A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 45 дугаар
тогтоолын хавсралт
 

  “ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР”
УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ”Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар (цаашид “газар” гэх) нь Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, яам, агентлаг (цаашид “төр, засгийн байгууллага” гэх) үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай орчин, нөхцөлийг хангах, нийтлэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий байгууллага мөн.

1.2. Газар нь үйл ажиллагаандаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.
1.3. Газар нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байж болно.

1.4. Энэхүү дүрмийн 1.1-д заасан газрын үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Аж ахуйн үйл ажиллагааны явцад бий болсон эд хөрөнгө, өөрийн үйл ажиллагааны орлого, санхүүгийн нөөц нь байгууллагын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр болно.

Хоёр. Алсын хараа, эрхэм зорилго, зорилт

2.1. Газрын алсын хараа нь төр, засгийн байгууллагад үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт хүргэхэд оршино.

2.2. Газрын эрхэм зорилго нь төр, засгийн байгууллагад олон улсын стандартын түвшинд хүрсэн нийтлэг үйлчилгээ үзүүлж, хуулиар тогтоосон зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх таатай орчин, нөхцөл бүрдүүлэхэд оршино.

2.3. Газар нь дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

2.3.1. хэрэглэгчдэд үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын стандартын түвшинд зохион байгуулж, үйлчилгээний ашигтай, хямд зардалтай дэвшилтэт хэлбэрүүдийг сонгож ажиллах;

2.3.2. төр, засгийн байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны нөхцөл, барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар  үйлчилгээ, хэвийн ажиллагааг баталгаатай хангах;

2.3.3. төр, засгийн байгууллага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтлэг үйлчилгээний эцсийн үр дүнг санхүүжүүлэх төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх.

Гурав. Газрын чиг үүрэг

3.1. Газар нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1. төр, засгийн байгууллага, тэдгээрийн ажлын албадын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай үйлчилгээ, аж ахуйн ажлыг холбогдох шийдвэр, захиалгын дагуу батлагдсан төсвийн хүрээнд эрхлэх, энэ талаар гарсан хууль тогтоомж, стандарт, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;

3.1.2. Төрийн ордон, Засгийн газрын байруудын дотоод болон гадна орчны цэвэрлэгээ, ариун цэвэр, тохижилт, засвар үйлчилгээг зохих түвшинд хариуцан гүйцэтгэх;

3.1.3. төр, засгийн урилгаар ирсэн зочин, төлөөлөгчийг хүлээн авах үйлчилгээг хариуцан зохион байгуулах;

3.1.4. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга болон гишүүд зэрэг төр, засгийн удирдах дээд албан тушаалтанд үйлчлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх;

3.1.5. төр, засгийн байгууллагад тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн зөвшөөрлийг үндэслэн санхүү, хангамжийн үйлчилгээ үзүүлэх;

3.1.6. төр, засгийн байгууллагын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын гүйлгээ, санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл тооцооны ажилд дэмжлэг үзүүлж, тайлан тэнцлийг гарган дүн шинжилгээ хийх, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.1.7. бэлэг, дурсгалын фондыг захиалгын дагуу бүрдүүлж, гүйцэтгэлийг тайлагнах;

3.1.8. шаардлагатай тохиолдолд нутгийн захиргааны ижил төстэй байгууллага болон бусад үйлчилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, гэрээний үндсэн дээр шаардлагатай техник, тоног төхөөрөмж, эд хогшил олгох,  бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх;

3.1.9. ёслол хүндэтгэлийн чанартай үйл ажиллагааны нийтлэг үйлчилгээг  зохион байгуулахтай холбогдсон асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын албатай хамтран төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж өгөх;

3.1.10. хариуцсан ажлын чиглэлээр дотоодын болон гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжтэй холбоо тогтоож, хамтран ажиллах;

3.1.11. чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах.

Дөрөв. Газрын удирдлага

4.1. Газрын өдөр тутмын үйл ажиллагааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай байгуулсан гэрээ болон хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд захирал удирдан зохион байгуулна.

4.2. Захирлын түр эзгүйд түүний үүргийг дэд захирал гүйцэтгэнэ.

4.3. Газрын захирал, дэд захирлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга томилж, чөлөөлнө.

     4.4. Захирлын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг энэхүү дүрмийн 4.1-д заасан гэрээнд тодорхой тусгана.

        Захирал дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

       4.4.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;

4.4.2. үйл ажиллагааныхаа талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт танилцуулан удирдлага, чиглэл авч ажиллах;

4.4.3. нэгжийн удирдлага, ажилтныг Хөдөлмөрийн хуулийг үндэслэн томилж, чөлөөлөх;

4.4.4. эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;

4.4.5. Төсвийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу “төсвийн төвлөрүүлэн захирагч” байх бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарилсан чиг үүргийн дагуу төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарилах, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах бүрэн эрхээ хэрэгжүүлж, үр дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын өмнө биечлэн хариуцах;

    4.4.6. эрх хэмжээнийхээ хүрээнд газрын эд хөрөнгийг захиран зарцуулах, гэрээ байгуулах;

4.4.7. төр, засгийн байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанар, үр дүнг олон улсын жишиг, стандартын түвшинд хүргэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах; 

4.4.8. тогтоосон цалингийн санд багтаан газрын ажилтнуудад мөнгөн урамшуулал олгох;

4.4.9. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам батлан мөрдүүлэх;


4.4.10. ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байр, ахуйн нөхцөлийг сайжруулах асуудлыг батлагдсан төсөв болон аж ахуйн үйл ажиллагаагаар олсон орлогын хүрээнд шийдвэрлэх, цаашид орлогын эх үүсвэр бий болгох, нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;

4.4.11. байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, ажилтныг бэлтгэх, өөрийн болон орон нутгийн ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагын ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

4.4.12. байгууллагын үйл ажиллагаанд ажлын хариуцлага, сахилга, дэг журам, үйлчилгээний соёл, шуурхай байдлыг хангуулах;

4.4.13. батлагдсан төсөв, хөрөнгийн зарцуулалтын гүйцэтгэл болон үйл ажиллагааныхаа тайланг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх;

4.4.14. өөрт олгогдсон хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмших, ашиглах, зарцуулах, тайлагнах; 

4.4.15. төр, засгийн үйлчилгээний ажлыг зохих ёсоор явуулах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагад тавих;

4.4.16. харьяа нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, тэдгээрийн удирдах албан тушаалтнуудын сонсгол, тайлантай танилцаж, шаардлагатай мэдээ, судалгааны материал гаргуулж авах;

4.4.17. байгууллагаа гадаад, дотоодод төлөөлөх.

Тав. Газрын зохион байгуулалтын бүтэц

5.1. Газрын бүтцэд дор дурдсан нэгж ажиллана:

  5.1.1. зохион байгуулалтын алба;
 
  5.1.2. санхүүгийн алба;

5.1.3. барилгын алба;

  5.1.4. үйлчилгээний алба.

5.2. Газрын харьяанд Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа, амралт үйлчилгээний цогцолбор, хэвлэх үйлдвэр үйл ажиллагаа явуулна.

5.3. Энэ хуулийн 5.2-т заасан байгууллагын үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмыг газрын захирал батална.


-----оОо-----