- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2013 оны 75 дугаар
тогтоолын хавсралт
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА
АЖ АХУЙН НЭГЖИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа* явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлцэл хийхээр төлөвлөж байгаа, мөн хуулийн 4.1, 4.2-т заасан этгээдээс уг хуульд заасан хэлцэл хийх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Хүсэлтийг хүлээн авах, хэлэлцэж шийдвэрлэхэд Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэхүү журмыг удирдлага болгоно.
1.3. Энэүү журмын 1.1-д заасан хэлцэл хийх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой харилцаанд Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 5 дахь заалт үйлчлэхгүй.
Хоёр. Зөвшөөрөл авах хүсэлт гаргах
2.1. Энэхүү журмын 1.1-д заасан хэлцэл хийхээр зөвшөөрөл хүсэгч (цаашид “зөвшөөрөл хүсэгч” гэх) нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7.1-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана:
2.1.1. энэ журмын хавсралтад заасан Маягт-1, Маягт-2, Маягт-3, Маягт-4;
2.1.2. Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.1.3. зөвшөөрөл хүсэгч гадаадын хөрөнгө оруулагчийн эрх бүхий байгууллагаас түүнд олгосон гэрчилгээний хуулбар;
2.1.4. зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол паспортын хуулбар;
2.1.5. зөвшөөрөл хүсэгч болон зөвшөөрөл хүсэгчийн Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчид, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, гуравдагч этгээд, гүйцэтгэх удирдлагын талаархи бүртгэлийн байгууллагын сүүлийн 2 жилийн лавлагаа;
___________
* үйл ажиллагааны ангиллыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасны дагуу тогтоож ангиллыг баримтална.
2.1.6. урьдчилан тохиролцсон хэлцлийн төсөл (хэлцлийн талууд, шилжүүлж байгаа хувьцаа, хувь эзэмшлийн хэмжээ, гэрээний үнэ болон хуулийн этгээдийн дүрэм, удирдлагад өөрчлөлт оруулахаар тохиролцсон бол тэр тухай тусгасан байна);
2.1.7. зөвшөөрөл хүсэгч байгууллагын болон Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга;
2.1.8. зөвшөөрөл хүсэгчийн Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бизнес төсөл.
2.2. Энэхүү журмын 2.1-д заасан бичиг баримт нь монгол хэл дээр байх бөгөөд гадаад хэл дээр байвал албан ёсны баталгаат орчуулгыг хавсаргана.
Гурав. Хүсэлтийг хүлээн авах,
хэлэлцэн шийдвэрлэх
3.1. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан хүсэлтийг хүлээн авч, албан бичгийн бүртгэлд бүртгэснээр уг хүсэлтийг албан ёсоор хүлээн авсанд тооцно.
3.2. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг хүлээн аваад дараахь нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтална:
3.2.1. хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинж чанар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан эсэх;
3.2.2. хүсэлт гаргагч нь Монгол Улсын хууль тогтоомж, бизнесийн тогтсон хэм хэмжээг сахин биелүүлэх нөхцөл, боломжийг хангасан эсэх;
3.2.3. хөрөнгө оруулалт нь тухайн салбар дахь өрсөлдөөнийг хязгаарлах, давамгай байдал тогтоох шинжийг агуулсан эсэх;
3.2.4. хөрөнгө оруулалт нь Монгол Улсын төсвийн орлого, бусад бодлого, үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөл үзүүлэх эсэх;
3.2.5. хөрөнгө оруулалт нь тухайн салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх.
3.3. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг нягтлах явцдаа зөвшөөрөл хүсэгчээс энэхүү журмын 2.1-д зааснаас бусад шаардлагатай бичиг баримтыг нэмж авч болно.
3.4. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг нягтлах явцдаа шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас санал, дүгнэлт авч болно.
3.5. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 3.4-т заасны дагуу санал, дүгнэлт авахаар хандсан тохиолдолд холбогдох байгууллага тухайн хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор санал, дүгнэлтээ бичгээр өгнө. Санал, дүгнэлтэд энэхүү журмын 3.2-т заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаар тодорхой дурдаж, үндэслэлийг тайлбарласан байна.
3.6. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хэлцэл хийхийг зөвшөөрөх боломжтой эсэх тухай саналаа 30 хоногт багтаан Засгийн газарт хүргүүлнэ.
3.7. Энэ журмын 3.6-д заасан саналыг 7 хоногийн дотор Засгийн газрын хуралдаанд оруулах бөгөөд Засгийн газар 30 хоногийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
3.7.1. хэлцэл хийхийг зөвшөөрсөн;
3.7.2. хэлцэл хийхийг эс зөвшөөрсөн;
3.7.3. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4.7-д заасан тохиолдолд холбогдох шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
Дөрөв. Шийдвэрийг мэдэгдэх
4.1. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.7.1, 3.7.2-т заасан болон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4.7-д заасны дагуу Улсын Их Хурлын гаргасан шийдвэрийг ажлын 5 хоногийн дотор зөвшөөрөл хүсэгчид Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээр нь дамжуулан мэдэгдэнэ.
Тав. Бусад
5.1. Хэлцэл хийх хүсэлтийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгүүлэх эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах бол холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.
5.2. Хэлцэл хийх хүсэлтийг эс зөвшөөрсөн нь зөвшөөрөл хүсэгчид тухайн салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэлд нь өөрчлөлт хийхгүй байх үндэслэл болно.
5.3. Хэлцэл хийх хүсэлтийг зөвшөөрсөн нь холбогдох этгээдэд тухайн салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болохгүй.
5.4. Улсын Их Хурал, Засгийн газар тодорхой нөхцөл, шаардлага тавьж хэлцэл хийх хүсэлтийг эс зөвшөөрсөн тохиолдолд зөвшөөрөл хүсэгч тухайн нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр дахин хүсэлт гаргаж болно.
5.5. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль болон энэхүү журамд заасныг зөрчиж хийсэн, түүнчлэн зохих журмын дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
5.6. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль болон энэхүү журамд заасныг зөрчиж хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн, зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт, мэдээлэл ашигласан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
5.7. Энэхүү журмын хавсралт маягтуудад орсон мэдээлэл үнэн зөв эсэхийг зөвшөөрөл хүсэгч хариуцах бөгөөд худал мэдүүлсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A