- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ҮНЭ БҮРДЛИЙН ҮНДСЭН ДҮРЭМ /БНбД 81-94-12/
БАРИЛГЫН ҮНЭ БҮРДЛИЙН ҮНДСЭН ДҮРЭМ
/БНбД 81-94-12/
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү дүрэм нь Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр барилга барих, ашиглагдаж байгаа үйлдвэрийн газар, барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, шинэ техникээр дахин тоноглох, их засвар, туршилт тохируулгын ажил гүйцэтгэхэд барилгын өртгийг тодорхойлох, түүнчлэн хөрөнгө оруулалтын бүх үе шатанд /зураг төслийн өмнөх, зураг төслийн, гүйцэтгэлийн/ барилгын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлоход зориулагдсан.
1.2.Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, Монгол Улсыг хөгжүүлэх сан, түүнтэй адилтгах төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжигдэх барилга байгууламж барьж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэр, харъяалал харгалзахгүйгээр энэ дүрмийг мөрдөнө.
1.3.Энэхүү дүрмийн зорилго нь барилгын үнэ бүрдэл, төсвийн норм, дүрэм, зааврын бүтцийг тогтоож, тэдгээрийг боловсруулах, шинэчлэх, батлах, хэрэглэхэд тавигдах шаардлага, баримтлах зарчмыг тодорхойлоход оршино.
ХОЁР. БАРИЛГЫН ҮНЭ БҮРДЛИЙН ТОГТОЛЦОО
2.1.Барилгын үнэ бүрдэл, төсвийн нормын тогтолцоо нь барилгын үнэ төсөвт өртгийг тодорхойлоход шаардлагатай төсвийн норм, норматив, жишиг үнэ, тариф, үнэлгээ, индекс, төсөвтэй холбогдох бусад баримт бичгүүдийг /цаашид төсвийн норматив гэх/ өөртөө агуулна.
2.2.“Төсвийн норматив” гэдэг ньтусгай эмхтгэлд нэгтгэсэн төсвийн иж бүрэн норм, үнэлгээ, жишиг үнэ, тарифын бүрдэл юм. Төсвийн нормативууд нь өөртөө зайлшгүй тавигдах шаардлагуудыг агуулсан дүрэм, заавар, аргачлал, журмуудын хамтаар барилгын төсөвт өртгийг тодорхойлох үндэс болно.
2.3.Барилга, угсралт, засвар, бусад төрөлжсөн ажлын нэгж хэмжигдэхүүнд тогтоогдсон нөөцийн биет хэмжээг /ажилчдын хөдөлмөр зарцуулалт, машины ажиллах хугацаа, материал, хийц, эдэлхүүний хэрэгцээ/ төсвийн норм гэж нэрлэнэ. Төсвийн норм нь тухайн төрлийн ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай, хүрэлцэхүйц доод хэмжээний нормативт /хөдөлмөр, материал, машин механизмын/ нөөцийн хэмжээг тогтоох, түүнийг үндэслэн барилга байгууламжийн өртгийг тодорхойлоход зориулагдана.
2.4.Барилгын ажлыг технологийн дагуу гүйцэтгэхэд хэрэгцээтэй бүх төрлийн нөөцийн хүрэлцэхүйц доод хэмжээг үндэслэн төсвийн нормативыг боловсруулдаг тул түүнийг багасгах, бууруулах чиглэлээр тохируулга хийхгүй.
2.5.Төсвийн норм, жишиг үнэлгээг/цаашид төсвийн норм, үнэлгээ гэх/ гадны хүчин зүйлсийн нөлөөлөлгүй, хэвийн нөхцөлд тухайн ажлыг гүйцэтгэхээр боловсруулна. Хэрэв онцгой нөхцөлд /давчуу, битүү, газрын дор, хэт өндөр, ажиллаж байгаа тоног төхөөрөмжид ойр гэх мэт/ ажил гүйцэтгэвэл төсвийн норм, үнэлгээнд тохируулах илтгэлцүүр хэрэглэх бөгөөд түүний хэмжээ, ашиглах нөхцөлийг төсвийн нормын холбогдох эмхтгэлийн ерөнхий /техникийн/ хэсэгт тодорхойлно.
Барилгын үнэ бүрдэл, төсвийн норм боловсруулахад баримтлах
зарчим
2.6.1.Шинжлэх ухаан, техник, технологийн ололт, судалгаа шинжилгээ, туршилтын арга зүйд тулгуурлан төсвийн норм, нормативыг боловсруулах, боловсронгуй болгох.
2.6.2.Монгол Улсын хууль, тогтоомжинд нийцсэн байх.
2.6.3.Үндэсний норм батлагдах хүртэл хугацаанд олон улсад нийтлэг ашигладаг суурь нормыг хязгаарлагдмал хүрээнд түр хэрэглэх.
2.6.4.Гэрээ, хэлцлийн үнийн чөлөөт байдлыг хязгаарлахгүй байх.
2.6.5.Төсвийн норм, дүрмийн заавал мөрдөх шаардлага нь улс, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулагчдыг хохироохгүй, барилгын гүйцэтгэгч байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахуйц байх.
2.6.6.Төсвийн норм, нормативыг батлахдаа энэ дүрмийн үзэл баримтлал, үндсэн зарчмуудыг баримтлах.
Барилгын үнэ бүрдэл, төсвийн норм боловсруулах,
хэрэглэхэд тавигдах шаардлага
2.7.1.Байгалийн баялаг, материал, түүхий эд, түлш эрчим хүч, хөдөлмөрийн нөөцийг зүй зохистой, хэмнэлттэй ашиглахын хамт хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагыг хангах.
2.7.2.Төсвийн норм, нормативын баримт бичгийг шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн ололт, гадаад, дотоодын тэргүүний туршлагад тулгуурлаж, өөрийн орны үндэсний стандарт, олон улсын болон өндөр хөгжилтэй орнуудын стандартыг үндэслэн боловсруулах.
2.7.3.Төсвийн норм, нормативын баримт бичгийг зураг төсөл, барилга угсралтын ажлын технологи, норм нормативаар мэргэшсэн зөвлөх инженер, эдийн засагч, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дадлага туршлагатай судлаачид хамтран боловсруулах.
2.7.4.Ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсэн, дэвшилтэт техник технологи хэрэглэсэн, барилга барих хугацааг хорогдуулснаас олох зардлын хэмнэлтэд тулгуурлан тендерийн үнийн санал, барилга байгууламжийн төсөвт өртгийг тодорхойлдог байх.
2.7.5.Захиалагч байгууллага нь материал, хийц, эдлэлийн чанарт хяналт тавихдаа материалын зардал, шууд зардлын зохистой харьцааг барьж буй эсэхийг харгалзан үздэг байх.
Төсвийн нормативын баримт бичгийн ангилал
2.8.Төсвийн норм, нормативын баримт бичгийг хэрэглэх байдлаар нь нийтээр дагаж мөрдөх улсын чанартай баримт бичиг, тодорхой нэг байгууллага, салбарт хэрэглэх салбарын болон үйлдвэр-байгууллагын баримт бичиг гэж ангилна.
2.8.1.Улсын чанартай баримт бичигт дараах норм, дүрмүүд хамаарна. Үүнд:
а/ Барилгын норм ба дүрэм
- Төсвийн суурь норм - БНбД
- Төсвийн салбарын норм - БНбД
б/ Барилгын дүрэм /БД/
- Төсөв зохиоход холбогдолтой барилгын дүрэм - БД
- Төсвийн томсгосон норм, үнэлгээ - БД
- Нэгж хүч чадлын төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ- БД
в/ Удирдлагын чанартай баримт бичиг
- Төсөв зохиоход холбогдолтой удирдлагын чанартай баримт бичиг - УББ
2.8.2.Төсвийн салбарын нормативт тухайн салбарын барилга байгууламж барихад хэрэглэгдэх төсвийн төрөлжсөн нормативууд хамаарна.
