A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 63 дугаар
                                                                           тогтоолын 3 дугаар хавсралт

 

 

САНГИЙН  ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил.

Сангийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр“ гэх)-ийн зорилго нь Сангийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын нэгдсэн төсөв, санхүүгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж болон төрийн захиргааны удирдлага, хууль зүйн зөвлөгөөгөөр хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад дотоод хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн болон худалдан авах ажиллагааны бодлого, хөрөнгийн үнэлгээ, төрийн сангийн үйл ажиллагаа, төслийн санхүүжилт, өрийн удирдлага, зохицуулалт зэрэг асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги болон бүтцийн өөрчлөлтийн загварыг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл.

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого“, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.
 
1.3. Хууль тогтоомжийн орчин.

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль; 
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;
-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
-Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль;
-Даатгалын тухай хууль;
-Төрийн аудитын тухай хууль;
-Аудитын тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй.

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, санхүү, эдийн засгийн салбарын удирдлага, санхүүжилтийн шинэчлэлт, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн аргазүйг ашиглаж, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг өмнөх жилүүдэд боловсруулж байсан туршлагад тулгуурлав.

1.5. Сангийн яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Сангийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны бодлого, төрийн сангийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт болон зээл, тусламжийн санхүүжилтийн хүрээнд үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын Танхимд дээр дурдсан чиглэлээр бүх талын цаг үеэ олсон зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ. Яам нь санхүүгийн бодлого, төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтын тэнцвэртэй байдал, нийгэм, эдийн засгийн салбаруудын харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Сангийн яам нь Засгийн газрын санхүүгийн зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм.

Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

 

Сангийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын
хэрэгцээний эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн  газар (танхим) байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад  чиглэнэ.
           
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоож, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Сангийн яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь хууль тогтоомж, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл.

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
          
2.2.1. санхүү, төсвийн удирдлагын чадавхийг бэхжүүлж, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах;
         
        2.2.2. санхүүгийн салбарын зохицуулалт, бүтцийн өөрчлөлтийн бодлого явуулах;

2.2.3. улс орны хөгжлийн ерөнхий чиг хандлага, стратегитай уялдуулсан санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлого, удирдлага, зохицуулалтаар хангах;

2.2.4. гадаадын санхүүжилттэй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулалтаар хангах, боловсронгуй болгох, хэрэгжилтэд нэгдсэн хяналт тавих, гадаад, дотоод өрийн удирдлагыг бэхжүүлэх, хяналтыг чангатгаж үр нөлөөг дээшлүүлэх;

2.2.5. нягтлан бодох бүртгэл, аудитын бодлого, удирдлагаар хангах;

2.2.6. төрийн сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах;

2.2.7. санхүүгийн дотоод хяналтын бодлого, удирдлагаар хангах;

2.2.8. Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, удирдлага, хяналт зохицуулалтыг сайжруулах;

2.2.9. яамны хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх;

2.2.10. улс орны санхүү, төсвийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах, сайд, Засгийн газрын Танхимд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.2.11. Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан санхүүгийн салбарын бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад яам, газруудын үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүгийн төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг мэргэшлийн өндөр түвшинд үзүүлэх.
         
2.3. Үйл ажиллагааны зарчим

Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим бол Яамны эрхзүйн байдлын тухай хуульд заасны дагуу ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх явдал мөн.
         
2.4. Байгууллагын алсын хараа

Яамны алсын хараа нь Монгол Улсын санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэн Мянганы хөгжлийн зорилт, үзүүлэлтийг биелүүлж, цаашдаа хөгжингүй орнуудын дундаж жишигт хүргэх явдал мөн.

2.5. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Сангийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн санхүү, төсвийн таатай орчин бүрдүүлэх, санхүүгийн оновчтой удирдлагаар хангахад оршино.

2.6.Үйл ажиллагааны стратегийн зорилт.

Сангийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

  2.6.1. төсөв, татвар, хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдал, баялгийн сангийн хууль тогтоомж, бодлого, стратеги, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

  2.6.2 санхүүгийн салбарын хууль тогтоомж, шийдвэр болон хэлэлцээрийн төсөл боловсруулах, гэрээ байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх, бодлогын удирдамжаар хангах;

  2.6.3. нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, стратеги, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

  2.6.4. санхүүгийн зах зээл, худалдан авах ажиллагааны салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд улсын байцаагчаар дамжуулан хяналт тавих;

  2.6.5. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, санхүүгийн мэдээллийн найдвартай ажиллагааг бүрдүүлэх;

  2.6.6. төсвийн тогтвортой байдал, улсын болон баялгийн сангуудын төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, баялгийн сан, Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх, төрийн сангийн үйл ажиллагааг зохистой удирдлагаар ханган хэрэгжүүлэх, төрийн сангийн нэгдсэн дансны удирдлагыг хэрэгжүүлэх, зохицуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх;

