A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 115 дугаар
тогтоолын хавсралт

 

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНГИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл



1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.32-т заасан Олон улсын хамтын ажиллагааны сан (цаашид “Сан” гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

1.2. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.



Хоёр. Сангийн эх үүсвэр

 

2.1. Сангийн хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

2.1.1. улсын төсвийн хөрөнгө;

2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив.

2.2. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын төсвөөс Санд олгох хөрөнгийн хэмжээг өмнөх онд Санд төвлөрүүлсэн орлого болон гаргасан зардлын гүйцэтгэл, жилийн эцсийн үлдэгдлийг харгалзан төлөвлөнө.

2.3. Сангийн хөрөнгийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцын төрийн сангийн тусгай дансанд байршуулна.



Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт

 

3.1. Сангийн удирдлага нь 7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус Сангийн зөвлөл байна.

3.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сангийн зөвлөлийн дарга байна. Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх болон Үндэсний аюулгүй байдлын ажлын алба, гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3.3. Сангийн зөвлөл нь дэд дарга, гишүүд, нарийн бичгийн даргатай байна.

3.4. Сангийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд 5-аас доошгүй гишүүн оролцсоноор хуралдаан хүчинтэйд тооцогдоно.

 

3.5. Сангийн зөвлөлөөр хэлэлцсэн асуудлыг Зөвлөлийн 4-өөс доошгүй гишүүний саналаар шийдвэрлэнэ. Хурлын тэмдэглэлд Сангийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

3.6. Сангийн зөвлөл нь дараахь эрх, үүрэг хүлээнэ:

3.6.1. Сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих;

3.6.2. Сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын талаар гадаад харилцааны болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад санал тавих;

3.6.3. олон  улсын байгууллага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, бусад сантай хамтран ажиллах;    

3.6.4. Сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан байгууллага, албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад санал оруулж шийдвэрлүүлэх.

3.7. Сангийн ажлын албаны үүргийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын ардчилал, хүний эрх, засаглалын асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ.

3.8. Сангийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөвлөгөөнд жил бүр тусгах бөгөөд хэрэгжилтийг нь Сангийн ажлын алба хариуцна.

 

Дөрөв. Сангийн хөрөнгийг зарцуулах нөхцөл, шаардлага

 

4.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн    171.2-т заасан дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

4.1.1. ардчилал, хүний эрх, сайн засаглалын асуудлаар Монгол Улсад олон улсын хурал, арга хэмжээг зохион байгуулах;

4.1.2. ардчиллын замаар хөгжиж байгаа шинэ тулгар орнуудтай туршлага хуваалцах;

4.1.3. гадаад улс, олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хамтран хөгжиж байгаа зарим улсын дипломат болон төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хамруулсан богино хугацааны сургалт, семинар зохион байгуулах;

4.1.4. ардчилал, хүний эрх, сайн засаглалын чиглэлээр мэргэшсэн үндэсний экспертүүдийг олон улсын холбогдох арга хэмжээнд оролцуулах.

 

Тав. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих

 

5.1. Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргана.

 


5.2. Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

5.3. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор хэвлэлд нийтэлж нийтэд мэдээлнэ.

5.4. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ.

 


------ оОо ------