2.8.3.Үйлдвэр-байгууллагын баримт бичигт тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн норм стандарт хамаарна. Үүнд:
а/ Байгууллагын норм стандарт
- Байгууллагын норм - БН
- Байгууллагын стандарт -БСТ
2.9.Тодорхой нэг байгууллагын төрөлжилт, үйл ажиллагааны онцлог, бодит нөхцөлийг тусгасан төсвийн норм нь байгууллагын төсвийн нормативт хамаарна.
2.10.1.Хэрвээ барилгын зураг төсөлд тусгагдсан технологиор тухайн ажлыг гүйцэтгэх төсвийн норм байхгүй бол тухайлсан ажлын төсвийн нормыг зураг төслийн ажлын бүрэлдэхүүнд боловсруулж, захиалагч /хөрөнгө оруулагч/ байгууллагаар батлуулж мөрдөнө.
2.10.2.Тухайлсан ажлын төсвийн нормыг уг ажлыг гүйцэтгэх онцлог нөхцөл, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тусган боловсруулна.
2.11.Улс, орон нутгийн төсөв, түүнтэй адилтгах хөрөнгөөр санхүүжих барилгын төсөвт өртгийг тодорхойлоход байгууллагын болон тухайлсан ажлын төсвийн нормыг хэрэглэхээр бол барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /агентлаг/-тай зөвшилцөж хэрэглэнэ.
Барилгын үнэ бүрдэл, төсвийн нормативын баримт бичгийн
бүтэц
2.12.Барилгын үнэ бүрдэл, төсвийн нормын тогтолцоонд Засгийн газрын 2009 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо”-ны “Эдийн засгийн норматив баримт бичиг” гэсэн 8 дугаар бүлгийн нормативууд хамаарагдана. Эдгээр нормативууд нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
а/Дүрэм, журам, заавар
- Барилгын бүтээц, ажлын төрлөөр төсвийн суурь норм, түүний хавсралтуудыг боловсруулах, хэрэглэх дүрэм;
- Төсвийн томсгосон норм, үнэлгээг боловсруулах дүрэм;
- Барилгын машин механизм ашиглалтын 1 машин цаг, тээврийн хэрэгслийн 1тн/км-ийн болон барилгын материал, эдлэл, бүтээцийн үнэ тодорхойлох дүрэм, аргачлал, заавар;
- Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар;
- Барилгын төсөв зохиох дүрэм;
- Тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн норм боловсруулах аргачилсан заавар;
- Барилгын зураг төсөл, хайгуулын зураглал, инженерийн тооцооны болон төсвийн программ хэрэглэх журам;
- Барилгын ажлын үнийн индекс тооцох дүрэм;
- Байгалийн хүчин зүйлсийн илтгэлцүүр хэрэглэх дүрэм;
- Тээврийн зайн илтгэлцүүр хэрэглэх дүрэм;
- Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын төсөвт өртөг тооцох журам;
- Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээхэрэглэх дүрэм;
- Тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын төсвийг нөөцийн аргаар зохиох аргачилсан зөвлөмж;
- Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм боловсруулах дүрэм.
б/ Төсвийн суурь нормууд
- Барилгын бүтээц, ажлын төрлөөрх төсвийн суурь нормууд /барилга, сантехник, цахилгаан, холбоо/;
- Тоног төхөөрөмжийн угсралт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын төсвийн суурь норм;
- Барилга засварын ажлын төсвийн ажлын суурь норм;
- Цахилгаан техникийн тоноглол, хэрэгслэл, хэмжин шалгах багаж, дулааны эрчим хүчний тоног төхөөрөмж, ус хангамж ариутгах татуургын байгууламжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын төсвийн норм;
- Түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах ажлын төсвийн суурь норм;
- Усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ажлын төсвийн жишиг норм;
- Барилгын материал,бүтээц, эдлэлийг талбайд зөөх, ачиж буулгах ажлын норм;
- Аэродромын барилгын төсвийн жишиг норм;
- Усны цооног өрөмдөх ажлын төсвийн суурь норм,
- Уулын нэвтрэлт, хөрс хуулах ажлын төсвийн суурь норм;
- Нефтийн бүтээгдэхүүн хадгалах сав, тоног төхөөрөмж угсралтын ажлын төсвийн суурь норм;
- Уст цэгийн засвар, шинэчлэлтийн ажлын төсвийн суурь норм;
- Усны тоног төхөөрөмжийн угсралтын төсвийн жишиг норм.
в/ Төсвийн томсгосон норм, үнэлгээ
- Төсвийн томсгосон норм /барилга, сантехник, цахилгаан/;
- Төсвийн томсгосон үнэлгээ /барилга, сантехник, цахилгаан/;
- Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ;
- Барилгын төсвийн томсгосон норм, жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм.
г/ Норматив, илтгэлцүүр
- Нэмэгдэл зардлын норматив;
- Багаж, хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын зардлын норматив;
- Түр барилга байгууламжийн зардлын норматив;
- Барилгын хог зайлуулах ажлын зардлын норматив;
- Хүйтний улиралд барилга угсралтын ажил гүйцэтгэх үеийн нэмэлт зардлын жишиг норм;
- Барилгын материалын хаягдал, хорогдлын норм, түүнийг тогтоох аргачлал;
- Засварлах илтгэлцүүрүүд /байгалийн хүчин зүйлс, тээврийн зай, барилгын хэмжээ, чанар, нэмэлт тоноглол хийгдэх эсэхээс хамаарсан/;
- Төсөвт ашгийн норматив;
- Захиалагчийн хяналтын зардлын норматив;
- Барилгын зөвлөх үйлчилгээний зардлын норматив;
- Даатгалын норматив;
- Зохиогчийн хяналтын зардлын норматив;
- Нормчлолын сангийн зардлын шимтгэлийн норматив.
д/ Жишиг үнэ, тариф, татвар хураамж, индекс
- Барилгын материал, бүтээц, эдлэлийн жишиг үнийн лавлах, түүнийг хэрэглэх заавар;
- Барилгын төсөвт тусгах барилгын ажилчдын цагийн жишиг тарифт цалин;
- Машин механизмын машин-цагийн жишиг үнэ;
- Барилга угсралтын ажлын үнийн өөрчлөлтийн индекс;
- Барилгын инженер хайгуулын ажлын жишиг үнэ;
- Барилгын технологийн тээврийн автомашины цагийн болон 1тн/км-ийн жишиг үнийн тариф;
- Барилгын зураг төслийн ажлын жишиг үнэ;
- Усны хайгуулын ажлын жишиг үнэ;
- Усны барилга байгууламжийн зураг төслийн ажлын жишиг үнэ;
- Геодези зураг зүйн ажлын жишиг үнэ;
- Нэмэгдсэн өртгийн албан татвар;
- Тусгай зөвшөөрлийн хураамж;
- Зураг төсөлд магадлал хийсний хураамж.
Эдийн засгийн норматив баримт бичгийн бүрдэлийг энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтад үзүүлэв.
2.13.Төсвийн суурь норм нь барилга угсралт, барилга засвар, тоног төхөөрөмж угсралт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын төсөвт өртгийг тодорхойлох, тэдгээрийг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай материал, машин механизм, хөдөлмөрийн нөөцийн хэрэгцээ, бүрэлдэхүүнийг тодорхойлоход зориулагдана.
