- Нүүр
- Сайдын тушаал
- Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам
Эрүүл мэндийн сайдын 2013 оны
68 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эмчлэх, сувилах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид “Зөвшөөрөл” гэх) олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
1.2 Энэхүү журам нь Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна.
1.3 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн (цаашид “Зөвлөл” гэх) тодорхойлсон Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн дагуу зөвхөн төрөлжсөн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлнэ.
1.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд “эм барих”, “эх барих” чиглэлээр зөвшөөрөл олгохгүй бөгөөд гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэлтэй ирж, үйл ажиллагаа явуулах тохиолдолд эм, эмнэлгийн хэрэгслийн зөвшөөрлийн асуудлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Импортын лиценз олгох журам”-ын дагуу зохицуулна.
1.5 Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 1.2 дах заалт, 3, 4, 8, 9 дүгээр бүлгийн заалтууд энэхүү журамд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Хоёр. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа
2.1 Дараах шалгуурыг хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргана:
2.1.1 Анагаах ухаан, сувилахуйн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
2.1.2 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичигтэй байх;
2.1.3 Төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр суралцсныг нотлох хүчин төгөлдөр баримт бичигтэй байх;
2.1.4 Тухайн мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.
2.2 Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг урьж буй Монголын талын байгууллага нь (цаашид “байгууллага” гэх) гадаадын эмнэлгийн мэргэжилтэнг Монгол Улсад ирэхээс ажлын 20-иос доошгүй хоногийн өмнө дараах материалыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын алба (цаашид “Ажлын алба” гэх)-д ирүүлнэ. Үүнд:
2.2.1 Тухайн мэргэжлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах хэрэгцээг тодорхойлсон албан бичиг;
2.2.2 Байгууллагын даргын баталсан “Гүйцэтгэх ажил үйлчилгээний төлөвлөгөө”;
2.2.3 Мэргэжилтний танилцуулга (эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлагдсан маягтын дагуу),
2.2.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний паспорт, түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар, баталгаат монгол орчуулгын хамт;
2.2.5 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичгийн хуулбар, баталгаат монгол орчуулгын хамт;
2.2.6 Анагаах ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэнийг нотлох үнэмлэх, диплом түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичгийн хуулбар, баталгаат монгол орчуулгын хамт;
2.2.7 Төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр суралцсныг нотлох хүчин төгөлдөр баримт бичгийн хуулбар, баталгаат монгол орчуулгын хамт;
2.2.8 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн ажиллах хүчний шилжилтийн албаны лавлагаа;
2.2.9 Энэхүү журмын 3.4-т заасан шалгуурыг хангасныг нотлох орчуулагчийн баримт
2.3 Ажлын алба нь энэхүү журмын 2.2-т заасан материалыг хүлээн авч хянан, шаардлага хангасан байгууллагын хүсэлтийг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
2.4 Зөвлөл тухайн мэргэжлийн чиглэлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулах хэрэгцээг харгалзан, зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар санал гаргана.
2.5 Зөвлөлөөс гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг Монгол Улсад 6 сар ба түүнээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжсэн тохиолдолд тухайн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25.5-д заасны дагуу монгол хэл дээр орчуулагчгүйгээр зөвшөөрлийн шалгалт өгөх ба шалгалтыг ажлын алба зохион байгуулна. Зөвшөөрлийн шалгалтанд тэнцээгүй тохиолдолд дахин шалгалт авахгүй.
2.6 Зөвшөөрлийн шалгалтын сорилын 20 хувь нь ерөнхий мэргэжлийн, 70 хувь тухайн төрөлжсөн мэргэжлийн, 10 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн талаарх асуултууд байна.
2.7 Зөвшөөрлийн шалгалтыг Зөвлөлийн шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан цаасан хэлбэрээр авч, шалгалтын дүнг шалгалт авсан өдрөөс хойш ажлын 2 өдөрт багтаан http://www.chd.mn/ цахим хуудсанд байршуулна.
