсч экологийн доройтолд орж буй нь нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

 

 

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

 

      2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтлана:

                  

            2.1.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөлт, удирдлага нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, “Ус” үндэсний хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахад чиглэсэн бусад хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нягт уялдаатай харилцан зохицсон байх;

 

            2.1.2. хөтөлбөрийн зорилго, стратегийн зорилт болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо хамтын ажиллагаа, түншлэлд тулгуурлах;

 

            2.1.3. бохирдуулагч нь төлөх, ашиглагч нь хамгаалах зарчмыг мөрдлөг болгох;

 

            2.1.4. хөтөлбөрийн үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод, нээлттэй байж, Туул голын сав газарт оршин байгаа болон нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн байхын зэрэгцээ хүн амын эрэлт хэрэгцээ, оролцоо, шаардлагыг хангасан байх.

 

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

      3.1. Хөтөлбөрийн зорилго нь Туул голын усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах чиглэлээр дунд хугацаанд боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ус хангамжийг хэвийн байлгах, нөөцийн зохистой ашиглалт бий болгох, бохирдлыг хүлцэх хэмжээнд нь хүртэл цэвэршүүлэх замаар Туул голын сав газарт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган баталгаажуулахад оршино.

 

      3.2. Энэхүү хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:

 

            3.2.1. Туул голын хөвөөнд орших нийслэл-Улаанбаатар хот болон бусад суурин газрууд, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг ус хангамжийн эх үүсвэрээр найдвартай хангах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс газар доорхи болон гадаргын усны судалгааг эрчимжүүлж, усны нөөц, түүний дотор ашиглалтын нөөцийг баталгаажуулах;

 

            3.2.2. Туул голын сав газрын усны нөөцийг хамгаалан түүний бүрэлдэн тогтох, цэвэр ариун чанараа хадгалах, байгалийн аясаар сэргэх бүхий л боломжийг хангах, усан сангууд байгуулах замаар гадаргын урсацыг нэмэгдүүлэх, урсацын тохируулга хийх боломжийг бүрдүүлэх;

 

            3.2.3. Туул голын усны нөөц, чанарт байнгын, тасралтгүй хяналт-шинжилгээ хийх шинэ дэвшилтэт технологид суурилсан сүлжээ байгуулан мэдээлэл, удирдлагын шуурхай байдлыг хангах;

 

            3.2.4. үйлдвэр, аж ахуйн нэгжээс Туул голын усны нөөц, чанарт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг үндсэнд нь арилгах, голын усны цэвэршилтийг хангах, бохирдлыг бууруулах арга хэмжээ авах;

 

            3.2.5. Улаанбаатар хотын бүх цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, бохир усны цэвэрлэгээний түвшинг стандартын шаардлагад хүргэх;

 

            3.2.6. Туул голын сав дагуу гадаргын усны хуримтлал үүсгэх замаар үйлдвэр, цахилгаан станц, ногоон байгууламж, газар тариалангийн усны хэрэгцээг гадаргын ус болон стандартын түвшинд хүртэл цэвэрлэсэн хаягдал усаар хангах арга хэмжээ авах;

 

            3.2.7. Туул голын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг бүрэн зогсоож, эвдэрсэн газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж дуусгах;

 

            3.2.8. Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын эхийг ойжуулах, голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг хэрэгжүүлэх замаар усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх.

 

 

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

      4.1. Хөтөлбөрийн 3.2.1-д заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

            4.1.1. Улаанбаатар хотын төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжид ашиглаж байгаа Туул голын аллювийн хурдасны газрын доорхи усны нийт ордын хэмжээнд ашиглалтын хайгуул явуулж, ашиглаж болох боломжит нөөцийг дахин үнэлж баталгаажуулах, эх үүсвэрүүдийн нөхөн сэргэлтийн болон өөр хоорондын харилцан нөлөөллийг үнэлж, ашиглалтын зохистой горимыг эх үүсвэр бүрт тогтоож мөрдүүлэх;

 

            4.1.2. сав газрын хэмжээнд Улаанбаатар хотын доод эх үүсвэр зэрэг газрын доорхи усны илрэл бүхий талбайд гидрогеологийн урьдчилсан болон нарийвчилсан хайгуул, судалгаа хийж нөөцийг баталгаажуулах;

 

            4.1.3. ”Туул усан цогцолбор” төслийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, гарсан үр дүнг үндэслэн цогцолборыг барих ажлыг эхлүүлэх;

 

            4.1.4. Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сав газар дахь ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагын усны хэрэглээг тооцоолж гарган, нэгдсэн зохицуулалтаар хангах.