2.14.Төсвийн суурь нормын эмхтгэлүүдийг томсгосон, салбарын, тухайлсан ажлын төсвийн норм, үнэлгээ боловсруулах суурь материал болгон ашиглана.
2.15.Төсвийн суурь нормыг үндэслэж тодорхойлсон материал, машин механизм, хөдөлмөрийн нөөцийн үзүүлэлтүүдийг барилгын зохион байгуулалтын төсөл /БЗБТ/, барилгын ажил гүйцэтгэх төсөл /БАГТ/ боловсруулах, ажил үргэлжлэх хугацааг тодорхойлох, технологийн баримт бичиг зохиох, бусад шинжилгээ судалгааны зориулалтаар ашиглана.
2.16.Төсвийн суурь нормыг чанарын өндөр шаардлага тавигдах, барилгын тусгай төрлийн ажилд хэрэглэхгүй. Тийм төрлийн ажлуудад тухайлсан ажлын төсвийн норм боловсруулах буюу ажил гүйцэтгэх онцлог, нөхцөл, чанарын шаардлагыг тусгасан тохируулах илтгэлцүүр тогтоож төсвийн суурь нормд хэрэглэнэ.
2.17.Яам, тусгай газар, бусад салбаруудын тусгай зориулалтын технологийн тоног төхөөрөмжийн хувьд тоног төхөөрөмж угсралт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын тухайн салбарын төсвийн нормыг хэрэглэнэ.
2.18.Тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын төсвийн нормд дараах үзүүлэлтийг тусгана. Үүнд:
- Тохируулга, зүгшрүүлэлтийн ажил гүйцэтгэх хэсгийн /бригад/ бүрэлдэхүүн, тэдгээрийн тоо, мэргэжил, зэргийн тухай мэдээлэл /ИТА ба ажилчдын мэргэжил, тоо, зэрэг/;
- Хэсгийн /бригад/ бүрэлдэхүүний нийт хөдөлмөр зарцуулалт, хүн.цагаар.
2.19.Тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын төсвийн нормд нөөцийн дараах үзүүлэлтийг тусгахгүй:
- Тохируулга, зүгшрүүлэлтийн ажил гүйцэтгэх үед хэрэглэсэн түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, материалын нөөцийн зарцуулалт /түүний дотор эрчим хүчний зарцуулалт/;
- Тоног төхөөрөмжийг иж бүрнээр турших, ажиллуулахад оролцсон ашиглалтын ажилтнуудын хөдөлмөр зарцуулалт;
- Тохируулгын техник хэрэгслэл, түүний дотор хэмжин-шалгах багаж хэрэгслэлүүд.
Дээрх зардлуудыг зураг төслийн өгөгдлийг үндэслэн тодорхойлно.
2.20.Барилга байгууламжийн зураг төслийн өмнөх шатны төслийн төлөвлөлтийн тооцоо нь хөрөнгө оруулалтыг урьдчилан төлөвлөх, төсөл арга хэмжээ боловсруулах, зураг төслийн судалгаа, эскизийн шатанд хэрэглэгдэнэ.
2.21. Урьдчилсан төсвийн тооцоог төсвийн дараах томсгосон норматив үзүүлэлтийг ашиглаж хийнэ. Үүнд:
2.21.1.Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын төсөвт өртөг. Энэ нь орон сууц, олон нийт, иргэн, үйлдвэрийн барилгын нэгж талбайн /1м2/, нэгж эзэлхүүний /1м3/,эрчим хүч, холбоо, автозам, гүүр, цэвэр, бохир ус, инженерийн шугам сүлжээний нэгж уртын /1метр, 100м/ төсөвт өртгийн хэмжээг төсвийн суурь норм, тухайн оны үнэ, тарифыг үндэслэн боловсруулна.
2.21.2.Адилтгах объектын /орлуулах/ өртгийн үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг барихаар төлөвлөж буй барилга байгууламжтай ижил төсөөтэй объектуудыг өмнөх жилүүдэд барьсан гүйцэтгэлийн өртгийг үндэслэн судалгаагаар тогтооно.
Адилтгах объектын өртгийн үзүүлэлтүүдийг ашиглан өртгийг үнэн зөв тооцох зорилгоор барилга байгууламжийн байршил, үнэ ханшны өөрчлөлт, бодит нөхцөл байдлыг тооцон дараах залруулгыг хийж болно. Үүнд:
- Адилтгах объектын барилгын ажлыг дууссанаас хойш шинэ объектын зураг төсөл боловсруулж, барилгын ажлыг эхлүүлэх хүртэлх хугацаанд гарсан техникийн дэвшил, нийгэм эдийн засгийн хөгжлийн өөрчлөлт;
- Барилга байгууламжийн зургийн техникийн шийдлийг гаргахад нөлөөлөх байгаль, газар зүй, инженер-геологийн хүндрэлтэй /стандарт бус/ нөхцөл;
- Барилгын ажилчдын жишиг тарифт цалингийн өсөлт;
- Материал, бүтээц, эдлэхүүний үнийн өөрчлөлт;
- Машин механизмын машин цагийн үнийн өөрчлөлт;
- Архитектур - төлөвлөлтийн болон хийцлэл, бүтээцийн шийдлийн ялгаа;
- Бусад хүчин зүйлсүүд.
2.21.3.Төсвийн үнийн томсгосон норматив үзүүлэлтүүдэд дараах зүйлс орно:
- Барилгын бүтээцийн төрлөөрх иж бүрдэл ажлын үнийн норматив(Assemblies Estimating);
- Ажлын төрлөөрх нэгж бүтээгдэхүүний үнийн норматив (Unit price) хамаарна.
2.24.Төсвийн нормыг суурь норм, томсгосон норм гэж ангилна.
2.25.Томсгосон норм, үнэлгээг хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоо хийх, харьцуулсан судалгаа тайлан гаргах, зардлын аргаар барилга байгууламжийг үнэлэхэд хэрэглэнэ.
ГУРАВ. ТӨСВИЙН НОРМ, НОРМАТИВУУД,ТҮҮНИЙГ
БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
3.1. Төсвийн суурь норм
3.1.1.Төсвийн суурь нормыг /цаашид төсвийн норм гэх/ барилгын үйлдвэрлэлийн хэвийн нөхцөлд улсын дундаж түвшингээр зохиох ба боловсруулсан норм нь Монгол Улсын стандарт MNS 1-1-99, MNS 1-2-99,MNS 1-3-99-ийн шаардлагыг хангасан байна.
3.1.2.Төсвийн нормд барилгын үйлдвэрлэлийн хэвийн бус нөхцөлийг хэрхэн тооцох аргачлалыг тухайн нормын техникийн хэсэгт тусгана.
3.1.3.Төсвийн нормыг доорхи дарааллаар боловсруулна. Үүнд:
- Техникийн даалгавар боловсруулж, нормын бүтэц, нэр төрлийг гаргах;
- Нормативын бааз, тулгуурлах үндэслэлийг судалж, бүрдүүлэх;
- Барилгын ажил гүйцэтгэх, бүтээцийг угсрах технологийн карт зохиох;
- Төсвийн нормын хэмжих нэгжийг тогтоож, түүнд зарцуулах нөөцийн нормуудыг тогтоох, шаардлагатай бол шинээр боловсруулах;
- Төсвийн нормын хэмжих нэгжид тохируулж үйлдвэрлэлийн зардлын калькуляци зохиох;
- Төсвийн суурь норм, түүний лавлахыг боловсруулах;
- Төсвийн суурь нормын бүлэг, дэд бүлэг, удиртгал болон техникийн
хэсэг, хэрэглэх онцлог нөхцөл, тайлбарыг боловсруулах.