2.6.7. гадаадын санхүүжилттэй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Засгийн газрын өрийн удирдлагыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, өрийн мэдээллийн баазыг бүрдүүлэх;

2.6.8. төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн дотоод аудитын хууль тогтоомж, бодлого, стратеги, стандарт, албаны дүрмийг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

2.7. Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:

2.7.1. үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын  хүрээнд:

2.7.1.1. төсвийн болон төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтоомж, бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

2.7.1.2. татварын хууль тогтоомж, давхар татвар, уул уурхайн татвар, бодит салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, улсын төсвийн болон баялгийн сангуудын орлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

2.7.1.3. улсын төсөв, орон нутгийн төсөв, хүний хөгжил сангийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсвийн зардлыг судлах, тооцох, төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

2.7.1.4. төсвийн хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, гэрээний гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, хөрөнгийн зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, зарцуулалтын тайлан гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, зураг төсөв, төсөвт өртөгт судалгаа хийх, хяналт тавихад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

2.7.1.5. төрийн баялгийн сангийн асуудлаар бодлого, хууль тогтоомж, боловсруулах, баялгийн сангуудын төсвийн зардал, санхүүгийн хөрөнгө оруулалтын бодлого, стратеги боловсруулах, судлах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах.

2.7.2. үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын  хүрээнд:

2.7.2.1. санхүүгийн салбарын хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журмын төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.7.2.2. санхүүгийн хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, яамны удирдлага, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.

2.7.3. үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.7.3.1. нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, аргачлал боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

2.7.3.2. төсөвт байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодох бүртгэл, аудитын стандарт, бүртгэл нэвтрүүлэх, аж ахуйн нэгжийн тайлан хүлээн авах.

2.7.4. үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.7.4.1. санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

2.7.4.2. худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги боловсруулах, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бүх төрлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

2.7.4.3. худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийн үе шатуудад улсын байцаагчаар дамжуулан хяналт тавих, мэдээлэл солилцох, худалдан авах ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэх, дүнг нэгтгэн тайлагнах, холбогдох этгээдийг шаардлагатай мэдээллээр хангах.

2.7.5. үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.7.5.1. төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, яамны удирдлага, албан хаагчдад дэмжлэг үзүүлэх;

2.7.5.2. яамны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах;

2.7.5.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, зарцуулах, санхүүгийн тайлан гаргах;

2.7.5.4. Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг эрхлэх, мэдээллийн дотоод сүлжээ ажиллуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

2.7.6. үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.7.6.1. төрийн сангийн нэгдсэн данс, мөнгөн хөрөнгийн зохистой, үр ашигтай удирдлагаар хангах, зохион байгуулах, бүртгэх, тайлагнах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.7.6.2. төсвийн хууль тогтоомж, шийдвэр, батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг санхүүжүүлэх, бүртгэл хөтлөх, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг боловсруулах, тайлагнах;

2.7.6.3. улсын төсөв болон төсвийн захирагчдын  төлбөр, тооцоог зохих дүрэм, журмын дагуу шуурхай хийж гүйцэтгэх, төрийн сангийн төлбөр тооцооны мэдээллийн системийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх;

2.7.6.4. төрийн сангийн ажилтныг мэргэшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх.

2.7.7. үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.7.7.1. олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад орноос авах зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн бэлтгэл ажилд оролцох, зохицуулалтаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, зээл, тусламжийн мэдээллийн сан бүрдүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудад арга зүйн зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.7.7.2. Засгийн газрын өрийн удирдлагыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, Засгийн газрын өрийн мэдээллийн баазыг бүрдүүлэх.

2.7.8. үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

2.7.8.1. сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллага, төрийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд болон төслийн нэгжийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, санхүүгийн мэдээллийн нэгдсэн тогтолцооны явцад санхүүгийн хяналт, шалгалт хийх, дотоод аудит явуулах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах;

2.7.8.2. санхүү, төсвийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, гэрээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх болон төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалтыг хийж, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах;       

2.7.8.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын нэгжийг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангах, дунд хугацааны дотоод аудитын стратегийг боловсруулах, албаны дүрмийг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд мэрэгшил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сертификат олгох.

2.8. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

2.9. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Сангийн  яамны үйл ажиллагааны стратегийн загвар

 

2.10. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө

Яамны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулан баталж ажиллана. Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь төсвийн ерөнхийлөн захирагч (Сангийн сайд)-аас төсвийн шууд захирагч (төрийн нарийн бичгийн дарга)-тэй байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна.

