A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХИЙН ГИШҮҮН-ИРГЭНД ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ /ЗГ-ын 2012-10-27-ны өдрийн 108-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

 

Засгийн газрын 2012 оны 228 дугаар

                                                                                    тогтоолын хавсралт

 

 

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ

ШААРДЛАГАТАЙ ӨРХИЙН ГИШҮҮН-ИРГЭНД ТЭТГЭМЖ

ОЛГОХ ЖУРАМ

/ЗГ-ын 2012-10-27-ны өдрийн 108-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

      1.1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн (цаашид “өрхийн гишүүн” гэх)-д тэтгэмж тогтоох, олгох, түүнийг зогсоохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

      1.2. Дараахь нөхцөлийг хангасан өрхийн гишүүн тэтгэмжид хамрагдана:

 

            1.2.1. Үндэсний статистикийн хороо болон нийгмийн халамжийн  асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хамтран баталсан аргачлалын дагуу амьжиргааны түвшингээ үнэлүүлж, мэдээлэл нь өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон;

 

            1.2.2. өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээ нь энэ журмын 1.7-д заасан эрх бүхий этгээдийн тэтгэмж олгохоор тогтоосон босго онооноос доогуур байгаа.

 

      1.3. Тэтгэмжийг өрхийн гишүүн тус бүрт олгох бөгөөд өрхийн насанд хүрсэн гишүүн болон хүүхдэд ялгаатай тооцож олгоно.

 

      1.4. Өрхийн хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх боломжтой, хөдөлмөрийн чадвартай гишүүнд тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдах болзолтойгоор олгоно.

 

      1.5. Өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээ хийх аргачлалыг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран батална. Энэхүү аргачлалын дагуу тэтгэмжид хамрагдаж байгаа бүх өрхийн амьжиргааны түвшинг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 3 жил тутамд  үнэлж, мэдээллийг нь Өрхийн мэдээллийн нэгдсэн санд шинэчлэн оруулна.

 

      1.6. Тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан өрхийн амьжиргааны түвшинг энэ журмын 1.5-д заасан аргачлалын дагуу үнэлж, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд оруулна.

 

      1.7. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.2-т заасан тэтгэмжид хамруулах өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээний босго оноог нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2.1, 21.1.1, 22.1.1-д заасан үйлчилгээнд хамруулах өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээний босго оноог нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно.

 

 

Хоёр. Тэтгэмжид хамрагдах өрхийг тодорхойлох,

            хүсэлтийг хянан шийдвэрлэх

 

      2.1. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас амьжиргааны түвшингийн үнэлгээ нь энэ журмын 1.2.2-т зааснаас доогуур байгаа өрхийн жагсаалтыг аймаг, дүүрэг, сум, хороогоор гаргаж цаасан болон цахим хэлбэрээр аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

 

      2.2. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 2.1-д заасан жагсаалтыг тухайн шатны Засаг даргад танилцуулж, уг жагсаалтад  орсон өрхөөс тухайн сум, хороонд харьяалагдах өрхийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.

 

      2.3. Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэхүү журмын 2.2-т заасан  жагсаалтыг хүлээн  аваад тухайн шатны Засаг дарга болон Амьжиргааг дэмжих зөвлөлд танилцуулж, олон нийтэд ил тод мэдээлнэ.

 

      2.4. Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэ журмын 2.2-т заасан жагсаалтад орсон өрх бүрт тэтгэмжид хамрагдах болсон тухай мэдэгдлийг өрхийн жагсаалтыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор өөрийн биеэр очиж өгнө. Мэдэгдлийг хүргэж өгөхдөө тухайн өрхийн амьжиргааны байдлыг ажиглаж, өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээ бодитой эсэхэд тандалт хийнэ. Хэрэв эргэлзээтэй гэж үзвэл дахин нягтлан шалгах,  өрхийн бүртгэлд оруулж холбогдох тайлбар, саналын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлж мэдэгдэл өгөхийг хойшлуулна.

