A

A

A

Бүлэг: 1979

     Засгийн газрын 2005 оны 44 дүгээр
     тогтоолын 1 дүгээр хавсралт

“НОГООН ХЭРЭМ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Монгол орны ойн сан, цөлжилт, элсний нүүдэл, шар шороон шуурганы өнөөгийн байдал

Манай орны ойн сан 18.3 сая га бөгөөд ой модоор бүрхэгдсэн талбай нь 12.9 сая га буюу нутаг дэвсгэрийн 8.2 хувь, үүнээс шилмүүст, навчит ойн талбай нь 10.5 сая буюу 6.7 хувь байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр ойн нөөцөөр хомс орны тоонд багтдаг.

1940-2002 онд 45.0 сая шоометр орчим модыг 320 гаруй мянган га газраас бэлтгэж ашигласнаас гадна жилд дунджаар түймэрт 392.5 мянган га, хөнөөлт шавьж, өвчинд 101.1 мянган га ой тус тус өртсөн байна. Зөвхөн 1996-1997 онд 5.0 сая га талбай ой түймэрт өртсөний дотор 500 гаруй мянган га талбайн ой сэргэн ургах чадваргүй болжээ.

Ази тивийн төв хэсэгт оршдог, далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай, далайн түвшнээс дунджаар 1580 м дээш өргөгдсөн онцлогтой Монгол орны нутаг дэвсгэрийн 42.5 хувийг говь, цөлийн бүс эзэлж байна.

Монгол орон газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадаргын хэв шинж, экологийн тогтолцооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн эмзэг, чийг дутмаг, хуурай бүс нутагт багтдагийн улмаас ган цөлжилтөд байнга нэрвэгдсээр ирсэн билээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр дулаарчээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд 1 удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилд 1 удаа тохиолддог бөгөөд тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин нэмэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжилтийн үйл явц эрчимжиж мөнх цас хайлах, нуур, гол, горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц муудах, хөрс, ус давсжих, элэгдэл, эвдрэлд орох, үржил шимээ алдах, элсний нүүлт, хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдэх зэргээр илэрч байна.

Байгалийн хүчин зүйлээс гадна хүний олон талт сөрөг үйл ажиллагаа цөлжилтийг хурдасгахад ихээхэн нөлөөлж байна.


Сүүлийн 10 жилийн хугацаанд цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн байна.

Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0 мянган га газрын заг бүрэн устжээ.

2. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, бодит шаардлага

“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр боловсруулах болсон шаардлага, бодит үндэслэлийг дараахь байдлаар тодорхойлж байна:

 
а/нийт газар нутгийн 70 орчим хувь нь цөлжилт, элсний нүүлтэд хамрагдаж, говь, хээрийн бүсийн ногоон байгууламжийн хэмжээ, тархац хумигдан экологийн тэнцвэр алдагдаж, улс орны цаашдын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх болсон, эдгээр хүчин зүйлтэй тэмцэх талаар багагүй арга хэмжээ авч буй хэдий ч дорвитой үр дүнд хараахан хүрэхгүй байна;

б/дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал, хүмүүсийн амьжиргаанд үзүүлэх таагүй нөлөөлөл мэдэгдэхүйц нэмэгдэж, элсний нүүлт, шар шороон шуурга, цөлжилтийн үйл явц асар их эрч хүчтэй болж байгаа өнөө үед түүнтэй тэмцэхэд төрийн бодлогыг эрчимжүүлэх  зайлшгүй шаардлага тулгарч байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

1. Хөтөлбөрийн зорилго

Уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалж ойн сан хомсдох, цөлжилт, элсний нүүлт, шар шороон шуурга улам эрчимжиж байгаа экологийн өнөөгийн сөрөг нөлөөллийг багасгаж, цөлжилт, элсний нүүлтийг сааруулах  ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгоход байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн цогц  бодлого, арга хэмжээг бүс нутгийн онцлогт тохируулан урт хугацааны турш үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол орны говь, хээрийн бүсийн заагийг бүрэн хамарсан ногоон зурвас, ногоон төгөл байгуулахад  энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2. Хөтөлбөрийн үндсэн зорилт

