A

A

A

Бүлэг: 1979


Засгийн газрын 2013 оны 78 дугаар
                                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2. Үндэсний зөвлөл нь Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

 

2.1. Үндэсний зөвлөлийн орлогч дарга нь Монгол Улсын Шадар сайд, хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нар байна.

2.2. Үндэсний зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай байна.

2.3. Үндэсний зөвлөл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, холбогдох яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

2.4. Үндэсний зөвлөлийн шийдвэрээр тухайлсан асуудлаар мэргэжлийн салбар зөвлөл, шинжээчдийн баг ажиллуулж болно.

 

Гурав. Үндэсний зөвлөлийн чиг үүрэг

 

3.1. Үндэсний зөвлөл нь Хүнсний тухай хуулийн 6.7, 18.5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, дараахь асуудлаар зөвлөмж гаргана:

3.1.1. олон улсын хүнсний хангамж, үнийн өсөлт, дотоодын хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хүн амын өсөлт, эрүүл мэндийн үзүүлэлт, насны бүлэг бүрийн хоол тэжээлийн байдал, өрхийн орлого, хүнсний хэрэглээний бүтэц, зардал зэрэгтэй уялдуулсан хүнсний хангамж, хүртээмжийн талаархи судалгаа захиалж гүйцэтгүүлэн хэлэлцэж Үндэсний зөвлөлийн зөвлөмж гаргаж, холбогдох яам, байгууллагад хүргүүлэн бодлого, үйл ажиллагааг уялдуулах;

3.1.2. хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд эрсдэл үүссэн тохиолдолд холбогдох асуудлыг яаралтай хэлэлцэн шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар холбогдох яам, байгууллагад чиглэл өгөх;

3.1.3. хүн амын нягтаршил ихтэй хот, суурин газрын ойролцоо хөгжүүлэх эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнс, хоол үйлдвэрлэлийн хөгжлийн төлөвлөлт, зориулалтын тээврийн хэрэгсэл, агуулах, зоорийн хангамж, хүртээмжтэй холбоотой асуудлын талаар хэлэлцэн, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэх;

3.1.4. хүн амын дунд хүнснээс шалтгаалах халдварт бус болон хоол хүнсээр дамжих өвчин, хүнсний бохирдол, нөлөөллийн хүчин зүйлс, эрсдэлийн талаархи судалгаа захиалгаар гүйцэтгүүлж, дүнг хэлэлцэн зөвлөмж гарган хэрэгжүүлэх;

3.1.5. тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг хэлэлцэж Үндэсний зөвлөлийн зөвлөмж гаргах;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2021 оны 19 дүгээр тогтоолоор нэмсэн)

3.1.6. Үндэсний зөвлөл өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх.

(Энэ дэд заалтын дугаарлалтыг Засгийн газрын 2021 оны 19 дүгээр тогтоолоор өөрчилсөн)

3.2. Тодорхой асуудлаар байгуулсан мэргэжлийн  салбар зөвлөл, шинжээчдийн багийн үйл ажиллагааг бодлогын удирдамжаар ханган, дэмжлэг үзүүлнэ.

 

Дөрөв. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны журам

 

4.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

4.2. Үндэсний зөвлөл хагас жилд нэгээс доошгүй удаа хуралдана. Хурлыг зөвлөлийн дарга зарлаж, даргалах бөгөөд түүний түр эзгүйд орлогч дарга зарлаж, даргална.

4.3. Үндэсний зөвлөлийн дарга шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

4.4. Хурлын товыг хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн байна.

4.5. Нийт гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.

4.6. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд биеэр оролцох боломжгүй гишүүн хурал эхлэхээс өмнө саналаа бичгээр хүргүүлж болно.

4.7. Хурлын тэмдэглэлийг Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлнө.

4.8. Шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөлийн хуралдаанд мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.

4.9. Үндэсний зөвлөл нь энэ дүрмийн 3.1.5-д заасан асуудлыг хэлэлцэхдээ Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монголын Хүнсчдийн холбооны төлөөллийг заавал оролцуулна. Асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 19 дүгээр тогтоолоор нэмсэн)

 

Тав. Нарийн бичгийн даргын үүрэг

 

5.1. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж, хуралдааны бэлтгэлийг хангаж, гарсан зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайланг нэгтгэн, Үндэсний зөвлөлийн дарга, орлогч дарга, гишүүдийг мэдээллээр хангана.

5.2. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Үндэсний зөвлөлийн бичиг хэргийг зохих журмын дагуу хөтлөн явуулна.

5.3. Зөвлөлөөс мэргэжлийн салбар зөвлөл, шинжээчдийн баг ажиллуулсан тохиолдолд зөвлөлийн нарийн бичгийн дарга тэдгээрийг өдөр тутмын удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулна.

 

 

 

------оОо------