- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2012 оны 63 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Хууль зүйн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Хууль зүйн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, хууль зүйн нэгдсэн бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, хууль зүйн боловсрол, судалгаа, эрх зүйн сургалт, сурталчилгаа, төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл, төрөөс сүм, хийдтэй харилцах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, хуульчдын өөрөө удирдах байгууллагатай харилцах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг хамарсан стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэтгэлийн талаар баримтлах бодлого”, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Хууль зүйн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
- Монгол Улсын Үндсэн хууль;
- Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
- Төсвийн тухай хууль;
- Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;
- Бусад холбогдох хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлт зэрэг арга зүй, энэ хөтөлбөрийг өмнөх жилүүдэд боловсруулж хэрэглэсэн туршлагыг хэрэглэв.
1.5. Яамны үүрэг, хариуцлагын хуваарь
Хууль зүйн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль зүйн хүрээнд үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд дээр дурдсан хүрээнд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөлт, хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийн харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтойг харгалзан энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамруулав:
Хууль зүйн яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар (танхим) болно. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар сайд, Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, удирдлагын зохистой хэлбэр төлөвшүүлэх;
2.2.2. удирдлагын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар хууль сахиулах салбарын удирдлагын манлайллыг хангах, иргэн, байгууллагад үзүүлэх хууль зүйн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх;
2.2.3. хүний нөөцийн удирдлагын шилдэг арга барилыг хэрэглэх, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалтын бодлогыг тодорхойлон төлөвшүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар оновчтой, чадварлаг бүтцийг хөгжүүлэх, сайдын эрхлэх ажлын хүрээний үйл ажиллагаанд Засгийн газраас төсөвлөсөн хөрөнгө, нөөцийг зохистойгоор хуваарилан зохицуулах;
2.2.4. олон улсын болон гадаад орнуудын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын олон талт болон хоёр талт гэрээний хэрэгжилтийг хангах;
2.2.5. нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Яамны эрхэм зорилго нь Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:
2.4.1. эрх зүйн шинэтгэлийн бодлогын стратеги төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
2.4.2. хууль зүйн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, арга зүйн удирдамжаар хангах;
2.4.3. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах, салбарын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
2.4.4. эрх зүйн шинэтгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
2.4.5. эрх зүйн шинэтгэл, хууль зүйн бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. эрх зүйн шинэтгэлийн бодлогыг боловсруулах, стратегийг төлөвлөх;
2.5.1.2. эрх зүйн тогтолцооны бодлогыг боловсронгуй болгох;
2.5.1.3. шүүх эрх мэдлийн, хууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд хууль тогтоомжийн төсөл боловсруулах, судалгаа хийх, боловсруулж байгаа хуулийн төслийн үр нөлөөг тандан судлах;
2.5.1.4. хуулийн төсөлтэй холбогдуулан дагаж гарах дүрэм, журмыг боловсруулах.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулах, бусад яамдаас боловсруулсан хууль тогтоомжийн үзэл баримтлалын төслийг хянах;
2.5.2.2. яамдаас боловсруулсан хууль тогтоомжийн төсөл Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэхийг хянах, санал өгөх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох, Засгийн газрын шийдвэрийн төслийг хянах, төсөлд өгөх санал боловсруулах;
2.5.2.3. Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон бусад этгээдийн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянах, бүртгэх, лавлагаа, мэдээллээр олон нийтийг хангах;
2.5.2.4. Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний болон захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн сан болон бүртгэлийг эрхлэн хөтлөх.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, яамны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах;
2.5.3.2. яамны албан хаагчдын сургалт, салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологийн төслийн хэрэгжилт, яамны мэдээллийн сүлжээ, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, эрх зүйн мэдээллийн цахим сангийн техникийн хэвийн ажиллагааг хангах, мэдээллээр үйлчлэх;
2.5.3.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах;
2.5.3.4. нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;
2.5.3.5. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, зээл тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, гэрээ, хэлэлцээр байгуулах болон олон улсын шүүх, арбитрын ажиллагаанд монголыг төлөөлөх ажлын хэсэгт туслах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын эрх зүйн шинэтгэлийн талаархи бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.5.4.2. шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохицуулах;
2.5.4.3. орон нутгийн хууль зүйн албадын харилцан ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах;
2.5.4.4. хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, хуульчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
