- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2016-10-11-ний өдрийн 119-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2012 оны 64 дүгээр
тогтоолын хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
/ЗГ-ын 2016-10-11-ний өдрийн 119-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашид “Хэрэг эрхлэх газар” гэх)-ын үйл ажиллагааны стратеги, бүтцийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хэрэг эрхлэх газрын тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилтыг тодорхойлох, зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тогтооход оршино.
1.2. Үндэслэл
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2012 оны 20 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэл болгов.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад төрийн захиргааны шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, байгууллагын өөрчлөлт, дахин инженерчлэлийн арга зүй, олон улсын жишиг, Хэрэг эрхлэх газар, яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, сургамжид тулгуурлав.
1.5. Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллага мөн бөгөөд Засгийн газрын удирдлагын зөвлөх, шинэчлэлийн бодлогын хөтөчийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалт, хууль тогтоомж, бодлого, төсвийн тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газрын түвшинд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус газрын ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтын
хэрэгцээний эх үүсвэр
Хэрэг эрхлэх газрын үндсэн үйлчлүүлэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүд байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтыг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын стратеги, тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх ажлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Хэрэг эрхлэх газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. Засгийн газрын дотоод, гадаад бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын танхимд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.2.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, бодлого, шийдвэрийг боловсруулан гаргахад Монгол Улсын Ерөнхий сайд, Танхимын үйл ажиллагаанд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
2.2.3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний шинэчлэлийн бодлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, төрийн албаны хүний нөөцийг давтан сургах асуудал, Засгийн газрын шийдвэрийн биелэлт, Засгийн газрын дотоод мэдээлэл, Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал, орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах ажилд арга зүйн зөвлөлгөө, бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.2.4. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт, шалгалт хийх, мэдээлэх, үр дүнгийн үнэлгээг зохион байгуулах;
2.2.5. төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг Засгийн газрын бодлого, нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулах, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авах, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдалд хяналт, шалгалт хийж, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;
2.2.6. Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн урсгалыг түргэтгэх, Засгийн газар-хувийн хэвшил, Засгийн газар-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхэм зорилго нь мэргэшлийн өндөр түвшний, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр Ерөнхий сайд, Танхимыг шуурхай хангах, Засгийн газрын тасралтгүй, хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчин бүрдүүлэхэд оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Хэрэг эрхлэх газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. Засгийн газрын бодлого, шийдвэрийг боловсруулах, хуралдаанд бэлтгэх болон яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, энэ чиглэлээр цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.4.2. хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг зохицуулах, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, агуулгыг найруулах, энэ чиглэлээр удирдлагыг арга зүй, мэдээлэл, үйлчилгээгээр хангах;
2.4.3. Ерөнхий сайд, Танхим, бүх шатны Хурал, Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөлгөө, дэмжлэгээр шуурхай хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
2.4.4. танхимын хуралдааны зохион байгуулалт, хүний нөөцийн болон захиргааны удирдлагын манлайллыг хангах, төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагчид санхүүгийн үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.4.5. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт, шалгалт, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үр дүнд өгөх үнэлгээний үр ашгийг дээшлүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах;
2.4.6. төрийн мэдээллийн сүлжээг хөгжүүлэх зохион байгуулалт, мэргэшил-арга зүйн удирдлагаар хангах;
2.4.7. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, олон нийттэй харилцах;
2.4.8. Засгийн газраас явуулах шинэчлэлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, удирдлагын дэмжлэг үзүүлэх;
2.4.9. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах;
2.4.10. Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдад бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. эдийн засгийн хөгжил, санхүү, төсөв, банк, мөнгө, гадаад харилцаа, иргэний нийгмийн бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтад зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.1.2. батлан хамгаалах, байгаль орчин, ногоон хөгжил, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох, мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбоо, цөмийн энерги, тодорхой салбарын мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө, оюуны өмч, худалдан авах ажиллагаа, стандартчилал, хэмжил зүйн талаархи бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.1.3. эрүүл мэнд, хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлалын талаархи бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.1.4. барилга, хот байгуулалт, зам, тээвэр, уул уурхай, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний талаархи бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөлгөө,дэмжлэг үзүүлэх.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр боловсруулах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
2.5.2.2. Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад дэмжлэг үзүүлэх;
2.5.2.3. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөлгөө болон бусад дэмжлэгээр хангах;
2.5.2.4. төр, засгийн байгууллагыг хууль тогтоомж, бусад мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, зөвлөлгөө, үйлчилгээгээр хангах.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. орон нутгийн хөгжлийн бодлого, нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.3.2. нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэшил-арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.3.3. аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангахад зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.3.4. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. танхимын хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, шийдвэрийг байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах;
2.5.4.2. хүний нөөцийн манлайллыг хангах, нийтлэг үйлчилгээ, Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагаанд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.4.3. Засгийн газарт орж, гарах бичиг хэргийг эрхлэх, бичиг баримтыг олшруулан тараах ажиллагааг зохион байгуулах, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг эрхлэн явуулах;
2.5.4.4. төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн хүрээний төсвийг төлөвлөх, зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэн явуулах;
2.5.5.5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт, шалгалтыг эрхлэн зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж, бүх талын дэмжлэгээр хангах;
2.5.5.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж, мэргэшил-арга зүйгээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэх;
2.5.5.3. яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх;
2.5.5.4. төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх.
