- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ
Засгийн газрын 2013 оны 34 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ
Нэг. Ерөнхий зүйл
Улсын Их Хурлаас 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, эрх зүйн орчин бүрдүүлсэн нь хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, хүний эрхийг хангахад чиглэсэн нэн чухал ач холбогдол бүхий шийдвэр болсон юм.
Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бүх түвшний бодлогын баримт бичгүүдэд тусгах, түүнд жендэрийн дүн шинжилгээ хийх чадавхийг бий болгох, бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөх, төрийн албанд ажиллагсдын хүйсийн харьцааг хуульд нийцүүлэх тусгай арга хэмжээ авах талаар заасан боловч хөрөнгө нөөцийн төлөвлөлт, зарцуулалтыг жендэрийн мэдрэмжтэй болгох, жендэрийн асуудал хариуцсан үндэсний тогтолцоо болон төрийн дээд, орон нутгийн байгууллагууд хуулиар хүлээсэн шинэ эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх техникийн болон хүний нөөц, санхүүгийн нөхцөл бүрдээгүй байна.
Хуулийг хэрэгжүүлэх санаачлага, хүсэл зориг үндэсний болон орон нутаг, салбарын түвшинд хангалтгүй байгааг даван туулах зорилгоор Засгийн газраас хуулийг хэрэгжүүлэх бие даасан стратеги боловсруулан баталж, хэрэгжүүлэх хэрэгцээ бий болоод байна.
Хоёр. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг
хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн зорилго,
зорилт, хүрэх үр дүн, үйл ажиллагаа
Эрхэм зорилго:
Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах чадавхитай, тогтвортой, үр нөлөөтэй орчныг бүрдүүлж, монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад оршино.
Зорилго:
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хуулийг хэрэгжүүлэх салбарын болон орон нутгийн чадавхийг бүрдүүлэх, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бүх түвшний бодлого, үйл явцад нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтэд иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн олон талт оролцоог хангах, нөөц бололцоо, санхүүжилтийн тогтвортой байдлыг бий болгох, олон улсын хамтын ажиллагааг уялдуулахад оршино.
Зорилт 1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үлгэрчилсэн хэлбэр, тэргүүлэн гүйцэтгэгчийг тодорхойлж, хүний нөөцийг сургаж, бэлтгэх замаар үндэсний чадавхийг бүрдүүлнэ.
Хүрэх үр дүн:
-Жендэрийн үндэсний хороо нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбарын болон орон нутгийн ажлыг уялдуулан зохицуулах, чиглүүлэх, хянах, үнэлэх чадавхи сайжирч, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болсон байна;
-Төрийн захиргааны төв байгууллагын жендэрийн асуудал хариуцсан салбар зөвлөл, орон нутгийн хороодын хүний нөөц, техник, санхүүгийн чадавхи бэхжиж, тухайн түвшинд гарч байгаа шийдвэрт үнэлгээ өгч, жендэрийн дүн шинжилгээ хийдэг болсон байна;
-Хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, чадавхи дээшилсэн байна.
Зорилт 2. Жендэрийн асуудлаархи статистикийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн хөгжүүлж, түүнийг бүх шатны бодлого боловсруулахад ашиглана.
Хүрэх үр дүн:
-Жендэрийн асуудлаархи үндэсний статистик мэдээллийн нэгдсэн сантай болж, ашиглалт сайжирна;
-Жендэрийн сургалт, судалгаа, мэдээллийн үндэсний төвтэй болох асуудлыг боловсруулан, шийдвэрлүүлсэн байна;
-Өрхийн аж ахуйн болон хөлсгүй хөдөлмөрийн үнэлгээ үндэсний тооцооны өргөтгөсөн системд шилжсэн байна.
Зорилт 3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн холбогдох хууль, эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулж, хууль хэрэгжих нэгдмэл орчинг бүрдүүлнэ.
Хүрэх үр дүн:
-Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, Засгийн газрын тогтоол, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүд, яамдын шийдвэрт жендэрийн үнэлгээ хийгдсэн байна;
-Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж жендэрийн мэдрэмжтэй болсон байна.
Зорилт 4. Бүх нийтийн жендэрийн боловсрол, соёлыг дэмжсэн албан болон насан туршийн боловсролын тогтолцоог бий болгон хөгжүүлж, гэгээрэл сурталчилгааны ажлыг үндэсний хэмжээнд өрнүүлнэ.
Хүрэх үр дүн:
-Албан болон насан туршийн боловсролын сургалтын хөтөлбөр жендэрийн агуулгатай болсон байна;
-Төрийн бүх шатанд ажиллагсад, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалын мэдлэг, ойлголт нэмэгдэж, хандлага өөрчлөгдсөн байна;
-Телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим (онлайн) мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд хандсан мэдээлэл жендэрийн мэдрэмжтэй болсон байна.