 

      2.5. Мэдэгдэл авсан өрхийг төлөөлөн өрхийн тэргүүн эсхүл  16 насанд хүрсэн аль нэг гишүүн сум, хорооны нийгмийн ажилтанд хандаж, өргөдлийн маягт бөглөн дараахь баримт бичгийг бүрдүүлж өгнө:

 

            2.5.1. өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хэрэв 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;

 

            2.5.2. өрхийн гишүүдийн хаяг, ам бүлийн талаархи сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

 

            2.5.3. өрхийн гишүүдийг төлөөлөн тэтгэмж авах иргэний  Зх4 хэмжээний    2 хувь зураг.

 

      2.6. Өргөдөлд өрхийн гишүүдийг төлөөлөн тэтгэмж авах насанд хүрсэн нэг гишүүнийг  тодорхойлсон байна.  Өргөдлийн маягтын загварыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

      2.7. Сум, хорооны нийгмийн ажилтан нь хүсэлт гаргасан өрхийн өргөдлийг хүлээн авч цахим хэлбэрт оруулан, бүрдүүлсэн баримт бичгийн хамт ажлын 5 хоногт багтаан  аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

 

      2.8. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 2.7-д заасан өрхийн өргөдлийн  мэдээллийг Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэлтэй тулгаж нягтлана. Хэрэв өрхийн өргөдлийн мэдээлэл нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй  нийцэж байвал өрхөд тэтгэмжийн дэвтэр, хувийн хэрэг нээж, сум, хорооны нийгмийн ажилтанд уг тэтгэмжийн дэвтрийг хүргүүлнэ.

 

      Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулсан банкинд тэтгэмж авах иргэний нэрсийн жагсаалтыг хүргүүлнэ.

 

      2.9. Энэ журмын 2.5-д заасан өргөдлийн мэдээлэл нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй нийцэхгүй байвал аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь тухайн өрхийг дахин нягтлан шалгах өрхийн бүртгэлд оруулж энэ тухай нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэнэ.

 

      2.10. Сум, хорооны нийгмийн ажилтан нь тухайн өрхөд тэтгэмж олгох эсэхийг  өргөдөл гаргаснаас хойш 30 хоногийн дотор мэдэгдэж тэтгэмжид хамрагдах өрхөд тэтгэмжийн дэвтрийг олгож, үйлчлүүлэх банкны салбарыг зааж өгнө.

 

 

Гурав. Тэтгэмж олгох

           

      3.1. Тэтгэмжийг өрхийн гишүүний өргөдөл гаргасан өдрөөс эхлэн тооцож, сар бүр олгоно.

 

      3.2. Энэ журмын 1.4-т заасан иргэн дараахь болзлыг хангасан тохиолдолд тэтгэмж авна:

 

            3.2.1. ажил  хайж аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн;

 

            3.2.2. хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржээс санал болгосон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаанд хамрагдахаас татгалзаагүй.

 

      3.3. Энэ журмын 3.2-т заасан болзлыг иргэн хангаж байгаа эсэхэд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан хяналт тавьж, сар бүрийн 20-ны дотор тухайн орон нутгийн нийгмийн ажилтанд мэдээлнэ.

 

      3.4. Энэ журмын 3.2 дахь заалт нь дараахь иргэнд хамаарахгүй: 

 

            3.4.1. жирэмсэн болон амаржсан эх; 

 

            3.4.2. хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бол 6 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эх (эцэг);

 

            3.4.3. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагатай хүнийг асарч байгаа;

 

            3.4.4. суралцаж байгаа.

 

      3.5. Энэ журмын 3.4.1-3.4.3-т заасан иргэнийг харьяалах сум, хорооны нийгмийн ажилтан, 3.4.4-т заасан иргэнийг суралцаж байгаа сургалтын байгууллага нь тодорхойлно.

 

      3.6. Тэтгэмж авч байгаа өрх нь өрхийн гишүүн нас барсан,  шилжсэн,  хүүхэд  төрүүлсэн, үрчлэн авсан болон үрчүүлсэн зэрэг ам бүлийн тоонд орсон өөрчлөлтийг 14 хоногийн дотор сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан нь уг өөрчлөлтийн талаархи мэдээллийг авангуут аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.  

 

      3.7. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 3.6-д заасан мэдээллийг үндэслэн Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь тухайн өрхийн мэдээллийг шинэчилж, өрхийн тэтгэмжийн хэмжээнд өөрчлөлт оруулна.

