- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2012 оны 63 дугаар
тогтоолын 14 дүгээр хавсралт
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Эдийн засгийн хөгжлийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Засгийн газрын танхим, Эдийн засгийн хөгжлийн сайд (цаашид “сайд” гэх)-аас шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт, худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламж, чөлөөт бүс, инноваци, концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцох, үнэлгээ өгөх, мэдээллийн нэгдсэн сан байгуулах асуудлыг хамааруулсан үйл ажиллагааны стратеги болон бүтцийн загвар, нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Эдийн засгийн хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Эрх зүйн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Концессын тухай хууль;
-Инновацийн тухай хууль;
-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;
-Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль;
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль;
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль;
-Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого;
-Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого;
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого;
-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал;
-Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсын туршлага, гадаад орчны өөрчлөлт, төрийн захиргааны шинэчлэлийн удирдлага, үйл ажиллагааны онцлог, төлөвлөлт, зохицуулалтын арга зүйг ашиглаж, яамдын үйл ажиллагааны стратеги боловсруулж ирсэн туршлага, сургамжийг харгалзсан болно.
1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Яам нь эдийн засгийн хөгжлийн асуудлын хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр салбарын бодлогыг уялдуулан зохицуулах үүрэг, хариуцлага хүлээнэ. Энэ хүрээнд Засгийн газрын танхим, сайдыг өндөр мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангана. Яам нь хариуцсан асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг хүлээж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдац болон нөөцийн үр ашигтай, оновчтой байдал, макро эдийн засгийн тэнцвэрт харьцаа, салбар хоорондын бодлогын уялдаа, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад өргөн хүрээтэй, нарийн тооцоо судалгаатай хандаж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг зөв зохистой төлөвлөхөд холбогдох яамд, орон нутаг, бусад төрийн байгууллагуудыг бүх талын зохицуулалт, дэмжлэгээр хангана.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтойг анхаарч хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамааруулав:
Эдийн засгийн хөгжлийн яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газрын танхим, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамд, иргэд байх бөгөөд шууд бус үйлчлүүлэгч нь Засгийн газрын агентлаг, аймаг, орон нутаг, нийт байгууллага болно. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, худалдаа, гадаад хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн түншлэл, өндөр технологи, инноваци, концесс зэрэг бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны стратегийн гадаад орчин
Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага нь бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа улам бүр даяарчлагдан гүнзгийрэн, нягтарч байгаагийн зэрэгцээ эдийн засаг, санхүүгийн хямрал гарах хугацааны давтамж ойртож, улс орны санхүү эдийн засагт хохирол учруулах нь нэмэгдэж байна.
Ялангуяа эрдэс түүхий эдийн нөөцийн хомсдол дэлхий дахинд гарч байгаа нь байгалийн баялгаа ашиглаж эхэлж байгаа орнуудад уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэхийн хажуугаар элдэв бэрхшээл хүндрэл гарах, уг үйлдвэрлэлийг үр ашигтай ашиглах асуудал тулгарч байна. Иймээс эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлж, эрдэс түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх, уул уурхайгаас орж ирэх орлогыг зөв хуваарилж, хүн амын амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийн бүтцээ оновчтой болгох, эдийн засгийн хөгжлийг нэгдмэл бодлогоор зохицуулах нь Эдийн засгийн хөгжлийн яамны өмнө тулгамдсан асуудал болж байна.
2.3. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Эдийн засгийн хөгжлийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.3.1. эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны бодлогыг төлөвлөх, зохицуулалтыг үндэсний түвшинд хангах замаар эдийн засгийн бүтцийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүн амын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх;
2.3.2. гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах замаар олон нийтийн ашиг сонирхолд чиглэсэн, эдийн засгийн өндөр өсөлтийг хангахуйц гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
2.3.3. үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж, өндөр технологийн шинэ салбаруудыг хөгжүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
2.4. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Эдийн засгийн хөгжлийн яамны эрхэм зорилго нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны оновчтой бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх замаар хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэхэд оршино.
2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого, хэтийн, дунд, богино хугацааны стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө, төсөөлөл, хөрөнгө оруулалт, худалдааны бодлогыг нэгтгэн боловсруулж, хөгжлийн бодлогын уялдааг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;
2.5.2. эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогыг нэгтгэн боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.3. гадаадын хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг хүргэх;
2.5.4. үндэсний инноваци, чөлөөт бүсийн тогтолцоог хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулах;
2.5.5. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн болон гадаад хамтын ажиллагааны зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.6. бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гарган гүйцэтгэлийг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх.
