A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

 

АГНУУР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн болон агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах, агнуур зохион байгуулалтыг гүйцэтгэх мэргэжлийн байгууллага (цаашид “мэргэжлийн байгууллага” гэх)-ын эрх, үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Аймгийн Засаг дарга, тухайн орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага нь нутаг дэвсгэртээ ерөнхий агнуур зохион байгуулалт, менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ.

1.3.Тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч иргэн, хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр, сум дамжсан агнуурын бүс нутгийн агнуурын менежментийн төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ.

Хоёр. Агнуур зохион байгуулалтын төрөл

2.1.Агнуур зохион байгуулалтыг дараахь төрөлд ангилна:

2.1.1.ерөнхий агнуур зохион байгуулалт;

2.1.2.нарийвчилсан агнуур зохион байгуулалт.

2.2.Ерөнхий агнуур зохион байгуулалтыг аймгийн нутаг дэвсгэрт хийж, ан амьтны тархац нутаг, нөөц, агнуурын амьтны нас, хүйсний бүтэц, нөхөн үржлийн чадавхийг судалсны үндсэн дээр агнуурын бүс нутгийн хилийн зааг, хэмжээг тогтоож, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулна.

2.3.Нарийвчилсан агнуур зохион байгуулалтыг иргэн, нөхөрлөл, хуулийн этгээдийн хариуцан хамгаалж байгаа агнуурын бүс нутагт хийж, ашиглаж болох агнуурын амьтны зүйл, агнуурын нөөцийг тогтоож, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулна.

Гурав. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын үүрэг, хийж гүйцэтгэх ажлын дараалал

3.1.Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллага нь дараахь үүрэг хүлээнэ:

3.1.1.агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг аймаг, сумын хэмжээнд тогтоох санал, үндэслэл боловсруулах;

3.1.2.агнуур зохион байгуулалтын ажил гүйцэтгэхэд шаардагдах мэдээ, баримтыг холбогдох мэдээллийн сангаас зохих журмын дагуу авч ашиглах;

3.1.3.өөрийн гүйцэтгэсэн агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, ан амьтны тархац, нэмэлт судалгааны дүнг гаргах;

3.1.4.батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, технологийн горим, техникийн шаардлага зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргэх;

3.1.5.агнуур зохион байгуулалтын ажилд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хангамж, ажлын чанарыг сайжруулах арга хэмжээ авах;

3.1.6.агнуурын нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох саналыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргэх.

3.2.Агнуур зохион байгуулалтын ажлыг дараахь үе шаттайгаар явуулна:

3.2.1.бэлтгэл ажил;

3.2.2.хээрийн хайгуул судалгаа;

3.2.3.хээрийн хайгуул судалгааны үр дүнг боловсруулах;

3.2.4.агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг баримтжуулсан дүрс бичлэг, анхан шатны бүртгэл, үнэлгээ хийсэн үйл явцын дэлгэрэнгүй мэдээллийн хамт хүлээлгэн өгөх. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор нэмэлт орсон/

3.3.Бэлтгэл ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:

3.3.1.агнуур зохион байгуулалт хийх газрын төлөв байдал, эзэмшил, ашиглалттай холбоотой мэдээлэл цуглуулах, өмнөх агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, зураглалтай танилцах, агнуур зохион байгуулалтын ажилд шаардагдах техник хэрэгслийг бэлтгэж шаардлагатай тэмдэглэгээ (гол, нуур, зам, агнуурын бүс нутгийн хил, өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн байршил, малын төрөл, тоо, эрүүл мэнд, өвчний байдал, геологийн хайгуулын болон ашиглалтын талбай, агнуурын санд нөлөөлж болох бусад хүчин зүйлсийн байршил г.м)-г газрын зурагт оруулах;

3.3.2.агнуур зохион байгуулалтын ажилд судалгааны нэгдсэн арга зүй хэрэглэх;

3.3.3.агнуур зохион байгуулалт хийлгүүлэх тухай захиалагчийн шийдвэрийн дагуу хэрэгжүүлэх ажлын хуваарь, хугацааг нарийвчлан гаргах;

3.3.4.ерөнхий агнуур зохион байгуулалтын ажилд 1:200.000-гаас 1:500.000 масштабтай байр зүйн зураг, нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажилд 1:200.000 масштабтай байр зүйн зураг, 1:60.000-гаас багагүй нарийвчлалтай сансрын зураг ашиглах;

3.3.5.ерөнхий агнуур зохион байгуулалтын ажил хийх тохиолдолд тухайн зүйл амьтны тархац нутгийн 30-аас доошгүй хувьд, нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажил хийх тохиолдолд 80-аас доошгүй хувьд нь сорилын талбайг сонгож авах;

3.3.6.агнуур зохион байгуулалт хийлгүүлэх захиалагчтай гэрээ байгуулах.