Хөтөлбөрийн үндсэн зорилтыг дараахь байдлаар тодорхойлж байна:
 
а/говь, цөлийн бүсийн модлог, сөөглөг, өвслөг ургамлын бүрдэл, тархац, биомасс, усан хангамж, хөрсний бүтэц, уур амьсгалын холбогдолтой экосистемийн иж бүрэн судалгаа зохион явуулж хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний шинжлэх ухааны үндэслэл боловсруулах;

б/говь, хээрийн бүсийн заагт элсний нүүлт, цөлжилтийг сааруулах зорилгоор мод, бут, сөөг, ургамлын бүрхэвч бүхий үндсэн "Ногоон хэрэм” буюу  “Экотрасс”, туслах ногоон зурвас байгуулах;

в/говь, хээр, цөлийн бүсэд ойн нөөц, бэлчээр, тариалангийн талбай, авто болон төмөр замын хамгаалах  ногоон зурвас байгуулах үйл ажиллагааг өргөжүүлэх;

г/цөлжилт, элсний нүүлт, шар шороон шуургыг сааруулахад  бүх нийтийн оролцоог хангах;
.
д/ой, ургамлыг нөхөн сэргээх;

е/үндэсний болон орон нутгийн түвшинд “Ногоон хэрэм” байгуулах талаар эрх зүй, зохион байгуулалтын орчныг бүрдүүлэх.

3. Хэрэгжүүлэх үе шат

“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх хугацааг дараахь гурван үе шаттай байхаар тодорхойлж байна:

I ҮЕ ШАТ /2005-2015 он/-нд хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалт, үндэсний чадавхийг бүрдүүлсний үндсэн дээр нийт ажлын 20-иос доошгүй хувийг гүйцэтгэж, хэрэгжүүлэх арга, технологийг эзэмшинэ;

П ҮЕ ШАТ /2015-2025 он/-нд эхний үе шатны үйл ажиллагааны явц, байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үндэсний чадавхийг бэхжүүлсний үндсэн дээр нийт ажлын 30-аас доошгүй хувийг гүйцэтгэж, үр дүнг сайжруулна;

Ш ҮЕ ШАТ /2025-2035 он хүртэл/-нд хөтөлбөрийн экологи, нийгэм, эдийн засгийн үр дүнг дээшлүүлж, цөлжилт, элсний нүүлтийн сөрөг нөлөөллийг бууруулах арга механизмыг бүрэн ашигласны үндсэн дээр нийт ажлын 50-иас доошгүй хувийг гүйцэтгэнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат бүрт хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, хүрэх үр дүн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоог олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлан сурталчлах, сургалт зохион байгуулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь тэргүүн зэргийн асуудал байна.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчим

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

а/хөтөлбөр нь ойг нөхөн сэргээх эрх зүй, нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны удирдлагын тогтолцоонд уялдан зохицож, цөлжилтийн эрч, элсний нүүлтийг сааруулах ажлыг экологийн хувьд тогтвортой, эдийн засгийн хувьд ашигтай байх зарчмыг баримтлах, төвлөрлийг сааруулах, говь, хээрийн бүс нутгийн хөгжлийг дэмжих, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх;

б/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг өргөнөөр оролцуулах нөхцөлийг бүрдүүлж, тэдний хувь нэмрийг хөхиүлэн дэмжих хөшүүрэг бий болгох.


Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна:

1 дүгээр зорилтын хүрээнд:

Хөтөлбөр хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах үйл ажиллагааны хүрээнд:

а/говь, цөл, хээрийн бүсийн экосистемийн талаархи эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж мод үржүүлгийн газар  байгуулах;

б/агаар, сансрын гэрэл зураг, газрын судалгааны аргаар экосистемийн иж бүрэн онцлогийг тогтоох явуулын ба суурин судалгаа зохион байгуулж хөрс, ургамал, усны нөөцийг тогтоон экотрассын ногоон байгууламжийн эхний газар, талбайг сонгох;

в/говь, цөл, хээрийн бүсийн модлог, бутлаг ургамлын тарьц, суулгацыг биотехнологийн аргаар үржүүлж ашиглах судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх.

2 дугаар зорилтын хүрээнд:

Үндсэн “Ногоон хэрэм” буюу “Экотрасс”, туслах ногоон зурвас байгуулахад дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

Монгол орны говь, хээрийн бүсийн заагт баруунаас өмнөд зүгийг холбосон элсний нүүлт, цөлжилтөөс хамгаалах ногоон зурвас үндсэн “Ногоон хэрэм” буюу “Экотрасс”-ын зурвасын өргөн нь 600 метрээс доошгүй, урт нь 2500 км-ээс дээш, талбайгаараа 150.0 мян.га–гаас их байх ба байршлын хувьд говь, цөл, тал хээрийн бүсэд орших Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим нутгийг хамруулсан байна (Хөтөлбөрийн 1 дүгээр хавсралт). 

Монгол орны говийн болон хээрийн бүсэд босоо тэнхлэгийн баруунаас зүүн өмнөд зүгийг чиглэсэн элсний нүүлт, цөлжилтөөс хамгаалах туслах ногоон зурвасны өргөн нь 430 метрээс доошгүй, урт нь 1200 км-ээс дээш, талбайгаараа              50.0 мян.га–гаас их байхаар байгуулах бөгөөд байршлын хувьд говь, цөл, тал хээрийн бүсэд орших Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Төв, Дорноговь аймгуудын болон Улаанбаатар хотын зарим нутгийг хамруулсан байна.

3 дугаар зорилтын хүрээнд:

Хөтөлбөрт тусгагдсан хамгаалалтын ногоон зурвас байгуулах үйл ажиллагааны хүрээнд:

а/говь, цөл, хээрийн бүсэд заг болон бусад навчит ойн нөөц, бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах ногоон зурвас байгуулах үйл ажиллагааг өргөжүүлэх;

б/“Ногоон хэрэм” байгуулах бүс дэх олон улс, улсын чанартай авто ба төмөр замын хоёр талаар хамгаалалтын ногоон зурвас байгуулах. 

4 дүгээр зорилтын хүрээнд:

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх нийтийн оролцоог хангах чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:

а/мод, сөөг, олон наст ургамал тарьж ургуулах талаар төв, орон нутгийн холбогдох байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх;

б/”Ногоон хэрэм” байгуулах талаар сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;

в/бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, хувийн сектор, иргэдийн оролцоог дээшлүүлэх;

г/цөлжилтөд нэрвэгдсэн нутгийн хүн амын нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд хөтөлбөрийн үйл ажиллагаагаар дамжуулан дэмжлэг үзүүлэх;

д/олон нийтийг татан оролцуулах эдийн засгийн урамшууллын оновчтой механизмыг судалж нэвтрүүлэх.

5 дугаар зорилтын хүрээнд:

Хөтөлбөрийг дэмжих хүрээнд ойг нөхөн сэргээх практик арга хэмжээг хэрэгжүүлэх:

а/говь, цөлийн бүсийн доройтсон экосистемийн байршил нутгийг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад авах;

б/цөлжсөн нутагт мод, сөөг тарих, говь, цөлийн бүсэд шинээр мод үржүүлгийн газар, талбай байгуулах замаар говь, хээрийн бүсэд ойжуулах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх;

в/мод, шургаагаар малын хашаа, хороо барих ажлыг үе шаттайгаар халж ширэг, чулуу, шавар зэрэг байгалийн түгээмэл тархацтай материалаар орлуулах буюу харгана зэрэг мод, сөөг тарьж ургуулах замаар хаалт, нөмөр хашаа хийх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

г/”Ногоон хэрэм”-ийн дагуу тодорхой зайд түүний арчилгаа, хамгаалалтын нэгж байгуулж ажиллуулах.

