- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2012 оны 204 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Академич Б.Ринчен Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагнал олгоход энэхүү журмыг баримтална.
2. Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтэнд их эрдэмтдийн нэрэмжит дараахь шагналыг олгоно:
2.1. Монгол судлалын салбарт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан, монгол туургатны соёлын өв уламжлалыг сэргээн баяжуулах үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, дэлхийн соёл, шинжлэх ухаан, урлаг, уран зохиолын сонгодог бүтээлийг монгол хэл рүү орчуулсан, монголын утга зохиол, соёлын үнэт дурсгал, эх бичгийг дэлхий нийтийн хүртээл болгоход онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаадын 5 хүртэл иргэнд 5 жилд нэг удаа Академич Б.Ринченгийн нэрэмжит;
2.2. Монгол хэл, монголын утга зохиол болон дорно дахины, түүний дотор төвд судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвиж, дорвитой хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаадын 3 хүртэл иргэнд 3 жилд нэг удаа Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит;
2.3. Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил, эрдэм шинжилгээний байгууллагын менежментийг боловсронгуй болгох, шинэ салбар судлалыг хөгжүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсэн тус салбарын зүтгэлтэн 2 хүртэл иргэнд 3 жилд нэг удаа Академич Б.Ширэндэвийн нэрэмжит.
3. Энэ журмын 2.3-т заасан салбарын зүтгэлтэн гэдэгт Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”, “Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах удирдах албан хаагч хамаарна.
4. Их эрдэмтдийн нэрэмжит шагнал олгох хороодыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулж, ахлах бөгөөд хороо тус бүр 11-ээс доошгүй гишүүнтэй байна.
5. Нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлийн холбоод, хамт олон нэр дэвшүүлнэ.
6. Шагналд нэр дэвшигчийн туурвисан шилдэг бүтээл нь хэвлэгдэж олны хүртээл болсон байна.
7. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь шагналд нэр дэвшигчийн материал хүлээн авах хугацааг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 1 жилийн өмнө нийтэд зарлана. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь материалыг хүлээн авч, холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүсийн саналыг тусган хорооны хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ.
8. Шагнал олгох хорооны хурал нь нийт гишүүдийн 75 хувь ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд шагнал олгох асуудлыг хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
9. Нэрэмжит шагнал хүртэгчид тухайн их эрдэмтний дүрийг товойлгон хийсэн энгэрийн тэмдгийг, үнэмлэхийн хамт олгоно. Нэрэмжит шагналыг 5.0 (таван сая) төгрөг дагалдана.
10. Б.Ринченгийн нэрэмжит шагналыг олон улсын монголч эрдэмтдийн их хурлын үеэр, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг шинжлэх ухааны ажилтны өдөр (жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэх ням гариг) гардуулна. Хамтын бүтээлийн зохиогч бүрт энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох бөгөөд мөнгөн шагналыг хамтран туурвисан хүмүүсийн дунд олгоно.
11. Шинжлэх ухааны академи нь их эрдэмтдийн нэрэмжит шагнал хүртэгчдийн талаархи мэдээллээр сан бүрдүүлж хадгална.
------оОо------
Текст томруулах
A
A
A