A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал /ХЗС-ын 2016-07-01-ний А/222 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХЗС-ын 2016-07-01-ний А/222 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаар тушаалын хавсралт

 

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1. 1.Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам” /цаашид “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам” гэх/-ын дагуу эрх бүхий этгээдээс захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр /цаашид “шийдвэр” гэх/-ийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийхдээ энэхүү аргачлалыг баримтлана.

 

  1. 2. Нөлөөллийн шинжилгээ гэж тухайн шийдвэрийн нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлэх үр нөлөө, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагааг ойлгоно.

 

  1. 3.Нөлөөллийн шинжилгээний зорилго нь шийдвэрийн чанар, үр нөлөө, ил тод байдлыг дээшлүүлж, олон нийтийн оролцоог хангах, илүү сайн зохицуулалтыг бий болгоход оршино.

 

  1. 4.Нөлөөллийн шинжилгээ хийхдээ дараахь зарчмыг баримтлана:
    1. хууль дээдлэх;
    2. шийдвэр нь зөв тодорхойлогдож, зорилгодоо нийцсэн байх;
    3. шийдвэр нь үр нөлөөтэй, үр ашигтай байх;
    4. шийдвэрийн төсөл бэлтгэх үе шат нь төрийн бусад байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид нээлттэй, ил тод байх.

 

  1. 5.Шийдвэрийн төсөлд нөлөөллийн шинжилгээ хийх ажлыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд удирдан зохион байгуулах бөгөөд нөлөөллийн шинжилгээний үнэн зөвийг хариуцна.

 

Хоёр. Нөлөөллийн шинжилгээний төрөл

 

  1. Нөлөөллийн шинжилгээ нь дараахь төрөлтэй байна:

2.1.1. нөлөөллийн шинжилгээг хэсэгчлэн хийх;

2.1.2. нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийх.

 

  1. 2.Нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийх шаардлагатайгаас бусад тохиолдолд шийдвэрийн төсөлд нөлөөллийн шинжилгээг хэсэгчлэн хийх бөгөөд энэхүү аргачлалын хавсралт 1-д заасан шалгах асуултуудад нэгбүрчлэн хариулах замаар хийнэ.

 

  1. 3.Дараахь тохиолдолд нөлөөллийн шинжилгээг заавал бүхэлд нь хийнэ:

 

2.3.1. өрсөлдөөнд нөлөөлөхүйц зохицуулалтыг агуулж байгаа;

2.3.2. захиргааны шинэ нэгж, бүтэц бий болгож байгаа;

2.3.3. төлбөр, хураамж тогтоож байгаа;

2.3.4. хүний эрх, эрх чөлөөг аливаа байдлаар хөндөж байгаа.

 

  1. 4.Нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийхдээ энэхүү аргачлалын хавсралт 2-т заасан шалгах асуултуудад нэгбүрчлэн хариулах замаар хийнэ. Ингэхдээ шаардлагатай тооцоо судалгааг нөлөөллийн шинжилгээний танилцуулгад хавсаргасан байна.

 

Гурав. Нөлөөллийн шинжилгээг хэсэгчлэн хийх

 

  1. Нөлөөллийн шинжилгээг хэсэгчлэн хийхдээ шийдвэр гаргах үндэслэл, шалтгааныг тогтоох бөгөөд шалгах асуултад үндэслэл бүхий тайлбартайгаар хариулна.

 

  1. Нөлөөллийн шинжилгээг хэсэгчлэн хийсний үр дүнд тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон тохиолдолд Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.3.2, 2.3.5-д заасны дагуу тус тус санал авна.

 

Дөрөв. Нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийх

 

  1. 1.Нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийх тохиолдолд тухайн асуудлыг шийдвэрлэх зохицуулалтын хувилбаруудыг тодорхойлно. Зохицуулалтын хувилбаруудад “тэг” хувилбарыг заавал оруулна. Зохицуулалтын хувилбаруудыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 99 дүгээр тушаалаар баталсан “Хуулийн төслийн үр нөлөөг урьдчилан тандаж судлах аргачлал”-ын 4.1-д заасан хувилбаруудаас сонгож болно.

“Тэг” хувилбар гэж тухайн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс ямар нэгэн зохицуулалт хийхгүйгээр тэр хэвээр нь орхих буюу зохицуулалтаас татгалзахыг ойлгоно.

 

  1. 2.Хүний нөөц, санхүү, эдийн засгийн тооцооны үнэлгээг тоон хэмжигдэхүүнээр /мөнгөн хэлбэрээр/ илэрхийлэх боломжгүй тохиолдолд нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, үр дагаврыг тодорхойлно.

