- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАД НАСТАНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ /ЗГ-ын 2017 оны 197-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
/2 дугаар хавсралтыг Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 197 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
АХМАД НАСТАНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан тусламж, хөнгөлөлт (цаашид “тусламж, хөнгөлөлт” гэх)-ийг олгоход энэхүү журмыг баримтална.
1.2.Ахмад настны протез, ортопедийн хэрэгсэлд сүүж-түнхний үе, сүүж-түнх, өвдөгний үе, дунд чөмөг, шилбэ, шилбэний түгжээ хадаас, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, сонсголын дижитал аппарат, дунд чихний титан протез, харааны шил, +5, -5 болон түүнээс дээш контакт линз, шилэн болон хуванцар нүд, нүдний болор, хөл, гарын чиг, нурууны бэхэлгээ, тэргэнцэр, алхуулагч, таяг, суултуур, хөтөвчийг хамруулна.
1.3.Протез, ортопедийн хэрэгслийг гадаадад хийлгэсэн ахмад настанд хөнгөлөлт үзүүлэхдээ дотоодод хийлгэсэн ижил төрлийн протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнээр тооцож олгоно.
1.4.Протез, ортопедийн хэрэгсэл нь чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд нийгмийн халамжийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.
1.5.Ахмад настан нь протез, ортопедийн хэрэгслийг хос эрхтэндээ хийлгэсэн бол нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн эрхтэн тус бүрд олгоно.
1.6.Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна. /Энэ хэсэгт Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 129 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 343 дугаар тогтоолоор өөрчилсөн/
1.7.Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна. /Энэ хэсгийг Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 343 дугаар тогтоолоор өөрчилсөн/
1.8.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 3.1-д заасан баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор протез, ортопедийн хэрэгслийн хөнгөлөлтийн мөнгийг банкаар дамжуулан олгоно. /Энэ хэсгийн дугаарыг Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 343 дугаар тогтоолоор өөрчилсөн/
1.9.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан нь ахмад настныг чанарын шаардлага хангасан протез, ортопедийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талаархи мэдээллээр хангах үүргийг хүлээнэ. /Энэ хэсгийн дугаарыг Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 343 дугаар тогтоолоор өөрчилсөн/
Хоёр. Тусламж, хөнгөлөлт олгох
2.1.Тусламж, хөнгөлөлт авахыг хүссэн ахмад настан энэхүү журмын 3 дугаар бүлэгт заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.
2.2.Сум, хорооны нийгмийн ажилтан нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.3-т заасан мөнгөн тусламжид хамрагдах тухай хүсэлт гаргасан хүндэт донороос бусад ахмад настны бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч амьдралын нөхцөлийг нь судлан үзэж, холбогдох саналаа ажлын 10 хоногт багтаан сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг ажлын 5 хоногт багтаан холбогдох баримт бичгийн хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
2.3.Ахмад настанд энэхүү журмын 2.2-т заасан мөнгөн тусламжийг олгох эсэх талаар шийдвэр гаргахдаа Амьжиргааг дэмжих зөвлөл нь тухайн орон нутгийн ахмадын байгууллагын саналыг харгалзана.
2.4.Сум, хорооны нийгмийн ажилтан нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.3-т зааснаас бусад хөнгөлөлт, тусламжийг авах ахмад настны бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
2.5.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү журмын 2.2, 2.4-т заасан шийдвэр, баримт бичгийг ажлын 5 хоногт багтаан хянан үзэж, тусламж, хөнгөлөлтөд хамрагдах ахмад настанд хувийн хэрэг нээн нэрсийн жагсаалтыг баталгаажуулж, сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ. Дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтан нь тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах ахмад настны нэрсийн жагсаалтыг нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулсан банкинд хүргүүлнэ.
2.6.Сум, хорооны нийгмийн ажилтан энэхүү журмын 2.5-д заасан нэрсийн жагсаалтыг үндэслэн тухайн ахмад настны хувийн хэрэгт тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан тухай тэмдэглэл хийнэ. Тусламж, хөнгөлөлт авахтай холбогдуулан бүрдүүлсэн баримт бичиг нь дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтанд хадгалагдаж үлдэнэ.
2.7.Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэхүү журмын 2.1-д заасан ахмад настанд тусламж, хөнгөлөлт авах эрх үүссэн эсэх тухай мэдэгдэнэ. Эрх үүссэн тохиолдолд тусламж, хөнгөлөлтийн мөнгийг банкаар дамжуулан олгоно.
2.8.Тусламж, хөнгөлөлтийн аль алинд нь хамрагдах тохиолдолд ахмад настан энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан баримт бичгийг давхар бүрдүүлэхгүй байж болно. Энэ тохиолдолд сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тухайн ахмад настанд нэг хувийн хэрэг нээнэ.
2.9.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.4, 5.1.8, 5.1.11.а, 5.1.11.б-д заасан хөнгөлөлт авах ахмад настан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан тохиолдолд эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг орон нутгийн нийтийн болон агаарын тээврийн тарифт үнээр тооцож олгоно. /Энэ хэсэгт Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 129 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан/
2.10.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувиллын эрүүл мэндийн даатгалтай иргэний амарч сувилуулах энгийн өрөөний нэг ор хоногийн үнийн жагсаалтыг тухайн оны I улиралд багтаан гаргаж, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагуудад хүргүүлнэ.
