A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 63 дугаар
                                                                                     тогтоолын 11 дүгээр хавсралт

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Засгийн газрын танхим, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд (цаашид “сайд” гэх)-аас шийдвэр гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйлдвэр, хөдөө аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө, дотоод дэмжлэг үзүүлэх чиг үүргийг тусган тус яамны үйл ажиллагааны стратеги болон бүтцийн загварыг тодорхойлов.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль, эрх зүйн орчин

   Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомж, бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай;
“Хүнсний тухай хууль;
-Технологи дамжуулах тухай хууль;
-Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль;
-Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль;
-Газрын тухай багц хууль;
-Тариалангийн тухай хууль;
-Таримал ургамлын үр, сортын тухай хууль;
-Үрийн тариалангийн даатгалын тухай хууль;
-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль;
-Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль;
-Усны тухай хууль;
-Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль;
-Тамхины хяналтын тухай хууль;
-Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль;
-Хоршооны тухай хууль;
-Төрөөс малчдын талаар баримтлах бодлого;
-Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого;
-Үйлдвэрлэл технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэл;
-Бусад хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн, хөтөлбөр боловсруулах ажилд оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Засгийн газрын гишүүн-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн бодлого, төлөвлөлтийн удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь  мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлсон үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан биелэлтийг хангуулна.
Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган тэдгээрийн харилцан уялдааг зохицуулах ба хууль тогтоомжид заасан бусад асуудлыг хэрэгжүүлэн ажиллана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэглэгчийг дор дурдсанаар бүлэглэн тодорхойлов:

 

 


Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

 

 

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын танхим байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгч нь бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага байна.

Яамны бодлого, удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэглэгчид, нэн ялангуяа, үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч, хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Стратегийн мөн чанар

   Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх хүрээний асуудлын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Тэргүүлэх чиглэл

  Яам нь дор дурдсан үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

  2.2.1. хүнд болон хөнгөн үйлдвэрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үр дүнг үнэлэх;

         2.2.2. түлш /хатуу, хийн, шингэн төлөв дэх/-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, кокс-химийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

  2.2.3. аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах, хөгжүүлэх;

  2.2.4. төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны талаар баримтлах бодлогыг боловсруулах, мэргэжил, арга зүйгээр хангах;

  2.2.5. хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;

  2.2.6. мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;

  2.2.7. мал, амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтны өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулах;

  2.2.8. малын үржлийн ажил, үйлчилгээг стратеги төлөвлөлтийн дагуу явуулж малын биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, малын генетик нөөцийг хамгаалан баяжуулах;

  2.2.9. мал, амьтан, ургамал, хүнсний бүтээгдэхүүний хорио цээр, экспорт, импортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

  2.2.10. бэлчээрийн даац болон таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, хамгаалах;

  2.2.11. хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, усаар хангах арга хэмжээг өргөжүүлж, уст цэгийн ашиглалт, эзэмшлийг сайжруулах; 

            2.2.12. байгалийн гэнэтийн аюулаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх;

  2.2.13. салбарын үйлдвэрлэлд тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх;

  2.2.14. салбарын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтруулах, ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, орлого, бүтээмжийг өсгөх эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх;

  2.2.15. үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын менежментийг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн манлайллыг хангах.  

2.3. Яамны алсын хараа

Үйлдвэрлэлийг хөгжүүлж, салбарын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангана.

2.4. Яамны эрхэм зорилго

  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах, салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангахад оршино.

2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр болон шийдвэрийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эрх зүйн мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, цаг үеэ олсон бодлогын зөвлөгөө өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх;

2.5.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.3. хүнд үйлдвэрийн бодлого, аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах ажлын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4. хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.5. хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.6. мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.7. газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.8. салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

        2.6. стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.6.1. үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд: 

2.6.1.1. хууль тогтоомж, бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох замаар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.6.1.2. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах болон зарцуулах үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах;

2.6.1.3. хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээний төсөл боловсруулах, хянах, эрх зүйн зөвлөгөө өгөх.

2.6.2. үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.6.2.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулах, ажиллах нөхцөлийг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг тайлагнах;

         2.6.2.2. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлэлцээрийн төсөл боловсруулах, салбарт хэрэгжиж байгаа гадаадын төслийн хэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх.