 

      3.8.  Өрхийн гишүүн нас барсан, хүүхэд төрүүлсэн, үрчлэн авсан, үрчлүүлсэн тохиолдолд тухайн гишүүнд ногдох тэтгэмжийг нэмэх буюу хасах замаар өрхийн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоож бусад тохиолдолд тухайн өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлнэ. Өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх хүртэлх хугацаанд тэтгэмжийг түдгэлзүүлнэ. Дахин үнэлгээгээр өрхийн амьжиргааны түвшин нь энэ журмын 1.2.2-т заасан босго онооноос доогуур байгаа тохиолдолд өрхийн тэтгэмжийг түдгэлзүүлсэн хугацаанаас нь тооцож нөхөн олгоно.

 

      3.9. Өрхийн гишүүдийг төлөөлөн тэтгэмж авах иргэн тэтгэмжийг банкнаас өөрийн биеэр очиж авна. Тэтгэмжийг өөрийн биеэр авч чадахгүй нөхцөлд итгэмжлэгдсэн хүнээр авахуулж болно. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн    41 дүгээр зүйлд заасны дагуу нотариатч олгоно. Хэрэв суманд нотариатч ажиллаагүй бол сумын Засаг даргын Тамгын газрын дарга Нотариатын тухай хуулийн 10.2-т заасны дагуу итгэмжлэл олгоно.      

 

      3.10. Өрхийн гишүүдийг төлөөлөн тэтгэмж авах иргэн нас барсан, шилжсэн болон бусад шалтгаанаар авч чадахгүй болсон тохиолдолд өрхийн бусад гишүүдийн зөвшөөрснөөр 16 насанд хүрсэн өөр гишүүнд тэтгэмж авах эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. 

 

      3.11. Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэ журмын 3.10-т заасан хүсэлтийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь тэтгэмж авах өрхийн хувийн хэрэг болон Өрхийн мэдээллийн нэгдсэн санд холбогдох өөрчлөлт оруулж, энэ өөрчлөлтийн талаар гэрээ байгуулсан банк болон харьяалах сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан нь мэдэгдлийг үндэслэн өрхийн тэтгэмжийн дэвтэрт өөрчлөлт оруулж баталгаажуулна.

 

      3.12. Иргэн тэтгэмжийг өөрийн дансанд шилжүүлэх хүсэлтэй бол үйлчилгээ үзүүлж байгаа банкинд хандана. 

 

      3.13. Хүндэтгэн үзэх шалтгаанаар өрх тэтгэмжийг тухайн онд авч чадаагүй бол дараагийн жилд нөхөн олгоно.  Үүнээс бусад  шалтгаанаар 1 жилээс дээш хугацаагаар тэтгэмжийг аваагүй нөхцөлд түүнийг нөхөн олгохгүй. 

 

      3.14. Тэтгэмж авч байгаа өрх оршин суугаа  засаг, захиргааны  нэгжээсээ бүрмөсөн шилжин явж байгаа бол сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, тэтгэмжийн дэвтэрт тэмдэглэгээ хийлгэнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан нь тухайн өрхийн шилжилт хөдөлгөөний талаархи мэдээллийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

 

      3.15. Тэтгэмж авч байгаа өрх аймаг, дүүрэг дотроо шилжсэн бол аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь хаягийн өөрчлөлтийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд  оруулна. Тэтгэмж авч байгаа өрх аймаг, дүүрэг хооронд шилжсэн бол тухайн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Өрхийн мэдээллийн нэгдсэн санд энэ тухай тэмдэглэл хийж, хувийн хэргийг хуулбарлан үлдээж эх хувийг нь тухайн өрхийн гишүүнд өгнө. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Өрхийн мэдээллийн нэгдсэн санд оруулсан өөрчлөлт бүрийг 14 хоногийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

 

      3.16. Тэтгэмж авч байгаа өрх нь шилжин очсон засаг, захиргааны нэгжийн нийгмийн ажилтанд тэтгэмжийн дэвтэр, хувийн хэргийг хүлээлгэн өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан нь өрхийн хувийн хэргийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ. Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Өрхийн мэдээллийн нэгдсэн санд энэ тухай тэмдэглэл хийж сум, хорооны нийгмийн ажилтан болон гэрээ байгуулсан  банкинд мэдэгдэнэ.