3.1.4.Төсвийн норм боловсруулах нормативийн баазад Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм ба дүрэм, заавар, журам, тэдгээрийн нэмэлт өөрчлөлт, хавсралтууд, хөдөлмөр зарцуулалт, материал зарцуулалт, машин механизм ашиглалтын нормууд, барилгын ажил гүйцэтгэх техникийн нөхцөл, барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл зэрэг баримт бичиг, түүнчлэн төлөөлөл болгон сонгож авсан зураг төсөл, ажлын альбом, катологи багтана. Зах зээлийн орнуудад мөрдөж буй төсвийн нормыг боловсруулсан тооцоо, судалгааны материалыг тулгуурлах үндэслэл болгон ашиглаж болно.
3.1.5.Төсвийн нормыг боловсруулахад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрмүүдийг ашиглана. Үүнд:
- Барилга, сантехник, цахилгааны угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм, түүний нэмэлт, өөрчлөлтүүд;
- Хөрс хуулалт, уулын малталт, тээвэр, холбоо зэрэг төрөлжсөн барилгын ажлыг гүйцэтгэх хөдөлмөр зарцуулалтын норм;
- Нормыг боловсруулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа материал зарцуулалтын үйлдвэрлэлийн орцын норм, түүний нэмэлтүүд;
- Төрөлжсөн барилгын ажлын материал зарцуулалтын үйлдвэрлэлийн орцын норм;
- Барилгын машин, механизмын ашиглалтын үйлдвэрлэлийн нормыг төсвийн нормд шилжүүлэх итгэлцүүр;
- Барилгын материал, эдлэлийн хаягдал, хорогдлын норматив;
- Хэв хашмалын эргэлтийн норм;
- Барилгын материал, эдлэл, бүтээцийн талбайн зөөвөр тээвэр, ачих буулгах ажлын норм.
3.1.6.Бүтээцийг угсрах, барилгын ажлыг гүйцэтгэх төсвийн норм бүрд технологийн карт боловсруулна. Технологийн картанд тухайн ажлыг гүйцэтгэх, бүтээцийг угсрах бүх ажилбаруудыг технологийн завсарлагатай нягт уялдуулан сонгон жагсааж, түүнд хэрэглэх материал, хийц, эдлэл, машин механизмын нэр, тэдгээрийн товч тодорхойлолтууд, төсвийн нормын хэмжих нэгж, ажлын тоо хэмжээг тодорхойлох томъёо, тооцооны өгөгдлүүдийг зааж бичнэ.
3.1.7.Технологийн картын үндсэн дээр төсвийн нормын хэмжих нэгжээр үйлдвэрлэлийн зардлын калькуляци зохиож, хөдөлмөр зарцуулалт, машины ажиллах цагийн тоо, барилгын материал, эдлэл, бүтээцийн орцны тоо хэмжээ, талбайн зөөвөр тээврийн хөдөлмөр зарцуулалт, машин цагийн тоог тус тус тооцож гаргана.
3.1.8.Төсвийн суурь нормын үндсэн үзүүлэлт нь: Ажлын дундаж зэрэг, түүний хөдөлмөр зарцуулалт байна. Талбайн зөөвөр, ачиж буулгах ажлын зэргийг 2 дугаар зэргээр тооцно.
3.1.9.Калькуляцид барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормоор тооцсон үндсэн ажилбаруудын нийт хөдөлмөр зарцуулалтыг 3 хувиар өсгөж, нөөцтэй тооцно.
3.1.10.Калькуляцид барилгын машин механизмын ажиллах цагийн тоог барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг нормоор төсвийн нормын хэмжих нэгжид тохируулж тооцно.
3.1.11.Барилгын машин механизмийн үйлдвэрлэлийн нормыг төсвийн нормонд шилжүүлэх илтгэлцүүрээр калькуляцад орсон машинуудын ажиллах цагийг өсгөнө.
3.1.12.Төсвийн нормын хэмжих нэгж дэх барилгын материал эдлэл бүтээцийн хэрэгцээг материал зарцуулалтын үйлдвэрлэлийн орцын норм буюу технологийн карт, ажлын зургийг үндэслэж бодогдсон хэмжээгээр авч төсвийн нормын хэмжих нэгжид тохируулан тооцно.
3.1.13.Барилгын материалыг хадгалах, объектын дэргэдэх агуулахаас ажлын бүс хүртэл зөөх, ачиж буулгах, ажлын байранд түүнд боловсруулалт хийх, эмхэлж цэгцлэн хураахтай холбогдон зайлшгүй гаргадаг, практикт арилгаж болдоггүй хаягдал хорогдлын хэмжээг нормд зааснаар тооцож өгнө.
3.1.14.Төсвийн суурь нормд заслалын шат, хэв хашмал, бэхэлгээ, бусад түр байгууламж зэрэг эргэлттэйгээр хэрэглэгддэг материал, төхөөрөмжийн зарцуулалтын нормыг тэдгээрийн эргэлтийн тоог харгалзсан илтгэлцүүрийн тусламжтайгаар тооцно.
3.1.15.Төсвийн суурь нормын эмхтгэл нь шифр, техникийн хэсэг,бүлэг, төсвийн суурь нормын хүснэгт, хавсралт лавлахтай байна.
3.1.16.Техникийн хэсэгт төсвийн нормын эмхтгэлүүдийг хэрхэн хэрэглэх заавар, ажил гүйцэтгэх нөхцөлийг харгалзан төсвийн нормд илтгэлцүүр хэрэглэх журам, түүнчлэн ажлын тоо хэмжээг хэрхэн тодорхойлох талаар заана.
3.1.17.Төсвийн суурь нормын хүснэгт нь дараах үзүүлэлтүүдийг агуулсан байна. Үүнд:
- Ажлын нэр, түүний хэмжих нэгж;
- Үндсэн ажлын дундаж зэрэг, талбайн зөөвөр, материалыг ачиж буулгах ажлын зэрэг;
- Ажлын дундаж зэргийн хөдөлмөр зарцуулалт, талбайн зөөвөр, материалыг ачиж буулгах ажлын хөдөлмөр зарцуулалт, хүн.цагаар.
3.1.18.Төсвийн суурь норм 3 хавсралт лавлахтай байх бөгөөд түүнд дараах үзүүлэлтүүд тусгагдана:
- Ажлын бүтэц, хөдөлмөр зарцуулалтын лавлахад нормын үндэслэл, ажил гүйцэтгэх ажилбарын нэрс, ажилчдын мэргэжлийн зэрэг бүрээр тодорхойлогдсон хөдөлмөр зарцуулалт хүн.цагаар;
- Материал, эдлэл, бүтээцийн орц, хүндийн жингийн лавлахад ажил гүйцэтгэхэд шаардагдах материал, хийц, бүтээцийн нэрс, шифр, хэмжих нэгж, зарцуулалтын тоо хэмжээ, хэмжих нэгжийн цэвэр жин;
- Машин цагийн лавлахад барилгын машин механизм, механикжсан багаж, тоноглол, хэрэгслэлийн нэр, шифр, бүрэлдэхүүн, ажиллах хугацаа, машин.цагаар.