2.5.4.5. хууль тогтоомж, салбарын бодлогын сурталчилгааг зохион байгуулах, хууль сахиулах үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагатай хамтран ажиллах, эрх зүйн туслалцаа үзүүлэх талаархи бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4.6. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, хүний эрхийг хангах бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4.7. яамыг төлөөлөн гадаадын улс оронд суух төлөөлөгчийн талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4.8. хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалтын талаархи бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4.9. галт зэвсэг үйлдвэрлэх, худалдах, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах, тамга, тэмдэг үйлдвэрлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох тухай бодлогын хэрэгжилтийг зохицуулах.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх аргачлал боловсруулах, боловсруулсан аргачлалыг сурталчлах, хяналт-шинжилгээний үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаас хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2.5.5.2. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд үнэлгээ хийж, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах;
2.5.5.3. сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх;
2.5.5.4. салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэн хөтлөх.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
Хууль зүйн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.3.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.3.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.3.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.3.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);
3.3.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
Хууль зүйн яамны үйл ажиллагааны
бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд нь дараахь үндсэн үүрэг, чиг үүрэгтэй:
3.3.1. эрх зүйн шинэтгэлийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд эрх зүйн шинэтгэлийн бодлогын стратеги төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, эрх зүйн шинэтгэлийн бодлогыг боловсруулах, стратегийг төлөвлөх, эрх зүйн тогтолцооны бодлогыг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийн, хууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд хууль тогтоомжийн төсөл боловсруулах, судалгаа хийх, боловсруулж байгаа хуулийн төслийн үр нөлөөг тандан судлах, хуулийн төсөлтэй холбогдуулан дагаж гарах дүрэм, журмыг боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн даргаас Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хуулийн судалгааны хүрээлэн байна.
3.3.2. хууль зүйн нэгдсэн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд хууль зүйн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, арга зүйн удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулах, бусад яамдаас боловсруулсан хууль тогтоомжийн үзэл баримтлалын төслийг хянах, яамдаас боловсруулсан хууль тогтоомжийн төсөл Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэхийг хянах, санал өгөх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох, Засгийн газрын шийдвэрийн төслийг хянах, төсөлд өгөх санал боловсруулах, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон бусад этгээдийн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянах, бүртгэх, лавлагаа, мэдээллээр олон нийтийг хангах, Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний болон захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн сан болон бүртгэлийг эрхлэн хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн даргаас Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд байна.
3.3.3. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах, салбарын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, яамны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах, яамны албан хаагчдын сургалт, салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологийн төслийн хэрэгжилт, яамны мэдээллийн сүлжээ, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, эрх зүйн мэдээллийн цахим сангийн техникийн хэвийн ажиллагааг хангах, мэдээллээр үйлчлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, зээл тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, гэрээ, хэлэлцээр байгуулах болон олон улсын шүүх, арбитрын ажиллагаанд монголыг төлөөлөх ажлын хэсэгт туслах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам болон боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
3.3.4. бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд эрх зүйн шинэтгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын эрх зүйн шинэтгэлийн талаархи бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохицуулах, орон нутгийн хууль зүйн албадын харилцан ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах, хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, хуульчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хууль тогтоомж, салбарын бодлогын сурталчилгааг зохион байгуулах, хууль сахиулах үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагатай хамтран ажиллах, эрх зүйн туслалцаа үзүүлэх талаархи бодлогын хэрэгжилтийг зохицуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, хүний эрхийг хангах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, яамыг төлөөлөн гадаадын улс оронд суух төлөөлөгчийн талаархи бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалтын талаархи бодлогын хэрэгжилтийг зохицуулах, галт зэвсэг үйлдвэрлэх, худалдах, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах, тамга, тэмдэг үйлдвэрлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох тухай бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж, дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн даргад хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, шүүх, прокурор, өмгөөлөх, нотариат, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
3.3.5. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд эрх зүйн шинэтгэл, хууль зүйн бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн үүрэг хүлээж, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх аргачлал боловсруулах, боловсруулсан аргачлалыг сурталчлах, хяналт-шинжилгээний үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаас хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд үнэлгээ хийж, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэн хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагааны нэг гол үүрэг нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, яам, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт-шинжилгээ, аудит хийж, үнэлгээ өгч, дүгнэлт, зөвлөмж гарган бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, улсын төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус болон шашны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний болон хэвлэл, мэдээллийн байгууллага байна.
-оОо-
Текст томруулах
A
A
A