3.4.Хээрийн хайгуул судалгаа хийх ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:

3.4.1.хээрийн хайгуул судалгааны үед мөрдөх заавар, аргачлал, маягт, бусад баримт бичгийг бүрдүүлэх;

3.4.2.агнуурын бүс нутаг дахь ан амьтны зүйлийн бүрдэл, агнуурын үндсэн зүйлийн биологийн болон агнуурын нөөц, нөхөн үржлийн чадавхи, нас, хүйсний бүтэц, байршил, тархац нутаг, ашиглах тоо хэмжээг тогтоох;

3.4.3.ан амьтны агнуурын нөөцийг тогтооход тохиромжтой хугацаа сонгох;

3.4.4.агнуурын бүс нутгийн үнэлгээ хийхэд бэлчээр, идэш тэжээлийн нөөц, ургамал, нэгж талбай дахь ургамлын масс, идэш тэжээлийн өрсөлдөгч, дайсагнагч зүйлүүдийн элбэгшлийн байдлыг үнэлэх;

3.4.5.агнуурын бүс нутагт байрлах уурхай, дэд бүтэц, айл өрх, мал зэрэг агнуурын амьтны санд нөлөөлж байгаа хүчин зүйлийн нөлөөллийн цар хүрээ, нөлөөллийн хүчийг тодорхойлох мэдээллийг цуглуулах;

3.4.6.орон нутгийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч болон иргэдээс ан амьтны байршил, нөөцөд нөлөөлөх хүчин зүйл, шилжилт хөдөлгөөн, ашиглалтын талаар мэдээ авах;

3.4.7.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаархи хууль тогтоомжийг чанд мөрдөх.

3.5.Хээрийн хайгуул судалгааны үр дүнг боловсруулах ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:

3.5.1.хээрийн хайгуул судалгааны явцад цуглуулсан мэдээ, мэдээллийг боловсруулан нэгтгэх. Ийнхүү нэгтгэхдээ дараахь аргачлалыг ашиглана:

1)агнуурын амьтны тархац нутгийн талбайг тогтоохдоо газар зүйн мэдээллийн программ хангамж, тэдгээрийн холбогдох өргөтгөлүүдийг ашиглах;

2)агнуурын хөхтөн амьтны эзэмшил нутгийг тогтоохдоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн арга зүй, тооцооны программыг уламжлалт аргатай зөв хослуулан үндэсний хэмжээнд нутагшуулах, хэрэглэх (агнуурын хөхтөн амьтны эзэмшил нутаг гэдэг нь тархац нутгийнхаа хүрээнд харьцангуй тогтвортой байршдаг газар нутгийг ойлгоно);

3)агнуурын амьтны биологийн нөөц болон агнуурын бүс нутгийг үнэлэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаас гадна эрдэм шинжилгээний байгууллагаар батлагдсан бусад арга зүйг ашиглах;

4)боловсруулалтад тусгай программ ашиглаж байгаа бол статистик тооцооны болон газар зүйн мэдээллийн программ хангамжтай харилцан зохицсон, мэдээг чөлөөтэй хөрвүүлэх боломжтой байх зарчим баримтлах;

5)амьтны зүйлүүдийн нас, хүйсийг тодорхойлохдоо өнгө зүс, биеийн болон эврийн хэлбэр зэрэг шинжүүдийг ашиглах.

3.5.2.агнуур зохион байгуулалтын эхлэл, төгсгөлийн хэлэлцүүлгийг оролцогч талуудыг хамруулан зохион байгуулж дараахь асуудлыг хэлэлцэнэ:

1)агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхтэй холбоотой арга хэмжээний төлөвлөгөө болон хэрэгжүүлэх арга хэлбэр, агнуурын амьтны тархацын болон нягтшилын зураг, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл;

2)агнуур зохион байгуулалттай холбоотой захиалагч, мэргэжлийн байгууллага болон бусад байгууллага, иргэдийн санал, хүсэлтийг хэлэлцэн тэмдэглэл хөтлөх.

3.6.Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг захиалагчдад хүлээлгэн өгөх ажлын хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:

3.6.1.ерөнхий агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг баримтжуулсан дүрс бичлэг, анхан шатны бүртгэл, үнэлгээ хийсэн үйл явцын дэлгэрэнгүй мэдээллийн хамт аймгийн Засаг даргад хүлээлгэн өгөх; /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 9-р тогтоолоор нэмэлт орсон/

3.6.2.агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийг захиалагч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад хүлээлгэн өгөх.

 

 

 

---- о0о ----