A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСАД СУУГАА ГАДААД УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БУЮУ КОНСУЛЫН ГАЗАР, НҮБ, ТҮҮНИЙ ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ АЖИЛЛАХ ГАДААДЫН ИРГЭНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 97
дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСАД СУУГАА ГАДААД УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БУЮУ КОНСУЛЫН ГАЗАР,
НҮБ, ТҮҮНИЙ ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ АЖИЛЛАХ ГАДААДЫН
ИРГЭНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.1-д заасан Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг (цаашид “гадаадын иргэн” гэх) бүртгэх, бүртгэлээс хасах, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгох, хугацааг нь сунгах, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино. 

1.2. Энэ журмыг хэрэгжүүлэхдээ Гадаадын иргэний эрх зүйн  байдлын тухай хууль, Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенц, Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенц, Засгийн газрын 2010 оны 340 дүгээр тогтоолоор баталсан Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

1.3. Энэхүү журмыг хэрэгжүүлэхдээ тухайн гадаад улстай хэрэгжүүлж байгаа хоёр талын харилцаан дахь харилцан адил байх зарчмыг баримтална.

1.4. Засгийн газрын 2010 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 13.6.1 болон энэ журмын 2.1-д заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнд Монгол Улсад оршин суух А-1 үнэмлэх олгоно.

1.5. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчийн газар (цаашид “төлөөлөгчийн газар” гэх)-т ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг бүртгэх, оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгох үйл ажиллагааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дипломат ёслолын асуудал эрхэлсэн нэгж гүйцэтгэнэ.

1.6. Гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газар (цаашид “төлөөлөгчийн газар” гэх)-т ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг бүртгэх, оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгох үйл ажиллагааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл, гадаад сурталчилгааны асуудал эрхэлсэн нэгж гүйцэтгэнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Энэ журам нь дор дурдсан гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүнд  үйлчилнэ:

а. Элчин сайд, түр хамаарагч;
б. Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын суурин төлөөлөгч;
в. Элчин сайдын яамны дипломат ажилтан;
г.  Консул;
д. Консулын газрын ажилтан;
е. Элчин сайдын яамны захиргаа-техникийн болон үйлчилгээний ажилтан;
ё. Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн
газрын ажилтан;
ж. Гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгч; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
ж. Хувийн үйлчилгээний ажилтан; (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 64 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.2. Гэр бүлийн гишүүнд албан ёсоор гэрлэсэн эхнэр буюу нөхөр, 24 хүртэлх насны, гэрлээгүй, эцэг эхтэйгээ хамт амьдардаг, төрүүлсэн болон албан ёсоор үрчилж авсан хүүхэд, өөрийн эцэг, эх болон эхнэрийн (нөхрийн) эцэг, эх хамаарна.

Гурав. Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох

3.1. Энэ журмын 2.1-д заасан гадаадын иргэнийг томилогч улс, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын гишүүдийг томилсон ноот, хүсэлтийг урьдчилан хүлээн авсан тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрлийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тухайн гадаад улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хүргүүлнэ.

3.2. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар энэ журмын 3.1-д дурдсан визийг олгохдоо тухайн улсынгадаад харилцааны яам болон олон улсын байгууллагын ноот бичиг, албан захидлыг үндэслэн олгоно.

3.3. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, оршин суух зөвшөөрөл, үнэмлэх авсан энэхүү журамд хамаарах гадаадын иргэнд Монгол Улсад зорчих олон удаагийн визийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж олгоно. Олон удаагийн визийн хүчинтэй байх хугацаа нь оршин суух зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно.

Дөрөв. Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгох

4.1. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнийг ажлын 10 хоногт багтаан бүртгэж,  Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгоно.

4.2. Төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн нь анх хүрэлцэн ирээд энэ тухайгаа төлөөлөгчийн газрынхаа ноот, албан бичгээр гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

4.3. Төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн нь Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, оршин суух зөвшөөрөл, үнэмлэх хүснэ.

4.4. Төлөөлөгчийн газар  нь орон тоо нэмэгдэж байгаа тухайгаа гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

4.5. Төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн бүртгүүлж, оршин суух зөвшөөрөл, үнэмлэх хүсэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад өгнө:

-Ноот, албан захидал зэрэг бичиг баримт
-Паспортын эх хувь
-Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл хүссэн анкет
-3 см х 4 см хэмжээтэй шаардлага хангасан хоёр хувь фото зураг.

4.6. Дипломат болон консулын ажилтан нь гадаад улсын иргэнийг хувийн үйлчлэгчээр ажиллуулах тохиолдолд түүнийг бүртгүүлж, оршин суух зөвшөөрөл, үнэмлэх хүсэхдээ энэхүү журмын 4.5-д заасан баримт, бичгээс гадна түүнийг бүрэн хариуцах тухай батламж гаргана. Батламжийг төлөөлөгчийн газрын тэргүүн баталгаажуулна.

