- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- OЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2013 оны 106 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
OЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах талаар хүлээх үүрэг хариуцлага, үүнтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү журмыг төрийн болон төрийн бус бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд заавал биелүүлэх үүрэгтэй.
1.3. Түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь мэдээлэл, сургалт сурталчилгаа болон ойн аж ахуйн арга хэмжээ гэсэн хоёр үндсэн төрөлтэй байна.
1.4. Түймрээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааны арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:
1.4.1. уулзалт, ярилцлага зохион байгуулах, телевиз, радиогоор сэрэмжлүүлэг явуулах, зурагт хуудас, санамж бичиг тараах болон бусад мэдээллийн үйл ажиллагаа;
1.4.2. хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн дунд сургалт зохион байгуулах, аж ахуйн нэгж, байгууллагад түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль, журам, дүрмийг сурталчлах, тайлбарлах болон бусад сургалтын үйл ажиллагаа;
1.4.3. түймрийн аюул ихтэй ой мод руу орох гол зам, овоо, харуулын байрын дэргэд зорчих газар харагдахуйц өндөрлөгт гал түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий замын тэмдэгт, самбар байрлуулах болон бусад сурталчилгааны үйл ажиллагаа.
1.5. Түймрээс урьдчилан сэргийлэх ойн аж ахуйн арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:
1.5.1. түймрийн аюултай үед тухайн бүс нутгийн цаг уурын нөхцөл болон байгалийн төрхийн онцлогийг харгалзан өгсөн түймрийн аюулын үнэлгээ, аюулын зэрэглэлээс хамаарсан тусгай дэглэм тогтоох;
1.5.2. түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймрийг унтраах
салбар хоорондын уялдааг хангах, шаардлагатай хүч хэрэгсэл, түймрийн аюултай үед шатахуун, тосны нөөц бүрдүүлэх;
1.5.3. ой, модны түймэрт тэсвэрлэх чадавхийг дээшлүүлэх, шатах материалын тоо, нөөцийг бууруулах зэрэгт чиглэсэн арчилгаа, цэвэрлэгээ хийх;
1.5.4. түймэрт тэсвэртэй мод, сөөг тарималжуулж, хаалт саад байгуулах.
1.6. Түймрийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:
1.6.1. түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зориулалттай зам барих, замын засвар, үйлчилгээг тогтмолжуулах, нисдэг тэрэг буух талбай бэлтгэх;
1.6.2. усан сан, цөөрөм байгуулах;
1.6.3. түймрээс хамгаалах зурвас гаргах, шатах материалыг цэвэрлэх, шан татах;
1.6.4. түймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах;
1.6.5. түймрийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах бусад байгууламжийг бий болгох.
1.7. Энэхүү журмын 1.4.1-1.6.5-д заасан арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх байгууллагууд дараахь үйл ажиллагаа явуулна:
1.7.1. аймаг, нийслэлийн байгаль орчны газар, ойн анги, тухайн шатны Засаг даргатай хамтарч хуурайшилтын нэн аюултай, аюултай зэрэг бий болсон үед тухайн шатны Засаг даргын захирамжаар хуваарь гарган эргүүл, шалгалт хийх, шаардлагатай газар нутагт хяналтын цэг ажиллуулах;
1.7.2. онцгой байдлын байгууллага, бүх шатны Засаг даргатай хамтарч ойн түймэртэй тэмцэх, түймрийг унтраах арга хэмжээг хэрэгжүүлэх;
1.7.3. улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа өөрийн хариуцсан газар нутгийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймрийг унтраах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;
1.7.4. хот, тосгон, суурин газрын захиргаа өөрийн ногоон бүсийн ойг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймрийг унтраах ажлыг зохион байгуулах;
1.7.5. ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
1.8. Энэхүү журмын 1.4.1-1.6.5-д заасан түймрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн бүс нутгийн шатамхай байдалд үнэлгээ өгсний үндсэн дээр байгалийн төрх байдлын онцлог, цаг уурын нөхцөлөөр тогтоосон түймрийн аюулын үзүүлэлт, тухайн бүс нутгийн байгалийн нөөц, баялгийн ашиглалт, хамгаалалтын зориулалт зэргийг харгалзана.