3.1.19.Зайлшгүй хэрэгцээтэй төсвийн норматив байхгүй, эсвэл ажлын технологи, нөөцийн хэрэгцээ нь төсвийн суурь нормын эмхтгэлүүдэд тусгагдсанаас эрс ялгаатай байвал тэдгээрт тухайлсан ажлын төсвийн норм боловсруулж хэрэглэнэ.
3.1.20.Төсвийн суурь нормын материал эдлэл, бүтээцийн орц, хүндийн жингийн лавлахад материал, бүтээц, эдлэл нь стандарт, нэмэлт тодорхойлолтгүй ерөнхий нэрээр тусгагдана. Харин төсөв зохиох үед зураг төслийн өгөгдлийг үндэслэн тодорхой нэр төрлийн материалын стандарт, маркыг тооцно.
3.1.21.Зарцуулалт нь зураг төслийн шийдлээс хамаарах тодорхой нэр төрлийн материал, бүтээц, эдлэхүүнийг төсвийн нормын лавлахад дундач хэмжээгээр тусгана. Зураг төсөл боловсруулахад тэдгээр материалын нөөцийн хэмжээг зураг төслийн өгөгдлөөр нарийвчлан тооцож тохируулга хийнэ.
3.2.Төсвийн томсгосон норм
3.2.1.Төсвийн томсгосон норм, үнэлгээг ажлын төрөл, бүтээцийн төсвийн суурь нормыг томсгох чиглэлээр боловсруулна.
3.2.2.Барилгын ажлыг технологийн үе шатны дагуу ангилж, түүний доторх ажлуудын нэр төрөл болон нормын нэрийг гаргана.
3.2.3.Ажлыг төрөл тус бүрээр нь томсгосон норм болгож, түүнд багтах ажлуудад тогтоогдсон төсвийн суурь нормын үзүүлэлтийг томсгосон нормын хэмжих нэгжид тохируулан өөрчлөн тооцно.
3.2.4.Томсгосон норм, үнэлгээг нэг хүснэгтэд нэгтгэж, ижил хэмжих нэгжтэйгээр зохионо. Хэмжих нэгжийг тогтоохдоо томсгосон норм, үнэлгээнд нэгтгэгдэн орж байгаа голлох ажлын төсвийн суурь нормын хэмжих нэгжээр эсвэл норм зохиох, төсвийн тооцоо хийхэд аль болох хялбар байх хэмжих нэгжээр авна.
3.2.5.Томсгосон нормд төсвийн суурь нормын дараах үзүүлэлтүүдийг нэгтгэн оруулна. Үүнд:
- Томсгосон нормд нэгтгэж орсон ажлуудын дундаж зэрэг, түүний хөдөлмөр зарцуулалт, материалыг ачиж буулгах болон талбайн зөөвөр, тээврийн ажлын зэрэг /2-р зэргээр/, түүний хөдөлмөр зарцуулалтыг төсвийн суурь нормоор тооцож оруулна;
- Томсгосон нормд орсон ажлуудад төсвийн суурь нормоор тооцож гаргасан бүх материалыг нэр төрөл, биет хэмжигдэхүүнээр, бүх машин, механизмын машин цагийг нэр төрлөөр нь гаргана.
3.2.6.Томсгосон нормыг дараах 2 аргаар боловсруулна. Үүнд:
- Нэг нормыг суурь болгож бусад нормуудыг нэгтгэж өргөтгөх арга;
- Голлох нормуудыг нэгтгэх арга.
3.2.7.Томсгосон норм зохиосон нөөцийн үзүүлэлтүүд, үнэ тариф, жишиг үнэлгээ зэргийг ашиглаж төсвийн томсгосон үнэлгээг зохионо. Төсвийн томсгосон үнэлгээ нь дараах үзүүлэлттэй байна.
Нийт зардал: Үүнээс
- Ажиллах хүчний зардал;
- Материалын зардал;
- Машин ашиглалтын зардал;
- Тээврийн зардал;
- Барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэх зардал;
- Төлөвлөгөөт ашиг.
3.2.8.Барилгын үе шатны ажлын томсгосон норм, үнэлгээг түүний доторх ажлуудын нэр төрлөөр тогтоосон томсгосон нормуудыг үндэслэн боловсруулна.
3.2.9.Ажлын төрлөөр /ажил гүйцэтгэх технологи болон ашиглах материалын төрлөөр бүлэглэсэн/ томсгосон норм, үнэлгээг “Төсвийн томсгосон норм, үнэлгээ боловсруулах дүрэм”/БНбД 81-88-04/-ийн ерөнхий зарчмыг баримтлан /бетон, өргийн ажил, ган хийц, мод болон хуванцар, дулаан ус тусгаарлалт, хаалга цонх, засал чимэглэл, ариутгах татуурга, галын ус, борооны ус зайлуулах, усан хангамж, халаалт, агаар сэлгэлт, зөөвөрлөх систем, цахилгаан шат, урсдаг шат, хог дамжуулах хоолой, цахилгаан техникийн систем/ боловсруулна.
3.2.10.Барилгын бүтээцийн төрлөөр /бүтээцийн төрөл,барилга байгууламжаар нэгтгэсэн/ томсгосон норм, үнэлгээг төрөл бүрийн бүтээцүүдийг нэг бүлэгт нэгтгэн, иж бүрнээр нь гүйцэтгэх бүтээц, барилга байгууламжийн төрлөөр /суурь, барилгын газар доорхи хэсэг, барилгын газар дээрхи хэсэг, барилгын доторх ажил, дээвэр, доторх бүтээц, ариутгах татуурга, усан хангамж, халаалт, агаар сэлгэлт, зөөвөрлөх систем, цахилгаан шат, урсдаг шат, хог дамжуулах хоолой, цахилгаан техникийн систем/ боловсруулна. Нормыг боловсруулахдаа төсвийн нормчлолын нөөц-технологийн загварыг ашиглана.
3.3.Барилга байгууламжийн нэгж хүч чадлын
төсөвт өртгийн норматив
3.3.1.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний нэгж хүчин чадлын төсөвт өртөг нь/цаашид нэгж хүчин чадлын төсөвт өртөг гэх/ мөрдөгдөж байгаа норм дүрмийн дагуу боловсруулсан ажлын зургийн дагуу тооцсон төсөв дээр үндэслэгдсэн өртгийн үзүүлэлт байна.
3.3.2.Нэгж хүчин чадлын төсөвт өртгийг барилга байгууламжийн нэр төрөл бүрд дараах хэмжих нэгжид тооцно. Үүнд:
- Орон сууц, олон нийт, үйлдвэр, үйлчилгээний барилгыг нийт талбайгаар тооцсон 1м2 талбайгаар;
- Сургуулийн барилгыг сурагчийн 1 суудал, дотуур байр, эмнэлгийн 1 ор, ясли, цэцэрлэгийн 1 хүүхэд гэсэн хүчин чадлаар болон 1м2 талбайгаар;
- Бүх төрлийн инженерийн шугам сүлжээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, холбоо/, авто зам, гүүрийг уртын 100 метр, 1метрээр тус тус тооцно.
3.3.3.Барилга байгууламжийн зориулалт, даацын хийцийн үндсэн материал, давхарын тоо, инженерийн шугам сүлжээний шийдэл зэрэг үзүүлэлтээс хамааруулан барилга байгууламжийн нэр төрөл бүрд 3-аас доошгүй объектийг төлөөлөл болгон сонгож, тэдгээрийн ажлын зургийг үндэслэн нэгж хүчин чадлын төсөвт өртгийг тооцно.