6 дугаар зорилтын хүрээнд:

“Ногоон хэрэм” байгуулах эрх зүй, зохион байгуулалтын орчныг бүрдүүлэхэд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

а/хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгох;

б/иргэдэд тодорхой хэсэг газарт ногоон зурвас байгуулахад зориулж хөнгөлөлттэй зээл олгох, ойжуулсан талбайн ургалтын байдлын үр дүнгээр ойн санд шилжүүлэх, уг талбайг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх зүйн орчныг үе шаттай бий болгох;

в/хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын болон орон нутгийн  удирдлагын чадавхи, зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг бий  болгох.

Тав. Хөтөлбөрийн удирдлага,зохион байгуулалт, санхүүжилт

1. Удирдлага, зохион байгуулалт

а/хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах үүргийг Удирдах зөвлөл хэрэгжүүлэх бөгөөд бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, багийн  түвшинд тухайн шатны салбар зөвлөлүүд тус тус хариуцна;

б/хөтөлбөрийн Удирдах зөвлөлийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахлаж, гишүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд урьд өмнө ажиллаж байсан иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, салбар зөвлөлийг тухайн шатны Засаг дарга ахлаж, гишүүдэд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл тус тус орсон байна. Хөтөлбөрийн удирдах зөвлөл нь ажлын албатай байж болно; /Энэ заалтын 2 дахь өгүүлбэрийг ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд  тооцсон. Мөн ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор өөрчлөлт орсон/

в/хөтөлбөрийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт, шинжилгээ хийх үйл ажиллагааг хариуцдаг төв, орон нутгийн хяналтын зөвлөл ажиллана;

г/хөтөлбөрийн хяналтын зөвлөлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга ахалж, бүрэлдэхүүнд нь Байгаль орчны сайдын албан тушаалд урьд өмнө ажиллаж байсан иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна. Орон нутгийн хяналтын зөвлөлд тухайн шатны төр, засгийн байгууллагад удирдах албанд ажиллаж байсан иргэд, байгаль орчны албаны удирдлага, байгаль орчны байцаагч болон орон нутгийн иргэдийн үүсгэл санаачилгын ба аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл тус тус орсон байна. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Хөтөлбөрийн санхүүжилт

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

а/улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

б/хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, техникийн болон буцалтгүй тусламж, хандивын хөрөнгө;

в/байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгө;

г/иргэдийн хандивын хөрөнгө;

д/байгаль хамгаалах сангийн хөрөнгө; 

е/бусад.

Хөтөлбөрийн санхүүжилтийг оновчтой болгох үүднээс түүнийг хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив болон бусад эх үүсвэрээр хуримтлагдсан хөрөнгөөр “Ногоон хэрэм” сан байгуулж болно (“Ногоон хэрэм” хөтөлбөрийн нийт зардлын хэрэгцээ, үүнээс эхний үе шатны зардлын хэмжээг санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр хөтөлбөрийн 2 дугаар хавсралтад үзүүлэв).

Зургаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам, хамтын ажиллагаа

1. Хэрэгжүүлэх арга зам

а/хөтөлбөрийн үе шат бүрээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын шийдвэрээр  батлуулж, жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган зохион байгуулна;

б/говь, хээр, цөлийн бүсэд мод, сөөг, ургамал тарих, хамгаалалтын зурвас байгуулах загварын үндсэн дээр нутгийн иргэд, сум, аймаг болон аж ахуйн нэгж, байгууллага тус бүр тухайн газар орчны өвөрмөц байдалд тохирсон төсөл, арга хэмжээний саналыг боловсруулж, холбогдох журмаар шалгаруулан хэрэгжүүлнэ (“Ногоон хэрэм” үндсэн болон туслах зурвасны бүдүүвч зургийг хөтөлбөрийн 3, 4 дүгээр хавсралтуудад үзүүлэв);

