A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2012 оны
57 дугаар тогтоолын хавсралт

 

 

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР
2013 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

      Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөл болсон макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөнгөний бодлогыг чиглүүлнэ.

 


      1.Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:

      1.1.Мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцийг тогтвортой нам түвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах бодлого баримтална. Үүний үр дүнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2013 оны эцэст 8 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, улмаар 2014-2015 онд инфляцийг 5-7 хувийн түвшинд байлгах нөхцөл бүрдүүлнэ.

      1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтална.

      1.3.Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг хангах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын үндсэн зорилтын хэрэгжилтийг олон нийтэд тогтмол тайлагнах замаар Төв банкны хариуцлагыг сайжруулна.

 


      2.Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:

      2.1.Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлнэ.

      2.2.Олон улсад мөрдөгдөж байгаа хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсронгуй болгоно.

      2.3.Зээлийн үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, улмаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн эрх зүйн орчныг шинэчилнэ.

 


      3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:

      3.1.Төрөөс мөнгөн хадгаламжид гаргах баталгааг хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжүүлснээр төрд учрах эрсдэлийг бууруулж, банкны салбарын санхүүгийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлнэ.

      3.2.Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2013-2015 онд эрчимжүүлэх ажлын хүрээнд бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлж, боловсронгуй болгоно.

      3.3.Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлэх олон улсын жишигт суурилсан аргачлалыг нэвтрүүлж эхэлнэ. Банк, санхүүгийн үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй болгох, иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллана.

      3.4.Үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, тэдгээрийг хөрөнгөөр баталгаажсан, Засгийн газрын болон орон нутгийн үнэт цаасны зах зээлд оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

      3.5.Алт цэвэршүүлэлтэд олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллана.