A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 63 дугаар
                                                                   тогтоолын 15 дугаар хавсралт

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Эрчим хүчний яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Эрчим хүчний сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохион байгуулж, зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх асуудлыг хамарсан Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг боловсруулахдаа Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Эрчим хүчний яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэс болгов.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Yндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Эрчим хүчний тухай хууль;
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, хөтөлбөр боловсруулах ажилд оролцооны аргыг ашиглав. Мөн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, сургамжийг харгалзав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь эрчим хүчний талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, үнэлж дүгнэх үүрэг, хариуцлага хүлээж Эрчим хүчний сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь эрхэлсэн салбарын бодлого, төлөвлөлт, зохицуулалт, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн болон хөрөнгө оруулалтын зарцуулалтын үр дүн, салбарын үйлдвэрлэлийн харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, салбарыг зөв зохистой удирдлага, зохицуулалтаар хангана. Яам нь өөрийн чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Эрчим хүчний яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

Эрчим хүчний яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

 

 

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Эрчим хүчний сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, бүс нутгийн шугам сүлжээ байгуулах;

2.2.2. эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;

2.2.3. сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;

2.2.4. бүс нутгийн түлш, эрчим хүчний хангамжийг сайжруулах;

2.2.5. эрчим хүчний нүүрсний болон шинэ, хийн түлшний технологийг хөгжүүлэх, инновацийг дэмжин хөгжүүлэх;

2.2.6. салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;

2.2.7. салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх;

2.2.8. эрчим хүч, түлшний салбарт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Эрчим хүчний яамны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцөлийг хангахад оршино.

2.4. Yйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. салбарын хууль тогтоомж, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

         2.4.2. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;

         2.4.3. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, аргачилсан арга зүй, зөвлөлгөөгөөр хангах;

2.4.4. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангуулах;

2.4.5. салбарын бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, статистик мэдээлэл гаргах, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах.

2.5. Yйл ажиллагааны гол зорилт

Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. эрчим хүчний талаархи хууль тогтоомж, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2. сэргээгдэх эрчим хүчний талаархи хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.3. түлш (эрчим хүчний нүүрс)-ний талаархи хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.4. эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.5. эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийг боловсруулах;

2.5.1.6. хууль тогтоомжийн болон шийдвэрийн төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах,  зохицуулах, тайлагнах;

2.5.2.2. улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг  хангуулах, хяналт тавих;

2.5.2.3. гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх.

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. төрийн захиргааны удирдлагын болон салбарын хүний нөөцийн удирдлагын манлайллыг сайжруулах, аппаратад дотоод дэмжлэг үзүүлж удирдлага, ажиллагсдын ажиллах хэвийн нөхцөлийг хангах;

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4.2. эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, барилга, байгууламжийн найдвартай ажиллагааг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4.3. дулааны эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ, барилга, байгууламжийн найдвартай ажиллагааг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4.4. эрчим хүчний барилга байгууламжийн аюулгүй байдал, хэвийн, найдвартай ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4.5. сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангуулах;

2.5.4.6. түлшний (эрчим хүчний нүүрс) хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах болон түлш олборлолт, ашиглалтын техник, технологийн найдвартай ажиллагааг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах.

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1. салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, холбогдох хуулийн дагуу дотоодын хяналт, шалгалт, дотоод аудит хийж дүгнэлт, зөвлөмж гаргах;

2.5.5.2. мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

2.6. Yйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.7. Yйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

Эрчим хүчний яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратеги загвар

 



Гурав. Эрчим хүчний яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Yйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загвартай байна:


Эрчим хүчний яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

 

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

3.3.1. стратегийн төлөвлөлт, бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд эрчим хүчний талаархи хууль тогтоомж, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, сэргээгдэх эрчим хүчний талаархи хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, түлш (эрчим хүчний нүүрс)-ний талаархи хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийг боловсруулах, хууль тогтоомжийн болон шийдвэрийн төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж ажиллана. 