 

      3.17. Сум, хорооны нийгмийн ажилтан нь мэдэгдлийг үндэслэн тэтгэмжийн дэвтэрт бичилт хийж, тэтгэмжийн дэвтрийг тухайн өрхийг төлөөлөн тэтгэмж авах иргэнд олгоно. Иргэн нь тэтгэмжийг шилжин очсон нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагатай  гэрээ байгуулсан банкнаас үргэлжлүүлэн авна.

 

      3.18. Өрхийн тэтгэмжийн дэвтэр, хувийн хэрэг, бусад маягтыг иргэдэд үнэ төлбөргүй олгоно. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд тэтгэмж олгохтой холбоотой банкны үйлчилгээний хураамжийг нийгмийн халамжийн сангаас төлнө.

 

      3.19. Тэтгэмж авч байгаа өрх тэтгэмжийн дэвтрийг хаяж үрэгдүүлсэн  бол  сум, хорооны нийгмийн ажилтан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоосон үнээр дэвтрийг дахин олгоно.

 

      3.20. Шилжиж ирсэн тэтгэмжид хамрагдаж байгаа өрхөд тэтгэмжийг өмнө нь харьяалагдаж байсан засаг захиргааны нэгжид байхдаа хамгийн сүүлд тэтгэмж авсан хугацаанаас нь тасалдалгүйгээр нөхөж  олгоно. Тэтгэмж авч байгаа өрх байнга оршин сууж байсан засаг захиргааны нэгжээс бүр мөсөн шилжсэнээс хойш 180 хоногийн дотор шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн захиргаандаа бүртгүүлээгүй бол бүртгэлгүй байсан хугацааны тэтгэмжийг нөхөн олгохгүй.

 

      3.21. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд  Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авах эрх нэгэн зэрэг үүсч байгаа бол тэтгэвэр, тэтгэмжийг давхар олгоно.

 

      3.22. Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд  тэтгэмж олгохдоо байнга оршин суугчийн үнэмлэхийг үндэслэнэ. 

 

 

Дөрөв. Тэтгэмжийг зогсоох, бууруулах

 

      4.1. Тэтгэмжийг дараахь тохиолдолд зогсооно:

 

            4.1.1. дахин үнэлгээгээр амьжиргааны түвшингийн үнэлгээ нь энэ журмын 1.2.2-т заасан босго онооноос дээш гарсан;

 

            4.1.2. өрхийн гишүүн өөрийн хүсэлтээр тэтгэмж авахаас татгалзсан;

 

            4.1.3. хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

 

            4.1.4. тэтгэмж авах эрх үүсэхгүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон.

 

      4.2. Энэ журмын 1.4-т заасан иргэн мөн журмын 3.2-т заасан болзлыг тухайн сард хангаагүй бол  аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь өрхийн дараа сарын тэтгэмжээс уг иргэнд ногдох хэсгийг хасч олгоно.

 

 

Тав. Өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг  дахин нягтлах

 

      5.1. Өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг дараахь байдлаар дахин нягтлан шалгана:

 

            5.1.1. энэ журмын 2.4-т заасны дагуу нийгмийн ажилтан  тухайн өрхийн тэтгэмжид хамрагдах мэдэгдэл өгөхийг хойшлуулсан тохиолдолд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас томилсон өрхийн судлаач-ажилтан өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох  судалгааг дахин авна;

 

            5.1.2. аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь тухайн өрхийн өргөдлийн мэдээлэл нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй нийцэхгүй байгаа тохиолдолд эх материал,  баримт бичигтэй тулган, техникийн шинжтэй  алдаа байвал залруулга хийнэ. Хэрэв өрхийн гишүүн нас барсан,  хүүхэд төрүүлсэн, үрчлэн авсан, үрчлүүлсэн бол холбогдох баримт бичгийг үндэслэн  Өрхийн мэдээллийн нэгдсэн санд өөрчлөлт оруулна;

                       

