A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙГ 2013-2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 89 дүгээр
тогтоолын хавсралт


ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА,
АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХҮНИЙ
НӨӨЦИЙГ 2013-2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Нэг.  Нийтлэг үндэслэл

 

Монгол Улсын Засгийн газрын худалдан авах ажиллагаанд оролцогч талууд,  худалдан авах ажиллагааны чиглэлээр ажиллах боловсон хүчин, их, дээд сургуульд худалдан авах ажиллагааны чиглэлийн сэдвийг заах багш, тухайн асуудлаар мэргэших оюутан зэргийг мэргэшүүлэх, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ашиглах чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх байнгын тогтолцоо бий болгох шаардлага шинээр тавигдаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2010 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилт, хариуцлагын эрх зүйн орчин сайжирсан хэдий ч хуулийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудад худалдан авах ажиллагааны талаар бэлтгэгдсэн, мэдлэгтэй боловсон хүчин дутмаг хэвээр байна.

Энэхүү хэрэгцээг хангах үүднээс худалдан авах ажиллагааны чиглэлээр багшлах боловсон хүчний чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сургалтын хөтөлбөр, арга зүйг гүнзгийрүүлж, хамрах хүрээг тодорхойлон Засгийн газар, хувийн хэвшил болон нийтийг хамруулсан сургалтын тогтвортой тогтолцоог бүрдүүлж, чадварлаг сургалтын байгууллагууд бий болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзсэн болно. 

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

 

Засгийн газрын худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үр ашигтай хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэшлийн боловсон хүчний оролцоог хангах замаар татвар төлөгчдийн хөрөнгө ил тод, шударга, өрсөлдөөнийг дэмжсэн хэлбэрээр зарцуулагдаж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Энэхүү зорилгын хүрээнд Засгийн газрын худалдан авах ажиллагааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, хөгжүүлэх тогтолцоо бүрэн төлөвшиж, 2016 он гэхэд Засгийн газрын бүх шатанд олон улсын түвшинд хүрсэн, үр ашигтай худалдан авах ажиллагаа явуулах хүний нөөцийн чадавхийг бүрдүүлсэн байх зорилт тавьж байна.

 

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

 

Сангийн яам болон Худалдан авах ажиллагааны газар нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих арга хэмжээ, зорилтуудыг хэрэгжүүлж, мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн үйл ажиллагааг чиглүүлж, дэмжлэг үзүүлнэ.

 

Сангийн яам хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын худалдан авах ажиллагааны хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлэх ажлыг олон улсын байгууллага, Худалдан авах ажиллагааны газартай хамтран зохион байгуулж, сургалтын үндэсний тогтолцоог хөгжүүлэх хүрээнд сургалтын байгууллагуудыг дэмжин ажиллана.


 
Дөрөв. Зорилтууд, хүрэх үр дүн

 

Энэхүү хөтөлбөрийн зорилгод нийцүүлэн 2013-2016 онд Засгийн газрын худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэхэд дараахь 2 үндсэн зорилтыг дэвшүүлж, хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг тодорхойлов.

  4.1. Засгийн газрын худалдан авах ажиллагаанд оролцогч этгээдийг мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бүрдүүлнэ.

Үр дүн:

4.1.1. худалдан авах ажиллагааны сургагч-багшийн тоог 2016 онд    200-д хүргэж, орон нутагт ажиллах сургагч-багш нарын тоог нэмэгдүүлж, улсын хэмжээнд ажиллах боломжийг бүрдүүлнэ;

4.1.2. төрийн байгууллагын төсвийн захирагч, нягтлан бодогч болон санхүү, хөрөнгө оруулалт, төсөв, барилга, худалдаа, хуулийн мэргэжилтэн зэрэг худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал хариуцсан ажилтнуудын 60-аас доошгүй хувь нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх шаардлагыг тавьж, ажлын байрны тодорхойлолтод энэ талаар тусгаж ажиллана;

4.1.3. цахим худалдан авах ажиллагааны мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулж, худалдан авах ажиллагаанд оролцогч бүх талуудын 30-аас доошгүй хувийг сургалтад хамруулсан байна;

4.1.4. орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүдийн ажилтнуудыг худалдан авах ажиллагааны сургалтад 100 хувь хамруулсан байна; 

4.1.5. худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалт явуулж, олон улсын жишигт нийцсэн зөвлөгөө өгдөг 6-гаас доошгүй төрийн бус байгууллага, Худалдан авах ажиллагааны газрыг түшиглэсэн сургалт, судалгааны төвтэй болсон байна;

4.1.6. сургагч-багш, сургалтын байгууллагыг түшиглэн төрийн байгууллагын худалдан авах ажиллагаанд шууд оролцож байгаа ажилтнуудын 30-аас доошгүй хувийг энэ чиглэлээр давтан мэргэшүүлж, худалдан авах ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулна.

Бодлогын арга хэмжээний чиглэл:

  Худалдан авах ажиллагааны сургагч-багш бэлтгэх тусгайлсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж их, дээд сургууль, коллежийн болон бусад сургалтын байгууллагын багш нарыг хамруулж, Засгийн газрын худалдан авах ажиллагааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэх сургагч-багш нарыг бэлтгэж, давтан сургалтад хамруулна.

Бэлтгэгдсэн сургагч-багш нарын үйл ажиллагаа, санаачлагыг дэмжиж, худалдан авах ажиллагааны чиглэлээр хичээл заах, туршлага, мэдээлэл солилцох зорилгоор багш нарын хамтран ажиллах аливаа хэлбэрийг дэмжинэ.
 
  “Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах сургалтын байгууллагад тавигдах нийтлэг шаардлага”-ыг хангасан байгууллагатай Хамтран ажиллах санамж бичиг байгуулах замаар хамтран ажиллаж, 2016 он гэхэд олон улсын жишигт нийцсэн зөвлөгөө өгөх 6-гаас доошгүй төрийн бус байгууллага бий болсон байна.

  Худалдан авах ажиллагааны газрыг түшиглэн худалдан авах ажиллагааны сургалт, судалгааны төвтэй болсон байна.

  Сургалтын байгууллагын үйл ажиллагаанд чанарын хяналт тавьж ажиллана.

Цахим худалдан авах ажиллагааны мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулж, худалдан авах ажиллагаанд оролцогч бүх талуудын 30-аас доошгүй хувийг сургалтад хамруулсан байна

  Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хууль хяналтын байгууллагын ажилтнууд, ялангуяа санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудиторуудын худалдан авах ажиллагааны талаархи мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, сургалтад хамруулна.

Төрийн байгууллагын худалдан авах ажиллагаанд шууд оролцож байгаа ажилтнуудын 30-аас доошгүй хувийг 2016 он гэхэд давтан сургаж, худалдан авах ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулна.

  Засгийн газрын худалдан авах ажиллагааны чиглэлээр аж ахуйн нэгж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагад зориулж тусгайлсан сургалтын хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлнэ.

  Худалдан авах ажиллагааг зохион байгуулах орон нутгийн нэгжүүдийн ажилтнуудыг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад бүрэн хамруулна.
 
  4.2.  Худалдан авах ажиллагааны бодлого, арга зүй, онол, практикийн талаархи мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлнэ.

Үр дүн:

4.2.1. худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжинэ;

4.2.2. худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, хувийн хэвшлийн ажилтнуудад худалдан авах ажиллагааны мэдлэг олгох сургалтыг дэмжиж ажиллана.


Бодлогын арга хэмжээний чиглэл:

  Худалдан авах ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа сургагч-багш, судлаач, ажилтнууд нэгдэж худалдан авах ажиллагааны ойлголт, мэдлэгийг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхийг дэмжинэ.

  Худалдан авах ажиллагааны талаар олон улсын байгууллага болон гадаад оронтой байгуулах хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээрийг холбогдох ажилтнууд болон олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулна.

  Худалдан авах ажиллагаанд оролцогч талуудын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, мэдээлэл авах боломжийг өргөжүүлэх зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалт сурталчилгаа явуулахыг дэмжинэ.

  Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд хүргэх, худалдан авах ажиллагааны тогтолцоог зөв төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

Худалдан авах ажиллагааны чиглэлээр ажилладаг, мэргэшсэн болон сонирхогч хүмүүст мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, ур чадварыг хөгжүүлэх шаардлага гарч байгаатай уялдуулан тэдний үйл ажиллагааг чиглүүлэн зохион байгуулах, зорилго бүхий олон нийтийн байгууллага, холбоо үүсч бий болоход дэмжлэг үзүүлнэ.

Худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нийгэмд үйлчлэх төрийн бус болон сургалтын байгууллагуудыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэрэгжилтэд татан оролцуулж, үр ашигтай хамтран ажиллана. Энэ чиглэлийн зарим ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхэд анхаарна. Ингэснээр олон нийт худалдан авах ажиллагааны талаар бүрэн зөв ойлголт авч, цаашид төсвийн хөрөнгийн зарцуулалт болон гэрээ хэлцэл хийхэд ухамсартайгаар зөв хяналт тавих чадвар нэмэгдэнэ.

 

Тав. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, ажилтны үйл ажиллагаа дараахь зарчимд нийцсэн байна:

• Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, заавар, журамтай нийцсэн байна;

• олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байна;

• төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд болох сонирхогч бүх талуудын хэрэгцээ шаардлагыг хангасан байна;

• олон улсын түвшинд хүрсэн, оновчтой зохион байгуулалт, бүтэцтэй байна;

• ил тод байна.


Зургаа.  Санхүүжилт

 

Засгийн газрын худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр нь олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хандивлагч орнуудын техник туслалцаа, төсвийн хөрөнгөөс бүрдэнэ.

Худалдан авах ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй сургалтын төрийн бус байгууллага болон Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургалт, судалгааны төв нь ашгийн төлөө бус байгууллага байх бөгөөд үйл ажиллагааны зардлаа сургалт, үйлчилгээний төлбөрөөр нөхөх зарчмаар ажиллана.

Хөтөлбөрт хамрагдах ажилтнуудын хэрэгцээ шаардлага, зардлын эх үүсвэр, салбарын болон үйл ажиллагааны онцлогийг тусгасан арга хэлбэрийг тогтоож холбогдох байгууллагуудыг татан оролцуулна.

 

Долоо. Үр дүнг үнэлэх

 

Сангийн яам жил бүр энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүнг үнэлж, Засгийн газарт танилцуулах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой бодлогын арга хэмжээг тодорхойлон, Худалдан авах ажиллагааны газартай хамтран хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн жилийн эцсийн тайланг худалдан авах ажиллагааны вэб хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

Сангийн яам нь 2017 оны эхний улиралд багтаан Худалдан авах ажиллагааны газартай хамтран хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг Засгийн газарт хүргүүлж, үнэлгээ дүгнэлтийг олон нийтэд мэдээлнэ.

 

------оОо------