 

      4.2. Хөтөлбөрийн 3.2.2-т заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

            4.2.1. Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, Туул гол болон Тэрэлж, Сэлбэ, Дунд гол, Улиастай, Баянгол зэрэг түүний цутгал голуудын онцгой, энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, бүсийн дэглэмийг мөрдүүлэх;

 

            4.2.2. Туул голын үерийн хамгаалалтын далан болон Дунд голын голдрил дотор суурьшил бий болгож, орон сууцны барилга нэмж барихыг таслан зогсоох, хууль тогтоомж зөрчиж олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох;

 

            4.2.3. Туул голын үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлах, өргөтгөх ажлын зураг төсөл боловсруулж хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ хийж үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

 

      4.3. Хөтөлбөрийн 3.2.3-т заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

            4.3.1. Улаанбаатар хотын ус хангамжийн бүх эх үүсвэрүүд, мөн томоохон ус ашиглагч (дулааны цахилгаан станцууд гэх мэт)-ийн  усны чанар, хэрэглээг хянах улсын болон дотоод хяналт-шинжилгээний цооногууд байгуулж, автоматжуулах замаар усны горим, чанарын хяналт-шинжилгээг тасралтгүй явуулах техник, технологийн чадавхийг бүрдүүлэх;

 

            4.3.2. бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд хяналт тавих, хяналтын лабораториудын чадавхийг бэхжүүлэх;

 

            4.3.3. Туул гол болон бусад цутгал голуудад ажиллаж байгаа ажиглалтын харуулын тоог нэмэгдүүлэх, ажиглалтын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх;

 

            4.3.4. бохир усны цэвэрлэгээний түвшин, голын усны чанарын төлөв байдлын талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох;

 

            4.3.5. Туул голын эхэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний  дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, нийт сав газрын хэмжээнд  усны чанарын төлөв байдалд үнэлгээ өгөх.

 

      4.4. Хөтөлбөрийн 3.2.4-т заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

            4.4.1. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад технологийн шинэчлэл хийсний дараа Төв цэвэрлэх байгууламжаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх Туул голын голдрилын ёроолын хурдасын бохирдлыг цэвэрлэж, хоёрдогч бохирдлын эх үүсвэрийг бүрэн саармагжуулах;

 

            4.4.2. нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар дамжуулан зохих стандартад нийцтэл цэвэрлэсний дараа төвлөрсөн ариутгах татуургын системд нийлүүлдэг тогтолцоонд шилжүүлэх;

 

            4.4.3. гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулж, одоогийн хэрэглэгдэж байгаа нүхэн жорлонг шинэчлэн, гэр, орон сууцны нөхцөлд тохирсон бохирдолгүй ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэх, хэсэгчилсэн байдлаар шийдэх замаар гэр хорооллоос Туул голд үзүүлж байгаа бохирдлын хэмжээг тодорхой түвшинд хүртэл бууруулах;

 

            4.4.4. арьс, шир боловсруулах үйлдвэрийг хаягдал усаа өөрөө цэвэрлэн эргүүлж ашигладаг технологид шилжүүлсэн нөхцөлд нийслэлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх шаардлага тавьж, эдгээр чиглэлийн үйлдвэрийн бохир усыг байгальд шууд хаях, голд нийлүүлэх явдлыг бүрэн зогсоох;

 

            4.4.5. Дулааны цахилгаан станцуудын үнсэн сангийн усыг эргүүлэн ашиглах төсөл хэрэгжүүлэх.

 

      4.5. Хөтөлбөрийн 3.2.5-д заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

            4.5.1. Улаанбаатар хотын болон Туул голын сав газар дахь бусад цэвэрлэх байгууламжид техникийн аудит хийх, үе шаттайгаар технологийн шинэчлэл хийх;

 

            4.5.2. Төв цэвэрлэх байгууламжид дэвшилтэт технологи нэвтрүүлж стандартын шаардлага хангуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж, хэрэгжүүлэх;

 

            4.5.3. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, үйлдвэрлэл хөгжүүлэхээр төлөвлөсөн дүүргүүдэд байгуулах цэвэрлэх байгууламжийн     техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах;   

 

            4.5.4. төвлөрсөн шугам сүлжээнд цэвэрлэсэн бохир усыг нийлүүлдэггүй бага болон дунд оврын ус цэвэрлэх байгууламжийн ус цэвэрлэгээний чанар, түвшин, түүнд тавих хяналтыг төр болон өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн байгууллагуудын хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлэх.

