A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 48 дугаар
тогтоолын хавсралт

“СОЁЛ, УРЛАГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Соёл, урлаг хөгжүүлэх сангийн зорилго нь Соёлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үнэт зүйлсийг уламжлах, түгээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх, дэлхий нийтэд сурталчлан таниулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээл туурвих болон соёл, урлагийн ажилтны мэргэжлийг дээшлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.2. Соёл, урлаг хөгжүүлэх сан (цаашид “Сан” гэх) нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Сан нь Төрийн санд харилцах данстай байна.

1.3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу  Сангийн эх үүсвэрийн зонхилох хэсгийг улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлнэ.

Хоёр.Сангийн зохион байгуулалт

2.1. Захиргаа санхүүгийн; соёлын солилцооны;  хөрөнгө бүрдүүлэлт,  маркетингийн албанаас бүрдэнэ:

       2.1.1. Захиргаа, санхүүгийн алба нь Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ;

                  2.1.2. Соёлын солилцооны алба нь өөрийн болон гадаад оронд соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах, гадаад хамтын ажиллагаа, соёлын ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, соёлын үйлчилгээг өргөжүүлэх ажлыг хариуцна;

       2.1.3. Хөрөнгө бүрдүүлэлт, маркетингийн алба нь соёлын арга хэмжээнд зориулж гадаад, дотоодын иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас хандив, тусламж цуглуулж сангийн хөрөнгийг арвижуулах, үндэсний соёл, урлагийг гадаад, дотоодод сурталчлах ажлыг хариуцна;

2.2. Засгийн газрын  тусгай сангийн тухай хуулийн 15.1.1-д заасны дагуу сангийн хөрөнгийг бүрдүүлэх, батлагдсан төсвийн дагуу хуваарилах, зарцуулах, ашиглалтад хяналт тавих, зохих хууль тогтоомжийн дагуу тайлагнах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг Захиргаа, санхүүгийн алба хариуцан гүйцэтгэнэ.

2.3. Сангийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэг бүхий  Сангийн захирал (цаашид “ерөнхий менежер” гэх)-ыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно. 

 

2.4. Сангийн дүрэмд хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалт болон ерөнхий менежерийн эрх, үүргийг тодорхой тусгасан байна.

Гурав. Бусад асуудал

3.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн            26 дугаар зүйлд заасан зориулалтын дагуу зарцуулна.

3.2.Сангийн хөрөнгийг арвижуулахад чиглэсэн арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн  Засгийн газрын гишүүний шийдвэрээр зохион байгуулж, хөрөнгийн хэмжээг тогтооно.

 


------оОо------