Хоёр. Ерөнхий шаардлага
Түймрийн аюулгүй байдлыг хангах дараахь ерөнхий шаардлагыг нийтээр дагаж мөрдөх үүрэгтэй:
2.1. өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай болон унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, хуурай өндөр өвстэй газар, модны дор ил гал түлэхгүй байх;
2.2. энэ журмын 2.1-д зааснаас бусад газар мод бэлтгэлийн үлдэгдлийг шатаах, ил гал түлэх зайлшгүй тохиолдолд 1.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлэгдсэн талбай дотор гал түлж дууссаны дараа нь шороогоор булах буюу ус асган галын голомтыг дахин сэргэхээргүй унтраасан байх;
2.3. асаасан шүдэнз болон тамхи, халуун үнс, шил, шилэн сав зэргийг ил задгай хаяхгүй байх;
2.4. агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх;
2.5. шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн зэрэг зүйлсийг зориулалтын бус газар ил хаяхгүй байх;
2.6. машин, бусад техник хэрэгслийг асаалттай үед шатахуунаар цэнэглэх, цэнэглэж байгаа машин, техникийн дэргэд тамхи татах, ил гал гаргахгүй байх;
2.7. оч баригчгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байх;
2.8. ой, түүний орчинд ахуйн, үйлдвэрлэлийн, барилгын болон бусад хог хаягдал хаяхгүй байх;
2.9. хот, тосгон, суурин газар, өвөлжөө, хаваржаанаас гарсан хог, хаягдлыг устгах цэг нь дараахь нөхцөлийг хангасан байна:
1) шилмүүст ой болон тусдаа ургаж байгаа шилмүүст мод, өсвөр модны төглөөс 100 метрээс доошгүй зайд;
2) навчит ой болон тусдаа ургаж байгаа навчит модноос 50 метрээс доошгүй зайд.
2.10. хог хаях, шатаах цэгийн эргэн тойронд тус бүр нь 3.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг нь хуулсан зэрэгцээ хоёр зурвас гаргах;
2.11. түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэж байх;
2.12. өвс шатаах тохиолдолд байнгын ажиглалт, хяналтын дор гүйцэтгэж байх;
2.13. түймрийн аюултай үед олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах этгээд нь оролцогчдод түймрийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага, түймэр гарах үед унтраах арга хэрэгслийн зааварчилгааг өгсөн байх;
2.14. нислэг үйлдэж байгаа нислэгийн багийн ажилтнууд түймэр илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж байх.
Гурав. Мод бэлтгэл, ойн арчилгаа, цэвэрлэгээний үед түймрийн
аюулгүй байдлыг хангахад тавигдах тусгай шаардлага
3.1. Мод бэлтгэх, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх тохиолдолд талбайн үлдэгдэл, хаягдлыг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэхгүй байх.
3.2. Мод бэлтгэл, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийсэн талбайг цэвэрлэх үед дараахь шаардлага тавигдана:
3.2.1. өвлийн улиралд мод бэлтгэл, огтлолт явуулсан тохиолдолд талбайн цэвэрлэгээг хавар дахин хийж гүйцээх;
3.2.2. мод бэлтгэл, арчилгаа, цэвэрлэгээ хийхдээ гарсан үлдэгдлийг овоолох, далан хэлбэрээр хураах, бутлан жижиглэх аргуудыг хэрэглэх.
3.3. Бэлтгэсэн модыг талбайд түр үлдээх тохиолдолд бүрэн мөчирлөсөн модыг хураан өрж 2.0 метрээс багагүй өргөнтэй хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлж хамгаалах.