Гурав. Сангийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

           3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх ажлын болон бусад агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

          3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

         3.1.4. бүтэц энгийн байх зарчим (төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

         3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар, шуурхай удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

           3.1.6. улс төржихгүй байх зарчим (яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар (танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);

3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:

 

Сангийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

3.3. Зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна:

3.3.1. төсвийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд төсөв, татвар, хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдал, баялгийн сангийн хууль тогтоомж, бодлого, стратеги, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, төсвийн болон төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтоомж, бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, татварын хууль тогтоомж, давхар татвар, уул уурхайн татвар, бодит салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, улсын төсвийн болон баялгийн сангуудын орлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, улсын төсөв, орон нутгийн төсөв, хүний хөгжил сангийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсвийн зардлыг судлах, тооцох, төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, төсвийн хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, гэрээний гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, хөрөнгийн зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, зарцуулалтын тайлан гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, зураг төсөв, төсөвт өртөгт судалгаа хийх, хяналт тавихад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, төрийн баялгийн сангийн асуудлаар бодлого, хууль тогтоомж, боловсруулах, баялгийн сангуудын төсвийн зардал, санхүүгийн хөрөнгө оруулалтын бодлого, стратеги боловсруулах, судлах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд нэгдсэн төсвийн нэгж, орлогын нэгж, зарлагын нэгж, төсвийн хөрөнгө оруулалтын нэгж, баялгийн сангийн удирдлагын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын төсөв, санхүүгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (Танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд байна.

3.3.2. хууль эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд санхүүгийн салбарын хууль тогтоомж, шийдвэр болон хэлэлцээрийн төсөл боловсруулах, гэрээ байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд санхүүгийн салбарын хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журмын төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, санхүүгийн хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, яамны удирдлага, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь санхүү, төсвийн хууль тогтоомж, шийдвэрийн төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журмын төсөл боловсруулах, яамдаас боловсруулж байгаа төсөлд эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, аливаа гэрээний төсөлд эрх зүйн дүгнэлт гаргах, эрх зүйн мэдээлэл, лавлагаа бүрдүүлэх, санхүүгийн хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, яамны удирдлага, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, сайдын зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангах, хуралдааны материалыг албажуулах, яамны хариуцсан асуудлын чиглэлээр гарсан маргаан, гомдол, нэхэмжлэлд хариу бэлтгэх, яамыг төлөөлөн оролцох зэрэгт чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөлгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг сайжруулах замаар хэрэгжинэ.
        
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байна.

3.3.3. нягтлан бодох бүртгэлийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, стратеги, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, аргачлал боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, төсөвт байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодох бүртгэл, аудитын стандарт, бүртгэл нэвтрүүлэх, аж ахуйн нэгжийн тайлан хүлээн авах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд энэ нэгж нь хариуцсан асуудлаар төсөвт байгууллага, аж ахуйн нэгжид аргачлал, зөвлөлгөө өгөх, сургалт, семинар зохион байгуулах, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол байгуулах, элэгдэл тооцох норм, норматив, аргачлал боловсруулах, аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан хүлээн авах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (Танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт бүх байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон мэргэжлийн төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Төрийн өмчийн хороо байна.

3.3.4. санхүү, худалдан авах ажиллагааны бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, худалдан авах ажиллагааны салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд улсын байцаагчаар дамжуулан хяналт тавих үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ нэгж нь санхүүгийн зах зээлийн салбарын хүрээнд даатгал, банк, үнэт цаас, бичил санхүү, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, улсын зээлжих зэрэглэл, хөрөнгийн бирж, санхүүгийн түрээс, ипотек, мөнгө угаахын эсрэг болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зэрэг санхүүгийн салбарыг хамарсан бүхий л үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, санхүүгийн зах зээлийн урт, дунд болон богино хугацааны бодлого, стратеги боловсруулна. Мөн санхүүгийн зах зээлийн болон зээлжих эрх, Засгийн газрын үнэт цаас гаргах, эдийн засгийн өсөлтийг хангахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөлийг хангах, стратегийн болон томоохон төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, санхүүжүүлэх бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ авах, санхүүгийн зах зээлийн талаар холбогдох судалгаа, шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, санхүүгийн бүтцийн өөрчлөлт, төрийн өмчийн хяналтыг хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, мөн санхүү, эдийн засгийн тэнцвэрт харьцааг хангах чиглэлээр судалгаа хийж дүгнэлт гаргах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Мөн нэгж нь сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги, хууль тогтоомжийн хүрээнд дүрэм, журмын төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, худалдан авах үйл ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцогч төрийн захиргааны байгууллага болон хувийн хэвшлийн ажилтнууд, төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх, аргазүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомж, бодлого, шийдвэр, гэрээний хэрэгжилтэд худалдан авах ажиллагааны улсын байцаагчаар дамжуулан мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, худалдан авах ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг судалж, хянан шийдвэрлэх, дүнг нэгтгэн тайлагнах, худалдан авах ажиллагааны гадаад, дотоодын туршлага судалж нэвтрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (Танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт болон аж ахуйн нэгж байгууллага, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байна.

