A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 105 дугаар
тогтоолын хавсралт

 

ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн болон ойн нөхөрлөл (цаашид “Нөхөрлөл” гэх), аж ахуйн нэгж, байгууллагын  гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн талбай, нөөц, төлөв байдал, өөрчлөлтийг тогтоох, ойн хомсдол доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт болон шингээлтийг тооцох, биомассын судалгаа хийх зорилгоор хийх ойн тооллого, ой зохион байгуулалтын ажилтай холбогдон үүсэх харилцааг энэхүү  журмаар  зохицуулна.

1.2. Ой зохион байгуулалтын ажил нь дараахь төрөлтэй байна:

1.2.1.  улсын ойн санд хийх ойн тооллого;

1.2.2.  эзэмшлийн ойн санд хийх ой зохион байгуулалт.

1.3. Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулна.

1.4. Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын нэгдмэл сангийн тайлангийн  ойн сан бүхий газрын мэдээллийг энэхүү журмын дагуу хийсэн ойн тооллогын тайлан, мэдээгээр тооцож оруулна.

  1.5. Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх аргачлалыг  байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.



Хоёр. Ойн тооллого

 

2.1. Ойн тооллогыг улс, аймаг, сумын түвшинд хийх бөгөөд үүнд дараахь үйл ажиллагааг хамруулна: 

2.1.1. улсын ойн сангийн талбай, нөөц, таксацийн дундаж үзүүлэлт түүний өөрчлөлтийг гаргаж, ойн төлөв байдалд үнэлэлт өгөх;

  2.1.2. ойн хомсдол доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт болон шингээлтийг тооцох;

2.1.3. ойн биомасс, бусад үзүүлэлтийг тодорхойлох;

2.1.4. ойн санг газрын болон ойн төрлөөр ангилсан зураг үйлдэх.

2.2. Ойн тооллогыг улсын ойн сангийн бүх талбайг хамруулан энэ журмын 1.5-д заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

2.3. Ойн тооллогыг системчлэн байрлуулсан байнгын дээж талбайн хэмжилтэд тулгуурлан 5 жилийн эргэлттэйгээр явуулна.

2.4. Ойн сан бүхий бүх газрыг бүрэн хамарсан тогтмол хэмжээст тэгш өнцөгт координатын торлолоор системчлэн байрлуулсан байнгын дээж талбайг байгуулах замаар ойн тооллогыг явуулна.

2.5. Ойн тооллогыг байгалийн гамшиг, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчний тархалтын улмаас ойд их хэмжээний хохирол учирсан тохиолдолд ойн сангийн өөрчлөлтийг тогтоох зорилгоор шаардлагатай аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд энэхүү журмын 2.3-т заасан хугацаа харгалзалгүйгээр явуулж болно.

2.6. Ойн тооллогын ажилд суурь зураг нь 1:100000 масштабтай байр зүйн зураг байх бөгөөд өндөр болон хэт өндөр орон зайн шийд (30 м хүртэлх) бүхий хиймэл дагуулын мэдээ  ашиглана.

 

Гурав. Ой зохион байгуулалт

 

3.1. Ой зохион байгуулалтын ажил тодорхой бүс нутагт болон нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ойн санд хийгдэх бөгөөд үүнд дараахь үйл ажиллагааг хамруулна: 

3.1.1. ойн санг хэсэглэлд хуваах;

3.1.2. ойн санг хэсэглэл бүрээр газрын болон модны төрлөөр ялгах;

3.1.3. ойд чанарын болон тоон үзүүлэлт (ойн таксаци)-ийн хэмжилтүүд хийх;

3.1.4. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, ойн аж ахуйн арга хэмжээг тодорхойлох;

3.1.5. ойн санг газрын болон модны төрөл, ойн аж ахуйн арга хэмжээгээр ангилсан том масштабын төрөл бүрийн сэдэвчилсэн зураг үйлдэх.

3.2. Ой зохион байгуулалтын ажлаар ойн таксацийн үндсэн үзүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээг ялгарал бүрээр тогтоох бөгөөд тайлан, зураг төсөл нь ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах үндэслэл болно.

3.3. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж, ашиглаж байгаа ойн сандаа хуульд заасан хугацаанд ой зохион байгуулалт хийлгэж баталгаажуулсан байна.

3.4. Ой зохион байгуулалтын ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв, чанартай хийх үүргийг гүйцэтгэгч мэргэжлийн байгууллага,  түүний албан тушаалтан хүлээнэ.

3.5. Ой зохион байгуулалтын ажлын үед ойн хэсэглэлийн хилийн заагийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно.


   
Дөрөв. Ойн тооллого, ой зохион байгуулалтын
          нийтлэг үйл ажиллагаа

 

4.1. Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлыг бэлтгэл, хайгуул судалгаа, материал боловсруулалт, баталгаажуулалт гэсэн 4 үе шаттай явуулна.