Энэ нэгжийн чиг үүрэгт салбарыг хөгжүүлэх талаархи хөгжлийн бодлого, стратеги, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах системийг боловсронгуй болгох, сэргээгдэх болон бусад эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, салбарын стандарт, техник технологи, эдийн засгийн норм нормативыг боловсруулж батлуулах ажлыг бодлогын удирдамжаар хангах, бүс нутгийн түлш, эрчим хүчний хангамжийг сайжруулах, нүүрсний гүн боловсруулалт болон түлшний шинэ технологи нэвтрүүлэх, салбарт хэрэгжиж буй гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, Засгийн газар, эрхэлсэн сайдаас гаргах бүх шийдвэр, бодлогын хувилбар, зөвлөмж, тэдгээрт өгөх үнэлэлт, дүгнэлт зэрэг асуудал хамрагдана.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эрчим хүчний сайдад салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим), иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.

3.3.2. санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний  үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн үүрэг хүлээж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах,  зохицуулах, тайлагнах, улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг эдийн засаг, санхүүгийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, тус салбарт хөрөнгө оруулах, зээл, тусламж авахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим), иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох яам, нутгийн захиргааны байгууллага, олон улсын банк, санхүүгийн байгууллага байна.

3.3.3. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд  төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, аргачилсан арга зүй, зөвлөлгөөгөөр хангах үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны удирдлагын болон салбарын хүний нөөцийн удирдлагын манлайллыг сайжруулах, аппаратад дотоод дэмжлэг үзүүлж удирдлага, ажиллагсдын ажиллах хэвийн нөхцөлийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж яамны үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг зохион байгуулах ажлыг хариуцан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон албан хэрэг хөтлөх, яамны үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах, өргөдөл гомдол бүртгэх, зохицуулах, аливаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж баталгаажуулах замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ нэгж цомхон чадварлаг албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, чадавхийг сайжруулах, ажлын үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх, тэднийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэ нэгж салбарын хүний нөөцийн хөгжил, инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын сургалт, давтан сургалт, мэргэшил, ур  чадварыг хөгжүүлэх асуудлыг мөн хариуцна.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх замаар хэрэгжинэ.

  Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, сургалтын болон төрийн бус байгууллага байна.

3.3.4. бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд  салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангуулах үндсэн үүрэг хүлээж, эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах, дулааны эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ, барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах, эрчим хүчний барилга байгууламжийн аюулгүй байдал, хэвийн, найдвартай ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангуулах, түлшний (эрчим хүчний нүүрс) хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах болон түлш олборлолт, ашиглалтын техник, технологийн найдвартай ажиллагааг хангуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд эрчим хүчний нэгж, сэргээгдэх эрчим хүчний нэгж, түлшний (эрчим хүчний нүүрс) нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах, биелэлтийг нэгтгэн үнэлж дүгнэх, тайлагнах, улмаар бодлогын хэрэгжилтийг зохицуулах талаар шийдвэр гаргах механизмд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтийн чиглэлээрх Засгийн газар, эрхэлсэн сайдаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх, салбарын цаг үеийн ажил, өвлийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг салбарын бодлогын хэрэгжилтийн мэдээлэл, шийдвэр гаргах механизмд энэ чиглэлийн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон эрчим хүч, түлшний чиглэлийн холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, онцгой байдал болон мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллага байна.

3.3.5. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний  үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд салбарын бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, статистик мэдээлэл гаргах, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, холбогдох хуулийн дагуу дотоодын хяналт, шалгалт, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж, гаргах, мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь сайд, төрийн нарийн бичгийн даргыг эрчим хүчний салбарын үнэн зөв мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөөгөөр хангаж, бодлогыг боловсронгуй болгохтой холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлж, хэрэглэгчийг шуурхай үйлчилгээ, мэдээллээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад сонирхогч тал байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад байгууллага байна.

-оОо-