2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. төрийн мэдээллийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, байгууллагуудын вебсайт хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэшил-арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.6.2. албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын онлайн системийг боловсруулах, нэвтрүүлэх;
2.5.6.3. Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын интранет, вебсайт болон компьютерийн дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах.
2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1. Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, эрхлэх;
2.5.7.2. гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах;
2.5.7.3. олон нийттэй нээлттэй харилцах, түүний дотор гадаадад байгаа иргэдтэй харилцах ажлыг эрхлэх, Засгийн газарт иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх.
2.5.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад шинэчлэлийн бодлогын талаар гадаадын туршлага судлах, судалгаа, шинжилгээ хийж өгөх, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад туслах үйлчилгээ үзүүлэх;
2.5.8.2. шинэчлэлийн бодлогын асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
2.5.9. Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.9.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах;
2.5.9.2. төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах.
2.5.10. Үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд:
2.5.10.1. Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөлгөө өгөх, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах;
2.5.10.2. Шадар сайдад бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.7. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загвар
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загварыг дараахь байдлаар тодорхойлж байна:
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загвар
Гурав. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримталав:
3.1.1. Хэрэг эрхлэх газрын стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн газрын үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).
3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх).
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал газрын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх).
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (газрын тэргүүн дэд даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх).
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх).
3.1.6. улс төрөөс ангид байх зарчим (Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх).
3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус газрын үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны ерөнхий загвар
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна:
3.3.1. бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын бодлого, шийдвэрийг боловсруулах, хуралдаанд бэлтгэх болон яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, энэ чиглэлээр цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, эдийн засгийн хөгжил, санхүү, төсөв, банк, мөнгө, гадаад харилцаа, иргэний нийгмийн бодлого, төлөвлөлт, удирдлага, батлан хамгаалах, байгаль орчин, ногоон хөгжил, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох, мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбоо, цөмийн энерги, тодорхой салбарын мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө, оюуны өмч, худалдан авах ажиллагаа, стандартчилал, хэмжил зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, зам, тээвэр, уул уурхай, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний талаархи бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, яам, яамдын хооронд, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь бүх яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
3.3.2. хууль, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг зохицуулах, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, агуулгыг найруулах, энэ чиглэлээр удирдлага, ажилтнуудыг арга зүй, мэдээлэл, үйлчилгээгээр хангах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр боловсруулах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл зөрчлийг арилгах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөлгөө болон бусад дэмжлэгээр хангах, төр, засгийн байгууллагыг хууль тогтоомж, бусад мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, зөвлөлгөө, үйлчилгээгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бүрт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санал бэлтгэх, хууль тогтоомжийн төслийг найруулах, Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, төслийг хянаж найруулах, Улсын Их Хурлын Тамгын газартай харилцах, энэ чиглэлээр зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд Засгийн газрын шийдвэр, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Хууль зүйн яам, Сангийн яам, Улсын Их Хурлын Тамгын газар, бусад яамд, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь бүх яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
3.3.3. орон нутгийн удирдлага, хөгжлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайд, Танхим, бүх шатны Хурал, Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөлгөө, дэмжлэгээр шуурхай хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, орон нутгийн хөгжлийн бодлого, нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэшил-арга зүйн зөвлөлгөө өгөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад орон нутгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, түүний Тамгын газар, бүх яамд байна.