         4.2.  Бэлтгэл ажлын хүрээнд:

4.2.1. ажил гүйцэтгэх газрын нөхцөл, эзэмшил, ашиглалттай холбоотой болон өмнө нь хийсэн судалгааны ажлуудын мэдээлэл, шаардагдах зураг, техник хэрэгслийг бэлтгэнэ; 

4.2.2. ойн тооллого, ой зохион байгуулалтын ажил явуулах тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт заасны дагуу  ажил гүйцэтгэх хугацаа, хуваарийг гаргана;

4.2.3.  системчлэн байрлуулсан байнгын дээж талбайгаас тухайн жилд хэмжилт, судалгаа хийх түүвэр дээж талбайг сонгож байршлыг тогтооно;

4.2.4. ойн санг сум тус бүрээр 1000 га-с дээшгүй  ойн талбайг хамарсан байхаар байгалийн үл хөдлөх тогтоцыг ашиглан хэсэглэлд хуваан  дугаар олгоно;

4.2.5. хайгуул судалгааны ажилд хэрэглэх агаарын зураг болон хиймэл дагуулын мэдээнд анхан шатны боловсруулалт хийнэ;

4.2.6. гүйцэтгэгчийн санаачлагаар захиалагч, гүйцэтгэгчийн төлөөллийг оролцуулан техникийн 1 дүгээр зөвлөгөөн  хийж  хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэх арга, түүнд тавих хяналт, боловсруулан гаргах тайлан, зураг төслийн талаар  харилцан зөвлөлдөж шийдвэр гаргана.

4.3. Хайгуул судалгааны ажлын хүрээнд:

4.3.1.  ойн тооллогоор системчлэн байрлуулсан цэгүүдийн байршлыг тогтоон тэмдэгжүүлж,  байнгын болон туслах дээж талбайнуудыг байгуулж хэмжилт судалгааны ажил гүйцэтгэнэ;

4.3.2. ой зохион байгуулалтын ажлаар ойн хэсэглэлийн хилийн заагийн уулзвар цэгийн газар зүйн байршлын солбицлыг тодорхойлох, тухайн газрын уул, нуруу, гол горхи, өндөрлөгүүдийн нэрийг тодруулах, тал газрын ойд хэсэглэлийн хилийн заагийн зураг авалт хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ;

4.3.3. агаарын зураг болон хиймэл дагуулын мэдээг ашиглан шаардлагатай хэмжилт, тодруулалт хийнэ.

  4.4. Материал боловсруулалтын ажлын хүрээнд:

  4.4.1. хайгуул судалгааны ажлын явцад  цуглуулсан мэдээ, мэдээлэл, өгөгдлүүдийг боловсруулан нэгтгэж, тайлан, зураглалын ажлыг гүйцэтгэнэ;

     4.4.2. зураглалын ажилд Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолд заасан солбицол, тусгагийг мөрдөнө;

          4.4.3. ойн сангийн болон төрөл бүрийн сэдэвчилсэн зурагт хийх тэмдэг, тэмдэглэгээ, бичлэгийг  ойн тооллого, ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх аргачлалд заасан нэг хэв маягаар гүйцэтгэнэ;

  4.4.4. материал боловсруулалтын ажил дуусмагц гүйцэтгэгчийн санаачлагаар захиалагч, гүйцэтгэгчийн төлөөллийг оролцуулсан техникийн            2 дугаар зөвлөгөөний хийж гаргасан тайлан, зураг төслийг хэлэлцэнэ.

  4.5. Тайлан, зураг төслийн  баталгаажуулалтын ажлын хүрээнд:

  4.5.1.  ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлын тайлан, зураг төслийг  Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-өөр хэлэлцэж батална;

4.5.2. зөвлөл нь асуудлыг хуралдаанаараа хэлэлцүүлж хуралдааны тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмж гаргах бөгөөд эдгээр шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна;

4.5.3. ойн нөөцтэй холбоотой дор дурьдсан судалгааны тайлан мэдээг зөвлөл хэлэлцэж баталгаажуулна:

1) улсын төсөв болон олон улсын төсөл, хөтөлбөрийн  хөрөнгөөр гүйцэтгэсэн ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлын тайлан, тооцоо, зураг төсөл, болон тэдгээртэй адилтгах бусад судалгаа шинжилгээний  ажлын төсөл, үр дүнгийн тайлан,  ажлын гүйцэтгэл;

2) улсын ойн сангийн талбай, нөөц, төлөв байдлын талаархи статистик  мэдээлэл;

3) ойн нөөцийг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл, төсөл, нөхөн сэргээх ажлын тайлан, үр дүн;

4) таримал ойг улсын ойн санд бүртгэх асуудал.

4.5.4. зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд  бүрэлдэхүүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Тав. Хяналт-шинжилгээ

 

  5.1. Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлын гүйцэтгэлд “Ойн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар хяналт-шинжилгээ хийнэ. Шаардлагатай тохиолдолд төрийн бус байгууллагаар хөндлөнгийн хяналт хийлгэж болно.

5.2. “Ойн судалгаа, хөгжлийн төв” нь энэхүү журмын 4.5.3-т заасан судалгаа шинжилгээний ажлын тайлан, тооцоо, зураг төслийг хянаж, дүгнэлт гарган зөвлөлд хүргүүлнэ.

 

Зургаа. Хадгалалт, хамгаалалт

 

6.1. Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлын тайлан, зураг төслийн эх хувийг хадгалах, хамгаалах архив бүрдүүлэх асуудлыг “Ойн судалгаа, хөгжлийн төв” хариуцана.

  6.2. Ойн тооллого, ой зохион байгуулалт хийсэн мэргэжлийн байгууллага нь энэхүү ажлын тайлан, зураг төслийн нэг хувийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэн өгөх үүрэгтэй.

  6.3. Гүйцэтгэгч өөрийн гүйцэтгэсэн ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлын тайлан, зураг төслийг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр төлбөртэйгээр хуулбарлан өгч болно.

 

Долоо. Санхүүжилт

 

  7.1. Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлыг Ойн тухай хуулийн  7.4-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

 

------оОо------