2.6.3. үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
        
2.6.3.1. хүнд үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчит уул уурхайн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, түлш /хатуу, хийн, шингэн төлөв дэх/-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, кокс-химийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.3.2. аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

                2.6.4. үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.4.1. хөнгөн үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон түүний дотор экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

                2.6.5. үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.6.5.1. хүнсний үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

  2.6.6. үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.6.6.1. мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, малын генетик нөөцийг хамгаалах, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт болон усан хангамжийг сайжруулах, малыг эрсдлээс хамгаалах, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх анхан шатны бүтэц, маркетингийг боловсронгуй болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

  2.6.7. үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.6.7.1. газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, үр, сортын бодлого боловсруулж хэрэгжүүлэх, таримал ургамлыг хамгаалах, буудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний экспорт, импортыг зохицуулах, хорио цээрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.8. үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

2.6.8.1. салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх;

2.6.8.2. салбарын бодлого, төсвийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх;

2.6.8.3. салбарын сургалт, гадаадын төслийн үйл ажиллагааг уялдуулах ажлыг хариуцах, статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

2.7. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.8. Яамны үйл ажиллагааны стратегийн загвар
 
Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд дор дурдснаар тодорхойлж байна:

 

 

 

 


Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратегийн загвар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


   
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим:

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой үүрэг хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон төрийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тэлэх зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараахь байдлаар тодорхойлж байна:

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны
бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

 

 

 

 

3.3.Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна: 

3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр болон шийдвэрийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эрх зүйн мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, цаг үеэ олсон бодлогын зөвлөгөө өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох замаар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах болон зарцуулах үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах, хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээний төсөл боловсруулах, хянах, эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүрэгийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж, хуулийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, харъяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулах, ажиллах нөхцөлийг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг тайлагнах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлэлцээрийн төсөл боловсруулах, салбарт хэрэгжиж байгаа гадаадын төслийн хэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана:

Энэ нэгжийн чиг үүрэгт яамны болон аппаратын албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөн зохион байгуулах, дотоод сургалт, сурталчилгааг төлөвлөн зохицуулах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах, тайлагнах, тушаалын төсөлд эрх зүйн хяналт тавих, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг арга барил, арга зүйг нэвтрүүлэх, удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хүний нөөцийг чадавхижуулах, албан хаагчдын ажлаа тайлагнах, үүргээ биелүүлэх хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх, тэднийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сүлжээг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх ажил, үйлчилгээ хамарна. Гэрээгээр зарим үйлчилгээг гүйцэтгүүлэх үндсэн дээр байгууллагын болон ажилтнуудын ажиллах  хэвийн, таатай орчинг бүрдүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь салбарын байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, олон улсын байгууллага, төслийн нэгжүүд байна.

3.3.3. хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд хүнд үйлдвэрийн бодлого, аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах ажлын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, хүнд үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчит уул уурхайн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, түлш /хатуу, хийн, шингэн төлөв дэх/-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, кокс-химийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэр технологийн паркийг байгуулах хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, хүнд үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг нь төлөвшүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах, уул уурхайн боловсруулах үйлдвэр болон бусад төрийн өмчит, хувийн хэвшлийн үйлдвэрийн газруудын харилцан уялдаа холбоог хангах, зохицуулалт хийх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжих үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон үйлдвэрийн нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжтэй түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам болон бусад яам, стандартчилал, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.4. хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, хөнгөн үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон түүний дотор экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад хөнгөн үйлдвэрийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулж, төр, хувийн хэвшлийн харилцан уялдаа холбоог хангах үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, стандартчилал, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын төв байгууллага, бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.5. хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, хүнсний үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хүнсний үйлдвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын харилцан уялдаа холбоог хангах үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжтэй түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эрүүл мэндийн яам, стандартчилал, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын төв байгууллага болон бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.6. мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, малын генетик нөөцийг хамгаалах, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт болон усан хангамжийг сайжруулах, малыг эрсдлээс хамгаалах, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх анхан шатны бүтэц, маркетингийг боловсронгуй болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ нэгж нь мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай асуудлаар шуурхай зохицуулалт хийх талаар арга хэмжээг төлөвлөн батлуулан хэрэгжүүлж, үр дүнг  тайлагнах ажил, үйлчилгээг эрхэлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь мал аж ахуйн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулан биелэлтийг хангуулж, бодлого, төсвийн зохицуулалтын байдал, харилцан уялдаа холбоог хангах чиглэлээр удирдлага, орон нутгийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцаа холбоо тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон бусад яамд, Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, чиглэлийн төсвийн байгууллага байна.

3.3.7. газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, үр, сортын бодлого боловсруулж хэрэгжүүлэх, таримал ургамлыг хамгаалах, буудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний экспорт, импортыг зохицуулах, хорио цээрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь газар тариалангийн талаархи хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, зохицуулах, үр дүнг нь нэгтгэн дүгнэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай асуудлаар шуурхай зохицуулалт хийх талаар арга хэмжээг төлөвлөн батлуулан хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах ажил, үйлчилгээг эрхэлнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцаа холбоо тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, чиглэлийн төсвийн байгууллага байна.

3.3.8. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх, салбарын бодлого, төсвийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх, салбарын сургалт, гадаадын төслийн үйл ажиллагааг уялдуулах ажлыг хариуцах, статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлого боловсруулах болон түүний хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Энэ нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг статистик мэдээ, мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр цаг тухайд нь хангах, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны үр дүн, гарц, бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлд бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх бөгөөд ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн ахиц дэвшил, үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яамны ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж, Үндэсний статистикийн хороо, салбарын бүх байгууллага, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.


-оОо-