- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН САНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Засгийн газрын 2012 оны 189
дүгээр тогтоолын хавсралт
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН САНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
(Энэ хавсралтын гарчигт Засгийн газрын 2018 оны 296 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Байгаль орчин, уур амьсгалын сангийн зорилго нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдлыг судлан тогтоох, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, өөрчлөлтөд дасан зохицох, иргэдэд экологийн боловсрол олгох зэрэг чиглэлээр сангийн хөрөнгийг оновчтой, үр ашигтай зарцуулахад оршино. (Засгийн газрын 2018 оны 296 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
1.2. Байгаль орчин, уур амьсгалын сан (цаашид “Сан” гэх) нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, бэлэгдэл, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Сан нь Төрийн санд харилцах данстай байна. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 296 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.3-т заасны дагуу Сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
2.2. Сангийн үйл ажиллагааг зохицуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулахад хяналт тавих үүргийг 11 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус удирдах зөвлөл (цаашид “зөвлөл” гэх) хэрэгжүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 205-р тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2.3. Зөвлөл нь байгаль орчин, санхүү, төсөв, гадаад хэрэг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 205-р тогтоолоор өөрчилсөн/
2.4. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана.
2.5. Зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцож, оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
2.6. Хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлж, дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
2.7. Зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.7.1. сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах;
2.7.2. сангийн тухайн жилийн үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг батлах, сангийн хөрөнгийг өсгөх талаар гарсан санал, санаачлагыг дэмжих, сангийн үндсэн хөрөнгө, урсгал зардлыг батлах;
2.7.3. сангийн үйл ажиллагааны тайлан, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн арга хэмжээний үр дүнгийн талаархи мэдээлэл, судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагаар гаргуулан авах.
2.8. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Сангийн захирал байх бөгөөд захирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилон, хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж ажиллана. Захирал нь дараахь эрх, үүрэгтэй байна:
2.8.1. сангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих;
2.8.2. холбогдох хууль тогтоомж, Зөвлөлийн шийдвэр, тухайн жилийн үйл ажиллагааны чиглэл, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;
2.8.3. байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гаргасан шийдвэрийн дагуу тухайн жилийн сангийн батлагдсан төсвийг зарцуулах;
2.8.4. сангийн бизнес төлөвлөгөө, төсвийн төслийг салбарын бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтуудтай уялдуулан боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хуулийн хугацаанд хүргүүлэх;
2.8.5. сангийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу гаргаж байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах;
2.8.6. батлагдсан орон тооны хязгаарт багтаан сангийн ажлын албаны ажилтныг томилох, чөлөөлөх.
Гурав. Бусад асуудал
3.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12.1-д заасан эх үүсвэрээс бүрдүүлнэ.
3.2. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12.2-т заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
3.3. Сангийн хөрөнгийг арвижуулахад чиглэсэн арга хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр зохион байгуулж, хөрөнгийн хэмжээг тогтооно.
-------оОо------
Текст томруулах
A
A
A