3.3.5. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, санхүүгийн мэдээллийн найдвартай ажиллагааг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, яамны удирдлага, албан хаагчдад дэмжлэг үзүүлэх, яамны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, зарцуулах, санхүүгийн тайлан гаргах, Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг эрхлэх, мэдээллийн дотоод сүлжээ ажиллуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, зохион байгуулалтын нэгж, төсвийн мэдээллийн технологийн нэгж ажиллана.

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө, төсвийн шууд захирагчийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг боловсруулах болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд өндөр мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга туршлагыг нэвтрүүлэх, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.6. төрийн сангийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төсвийн тогтвортой байдал, улсын болон баялгийн сангуудын төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, баялгийн сан, Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх, төрийн сангийн үйл ажиллагааг зохистой удирдлагаар ханган хэрэгжүүлэх, төрийн сангийн нэгдсэн дансны удирдлагыг хэрэгжүүлэх, зохицуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн сангийн нэгдсэн данс, мөнгөн хөрөнгийн зохистой, үр ашигтай удирдлагаар хангах, зохион байгуулах, бүртгэх, тайлагнах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, төсвийн хууль тогтоомж, шийдвэр, батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг санхүүжүүлэх, бүртгэл хөтлөх, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг боловсруулах, тайлагнах, улсын төсөв болон төсвийн захирагчдын  төлбөр, тооцоог зохих дүрэм, журмын дагуу шуурхай хийж гүйцэтгэх, төрийн сангийн төлбөр тооцооны мэдээллийн системийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн сангийн ажилтныг мэргэшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд санхүүжилт, тайлан бүртгэлийн нэгж, төлбөр тооцооны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад төрийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдад өндөр мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсвийн шууд захирагч, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсвөөс санхүүждэг бүх байгууллагын санхүүгийн ажилтан, төрийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн нэгж, ажилтнууд байна.

3.3.7. төслийн санхүүжилт, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд гадаадын санхүүжилттэй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Засгийн газрын өрийн удирдлагыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, өрийн мэдээллийн баазыг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад орноос авах зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн бэлтгэл ажилд оролцох, зохицуулалтаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, зээл, тусламжийн мэдээллийн сан бүрдүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудад арга зүйн зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын өрийн удирдлагыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, Засгийн газрын өрийн мэдээллийн баазыг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд өрийн удирдлагын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн бэлтгэл ажлыг хангах, зээл, тусламжийн болон бусад холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцох, гадаад зээлийг дамжуулан зээлдүүлэх, гэрээ, хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжийн дагуу төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй үйл ажиллагааны, санхүүгийн болон оролцогч хоорондын зохицуулалтаар хангах, гэрээ, хэлэлцээрийн биелэлтийг хангуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, шаардлагатай механизм бүрдүүлж ажиллах, холбогдох журам боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг гүйцэтгэх, санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих, Засгийн газрын өрийн удирдлагыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн бодлого, хөтөлбөр боловсруулах, өрийн үйлчилгээг гүйцэтгэх, гадаадын зээл, тусламж, Засгийн газрын өрийн мэдээллийн санг бүрдүүлэх, гадаадын зээл, тусламжийн ашиглалт, гүйцэтгэлийг тайлагнах, холбогдох судалгаа, мэдээлэл гаргах, зээл, тусламжийн бодлого, өрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын өрийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, холбогдох журам, төслийг боловсруулах, яамны удирдлагыг өндөр мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээллээр шуурхай хангах, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулах, чиглэлийн яамдад бодлогын зөвлөгөө өгөх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь олон талт болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гадаад улс орноос Монгол Улсад суугаа болон Монгол Улсаас гадаад улс оронд суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, гадаад орны ижил чиглэлийн яамд, төрийн байгууллагууд, дотоодын яамд, төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, зээлдэгч хуулийн этгээд байна.

3.3.8. дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн дотоод аудитын хууль тогтоомж, бодлого, стратеги, стандарт, албаны дүрмийг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллага, төрийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд болон төслийн нэгжийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, санхүүгийн мэдээллийн нэгдсэн тогтолцооны явцад санхүүгийн хяналт, шалгалт хийх, дотоод аудит явуулах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах, санхүү, төсвийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, гэрээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх болон төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалтыг хийж, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын нэгжийг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангах, дунд хугацааны дотоод аудитын стратегийг боловсруулах, албаны дүрмийг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд мэрэгшил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сертификат олгохчиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт дотоод аудит, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсвийн шууд захирагч, төсвөөс санхүүждэг бүх байгууллагын санхүүгийн ажилтан, төрийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,  бусад яамны ижил төстэй зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтнууд байна.


-оОо-