Зорилт 5. Жендэрийн шууд болон шууд бус ялгаварлан гадуурхалтыг бууруулж, түүнээс урьдчилан сэргийлэх орчинг бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн тухай гомдлыг хянан шийдвэрлэх талаархи хуулийн хэрэгжилтийг хангах механизмыг бий болгоно.
Хүрэх үр дүн:
-Жендэрийн шууд болон шууд бус ялгаварлан гадуурхалтыг улс төр, нийгэм соёл, эдийн засаг, хөдөлмөр, гэр бүлийн харилцаанд хориглох, түүнээс урьдчилан сэргийлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэх механизм үндэсний хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, хамт олны түвшинд бүрдсэн байна;
-Жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн тухай гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэх арга зам нь хөдөлмөрийн гэрээ, контракт, хамтын гэрээ, хэлэлцээр, байгууллагын дотоод журам, улс төрийн намуудын дүрэмд тусгагдсан байна;
-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хүргэх салбар дундын зохицуулалт бий болсон байна.
Зорилт 6. Жендэрийн мэдрэмжтэй төсөв зохиох арга зүйг улсын нэгдсэн болон орон нутгийн төсвийг боловсруулах, батлах үйл явцад нэвтрүүлнэ.
Хүрэх үр дүн:
-Улсын болон орон нутгийн төсвийг жендэрийн мэдрэмжтэй боловсруулах нэгдсэн арга зүйтэй болсон байна;
-Улсын нэгдсэн болон орон нутгийн төсөв жендэрийн мэдрэмжтэй болсон байна.
Гурав. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг
хэрэгжүүлэх стратегийн хэрэгжилтийг зохицуулах
удирдлага, хяналт үнэлгээ, санхүүжилт
Хэрэгжилтийг зохицуулах удирдлага
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн салбар хоорондын хэрэгжилтийг зохицуулах, уялдуулах үйл ажиллагааг Жендэрийн үндэсний хороо хариуцна.
Төрийн болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд стратегийг хэрэгжүүлэх үүргийг хүлээх бөгөөд Жендэрийн үндэсний хорооны ажлын алба хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын үр дүнг нэгтгэн Засгийн газар, Жендэрийн үндэсний хороонд тайлагнана.
Стратегийг тэргүүлэн гүйцэтгэх төрийн болон төрийн захиргааны төв байгууллага, орон нутаг, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг, хариуцлага:
Улсын Их Хурлын Тамгын газар: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн холбогдох хууль эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулан, хууль хэрэгжих нэгдмэл орчинг бүрдүүлнэ;
Хүний эрхийн үндэсний комисс: Жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн тухай гомдлыг хянан шийдвэрлэж, хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавина;
Төрийн албаны зөвлөл: Төрийн албан хаагчдын хүйсийн төлөөллийн доод хязгаартай холбоотой заалтыг хангах тусгай арга хэмжээ хэрэгжүүлж, төрийн бүх албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд жендэрийн асуудлыг тусгана;
Үндэсний статистикийн хороо: Жендэрийн статистикийг нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн хөгжүүлж, түүнийг бүх шатны бодлого боловсруулахад ашиглах ажлыг зохион байгуулна;
Төрийн захиргааны төв болон орон нутгийн удирдлагын байгууллагууд: Салбарын болон орон нутгийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгох, байгууллагын түвшинд жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэнг ажиллуулах, салбар зөвлөл, хороодыг байгуулах ажлыг зохион байгуулна.
Иргэний нийгмийн байгууллагууд: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг олон нийтэд сурталчлах, бүх нийтийн жендэрийн боловсролыг дэмжихэд иргэний нийгмийн байгууллагууд оролцоно;
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хөдөлмөрийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангах, ажлын байранд бэлгийн дарамтын эсрэг үйл ажиллагааг хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгуулах ажлыг зохион байгуулна;
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллагууд нь жендэрийн эрх тэгш байдлыг олон нийтэд сурталчлах, нийгмийг гэгээрүүлэх үйл ажиллагааг өөрсдийн нийтлэлийн бодлогоороо дамжуулан гүйцэтгэнэ;
Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, охид, хөвгүүд, гэр бүл, иргэний эрх ашгийг хамгаалах чиглэлийн байгууллагууд нь стратегийн хэрэгжилтэд хяналт тавих, мониторинг хийх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг олон нийтэд сурталчлахад оролцоно.
Хяналт, үнэлгээ
Стратегийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, гүйцэтгэлд хяналт тавихдаа дор дурдсан зарчмуудыг баримтална:
-Зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийг зохион байгуулахад нэгдсэн арга зүйгээр хангах;
-Стратегийн хэрэгжилтийг үнэлэхэд хөндлөнгийн бие даасан шинжээч, төрийн бус байгууллагын оролцоог хангах;
-Үнэлгээ ил тод, зөвшилд үндэслэсэн байх.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх стратегийн үйл ажиллагааны зардал нь улсын болон орон нутгийн төсөвт тусгагдан батлагдсан байна.
-------оОо-------
Текст томруулах
A
A
A