A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН АСУУДЛААР САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 139 дүгээр
тогтоолын хавсралт

 

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН
АСУУДЛААР САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ
МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-ийн ажлын зохион байгуулалт, бүрэн эрх, хариуцлагыг тодорхойлоход оршино.

1.2. Зөвлөл нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Зөвлөл нь орон тооны бус байна. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.3. Зөвлөл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг дагаж мөрдөнө. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

1.4. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, тэсрэх материалыг хадгалах байр, агуулахын зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад тавигдах шаардлагыг тус тус батална. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

Хоёр. Зөвлөлийн үйл ажиллагааны зарчим

 

2.1. Зөвлөл нь үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:

2.1.1. хуулийн хүрээнд ажиллах;

2.1.2. олонхийн саналд тулгуурлан нэгдсэн шийдвэр гаргах; (Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.1.3. зөвлөлийн шийдвэр, үйл ажиллагаа нь улс орны хэрэгцээ, шаардлага, зам, барилга, геологи, уул уурхайн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлогод нийцсэн байх;

2.1.4. технологийн шинэчлэл, хүн амын болон байгаль орчны аюулгүй байдлыг дээдлэн үзэх;

2.1.5. хариуцлагатай, ил тод, шударга байх.

 

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

 

3.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дараахь асуудлуудыг хэлэлцэж санал, дүгнэлт, зөвлөмж гаргана: (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.1.1. тэсрэх бодисын үйлдвэрлэл, импорт, экспортын бодлого болон түүний хэрэгжилтийн талаар санал, дүгнэлт гаргах;

3.1.2. үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил хийх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох, сунгах эсэх талаар дүгнэлт гаргах; (Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.1.3. тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, заавар зөрчсөн хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагын дүгнэлтэд үндэслэн түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргах; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

3.1.4. тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, пиротехникийн хэрэгслийн үйлдвэр, агуулахын зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж дүгнэлт гаргах;

3.1.5. тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, пиротехникийн хэрэгслийн үйлдвэр, агуулахыг шинээр байгуулах, өргөтгөх болон тэдгээрийг ашиглалтад оруулах талаар дүгнэлт гаргах; (Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.1.6. шинэ нэр төрлийн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, шинэ технологи нэвтрүүлэх, үндэсний стандарт бий болгох талаар санал, зөвлөмж гаргах; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.1.7.шаардлагатай бусад асуудлаар тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн хэрэгжилтийн талаар холбогдох дүгнэлт гаргах. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

3.2. Хуралдааныг Зөвлөлийн дарга даргалах бөгөөд нийт гишүүдийн гуравны хоёр нь ирснээр хүчинтэйд тооцогдоно. Зөвлөлийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадахгүй гишүүн саналаа заавал бичгээр өгнө. (Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.3. Зөвлөлөөр хэлэлцсэн асуудлаар гарах санал, дүгнэлтийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн санал, дүгнэлт тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд уг тэмдэглэлийг хэвлэмэл хуудас, тэмдгээр баталгаажуулна. (Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.4. Зөвлөлийн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж зохих шийдвэрийг гаргуулна. (Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.5. Зөвлөлийн хуралдаанаар энэхүү дүрмийн 3.1.2-т заасан зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн бүрдүүлсэн материал хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд асуудлыг хэлэлцэхгүй.

 

Дөрөв. Зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт

 

4.1. Зөвлөл нь дарга, орлогч дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдэнэ. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.2. Зөвлөлийн дарга нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгжийн дарга байна.

4.3. Зөвлөлийн орлогч дарга нь нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын уул уурхайн бодлогын асуудал хариуцсан нэгжийн дарга байна. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4.4. Зөвлөл нь уул уурхай асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тагнуул, зэвсэгт хүчин, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал болон ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн 15-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. (Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

4.5. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгжийн тухайн асуудлыг хариуцсан ахлах мэргэжилтэн байна. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

Тав. Зөвлөлийн бүрэн эрх

 

5.1. Зөвлөл нь дараахь үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1. энэхүү дүрмийн 3.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ, тайлан, судалгаа, баримт материалыг гаргуулан авах, шаардлагатай тохиолдолд хуралдаанд оролцуулах, мэдэгдэл хүргүүлэх; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.1.2. тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн бодлогыг боловсруулахад санал өгөх, оролцох;

5.1.3. энэхүү дүрмийн 3.1.2-т заасан зөвшөөрөл хүсч ирүүлсэн хуулийн этгээдийн материалыг үнэн зөв, бүрэн гүйцэд нягтлан шинжлэх;

5.1.4. хуулийн хэрэгжилтэд шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, хариуцсан чиг үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журмыг сурталчлах;

5.1.5. зөвлөлийн хариуцсан асуудлаар хэрэглэгчийг мэдээ, мэдээллээр хангах.

5.2. Зөвлөлийн гишүүн дараахь үүрэгтэй:

5.2.1. эрхэлж буй албан үүргийнхээ чиглэлээр санал, дүгнэлт гаргах; (Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

5.2.2. хуулийн этгээдтэй холбоо бүхий мэдээллийн нууцыг хадгалах;

5.2.3.Төрийн болон албаны нууц, байгууллагын нууцыг задруулахгүй байх. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор нэмсэн)

5.3. Зөвлөлийн гишүүн дараахь эрхтэй:

5.3.1. тухайн асуудлаар гарах шийдвэртэй санал нийлэхгүй цөөнх болсон тохиолдолд энэ тухайгаа хуралдааны тэмдэглэлд тусгуулах;

5.3.2. тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлттэй холбогдох заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулахад оролцох.

 

Зургаа. Хариуцлага

 

6.1. Зөвлөл, зөвлөлийн гишүүн нь дараахь хариуцлагыг хүлээнэ:

6.1.1. гишүүн нь хэлэлцэж байгаа асуудлаар өөрийн гаргасан саналын үнэн зөвийг Зөвлөлийн өмнө бүрэн хариуцах;

6.1.2. гишүүн нь энэхүү дүрмийн 5.1.1 дэх хэсэгт заасан мэдээ, тайлан, судалгаа, баримт материалыг гуравдагч этгээдэд задруулсан бол Зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасах саналыг зөвлөл гаргаж, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлж, төлөөлж байгаа байгууллагад нь мэдэгдэх;

6.1.3. гишүүн нь энэхүү дүрмийг ноцтойгоор зөрчсөн нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээр бол асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх.

 


--------оОо-------