3.3.4. зохион байгуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд танхимын хуралдааны зохион байгуулалт, хүний нөөцийн болон захиргааны удирдлагын манлайллыг хангах, төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагчид санхүүгийн үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, танхимын хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, шийдвэрийг байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах, хүний нөөцийн манлайллыг хангах, нийтлэг үйлчилгээ, Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагаанд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, Засгийн газарт орж, гарах бичиг хэргийг эрхлэх, бичиг баримтыг олшруулан тараах ажиллагааг зохион байгуулах, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг эрхлэн явуулах, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн хүрээний төсвийг төлөвлөх, зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэн явуулах, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хуралдааны техник, зохион байгуулалтыг хангах, хүний нөөц, нийтлэг үйлчилгээ, захиргааны дотоод ажлын чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тэргүүн дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажиллагсад байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын гишүүд, яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Удирдлагын академи, “Төр, засгийн газрын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
3.3.5. хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт, шалгалт, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үр дүнд өгөх үнэлгээний үр ашгийг дээшлүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт, шалгалтыг эрхлэн зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж, бүх талын дэмжлэгээр хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж, мэргэшил-арга зүйгээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэх, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний төсвийн зарцуулалтад дотоод аудит хийж, эдгээр чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, яамдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгжүүд байна.
3.3.6. мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд төрийн мэдээллийн сүлжээг хөгжүүлэх зохион байгуулалт, мэргэшил-арга зүйн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, төрийн мэдээллийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, байгууллагуудын вебсайт хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэшил-арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын онлайн системийг боловсруулах, нэвтрүүлэх, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын интранет, вебсайт болон компьютерийн дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн сүлжээ, вебсайт, интранетын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Мэдээллиийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, “Төр, засгийн газрын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.
3.3.7. хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, олон нийттэй харилцах үндсэн үүрэг хүлээж, Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, эрхлэх, гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах, олон нийттэй нээлттэй харилцах, түүний дотор гадаадад байгаа иргэдтэй харилцах ажлыг эрхлэх, Засгийн газарт иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллага, хүссэн хэрэглэгч байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь хэвлэл, мэдээллийн байгууллага, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсын сайд нарын хэвлэлийн төлөөлөгчид байна. Энэ нэгж нь үйл ажиллагааны үр дүн, иргэдийн санал хүсэлтийг нэгтгэн шинжилж, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, улмаар Засгийн газрын гишүүдэд заавал танилцуулах үүрэгтэй.
3.3.8. шинэтгэлийн бодлогын зөвлөлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд Засгийн газраас явуулах шинэчлэлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, удирдлагын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад шинэчлэлийн бодлогын талаар гадаадын туршлага судлах, судалгаа, шинжилгээ хийж өгөх, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад туслах үйлчилгээ үзүүлэх, шинэчлэлийн бодлогын асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд дарга байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь шинэчлэлийн бодлогын ажлын хэсгүүд, холбогдох байгууллага, төслийн нэгжүүд байна.
3.3.9. төрийн ёслолын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн есдүгээр зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах үндсэн үүрэг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах, төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яам, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, төрийн ёслолын үйл ажиллагаатай холбоотой байгууллага, аж ахуйн нэгж байна.
3.3.10. Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайдад зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн аравдугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн бүх талын бодлогын зөвлөлгөө өгч, шуурхай үйлчилгээ, дэмжлэгээр хангах үүрэг, чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөлгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.
Ерөнхий сайдын ажлын албаны үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь түүний эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, холбогдох яам, байгууллага, түүний удирдлага байна.
Шадар сайдын ажлын алба нь түүнд бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үүрэгтэй. Шадар сайдын ажлын албаны үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь түүний эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, бусад холбогдох байгууллага, түүний удирдлага, нэгжийн удирдлага байна.
- о О о –
Текст томруулах
A
A
A