3.3.4.Төлөөлөл болгон сонгосон барилга байгууламжийн зураг төсөл нь хот байгуулалт, эзэлхүүн төлөвлөлтийн шаардлагыг хангасан, шинэ материал, хийц эдлэхүүн, дэвшилтэт технологи, инженерийн тоног төхөөрөмжийг тусгасан, магадлал хийгдсэн байна.
3.3.5.Нэгж хүчин чадлын төсөвт өртгийн тооцоонд талбайн зардал /шууд зардал, шууд бус зардал/, төлөвлөгөөт ашиг, нэгдсэн төсөвийн бүрэлдэхүүнд багтдаг зардлуудыг тооцно. Үйлдвэрийн барилгын нэгж хүчин чадлын төсөвт өртгийн тооцоонд технологийн тоног төхөөрөмжийн үнэ, өртгийг оруулахгүй.
3.3.6.Барилга байгууламжийн нэр төрөл бүрт зохиосон нийт төсөвт өртгийг барилга нийт талбайд, инженерийн шугам сүлжээний нийт уртад харьцуулах замаар нэгж хүчин чадлын төсөвт өртгийг тодорхойлно.
3.3.7.Барилгын тухай хуулийн 5.1.7-д заасны дагуу барилгын нэгж талбайн төсөвт өртөг, инженерийн шугам сүлжээний нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг Засгийн газар батална. Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, инженерийн шугам сүлжээний нэгж хүчин чадлын жишиг үнэлгээнд түүнийг батласнаас хойшх хугацаанд барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн жил бүрийн индексийг хэрэглэнэ.
3.4.Үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтны
цалингийн норматив
3.4.1.Барилга байгууламжийн төсөвт тусгагдсан ажилчдын хөдөлмөр зарцуулалт, өртгийн дүнд цалингийн эзлэх хувь, барилгын ажлын үргэлжлэх дундаж хугацаа, инженер техникийн ажилтны хэрэгцээ, ажиллах ур чадвар, хариуцан гүйцэтгэх ажлын хэмжээ зэргийг харгалзан Үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтны норматив тогтоох судалгааг гаргана.
3.4.2.Норматив тогтоогдох инженер техникийн ажилтны тоо, барилгын ажлын үргэлжлэх дундаж хугацааг төлөөлөл болгон сонгож авсан барилга байгууламжийн холбогдох үзүүлэлтүүдийн жигнэсэн дунджаар тооцно.
3.4.3.Судалгааны үзүүлэлтүүд, тооцооллын аргад тулгуурлан барилга байгууламжийн төсөвт тусгагдсан ажилчдын үндсэн цалингаас инженер техникийн ажилтны цалинг тооцох нормативыг хувиар тогтооно.
3.5.Материалын хаягдал, хорогдлын норматив
3.5.1.Нормативыг тогтоохдоо арилгахад төвөгтэй хаягдал, хорогдлыг үүсэх нөхцөлөөр нь ангилна. Үүнд:
- Барилгын материал, хийц эдэлхүүнийг үйлдвэрлэх үед гарах;
- Материал, бүтээц, эдлэлийг үйлдвэрлэгчийн агуулахаас хэрэглэгчийн агуулах хүртэл тээвэрлэх болон хэрэглэгчийн агуулахад хадгалах явцад гарах;
- Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад гарах.
3.5.2.Нормативыг нормчлолын дараах аргуудаар тогтооно. Үүнд:
- Үйлдвэрлэлийн арга-барилгын талбай дээр гүйцэтгэгдэж байгаа ажил түүнд зарцуулсан материал, хаягдал, хорогдлын тоо хэмжээг хэмжих замаар ажиглалтын үндсэн дээр тогтооно;
- Лабораторийн арга-тусгайлан бэлтгэсэн нөхцөлд хийгдэх ажиглалтын үндсэн дээр тогтооно;
- Тооцоолол судалгааны арга-барилгын явц, түүний онцлогийг тусгасан холбогдох нормчлолын баримт бичгийг судалж, онолын тооцоогоор тогтооно.
3.5.3.Материал зарцуулалтын орцын нормоор тооцогдсон хэмжээнээс хувиар тооцож, материалын хаягдал, хорогдлын хэмжээг норматив байдлаар тодорхойлно.
Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах боломжгүй ч бусад төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тохирох материалын хаягдал, үйлдвэрлэлд ашиглах боломжгүй хаягдаж байгаа материалын хорогдол, ачиж буулгах, тээвэрлэх, хадгалах үед үүсэх хэвийн хаягдал, хорогдлын нормативыг материал, бүтээцийн төрлөөр бүлэглэж тогтооно.
3.5.4.Түр байгууламжийн сэлбэн ашиглагдах эд ангиуд /шат, вандан, тавцан, хэв хашмалын бамбай, тулгуур, бэхэлгээний тушаа тулаас г.м/-ын хаягдал, хоргодлын хэмжээг нормчлолын үйлдвэрлэлийн аргаар тогтооно.
3.5.5.Түр байгууламжийн эргэлтийн эд ангийн эргэлтийн тоо, эргэлт нэг бүрийн хоргодлын хувиас хамааруулан материалын зарцуулалтын нормыг тодорхойлоход ашиглах, зүсмэл материалын зарцуулалтын нормын залруулгын илтгэлцүүрийг тогтооно. Түр байгууламжийн эргэлтэнд ордог эд ангиудын ашиглалтад хийгдсэн судалгааны өгөгдлүүдээр эргэлт нэг бүрийн материалын хорогдол ба эргэлтийн тоог сонгож авна.
3.6.Түр барилга байгууламжийн зардлын норматив
3.6.1.Түр барилга байгууламжийг титулын ба титулын бус гэж 2 ангилна. Үүнд:
- Титулын бус түр барилга байгууламжид гүйцэтгэгч байгууллагын хөрөнгөөр бэлтгэгдэж, балансад бүртгэгдсэн, барилгын талбайд олон дахин ашиглагдаж өртгөө баригдаж буй барилгуудын өртөгт хэсэгчлэн шингээдэг түр барилга байгууламжууд хамаарна;
- Титулын түр барилгад барилгын талбайд ганц удаа ашиглагдаж, өртгөө баригдаж буй тухайн барилгын өртөгт нэг мөр бүрэн шингээдэг талбайн дэд бүтцийн ажлууд, түр барилга байгууламжууд хамаарна.
3.6.2.Титулын бус түр барилга байгууламжийн зардлын нормативт гүйцэтгэгчийн түр барилгыг тээвэрлэх, угсрах, буулгах, урсгал засвар хийх, нэг удаагийн элэгдлийн шимтгэл болон талбайн дэд бүтцийн ажлууд, бусад түр байгууламжуудыг барих, буулгах, тээвэрлэх ба ашиглалтын үеийн зардлыг тусгана.
3.6.3.Титулын бус түр барилгын зардлыг барилгын төрлөөс хамааруулан барилга байгууламжийн төсөвт тусгагдсан ажилчдын үндсэн цалингийн дүнгээс хувиар тооцож нэмэгдэл зардлын нормд тусгана.
3.6.4.Титулын түр барилга байгууламжийн зардлын төсвийн нормд барилгын талбай, трассын хүрээнд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, барилгын ажиллагсдад үйлчлэхэд шаардлагатай түр барилга байгууламжийг барих, буулгах, түүнчлэн урьд нь байсан эсвэл баригдаж байгаа барилга байгууламжийг барилгын үйлдвэрлэлд зориулж биет байдлаар нь түр барилга болгон засаж тохижуулах, ашиглах, анхны байдалд нь оруулж засахтай холбогдсон зардлыг тусгана.
