- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАДЫН САН БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ /ЗГ-ын 2017 оны 197-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт
/5 дугаар хавсралтыг Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 197 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
АХМАДЫН САН БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8.5-д заасан “Ахмадын сан” (цаашид ”сан” гэнэ)-г байгуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан болон ажиллаж байгаа ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлш олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэхэд сангийн зорилго оршино.
1.3.Төсвийн байгууллага үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс, аж ахуйн нэгж, байгууллага үлдэгдэл ашгаас цалингийн нийт сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг жил бүр санд төвлөрүүлнэ.
1.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсан, хувьчлагдсан бол сан нь уг байгууллагад харьяалагдаж байсан ахмадуудын бүртгэлийн хамт түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээдэд шилжинэ.
1.5.Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан бол сангийн үйл ажиллагааг зогсоож, сангийн үлдэгдэл хөрөнгийг уг байгууллагад бүртгэлтэй ахмадуудад энэ журмын 3-т заасан зориулалтын дагуу бүрэн зарцуулж эдгээр ахмадуудад цаашид харьяалах байгууллагагүй болсон тухай мэдэгдэнэ.
1.6.Харьяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон ахмад настанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг нутгийн захиргаа, нийгмийн халамжийн үйлчилгээний болон ахмадын байгууллага хамтран зохион байгуулна.
1.7.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хариуцан гүйцэтгэнэ.
1.8.Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журамд нийцүүлэн сангийн үйл ажиллагааны нарийвчилсан журмыг батална.
Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт
2.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь сангийн хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
2.1.1.төсвийн байгууллага бол тухайн жилийн үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс санд төвлөрүүлсэн хөрөнгө;
2.1.2.энэхүү журмын 2.1.1-д зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага бол үлдэгдэл ашгаас санд төвлөрүүлсэн хөрөнгө;
2.1.3.сангийн тухайн жилийн зарцуулагдаагүй үлдэгдэл;
2.1.4.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас бусад төсвийн байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид иргэд, байгууллагаас санд өгсөн мөнгөн хандив, мөнгөн бус хандив, тусламжийг борлуулсны орлого;
2.1.5.сангийн хөрөнгийн үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
2.1.6.бусад эх үүсвэр.
Гурав. Сангийн хөрөнгийн зарцуулалт
3.1.Сангийн хөрөнгийг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8.4-т заасны дагуу дараахь арга хэмжээнд зарцуулна:
3.1.1.нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж;
3.1.2.түлээ, нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх;
3.1.3.хувиараа хөдөлмөр эрхлэх болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
3.1.4.орон сууцтай болох, орон сууцны нөхцөлөө сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх;
3.1.5.бусад зардал.
3.2.Сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.
Дөрөв. Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийн тайлагнал
4.1.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад мэргэжлийн хяналтын байгууллага, аудитын байгууллага, тухайн байгууллагын ахмадын байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд тус тус хяналт тавина.
4.2.Сангийн хөрөнгийн орлого, зарлагын жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор гаргаж, удирдах зөвлөл, нийт ажиллагсад болон тухайн байгууллагын ахмадын байгууллагад тайлагнана.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A