2.11.Ахмад настан тусламж, хөнгөлөлтийн мөнгийг өөрийн биеэр банкнаас авч чадахгүй нөхцөлд итгэмжлэгдсэн хүнээр авахуулж болно. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу нотариатчаар гэрчлүүлнэ. Хэрэв суманд нотариатч ажиллаагүй бол сумын Засаг даргын Тамгын газрын дарга Нотариатын тухай хуулийн 10.2-т заасны дагуу итгэмжлэлийг гэрчилнэ.
2.12.Ахмад настан тусламж, хөнгөлөлтийн мөнгийг өөрийн дансанд шилжүүлэх хүсэлтэй бол үйлчилгээ үзүүлж байгаа банкинд хандана.
2.13.Тусламж, хөнгөлөлтийг тухайн онд авч чадаагүй бол дараагийн санхүүгийн жилд нөхөн олгоно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ахмад настан 1 жилээс дээш хугацаагаар тусламж, хөнгөлөлтийн мөнгийг аваагүй нөхцөлд нөхөн олгохгүй.
2.14.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага оршин суугаа засаг, захиргааны нэгжээсээ бүрмөсөн шилжиж байгаа ахмад настны хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд эх хувийг тухайн ахмад настанд өөрт нь өгнө. Ахмад настан нь шилжин очсон засаг, захиргааны нэгжийн нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хувийн хэргээ хүлээлгэн өгч тусламж, хөнгөлөлтөө үргэлжлүүлэн авна.
2.15.Ахмад настан байнга оршин сууж байсан засаг захиргааны нэгжээс бүрмөсөн шилжсэнээс хойш 180 хоногийн дотор шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн захиргаанд бүртгүүлээгүй бол бүртгэлгүй байсан хугацааны тусламж, хөнгөлөлтийг нөхөн олгохгүй.
2.16.Тусламж, хөнгөлөлт авч байгаа ахмад настан нас барсан тохиолдолд түүний өрхийн гишүүн нь энэ тухай сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж ахмад настны хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ.
2.17.Ахмад настан нь өөрийн сонгосон амралт, сувиллын газарт амарч сувилуулах бөгөөд энэ тохиолдолд амралт, сувиллын газрын эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нийгмийн халамжийн сангаас олгоно. /Энэ хэсгийг Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 20 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
2.18.Ахмад настан түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн дагуу 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө орон сууцны хөлс төлөхөд (нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад) нь үзүүлэх дэмжлэгт хамрагдах эрх үүссэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмад настанд Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг энэхүү журмын 3.10-т заасан баримт бичгийг үндэслэн сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага банкаар дамжуулан жилд нэг удаа олгоно.
2.19.Монгол Улсын болон хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр)-т орон сууцны хөлс төлөхөд нь буюу нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхдээ Засгийн газраас тогтоосон мөнгөн тусламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ.
2.20.Аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын болон нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаас ирүүлсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, мэдээллийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь ахмад настанг нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчуулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гарган санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 343 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2.21.Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 2.20-д заасны дагуу ахмад настныг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулахад шаардагдах нийт хөрөнгийг аймаг, нийслэлийн төсөвт тусгана. Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар нь төсөвт туссан хөрөнгийг орон нутгийнхаа авто тээврийн байгууллагатай хамтран хийсэн тооцоо, судалгаанд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага, иргэнд олгоно. /Энэ хэсэгт Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 382 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2.22.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.8-д заасан хөнгөлөлтийг олгохдоо Монголын авто замын сүлжээний атласт заасан замын уртаар нийслэлээс аймаг, аймгаас тухайн иргэний оршин суугаа сумын төв хүртэлх зайг хамааруулан тооцно.
2.23.Ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах ахмадын зориулалттай амралт, сувиллын газрыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулна. /Энэ хэсгийг Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 20 дугаар тогтоолоор нэмсэн/
2.24.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.2-т заасан хөнгөлөлтийг тухайн амралт, сувиллын газартай сар бүр тооцоо нийлсний үндсэн дээр нэхэмжлэлийн дагуу дансанд нь шилжүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 20 дугаар тогтоолоор нэмсэн, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 144 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
2.25.Ахмад настан нь жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амарч сувилуулсны дараагаар сум, хорооны нийгмийн ажилтанд энэхүү журмын 3.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн өгч, эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийг авна. /Энэ хэсгийг Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 144 дүгээр тогтоолоор нэмсэн/
2.26.Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амарч сувилуулах эрхийн бичгийн үнийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй ахмaд настан энэхүү журмын 3.3-т заасан баримт бичиг болон нэхэмжлэлийг сум, хорооны нийгмийн ажилтанд бүрдүүлэн өгсөн тохиолдолд хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тухайн амралт, сувиллын байгууллагын дансанд шилжүүлж болно. /Энэ хэсгийг Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Журамд нэмэлт оруулах тухай 311 дүгээр тогтоолоор нэмсэн/
2.27.Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нь нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлтийн зардлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын Төрийн сан дахь дансанд сар бүр хугацаанд нь санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 129 дүгээр тогтоолоор нэмсэн/
2.28.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн сангийн нэгдсэн мэдээлэлд бүртгэгдэн, нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлт авах эрх үүссэн иргэдийн мэдээллийг сум, хорооноос сар бүрийн 5-ны дотор авч, хянан баталгаажуулж шаардагдах санхүүжилтийн хамт гэрээт банкинд хүргүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 129 дүгээр тогтоолоор нэмсэн/
2.29.Нийгмийн халамжийн сангаас тусламж, хөнгөлөлтийн санхүүжилтийг олгохдоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны төв банктай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 129 дүгээр тогтоолоор нэмсэн/
Гурав. Тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэний бүрдүүлэх баримт бичиг
3.1.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.1-д заасан хөнгөлөлт авах хүсэлт гаргахад дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
3.1.1.өргөдөл (маягтын дагуу);
3.1.2.иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.1.3.протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт;
3.1.4.протез, ортопедийн хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.