3.6.5.Титулын түр барилга байгууламжийн зардлын төсвийн нормыг барилгын нэгдсэн төсвийн тооцооны 2-7 дугаар бүлгийн дүнгээр тооцогдсон барилга угсралтын ажлын төсөвт өртгийн дүнгээс хувиар тогтооно. Барилга байгууламжийн төсөвт өртгөөс хамааруулан титулын түр барилга байгууламжийн зардлын нормд өсгөж, бууруулах илтгэлцүүр хэрэглэнэ.
3.6.6.Шинэ хот, тосгон, орон сууцны хороолол, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолбор болон удаан хугацаанд үргэлжлэн баригдах томоохон барилга байгууламжид шинээр барих шаардлагатай түр барилгын тоо хэмжээг барилга зохион байгуулах төслийг үндэслэн тодорхойлж, тэдгээрийн зураг төслийг боловсруулж, төсөвт өртгийг тооцон барилга угсралтын ажлын төсөвт өртгийн нэгдсэн товчоонд тусгана. Энэ тохиолдолд 3.6.5-д заасан титулын түр барилга байгууламжийн зардлын нормыг хэрэглэхгүй.
3.6.7.Титулын түр барилга байгууламжийг буулгаснаас гарах материал, бүтээц, эдлэлийг захиалагч байгууллагын нягтлан бодох бүртгэлийн орлогын дансанд бүртгэх ба барилгын гүйцэтгэгч байгууллага зөвшөөрсөн үед түүнд борлуулж болно. Титулын түр барилга, байгууламжийг буулгаснаас гарах материал, эд анги, үйлдвэрлэл-аж ахуйн эд хогшлыг борлуулснаас гарах буцах хөрөнгийн хэмжээг тооцохдоо эдгээрийг борлуулсан үнийн дүнгээс ашиглалтын шаардлага хангахаар сэргээн засварласан, агуулахад хүргэсэн зардлыг хасч тодорхойлно.
3.6.8.Титулын ба титулын бус түр барилга байгууламжид хамаарах ажил ба зардлын жагсаалтыг түр барилга байгууламжийн зардлын нормтой хамт батална.
3.7.Хүйтний улиралд барилга угсралты ажил гүйцэтгэх үеийн
нэмэлт зардлын жишиг норм
3.7.1.Агаарын температур хасах хэмтэй үед барилга угсралтын ажил гүйцэтгэхэд гарах нэмэлт зардлуудыг тогтоосон үндсэн жишиг нормыг хүйтний эрчмийн бүсийн ялгаатайгаар тогтооно.
3.7.2.Сарын дундаж хасах температураас хамааран хүйтний эрчмийн бүсийг дараах ангилалд хамааруулна.
д/д |
Хүйтний эрчмийн бүс |
Хүйтний үеийн хасах температурын сарын дундаж үзүүлэлт (0С) |
1 |
I |
-100С хүртэл |
2 |
II |
-100С-аас - 200С хүртэл |
3 |
III |
-200С-иас доош |
Аймаг, хот, сум, багийг хүйтний эрчмийн I, II, III бүсэд хамааруулах ангиллыг хүйтний улиралд барилгын угсралтын ажил гүйцэтгэх үеийн нэмэлт зардлын жишиг нормтой хамт батална.
3.7.3.Хүйтний улиралд барилгын ажлыг гүйцэтгэх үеийн нэмэлт зардлын жишиг норм нь дараах 2 төрөлтэй байна. Үүнд:
- Барилгын төрлөөр тогтоосон жишиг норм;
- Барилгын бүтээц, ажлын төрлөөр тогтоосон жишиг норм.
Барилгын бүтээц, ажлын төрлөөр тогтоосон жишиг нормыг барилгын ерөнхий ба туслан гүйцэтгэгч, захиалагч байгууллагуудын хоорондын тооцоонд, барилгын төрлөөр тогтоосон жишиг нормыг нэмэгдэл зардлын нормын тооцоонд тус тус хэрэглэнэ.
3.7.4.Хүйтний улиралд барилгын ажлыг гүйцэтгэх үеийн нэмэлт зардлын жишиг нормыг төсөвт тусгагдсан ажилчдын үндсэн цалингийн дүнгээс хувиар, хүйтний эрчмийн II бүсэд тогтооно. Хүйтний эрчмийн II бүсэд тогтоогдсон жишиг нормыг хүйтний эрчмийн I-р бүсэд баригдах барилга байгууламжид 0,8 гэсэн илтгэлцүүрээр бууруулж, III-р бүсэд баригдах барилга байгууламжид 1,15 гэсэн илтгэлцүүрээр өсгөж хэрэглэнэ.
3.8.Барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг
бүрдүүлэх зардлын норматив
3.8.1.Барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэхзардалд дараах зардлууд хамаарна.
- Удирдлагын зардал;
- Титулын бус түр барилгын зардал;
- Хүйтний улиралд барилга угсралты ажил гүйцэтгэх үеийннэмэлт зардал;
- Барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах зардал;
- Барилгын ажиллагсадын үйлчилгээний зардал;
- Барилгын талбайн үйлчилгээний зардал.
3.8.2.Нормчлолын үйлдвэрлэл болон тооцоолол судалгааны аргад тулгуурлан дараах ангилалын зардлын нормативыг тогтооно. Үүнд:
- Барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах зардал;
- Барилгын ажиллагсадын үйлчилгээний зардал;
- Барилгын талбайн үйлчилгээний зардал.
3.8.3.Барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэхзардлын нормативыг салбараар ялгавартай тогтооно.
3.8.4.Барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэхзардлын нормативыг төсөвт тусгагдсан ажилчдын үндсэн цалингийн дүнгээс хувиар тооцно.
3.8.5.Барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэх зардлын нормативт тусгагдаагүй боловчэнэ зардлын ангилалд хамаарах зардлуудын жагсаалтыг гаргаж, тэдгээрийн тооцоо, төсвийг тусад нь хийж, түүний эх үүсвэрийг нэгдсэн төсвийн “бусад зардал” гэсэн бүлэгт тусгана.
3.9.Удирдлагын зардлын норматив
3.9.1.Удирдлагын зардлын томсгосон нормативыг барилгын үндсэн нэр төрлийн ажлыг гүйцэтгэдэг байгууллагууд болон салбарын хэмжээнд гарсан зардлыг үндэслэн тооцоолол судалгааны аргад тулгуурлан тогтооно. Өөрөөр хэлбэл барилгын ажил гүйцэтгэхэд гарах удирдлагын зардлын салбарын дундаж жишиг хэмжээг тодорхойлно.
3.9.2.Тухайн төрлийн ажлыг дагнан гүйцэтгэдэг төрөлжсөн байгууллагуудын гарсан зардлын статистик тооцоо, судалгааны өгөгдлүүдэд тулгуурлан барилга угсралтын ажлын төрлөөр удирдлагын зардлын нормативыг тогтооно.
3.9.3.Тухайлсан байгууллагын удирдлагын зардлын нормативыг байгууллагын гүйцэтгэх ажлын өвөрмөц онцлогыг тусгасан, зайлшгүй гарах зардлын бодит тооцоог үндэслэн тогтооно.