3.4. Бэлтгэсэн модыг ойгоос гаргаж хадгалахад дараахь нөхцөлийг хангасан байна:
3.4.1. хураасан мод 5 га хүртэлх талбайг хамарч байвал навчит ойн захаас 20 метрийн зайд, 5 болон түүнээс дээш га талбайг хамарч байвал 30 метрийн зайд байрлуулах;
3.4.2. хураасан мод 5 га хүртэлх талбайг хамарч байвал шилмүүст болон холимог ойн захаас 40 метрийн зайд, 5 болон түүнээс дээш га талбайг хамарч байвал 60 метрийн зайд тус тус байрлуулах.
3.5. Бэлтгэсэн модыг хурааж хадгалах талбайг 2.0 метрээс багагүй өргөнтэй хөрсний өнгөн хэсгийг нь хуулсан зурвасаар хамгаалж тусгаарласан байх.
Дөрөв. Ойн дагалт баялгийг бэлтгэх, боловсруулах үед түймрийн
аюулгүй байдлыг хангахад тавигдах тусгай шаардлага
4.1. Ойн дагалт нөөцийг бэлтгэн боловсруулахад (жимс чанах, хусны нүүрс шатаах, давирхай бэлтгэх, хадлан хадах болон бусад) дараахь шаардлагыг хангасан байна:
4.1.1. ойн дагалт баялагт анхан шатны боловсруулалт хийх цэгийг ойн захаас 50 метрээс багагүй зайд байрлуулах;
4.1.2. түймрийн аюултай улирлын үед ойн дагалт баялгийг боловсруулах цэгийг байнгын хяналтан дор байлгах;
4.1.3. ойн дагалт баялгийг боловсруулах цэгийн 50 метрийн радиус доторхи газрыг хог, хаягдал, шатах материалаас цэвэрлэж, 2.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хамгаалах.
Тав. Зам барих, ашиглах үед түймрийн аюулгүй байдлыг
хангахад тавигдах тусгай шаардлага
5.1. Ойн замын хоёр захаас 10 метрийн дотор байгаа хуурай мод, унанги, мөчир, гишүү зэрэг шатах материал, хог, хаягдлыг тогтмол цэвэрлэж, өвсийг хадсан байх.
5.2. Төмөр замын асуудал хариуцсан байгууллага нь дараахь шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:
5.2.1. төмөр замын хоёр талын хамгаалалтын зурвас дотор түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах;
5.2.2. оч баригчгүй галт тэргийг ой дундуур өнгөрүүлэхгүй байх;
5.2.3. түймрийн онц аюултай үеэр төмөр замын хэсэгт тусгай эргүүл ажиллуулах;
5.2.4. төмөр замын дагуу түймэр гарсан тохиолдолд унтраах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, холбогдох байгууллагуудад яаралтай мэдэгдэх.
Зургаа. Шугам, сүлжээ байгуулах, засварлах, ашиглах
үед түймрийн аюулгүй байдлыг хангахад
тавигдах тусгай шаардлага
6.1. Цахилгаан дамжуулах болон холбооны шугам сүлжээ байгуулах, засварлах, ашиглах үед тэдгээрийн дор гаргах зурваст хамрагдах модыг огтолж, шатах материалаас тогтмол цэвэрлэж байх.
6.2. Цахилгаан шугам татах, засварлах ажлыг гүйцэтгэх байгууллага нь хуурайшилтын үед түймрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах.
Долоо. Судалгаа, шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн
дадлагын ажил явуулах үед түймрийн аюулгүй
байдлыг хангахад тавигдах тусгай шаардлага
7.1. Түймрийн аюултай улиралд ой, хээрийн бүс нутгаар судалгаа, сургалт, дадлагын ажил явуулах тохиолдолд судлаач, суралцагсдын байр, дадлага явуулах газрыг шатах материалаас цэвэрлэж, 3.0 метрээс багагүй өргөнтөй хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлсэн байх.
7.2. Түймрийн аюултай үед ой, хээрийн бүс нутгаар судалгаа, шинжилгээ, дадлагын ажил явуулахад энэ журмын 1.7.1-1.7.4 дэх хэсэгт заасан байгууллагад мэдэгдэж, явах маршрут, байрлах газрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байх.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A