3.2.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.3-т заасан хөнгөлөлт авах хүсэлт гаргахдаа энэ журмын 3.1.1, 3.1.2-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
3.2.1.ганц бие болохыг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.2.2.сум, хорооны ахмадын байгууллагын санал;
3.2.3.хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт.
3.2.4.нийслэлд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд Монголын донорын холбооны, аймаг, суманд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд аймгийн Улаан загалмайн хорооны үнэмлэх, тодорхойлолт.
3.3.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.2, 5.1.4-т заасан хөнгөлөлт авах хүсэлт гаргахад энэ журмын 3.1.1, 3.1.2-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
3.3.1.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.4-т заасан тохиолдолд замын зардал төлсөн баримт;
3.3.2.эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт;
3.3.3.хүндэт донороос бусад ахмад настанд эмчилгээ сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт;
3.3.4.хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт;
3.3.5.нийслэлд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд Монголын донорын холбооны, аймаг, суманд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд аймгийн Улаан загалмайн хорооны үнэмлэх, тодорхойлолт.
3.4.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.5-д заасан хөнгөлөлт авах хүсэлт гаргахад дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
3.4.1.өргөдөл маягтын дагуу;
3.4.2.нас барсны гэрчилгээ;
3.4.3.нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (суманд нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт;
3.4.4.ганц бие болох тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.4.5.оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын шийдвэр;
3.4.6.итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
3.5.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.8-д заасан хөнгөлөлт авах хүсэлт гаргахад энэ журмын 3.1.1, 3.1.2-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
3.5.1.аймгийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр буюу 13А болон 13Б маягт;
3.5.2.замын зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.
3.6.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.9, 5.1.10-т заасан мөнгөн тусламжийг авахдаа энэхүү журмын 3.1.1, 3.1.2-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
3.6.1.алдар цолны эсхүл ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;
3.6.2. 2 хувь зураг.
3.7.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.11.а-д заасан хөнгөлөлтийг авахдаа энэхүү журмын 3.1.1, 3.1.2-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
3.7.1.алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;
3.7.2.ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;
3.7.3.хоёр талын тээврийн зардал төлсөн баримт.
3.8.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.11.б-д заасан хөнгөлөлтийг авахдаа энэхүү журмын 3.1.1, 3.1.2, 3.7.1, 3.7.3-т зааснаас гадна эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримтыг бүрдүүлнэ.
3.9.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.11.в-д заасан хөнгөлөлтийг авахдаа энэхүү журмын 3.1.1, 3.1.2, 3.7.1, 3.7.2-т заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
3.10. 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө эрх нь үүссэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмад настан орон сууцны хөлс, түлшний үнийн хөнгөлөлт авахдаа энэхүү журмын 3.1.1, 3.1.2-т зааснаас гадна төрийн өндөр албан тушаал хашиж байсныг гэрчлэх баримт бичгийг бүрдүүлнэ.
Дөрөв. Бусад
4.1.Тусламж, хөнгөлөлт олгох үйл ажиллагаанд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллага аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хяналт тавина.
4.2.Энэхүү журмын 3.1.3, 3.2.4, 3.3.3, 3.3.5-д заасан тодорхойлолтыг эмч, эмнэлгийн болон бусад байгууллага хуурамчаар гаргасан бол учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.3.Хоёр буюу түүнээс дээш төрлийн алдар цолтой ахмад настан зөвхөн нэг төрлийн алдар цолны дагуу тусламж, хөнгөлөлтөд хамрагдана.
4.4.Энэхүү журмын 4.3 дахь заалт ахмад дайчинд хамаарахгүй.
4.5.Энэхүү журамд заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн иргэн, тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгогдсон тусламж, хөнгөлөлтийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
4.6.Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан иргэний талаархи мэдээллийг нийгмийн халамжийн нэгдсэн мэдээллийн санд оруулж холбогдох мэдээ, тайлан, судалгааг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргана.
Текст томруулах
A
A
A