4.7. Төлөөлөгчийн газарт ажиллах гадаад улсын иргэнд дараахь төрлийн үнэмлэх олгоно:

4.7.1. Дипломат үнэмлэх. Дипломат үнэмлэхийг дор дурдсан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнд олгоно:

а. Элчин сайд, түр хамаарагч;
б. Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын суурин төлөөлөгч;
в. Элчин сайдын яамны дипломат ажилтан.

4.7.2. Албан үнэмлэх. Албан үнэмлэхийг дор дурдсан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнд олгоно:

а. Консул;
б. Консулын газрын ажилтан;
в. Элчин сайдын яамны захиргаа-техникийн болон үйлчилгээний ажилтан;
г. Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан;
д. Гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгч;(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
д. Хувийн үйлчилгээний ажилтан. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 64 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4.8. Төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэний гэр бүлийн гишүүн тус бүрт үнэмлэх олгох бөгөөд үнэмлэх нь ижил төрлийнх байна.

4.9. Төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гадаадын иргэн хүүхэд төрүүлсэн, хууль ёсоор үрчилж авсан бол энэ тухайгаа гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэн түүнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, үнэмлэх авна.

4.10. Төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнд олгох Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, үнэмлэхийг хүсэлт тавьсан ноот, албан захидалд заасан хугацаагаар олгоно. Зөвшөөрөл, үнэмлэхийг анх удаа олгож байгаа бол түүний хүчинтэй хугацаа нь 3 хүртэл жил байна.

4.11. Төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний оршин суух зөвшөөрлийг түүний паспорт дээр хийнэ. НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг НҮБ-ын лэссэ-пассэ дээр тэмдэглэнэ.

4.12. Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, үнэмлэхийг монгол, англи хэл дээр үйлдэх бөгөөд гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан тэмдэг дарна.

4.13. Энэ журамд заасан бүртгэл хийх, оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгоход ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй.

Тав. Зөвшөөрөл, үнэмлэхийн  хүчинтэй  байх  хугацааг сунгах,
         дахин олгох, бүртгэлээс хасах, хүчингүй болгох

5.1. Төлөөлөгчийн газрын албан ёсны хүсэлтийг үндэслэн төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний оршин суух зөвшөөрөл, үнэмлэхийн хүчинтэй байх хугацааг сунгана. Оршин суух зөвшөөрөл, үнэмлэхийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг төлөөлөгчийн газар хугацаа дуусахаас нэг сарын өмнө гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина.

5.2. Төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гадаадын иргэний албан тушаал өөрчлөгдсөн бол тухайн гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний оршин суух үнэмлэхийг дахин олгоно.

5.3. Төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн шинэ паспорт авсан тохиолдолд оршин суух зөвшөөрлийг нь шинэ паспорт дээр шилжүүлэн тэмдэглэн өгч болно. Энэ тохиолдолд хуучин паспорт дээр байгаа өмнөх зөвшөөрлийг хүчингүй болгоно.

5.4. Зөвшөөрөл, үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд төлөөлөгчийн газрын албан ёсны хүсэлт, цагдаагийн газрын тодорхойлолтыг үндэслэн зөвшөөрөл, үнэмлэхийг дахин олгоно.

5.5. Үнэмлэх дахин олгохдоо тухайн гадаадын иргэний оршин суух үнэмлэхийн дугаарыг өөрчлөхгүй.

5.6. Төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гадаадын иргэн дор дурдсан тохиолдолд бүртгэлээс хасуулж, оршин суух зөвшөөрөл, үнэмлэхийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хураалгана:

-төлөөлөгчийн газарт ажиллаж байсан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн бүрмөсөн буцсан;

-төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний Монгол Улсад оршин  суух эрх зүйн байдал өөрчлөгдсөн;

-төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гадаадын иргэний хүүхэд гэр бүл болсон, 24 нас хүрсэн бол.

5.7. Эрх бүхийн байгууллагаас хүсэлт гаргасан тохиолдолд гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төлөөлөгчийн газарт ажиллаж байсан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй байсан тухай тодорхойлолт гаргаж  өгч болно.

5.8. Төлөөлөгчийн газарт ажиллаж байсан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн бүртгэлээс хасуулж, оршин суух зөвшөөрөл, үнэмлэхээ гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад зохих ёсоор хураалгаагүй бол түүний оронд ажиллахаар ирэх гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг бүртгэж, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгохгүй.

 

-------оОо-------