            5.1.3. Иргэн  өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа бол сум, хорооны нийгмийн ажилтанд амьжиргааны түвшингийн үнэлгээг дахин нягтлуулах хүсэлтийг маягтын дагуу гаргана. Сум, хорооны нийгмийн ажилтан нь өрхийн хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь өрхийн судлаач-ажилтнаар ахлуулсан ажлын хэсэг томилон ажиллуулна. Багийн бүрэлдэхүүнд тухайн сум, хорооны нийгмийн ажилтан, Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүн орно. Ажлын хэсэг нь өрхийн  амьжиргааны түвшний судалгааны асуулгад тухайн өрх үнэн зөв хариулсан эсэхийг нягтлана. Хэрэв тухайн өрх судалгааны асуулгад үнэн зөв  хариулсан бол өрхийг төлөөлөн ярилцлага хийсэн гишүүнээр мэдээллийг баталгаажуулж, энэ тухайг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад мэдэгдэж, өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг дахин нягтлах ажиллагааг дуусгана;

 

            5.1.4.  өрхийн судалгааны асуулгад өгсөн мэдээллийг зөрүүтэй гэж үзэж байгаа эсхүл өрхийн амьжиргааны түвшний судалгаа авснаас хойш мэдэгдэхүйц өөрчлөлт орсон бол ажлын хэсэг холбогдох байгууллагаас зохих мэдээллийг авч тулган нягталж, шаардлагатай гэж үзвэл өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох  судалгааг дахин авч, судалгааны мэдээллийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

 

      5.2. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь ажлын хэсгээс ирүүлсэн өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны мэдээллийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд оруулна.

 

      5.3.  Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь  Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээллийг үндэслэн тухайн өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээний оноог тооцон гаргаж, энэ журмын 1.2.2-т заасан босго онооноос доогуур байвал тэтгэмжид хамруулах арга хэмжээ авна.

 

      5.4. Тэтгэмж авч байгаа өрхийн амьжиргааны түвшний талаар гуравдагч этгээд  мэдээлэл өгвөл сум, хорооны нийгмийн ажилтан мэдээллийг холбогдох маягтын дагуу  гаргуулж авна. Сум, хорооны нийгмийн ажилтан нь иргэний гаргасан мэдээллийн дагуу газар дээр нь  очиж,  мэдээлэл бодитой эсэхэд тандалт хийнэ. Хэрэв мэдээллийг бодитой гэж үзвэл тухайн өрхийг дахин нягтлах өрхийн бүртгэлд оруулан, холбогдох тайлбар, саналын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.  

 

      5.5. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн ажилтны ирүүлсэн тайлбар, саналыг хянан үзэж, шаардлагатай гэж үзвэл тэтгэмжийг түдгэлзүүлэн энэ журмын 5.1.1, 5.2, 5.3-т заасны дагуу амьжиргааны түвшинг дахин үнэлж уг өрхөд тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох эсэхийг шийдвэрлэнэ.

 

 

Зургаа. Амьжиргааны түвшинг үнэлүүлэх хүсэлт гаргах

 

      6.1. Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрх амьжиргааны түвшинг үнэлүүлж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд маягтын дагуу гаргана.

 

      6.2. Сум, хорооны нийгмийн ажилтан нь  өрхийн хүсэлтийг хүлээн авч цахим хэлбэрт оруулж аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

 

      6.3. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь өрхийн өргөдлийн мэдээллийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээлэлтэй тулгаж, өмнө нь судалгаанд хамрагдсан эсэхийг  шалгана. Хэрэв тухайн өрхийн мэдээлэл нь Өрхийн мэдээллийн нэгдсэн санд орж үнэлгээ хийгдсэн байвал энэ тухай сум, хорооны нийгмийн ажилтанд  мэдэгдэнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан тухайн өрхөд энэ тухай мэдэгдэнэ.

 

      6.4. Амьжиргааны түвшинг үнэлүүлж, тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан өрхийн мэдээлэл нь Өрхийн мэдээллийн нэгдсэн санд ороогүй бол аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь өрхийн судлаач-ажилтанг томилон өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг тухайн өрхөөс авч, мэдээллийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд оруулна.

