A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 44 дүгээр
тогтоолын хавсралт


УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Удирдлагын академи (цаашид ''академи'' гэх) нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, нийтийн албан хаагчдыг сургах, давтан сургах, нийтийн албаны хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох талаар судалгаа, шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллага мөн.
1.2. Академи нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан өөрийн дотоод дүрэм, журмыг баримтлан ажиллана.
1.3. Академи нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байж болно.

Хоёр. Академийн чиг үүрэг

2.1. Академи нь нийтийн албан хаагчдыг сургах сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, мөрдөн ажиллана.

2.2. Академи дараахь хэлбэрүүдээр захиалгат болон төлбөртэй сургалт явуулна:

2.2.1. нийтийн албан хаагчдыг давтан сургах, мэргэшил дээшлүүлэх богино хугацааны зорилтот сургалт;

2.2.2. нийтийн албан тушаалын ангилал тус бүрт ажиллаж байгаа албан хаагчдад зориулсан тусгай сургалт;

2.2.3. нийтийн захиргаа, бизнесийн болон нийгмийн удирдлагын дипломын дараахь мэргэшүүлэх сургалт;
2.2.4. нийтийн захиргаа, бизнесийн болон нийгмийн удирдлагын магистрын сургалт, нийтийн захиргаа, бизнесийн удирдлагын докторын зэрэг олгох сургалт.

2.3. Академи нь өдөр, гараг, улирал, экстернат, ажлын байрны сургалт зэрэг албан сургалтаас гадна зайн сургалт явуулна.

2.4. Академи дараахь хэлбэрүүдээр зөвлөгөө өгөх, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлнэ:

2.4.1. төрийн бодлого, нийтийн алба, засаглалын асуудлыг судлах, улсын хөгжлийн асуудлууд болон бусад бодлогын баримт бичгийг боловсруулахад онол-арга зүйн туслалцаа үзүүлэх, оролцох;
2.4.2. улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдлыг судлах, дүгнэлт хийх;

2.4.3. Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, Засгийн газрын агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл боловсруулах, зөвлөгөө өгөх;

2.4.4. эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах;

2.4.5. сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, зөвлөгөө өгөх ажлын чиглэлд нийцсэн сурах бичиг, гарын авлага, ном зохиол туурвих, нийтийн хүртээл болгох;

2.4.6. өөрийн орны болон гадаад орны ижил төстэй сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны төвүүдтэй хамтрах буюу тэдний захиалгаар судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх.


Гурав. Академийн бүтэц, зохион байгуулалт

3.1. Академийн бүтцэд дор дурдсан нэгж ажиллана:

  3.1.1. төрийн (нийтийн) албаны сургууль;

  3.1.2. удирдахуйн ухааны сургууль;

3.1.3. засаглалын судалгаа, зөвлөх үйлчилгээний хүрээлэн;

3.1.4. зохион байгуулалтын алба;

  3.1.5. төлөвлөлт, санхүүгийн алба;

  3.1.6. сургалтын алба;

  3.1.7. үйлчилгээ, аж ахуйн алба.

3.2. Сургууль, хүрээлэнгийн сургалт, судалгааны үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий дараахь мэргэжлийн тэнхимүүд байна:

  3.2.1. захиргааны шинжлэх ухааны тэнхим;

  3.2.2. менежментийн тэнхим;

  3.2.3. эрх зүйн тэнхим;

  3.2.4. улс төр, судлалын тэнхим;

  3.2.5. санхүү, эдийн засгийн тэнхим;

  3.2.6. удирдлагын сэтгэл зүй, социологийн тэнхим;

  3.2.7. хэлний тэнхим.

3.2. Академи нь захиргааны зөвлөл, эрдмийн зөвлөл, сургалт арга зүйн зөвлөлтэй байна. Удирдлагын академийн захирал эдгээр зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталж мөрдүүлнэ.