3.9.4.Удирдлагын зардалд хамрагддаг боловч удирдлагын зардлын нормативын тооцоонд оруулж тооцдоггүй зардлууд:
- Шүүхийн шийдвэрийг үндэслэн ажиллагсадад олгож байгаа үйлдвэрийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж;
- Шинээр ажиллах хүч бэлтгэхэд холбогдох хууль тогтоомжинд заагдсны дагуу олгох зардлууд;
- Барилга дээр оюутны отряд, цэргийн албан хаагч нарыг түр хугацаагаар авч ажиллуулахтай холбогдож гарах зардлууд;
- Барилга угсралтын тусгай ажил гүйцэтгэх ажилчдын томилолтын зардал;
- Байгаль хамгаалах зориулалтаар ашиглах тоног төхөөрөмжийн урсгал зардал /ус цэвэрлэх, хог, үнс, шүүх төхөөрөмж/;
- Хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх барилгын ажлын удирдлагын зардлын хэмжээг тухайн ажлыг гүйцэтгэх гэрээнийн нөхцөлийн дагуу гарах удирдлагын зардлын тооцоо хийж норматив тогтоон хэрэглэнэ.
3.10.Төсөвт ашгийн норматив
3.10.1.Төсөвт ашгийн нормативын тооцоонд мөрдөгдөж буй хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгүүд, үндэсний статистикийн мэдээлэл, байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн тайлан, тооцооны баримт бичгүүдийг үндэслэл болгож ашиглана.
3.10.2.Барилгын гүйцэтгэгч байгууллагын төсөвт ашгийн нормативыг барилга угсралтын ажлын шууд зардал, барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэх зардлын нийлбэр дүнгээс 15 хувиар тогтооно.
3.10.3.Төсөвт ашгийн нормативыг тогтоохдоо дараах зардлуудын эх үүсвэрийг тооцож оруулна.Үүнд:
- Байгууллагын машин механизм, тоног төхөөрөмжийн шинэчлэл, үндсэн хөрөнгийн шинэтгэл зэрэг хөрөнгө оруулалтын зардал, эргэлтийн хөрөнгийн өсөлт гэх мэт үйлдвэрлэлийг өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн зардал;
- Ажиллагсадад олгох материаллаг тусламж, урамшуулалд зарцуулах хөрөнгийн хэмжээ;
- Барилгын ажил, үйлчилгээтэй хамааралгүйгээр ажиллагсадад олгосон мөнгөн төлбөр, урамшууллын зардал;
- Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан заалтаас гадна олгогдсон зарим шагнал, урамшуулал;
- Ажиллагсадад орон сууц барихад авсан ипотекийн зээлийн зарим хэсгийг төлөх төлбөр, бусад нийгмийн хэрэгцээнд олгосон материаллаг буцалтгүй тусламж;
- Амралт, сувилал, аялал жуулчлал, спорт, урлагийн үзвэр, үйлчилгээний эрхийн бичгийг ажиллагсадад олгосны төлбөр.
3.10.4.Байгууллагын ашгаас санхүүжүүлдэг дараах зардлуудыг төсөвт ашгийн нормативын тооцоонд оруулахгүй. Үүнд:
- Буяны үйл ажиллагаанд зориулсан хураамж;
- Тэтгэвэрт гарч буй ажиллагсадад олгох нэг удаагийн нэмэлт олговорын зардал;
- Ажилчдын нийтийн унааны төлбөр;
- Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах зардал;
- Тогтоосон нормативаас илүү хэмжээгээр байгаль орчныг бохирдуулсны төлбөр;
- Барилгын байгууллагын балансад байдаг сургалтын байгууллагын үйл ажиллагааны зардал;
- Туслах аж ахуйн зардал;
- Барилгын байгууллагын балансад байдаг эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэг, соёл урлаг, спортын барилга байгууламжийн ашиглалтын зардал;
- Байгууллагын орон сууцны барилга, хүүхдийн амралт ба бусад байгууллагатай хувь нийлүүлсэн байгууллагын зардлын төлбөр.
3.11.Норматив баримт бичгийг баталгаажуулах,
хянах, хэрэглэх
3.11.1.Мэргэжлийн зөвлөх, хуулийн этгээд, төслийн багийн боловсруулсан норм, нормативын төслийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /ГХБГЗЗГ/ хянаж, Барилгын эдийн засаг, төсөв, үнэ бүрдлийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
3.11.2.Барилгын эдийн засаг төсөв үнэ бүрдлийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан санал, шүүмж, зөвлөмжийн дагуу нэмэлт өөрчлөлт, засвар хийж, холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг тусгаж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
3.11.3.Норматив баримт бичгийн төслийг батлах асуудлыг шийдвэрлэхдээ уг төсөл нь холбогдох хууль тогтоомжийн заалт, нормчлолын ерөнхий зарчим, аргачлал, мөрдөж буй норм ба дүрмийн шаардлага, стандарт болон техникийн даалгавартай тохирч байгаа эсэхийг хянана.
3.11.4.Норм, нормативын баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ.
3.11.5.Норматив баримт бичгийн заавал мөрдөх шаардлагыг өмчийн хэлбэр, харъяаллаас үл хамааран барилгын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн сахин биелүүлнэ.
3.11.6.Төсвийн норм, нормативыг хянах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эрдэм шинжилгээ, туршилтын дууссан ажлын үр дүн, гадаадын болон өөрийн орны тэргүүний техник, технологи, шинэ дэвшилтэд материалын нэвтрэлт, төсвийн норм боловсруулах ажлын туршлага, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, хэрэглэх явцад төсвийн норм, нормативын талаар байгууллага, иргэдээс гаргасан санал, хүсэлт зэргийг үндэслэн гүйцэтгэнэ.
3.11.7.Барилгын үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ материал, техник, технологитой уялдуулан төсвийн норм, нормативыг байнга шинээр боловсруулах бөгөөд 5 жил тутамд төсвийн норм, нормативыг хянаж шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай.
3.11.8.Төсвийн нормативын холбогдох эмхтгэлд оруулсан өөрчлөлт бүрд бүртгэлийн дэс дараалсан дугаар олгоно.
3.11.9.Барилгын салбарын төрийн бус байгууллагууд нь норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулна.
3.11.10.Норм,нормативын баримт бичгийг боловсруулах, шинэчлэх ажлыг хариуцан гүйцэтгэх субъект нь тендер шалгаруулалтанд шалгарсан мэргэжлийн судлаачид, шинжээчид, эрдэмтэд, зөвлөх эдийн засагч, инженер, төсөв-нормчлолын ажилтнуудаас бүрдсэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хуулийн этгээд, төслийн баг байна.
ДӨРӨВ. БАРИЛГЫН ҮНЭ БҮРДЭЛ
4.1.Барилга угсралтын ажлын удирдлага, үйлдвэрлэл, зохион байгуулалт, технологитой холбогдсон үйл ажиллагаа нь барилгын бүтээгдэхүүний үнэ бүрдлийн үндэс болно.
4.2.Барилгын үнэ бүрдлийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуульд нийцүүлж, үнийн хязгаарлагдмал болон чөлөөт тогтолцооны зарчмаар тогтооно.
4.3.Технологийн шаардлагаас түгээмэл нэг норм, норматив хэрэглэх боловч цалин, материал, машин механизм, тээврийн үнэ тариф зэрэг чөлөөт үнийг хэрэглэх тул барилгын үнэ чөлөөт хэлбэрт шилжинэ.
4.4.Барилга угсралтын ажлын төсөвт өртөг нь барилгын талбайн зардал /шууд зардал, барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэх зардал/, төсөвт ашиг гэсэн бүтэцтэй байна.
4.5.Барилгын ажлыг гүйцэтгэхэд барилгын талбай дээр бүрэлддэг, баригдаж буй барилгад шингээгддэг зардлаар барилгын талбайн өртөг /барилга угсралтын ажлын төсөвт өөрийн өртөг/-ийг тодорхойлно.
Барилгын талбайн өртгийг дараах томъёогоор илэрхийлнэ.