2.6. Үйл ажиллагааны гол зорилт
Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.1.1. макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөл гаргаж, тэнцвэрт харьцаа, тогтвортой байдлыг хангах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги боловсруулах, хэлэлцүүлэх;
2.6.1.2. хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүн амын өсөлт, хөгжил, нийгмийн салбарыг хөгжүүлэх бодлого, стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.6.1.3. орон нутаг, бүс нутгийн хөгжлийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах;
2.6.1.4. хөгжлийн бодлогыг төлөвлөх, боловсруулах арга зүй, аргачлал боловсруулах, эдийн засгийн тооцоо, төсөөлөл хийх математик загварчлалыг боловсруулж, хэрэглэх;
2.6.1.5. салбаруудын хөгжлийн бодлогыг нэгтгэн төлөвлөх, боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.6.1.6. эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, гадаадын хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх бодлого, зөвлөмж боловсруулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах;
2.6.1.7. улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жилийн төлөвлөгөөг боловсруулах, улсын төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын зээл тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө болон хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах хөрөнгө оруулалтын төслүүдийг төлөвлөх, зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, зохицуулалт хийх, санхүүжилтийн эрх нээх, хэрэгжилтэд хяналт тавих;
2.6.1.8. хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсөвлөх, хяналт, мониторингийн мэдээллийн цахим тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх;
2.6.1.9. дотоод худалдааны бодлогыг боловсронгуй болгох, урт, дунд, богино хугацааны бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.
2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.6.2.1. зээл, тусламжийн нэгдсэн болон богино, дунд, урт хугацааны бодлого, стратеги боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.6.2.2. олон улсын болон гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.6.2.3. гадаад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.6.2.4. гадаад худалдааны бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.
2.6.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.6.3.1. гадаадын хөрөнгө оруулалтын урт, дунд, богино хугацааны бодлого бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.6.3.2. гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.6.3.3. гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, бүртгэл хийх төрийн үйлчилгээг үзүүлэх;
2.6.3.4. гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн статистик мэдээлэл, судалгаа гаргах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах;
2.6.3.5. гадаадын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах.
2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.4.1. мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих стратегийн бодлого, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах;
2.6.4.2. үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх нэгдсэн бодлого, зохицуулалт хийх;
2.6.4.3. аж үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.6.4.4. нийгмийн салбарын инновацийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах;
2.6.4.5. өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх бодлогыг зохион байгуулах, зохицуулах;
2.6.4.6. бүс нутгийн шинжлэх ухааны паркуудыг байгуулж хөгжүүлэх асуудлыг зохион байгуулах, зохицуулах;
2.6.4.7. чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд үйлдвэрлэл, худалдааг дэмжих бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
2.6.4.8. чөлөөт бүсэд төр, хувийн хэвшлийн уялдааг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
2.6.4.9. төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн хөгжлийн талаархи бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
2.6.4.10. бизнесийн орчныг сайжруулах бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах;
2.6.4.11. хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
2.6.4.12. концессын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, концессын гэрээ, концессын зүйлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ шинжилгээ хийх.
2.6.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.6.5.1. яамны дотоод ажил хэргийг эрхлэх, зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.6.5.2. хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.6.5.3. яамны гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.6.5.4. олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах;
2.6.5.5. яамны мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, санг хөгжүүлэх.
2.6.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.6.6.1. хууль тогтоомж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах;
2.6.6.2. үндэсний хэмжээний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх;
2.6.6.3. байгууллагын боловсруулсан төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилттэй холбоотой дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагыг мэдээллээр хангах;
2.6.6.4. төсвийн хуулийн дагуу дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
2.6.6.5. хяналт шинжилгээ, үнэлгээний цахим мэдээлллийн сан бүрдүүлж хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
2.7. Үйл ажиллагааны зорилт
Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж яамны зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.8. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг гарч байна:
Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагааны ерөнхий загвар
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:
3.3.1. хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого, хэтийн, дунд, богино хугацааны стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө, төсөөлөл, хөрөнгө оруулалт, худалдааны бодлогыг нэгтгэн боловсруулж, хөгжлийн бодлогын уялдааг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөл гаргаж, тэнцвэрт харьцаа, тогтвортой байдлыг хангах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги боловсруулах, хэлэлцүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүн амын өсөлт, хөгжил, нийгмийн салбарыг хөгжүүлэх бодлого, стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, орон нутаг, бүс нутгийн хөгжлийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах, хөгжлийн бодлогыг төлөвлөх, боловсруулах арга зүй, аргачлал боловсруулах, эдийн засгийн тооцоо, төсөөлөл хийх математик загварчлалыг боловсруулж, хэрэглэх, салбаруудын хөгжлийн бодлогыг нэгтгэн төлөвлөх, боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, гадаадын хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх бодлого, зөвлөмж боловсруулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жилийн төлөвлөгөөг боловсруулах, улсын төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын зээл тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө болон хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах хөрөнгө оруулалтын төслүүдийг төлөвлөх, зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, зохицуулалт хийх, санхүүжилтийн эрх нээх, хэрэгжилтэд хяналт тавих, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсөвлөх, хяналт, мониторингийн мэдээллийн цахим тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх, дотоод худалдааны бодлогыг боловсронгуй болгох, урт, дунд, богино хугацааны бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд нэгдсэн төлөвлөлтийн нэгж, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын нэгж, салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын нэгж, худалдааны нэгж ажиллана.
Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь эдийн засгийн хөгжлийн сайдыг нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг улс, бүс нутаг, салбарын бодлого, хөрөнгө оруулалт, эрх зүйн болон улс орны тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны хэрэгжилт, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бүх яамд, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.
3.3.2. эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогыг нэгтгэж боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, зээл, тусламжийн нэгдсэн болон богино, дунд, урт хугацааны бодлого, стратеги боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, олон улсын болон гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, гадаад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, гадаад худалдааны бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь эдийн засгийн хөгжлийн сайдыг эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн уламжлал, шинэчлэлийн бодлогыг улсын хэмжээнд болон бүс нутаг, салбар, аймаг, нийслэлийг хөгжүүлэхэд чиглэсэн, улс орны тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бүх яамд, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, чиглэлийн яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.
3.3.3. гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг хүргэх үндсэн үүрэг хүлээж, гадаадын хөрөнгө оруулалтын урт, дунд, богино хугацааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулах, зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, бүртгэл хийх төрийн үйлчилгээг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн статистик мэдээлэл, судалгаа гаргах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах, гадаадын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь эдийн засгийн хөгжлийн сайдыг гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтаар хангах чиглэлээр уламжлал, шинэчлэлийн бодлогыг улсын хэмжээнд болон бүс нутаг, салбар, аймаг, нийслэлийг хөгжүүлэхэд чиглэсэн, улс орны тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны хэрэгжилт, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бүх яамд, нутгийн захиргааны байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад орон, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэгж, банк, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Сангийн яам, чиглэлийн яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.
3.3.4. инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд үндэсний инноваци, чөлөөт бүсийн тогтолцоог хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулах үндсэн үүрэг хүлээж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих стратегийн бодлого, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх нэгдсэн бодлого, зохицуулалт хийх, аж үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, нийгмийн салбарын инновацийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх бодлогыг зохион байгуулах, зохицуулах, бүс нутгийн шинжлэх ухааны паркуудыг байгуулж хөгжүүлэх асуудлыг зохион байгуулах, зохицуулах, чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд үйлдвэрлэл, худалдааг дэмжих бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах, чөлөөт бүсэд төр, хувийн хэвшлийн уялдааг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн хөгжлийн талаархи бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, бизнесийн орчныг сайжруулах бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах, хувийн хэвшил болон төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, концессын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, концессын гэрээ, концессын зүйлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд инноваци, өндөр технологийн нэгж, чөлөөт бүсийн нэгж, концессийн нэгж ажиллана.
Энэ нэгж нь эдийн засгийн хөгжлийн сайдыг инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, зохицуулалтаар хангах чиглэлээр уламжлал, шинэчлэлийн бодлогыг улсын хэмжээнд болон бүс нутаг, салбар, аймаг, нийслэлийг хөгжүүлэхэд чиглэсэн, улс орны тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны хэрэгжилт, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бүх яамд, нутгийн захиргааны байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад орон, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэгж, банк, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь чиглэлийн яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгж байна.
3.3.5. төрийн захиргааны асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн болон гадаад хамтын ажиллагааны зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, яамны дотоод ажил хэргийг эрхлэх, зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, яамны гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах, яамны мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, санг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.
Энэ нэгжийн чиг үүрэгт яамны болон аппаратын албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, дотоод сургалт, сурталчилгааны төлөвлөлтийг боловсруулах, зохицуулах, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах, тайлагнах, тушаалын төсөлд эрх зүйн хяналт тавих, яамны үйл ажиллагаанд удирдлагын арга барил, арга зүйг нэвтрүүлэх, удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хүний нөөцийг чадавхижуулах, албан хаагчдын ажлаа тайлагнах, үүргээ биелүүлэх хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх, ажиллагсдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сүлжээг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх ажил, үйлчилгээ хамарна. Мөн аппаратад дотоод үйлчилгээг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах, байгууллагын соёл, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, ажиллах нөхцөлийг хангах асуудлыг эрхэлнэ. Гэрээгээр зарим үйлчилгээг гүйцэтгүүлэх үндсэн дээр байгууллагын болон ажилтнуудын ажиллах хэвийн, таатай орчинг бүрдүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад хэрэглэгч байна. Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Монгол Улс дахь суурин төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллага, төслийн нэгжүүд байна.
3.3.6. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гарган гүйцэтгэлийг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, үндэсний хэмжээний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх, байгууллагын боловсруулсан төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилттэй холбоотой дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагыг мэдээллээр хангах, төсвийн хуулийн дагуу дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим мэдээллийн сан бүрдүүлж хэрэглэгчдийг мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Энэ нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх бүх албан тушаалтныг статистик мэдээ, мэдээллээр хангах, хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын үр дүнг үндэслэн дүгнэлт, зөвлөмжийг цаг тухайд нь гаргах замаар хэрэгжинэ. Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны үр дүн, гарц, бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлд бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх бөгөөд ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн ахиц дэвшил, үр өгөөжийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яамны ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын нэгж, Үндэсний статистикийн хороо, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
-оОо-
Текст томруулах
A
A
A