в/орон нутгийн хөрс, усны онцлогт тохирсон мод үржүүлгийн газруудыг байгуулж үр, мөчир, тарьц8 суулгац бэлтгэхээс гадна одоо үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн газруудыг бэхжүүлэх замаар болон гадаад орнуудаас худалдаж авах замаар тарьц, суулгацын материалаар хангана. Үүнд: улиас, бургас, хайлаас, заг, чацаргана, харгана, жигд, тоорой, сухай болон олон наст ургамал орно;

г/”Ногоон хэрэм”-ийн байршилд ойр сум, аймаг, орон нутгийн хөдөлмөр эрхлээгүй ард иргэд, оюутан сурагчид, малчдыг татан оролцуулж мэргэжлийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг түшиглэх замаар хэрэгжүүлнэ;
д/хөтөлбөрийн хүрээнд ойжуулсан талбай, ойн зурвасыг иргэд, аж ахуйн нэгжид урт хугацаагаар гэрээгээр эзэмшүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх арга замаар хэрэгжүүлнэ;

е/говь, хээрийн бүсийн ойжуулалт, мод үржүүлгийн ажлын тарьц ургуулах агротехник, техник, технологийг боловсронгуй болгож, энгийн, бага оврын техник, хэрэгслээр хангана;

ж/гадаад орнуудад хөтөлбөрийг сурталчилж, олон улсын тусламж, дэмжлэгийг авах ажлыг өрнүүлнэ.

2. Хамтын ажиллагаа

а/гадаад орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах, хамтран хэрэгжүүлэх төслийн баримт бичигт ногоон зурвас байгуулах, говь, хээрийг ойжуулах талаар тусган хэрэгжүүлнэ.

б/НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Цөлжилттэй тэмцэх НYБ-ын Конвенцийн гишүүн орнууд, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд, шар шороон шуурганы талаар Азийн бүсийн төвтэй харилцан хамтран ажиллах боломжийг ашиглана.

Долоо. Гарах үр дүн, түүнийг тайлагнах

1. Гарах үр дүн

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол орны ойн талбай 1.6 хувиар нэмэгдэж, говь, хээрийн бүсийн экосистемд эерэг өөрчлөлтүүд гарна. Цөлжилт, элсний нүүлтийн эрч саарч, бэлчээрийн даац нэмэгдэж, бүс нутаг, улс орон, олон улсын хэмжээнд шороон шуурганы сөрөг үр дагавар буурна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүсэд улирлын чанартай 20.0 мянга орчим хүний шинэ ажлын байр бий болж, өрхийн орлого нэмэгдэн ядуурлын түвшин буурна.

Мод, сөөгний үр, жимс, жимсгэнэ, мөчир, тарьц, суулгацыг ашиглах замаар орлогын шинэ эх үүсвэр бий болж, нутгийн иргэд түүний үр шимийг хүртэх тогтвортой хөгжлийн хүчин зүйл бий болно. Говь, хээрийн бүсийн заган ойн нөөц хамгаалагдаж, навчит ойн талбай нэмэгдэж, байгаль, цаг уурын тохиромжтой нөхцөл бий болж, экологийн тэнцвэртэй байдал хадгалагдана.  “Ногоон хэрэм” хөтөлбөр хэрэгжсэнээр говь, хээрийн бүсийн таримал ой, ойн зурвасын эрх зүйн орчин боловсронгуй болно. Говь, хээрийн бүсийн онцлогт тохирсон суулгац, үр, тарьцын нөөцтэй болно.

2. Хөтөлбөрийн үр дүнг тайлагнах

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хянах, дүгнэх тусгай шалгуур үзүүлэлтүүдийн дагуу 2 жилд нэг удаа тайлан гаргаж Засгийн газарт танилцуулж байхыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

 

---оОо---