 

  1. 3.Нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийсний үр дүнд тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон тохиолдолд Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.3.2, 2.3.5-д заасны дагуу тус тус санал авах бөгөөд тус журмын 2.3.6-д заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

Тав. Нөлөөллийн шинжилгээний танилцуулга бэлтгэх, баталгаажуулах

 

  1. 1.Хавсралтад заасан шалгах асуултын дагуу үндэслэл бүхий дэлгэрэнгүй тайлбарыг  нөлөөллийн шинжилгээний танилцуулгад тусгана.

 

  1. 2.Нөлөөллийн шинжилгээг хэсэгчлэн хийсэн тохиолдолд нөлөөллийн шинжилгээний танилцуулгад энэ аргачлалын 3.2-т заасны дагуу авсан саналын талаархи мэдээллийг тусгана.

 

  1. 3.Нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийсэн тохиолдолд нөлөөллийн шинжилгээний танилцуулгад энэ аргачлалын 4.3-т заасан санал болон хэлэлцүүлгийн мэдээллийг тусгана.

 

  1. 4.Нөлөөллийн шинжилгээний танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулна.

 

Зургаа. Бусад

 

  1. 1.Шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлыг зохицуулж байгаа бол нөлөөллийн шинжилгээнд хэрэгжилтийн дүн шинжилгээг оруулна.

 

  1. 2.Хэрэгжилтийн дүн шинжилгээнд хэрэгжихгүй байж болох шалтгаан, шийдвэрийг хэрэгжүүлэх этгээдийн зардал, хэрэгжүүлэх арга зам, дагаж мөрдөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хувилбаруудад дүн шинжилгээ хийнэ.

 

  1. 3.Хэрэгжилтийн дүн шинжилгээний хүрээнд хэрэгжилтийг хангах, хянан шалгах чиг үүргийг тодорхойлж, хэрэгжүүлэх этгээдүүдийг тогтооно.

 

 

 

---000---

 

 

 

 

Хавсралт 1

 

 

Нөлөөллийн шинжилгээг хэсэгчлэн хийхэд хэрэглэх

шалгах асуултын жагсаалт

 

 

  1. Учирч буй саад, бэрхшээл, асуудлыг тодорхойлсон уу?
  2. Учирч буй саад, бэрхшээл, асуудалд нөлөөлж буй гол хүчин зүйлүүд юу вэ?
  3. Төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай юу? Тийм бол түүний үндэслэл, шаардлага нь юу вэ?
  4. Асуудал нь ямар бүлгийн эрх, ашиг сонирхолд хэрхэн нөлөөлж байна вэ?
  5. Асуудлыг шийдсэнээр ямар зорилго, зорилтод хүрэх вэ?
  6. Асуудлыг зохицуулж буй бусад хууль тогтоомж байгаа юу? Тухайн асуудлыг зохицуулж байгаа урьд нь батлагдсан шийдвэр байгаа эсэх?
  7. Шийдвэр гарснаар нийгэмд үзүүлэх үр нөлөө нь юу байж болох вэ?
  8. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 2.3.2, 2.3.5 дахь заалтуудыг хэрэгжүүлсэн эсэх?

 

 

 

 

---000--

 

Хавсралт 2

 

Нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийхэд хэрэглэх

шалгах асуултын жагсаалт

 

  1. Учирч буй саад, бэрхшээл, асуудал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд юу вэ?
  2. Төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай юу? Тийм бол түүний үндэслэл, шаардлага нь юу вэ?
  3. Асуудлыг шийдвэрлэх зохицуулалтын хувилбаруудад /2-оос доошгүй/ юу юу байж болох вэ?
  4. Сонгогдсон зохицуулалтын хувилбарын хүний нөөц, санхүү, эдийн засгийн үр дагавар нь ямар байх вэ?
  5. Асуудал нь ямар бүлгийн эрх, ашиг сонирхолд хэрхэн нөлөөлж байна вэ? Сонирхлын бүлгүүдийн саналыг авсан эсэх?
  6. Асуудлыг шийдсэнээр ямар зорилго, зорилтод хүрэх вэ? Түүнд хүрсэн эсэхийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон эсэх?
  7. Асуудлыг зохицуулж буй бусад хууль тогтоомж байгаа юу? Тухайн асуудлыг зохицуулж байгаа урьд нь батлагдсан шийдвэр байгаа эсэх?
  8. Шийдвэр гарснаар нийгэмд үзүүлэх үр нөлөө нь юу байж болох вэ? Шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
  9. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 2.3.2, 2.3.5, 2.3.6 дахь заалтуудыг хэрэгжүүлсэн эсэх?

---000---