 

      6.5. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээллийг үндэслэн тухайн өрхийн оноог тооцон гаргаж, энэ журмын 1.2.2-т заасан босго онооноос доогуур байвал тэтгэмж олгох  арга хэмжээ авна.

 

      6.6. Амьжиргааны түвшинг үнэлүүлж, тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан өрхийн мэдээлэл нь Өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон боловч мэдээлэл нь зөрчилтэйн улмаас амьжиргааны түвшингийн үнэлгээний оноо бодогдоогүй бол аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага дараахь арга хэмжээг авна:

 

            6.6.1. техникийн шинж чанартай алдааг эх материал,  баримт бичиг, бусад эх үүсвэртэй  тулган засварлаж, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд өөрчлөлт оруулах; 

 

            6.6.2. тухайн өрхийн мэдээллийн зөрчлийг арилгах боломжгүй бол энэ журмын 6.4-т заасны дагуу зохицуулах.

 

      6.7. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 6.6-д заасны дагуу  тухайн өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээний оноог тооцож, мөн журмын 1.2.2-т заасан босго онооноос доогуур байвал тэтгэмж олгох  арга хэмжээ авна.

 

 

Долоо. Удирдлага, зохион байгуулалт

 

      7.1. Тэтгэмж олгох ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд удирдан зохион байгуулна.

 

      7.2. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тэтгэмж олгох ажлыг зохион байгуулах, Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн сүлжээ, тогтолцоог  хэвийн ажиллуулах, шинэчлэх үүрэг хүлээх бөгөөд энэ асуудлыг хариуцсан албатай  байна.  Алба нь өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээний болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.2-т заасан тэтгэмж, Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2.1, 21.1.1, 22.1.1-д заасан үйлчилгээнд хамруулах  босго оноог  тооцох арга зүйч мэргэжилтэн, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа, үнэлгээний арга зүйч,  сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, мэдээллийн технологийн ахлах инженер, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн админстратор, программын системийн инженер, техникийн ажилтан зэрэг мэргэжилтэнтэй байна.

 

      7.3. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн сүлжээ, тогтолцоог  хэвийн ажиллуулах, шинэчлэх үүрэг бүхий нэгж байна. Уг нэгжид тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тооноос хамааруулан орон тооны нийгмийн ахлах ажилтан, өрхийн                судлаач-ажилтан, мэдээллийн технологийн ажилтан, оператор зэрэг ажиллана.

 

 

Найм. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

 

      8.1. Тэтгэмжийн олголт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих үүргийг мэргэжлийн хяналтын болон аудитын байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж тус тусынхаа эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.

 

      8.2. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.2, 20.2.1, 21.1.1, 22.1.1-д заасан тэтгэмж, үйлчилгээнд хамрагдсан өрхийн аж байдалтай түүвэрлэн танилцах, санал, хүсэлтийг нь судлах зэргээр тэтгэмж, үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг үнэлэх ажлыг эрүүл мэндийн болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд тэтгэмж, үйлчилгээний үр нөлөөг үнэлэх ажлыг хөндлөнгийн  байгууллагаар гүйцэтгүүлж болно.

 

 

Ес. Бусад

 

      9.1. Өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг дахин нягталсан боловч Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.2, 20.2.1, 21.1.1, 22.1.1-д заасан тэтгэмж, үйлчилгээнд хамрагдах эрх үүсээгүй бол тухайн өрхийн амьжиргааны түвшинг сүүлийн үнэлгээ хийгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд дахин үнэлэхгүй.

 

      9.2. Тэтгэмж авч  байгаа өрх нь энэ журмын 3.6-д заасан өөрчлөлтийг тогтоосон хугацаанд мэдэгдээгүй бол илүү авсан хугацааных нь тэтгэмжийг эхний удаа нөхөн төлүүлэх буюу дараа сарынх нь тэтгэмжээс суутгана.

 

      9.3. Энэ журмын 9.2-т заасан зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тэтгэмжийг нөхөн төлүүлэх буюу дараа сарын тэтгэмжээс суутгаж, Нийгмийн халамжийн тухай хуулийн 31.1-д заасан хариуцлага  хүлээлгэнэ.  

 

      9.4. Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

 

------оОо------