3.3. Академи нь чиг үүрэг, үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон эрдэм шинжилгээ, мэдээлэл, зөвлөх үйлчилгээ эрхлэх хүрээлэн (төв)-тэй байж болно.

Дөрөв. Академийн удирдлага

4.1. Академийн өдөр тутмын үйл ажиллагааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай байгуулсан гэрээ болон хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд захирал удирдан зохион байгуулна.

4.2. Захирлын түр эзгүйд түүний үүргийг дэд захирал гүйцэтгэнэ.

4.3. Академийн захирал, дэд захирлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга томилж, чөлөөлнө.

     4.4. Захирлын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг энэхүү дүрмийн 4.1-д заасан гэрээнд тодорхой тусгана. Захирал нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

       4.4.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;

4.4.2. үйл ажиллагааныхаа талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт танилцуулан удирдлага, чиглэл авч ажиллах;

4.4.3. нэгжийн удирдлага, багш, ажилтныг хөдөлмөрийн хуулийг үндэслэн томилох, чөлөөлөх;

4.4.4. эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;

4.4.5. төсвийн ерөнхийлөн захирагчаас баталсан чиг үүргийн дагуу төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах бүрэн эрхээ хэрэгжүүлж, үр дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын өмнө биечлэн хариуцах;

    4.4.6. эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах, гэрээ байгуулах;

4.4.7. сургалтын чанар, үр дүнг олон улсын жишиг, стандартын түвшинд хүргэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах; 

4.4.8. эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн санд багтаан багш, ажилтнуудад мөнгөн урамшуулал олгох;

4.4.9. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам батлан мөрдүүлэх;

4.4.10. багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байр, ахуйн нөхцөлийг дээшлүүлэх асуудлыг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэх, цаашид орлогын эх үүсвэр бий болгох, нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
4.4.11. байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, багш, ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

4.4.12. байгууллагын үйл ажиллагаанд ажлын хариуцлага, сахилга, дэг журам, соёл, шуурхай байдлыг хангуулах;

4.4.13. батлагдсан төсөв, хөрөнгийн зарцуулалтын гүйцэтгэл болон үйл ажиллагааныхаа тайланг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

4.4.14. өөрт олгогдсон хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмших, ашиглах, зарцуулах, тайлагнах; 

4.4.15. сургалтын арга, хэлбэрийг боловсронгуй болгох талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж шийдвэрлэх.


Тав. Удирдлагын академи болон төрийн байгууллагын харилцаа

5.1. Удирдлагын академи нь жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар батлуулж, биелэлтийг ханган ажиллана.

5.2. Захиалгат судалгаа шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэхдээ холбогдох байгууллагаас мэдээллийг зохих журмын дагуу гаргуулж авна.

Зургаа. Суралцагчдыг элсүүлэх, суралцуулах, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах

6.1. Суралцагч элсүүлэх асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тогтоосон журмын хүрээнд академийн элсэлтийн дүрмээр зохицуулна.

6.2. Суралцагчийг академиас хасах, улируулан сургах, шилжүүлэх, чөлөө олгох асуудлыг сургалтын албаны саналыг үндэслэн тогтоосон журмын дагуу захирлын тушаалаар шийдвэрлэж байна.

6.3. Сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн суралцагч нарт диплом (сертификат, үнэмлэх), энгэрийн тэмдэг олгоно.

Долоо. Удирдлагын шийдвэр, баримт бичиг

7.1. Академийн захирал тушаал гаргана. Эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөл, сургалт арга зүйн зөвлөлөөр хэлэлцсэн асуудлаар хурлын тогтоол, тэмдэглэл гаргана.

7.2. Академи өөрийн эрдэм шинжилгээний бичиг, хэвлэлтэй байна.

7.3. Академи нь диплом (сертификат, үнэмлэх), энгэрийн тэмдгийг нэгдсэн загвараар хэвлүүлж хэрэглэнэ.

 


-----oOo-----