 

      4.6. Хөтөлбөрийн 3.2.6-д заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

            4.6.1. хаягдал усыг орчин үеийн дэвшилтэт технологиор цэвэрлэж, олон зориулалтаар дахин ашиглах зорилгоор Туул-Сонгино зэрэг төслүүдийн урьдчилсан судалгаа хийж, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах;

 

            4.6.2. Улаанбаатар хотын орчимд шар усны үер, цас, борооны усыг хуримтлуулах усан сан, далан байгуулах боломжтой газрын нарийвчилсан судалгаа хийж, зураг төслийг гарган, зарим төслийг хэрэгжүүлж эхлэх.

 

      4.7. Хөтөлбөрийн 3.2.7-д заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

            4.7.1. Туул голын сав газар дахь хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан газарт байрлах ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах;

 

            4.7.2. эрх нь цуцлагдсан болон нөөц нь дууссан элс, хайрганы ордын эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж, аж ахуй, аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр тохижуулж ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

 

            4.7.3. Туул голын дагууд эвдрэлд орсон газруудын иж бүрэн судалгаа гаргаж, нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх.

 

      4.8. Хөтөлбөрийн 3.2.8-д заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

            4.8.1. Туул голын эх орчимд түймэрт нэрвэгдсэн, ойн хортон шавьжид идэгдсэн болон хүний ашиглалтын үйл ажиллагаанд өртсөн ойн санг бүрэн нөхөн сэргээж, ойн хортон шавьжтай тэмцэх, түймрээс сэргийлэх ажлыг зохион байгуулах;

 

            4.8.2. Сэлбэ, Улиастай, Тэрэлжийн голын эхэд ойжуулалт хийх шаардлагатай газрын судалгаа гаргаж, ойжуулан хашиж хамгаалах;

 

            4.8.3. Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын эхийн бэлчирийн даацыг тогтоож мөрдүүлэх.

 

 

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүн

           

      5.1. Хөтөлбөрийг 2012-2016, 2017-2020 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

      5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

            5.2.1. Туул голын эхэн хэсэгт цэвэр ус хуримтлуулах боомт байгуулах техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, барих замаар Улаанбаатар хотын усны хэрэглээний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах арга хэмжээ авна;

 

            5.2.2. Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгож, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулснаар голын усны чанарт үзүүлэх сөрөг нөлөөллийг үндсэнд нь арилгана;

 

            5.2.3. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин эрс дээшилсэн байна;

 

            5.2.4. арьс, шир боловсруулах үйлдвэрүүд хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн ашигладаг технологид шилжсэн байна;

 

            5.2.5. хүнсний чиглэлийн болон бусад боловсруулах үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болж цэвэршүүлсэн ус нь зохих стандартын шаардлага хангасан байна;

 

            5.2.6. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг хуримтлуулдаг усан сан байгуулах, шар усны үер, хур борооны усыг цуглуулж гадаргын усны хуримтлал үүсгэх, голын усны урсацад тохируулга хийж усны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх замаар газар тариалан, ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн хэрэглээнд газар доорхи болон цэвэр ус ашиглах явдлыг зогсоох технологийн шийдэл гаргаж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ; 

 

            5.2.7. нийслэлийн гэр хорооллын ус хангамж, ариун цэврийн нөхцөлийг сайжруулснаар гэр хорооллоос Туул голд үзүүлэх бохирдлын хэмжээг тодорхой хувиар бууруулна;

 

            5.2.8. Туул голын савд ашигт малтмалын олборлолтод өртсөн газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байна;

 

            5.2.9. Туул голын урсац бүрэлдэх эх болон түүний цутгал голуудын эхийг ойжуулснаар усны нөөц нэмэгдэнэ.

 

 

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжүүлэх арга хэрэгсэл

 

      6.1. Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 

            6.1.1. төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Концессын гэрээний дагуу гаргах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

 

            6.1.2. улсын болон орон нутгийн төсөв;

 

            6.1.3. олон улсын байгууллагын хандив, тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

 

            6.1.4. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

 

            6.1.5. бусад эх үүсвэр. 

 

 

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, гүйцэтгэлийн хяналт

           

      7.1.  Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж зохицуулна.

           

      7.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон түүний хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, салбарын сайд нар жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган, улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлнэ.

           

      7.3. Орон нутгийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн байгууллага, оролцогч талуудтай хамтран гүйцэтгэж, үр дүнг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

 

      7.4. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр нэгтгэн гаргаж Засгийн газарт тайлагнаж байна.

 

 

---оОо---