2.8 Зөвшөөрлийн шалгалтын үйл ажиллагаанд энэхүү тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 5.1-5.3, 5.5, 5.6, 5.13, 5.16, 5.17 дах заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
2.9 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсад үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд ажиллуулж буй байгууллага зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 20-оос доошгүй хоногийн өмнө журмын 2.2-т заасан материалыг дахин бүрдүүлж, хийсэн ажлын тайлангийн хамт ажлын албанд ирүүлнэ.
2.10 Ажлын алба нь дор дурьдсан гадаадын эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалт бүхий шийдвэрийн төслийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраар хянуулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр баталгаажуулна. Үүнд:
2.10.1 Зөвлөлөөс 6 сараас доош хугацаагаар ажиллахыг дэмжсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн;
2.10.2 Зөвлөлөөс 6 сараас дээш хугацаагаар ажиллахыг дэмжсэний дагуу шалгалтанд орж тэнцсэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэн;
2.11 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөл олгох тухай шийдвэрийн төслийг баталгаажуулахад дараах материалыг хавсаргасан байна.Үүнд:
2.11.1 Зөвлөлийн санал, дүгнэлт,
- Шалгалтын комиссын дүгнэлт
2.12 Энэхүү журмын 2.2-т заасан материалыг дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд зөвшөөрлийг олгохгүй.
2.13 Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшиг, осол, нийтийг хамарсан аюул бүхий халдварт өвчний дэгдэлт болон бусад онцгой тохиолдлын үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ирж ажиллах гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр ажлын 1 өдөрт багтаан олгож болно.
2.14 Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн дагуу төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ард, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх зорилгоор тус улсад богино хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн, зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр шууд олгож болно.
2.15 Засгийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвтэй байгуулсан урт хугацаагаар хамтран ажиллах гэрээний дагуу өмнөх жил ирж ажиллахдаа ямар нэг зөрчил гаргаагүй гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дахин ирж буй тохиолдолд асуудлыг Зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газраар хянуулан, ажлын 10 хоногийн дотор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр баталгаажуулснаар зөвшөөрлийг олгож болно.
2.16 Энэхүү журмын 2.10, 2.13, 2.14, 2.15-д заасан шийдвэрийн төслийн үндэслэл, үнэн зөв байдлыг ажлын алба бүрэн хариуцна.
Гурав. Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг урьж буй байгууллагын эрх, хүлээх үүрэг
3.1 Байгууллага нь дараах эрхтэй:
3.1.1 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудлаар санал, хүсэлт гаргаж, журамд заасан хугацаанд шийдвэрлүүлэх;
3.1.2 Хэрэв урьсан байгууллага гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд цалин олгох бол цалин, хөлсийг хууль, журамд нийцүүлэн тогтоон, олгох;
3.1.3 Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг гэрээний дагуу ажиллахыг шаардах;
3.1.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн гэрээний заалт биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах.
3.2 Байгууллага нь дараах үүрэгтэй:
3.2.1 Энэхүү журмын 2.2-т заасан баримт бичгүүдийг журамд заасан хугацаанд үнэн, зөв бүрдүүлж, холбогдох байгууллагад хүргүүлэх;
3.2.2 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй гэрээ байгуулан ажиллах;
3.2.3 Зөвшөөрөл олгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг монгол хэлээр үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх, энэхүү журмын 3.4-т заасан шалгуурыг хангасан орчуулагч ажиллуулах;
3.2.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй хийсэн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажлын 5 хоногийн дотор ажлын албанд албан тоотоор мэдэгдэх;
3.2.5 Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулсан тухай тайлан, тухайн мэргэжилтэнтэй хийсэн гэрээний хуулбарыг түүний зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор ажлын албанд ирүүлэх;
3.2.6 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэндэд хохирол учирсан болон бусад зөрчил, сөрөг үр дагавар гарсан тохиолдолд хуулийн хариуцлага бүрэн хүлээх.
3.3 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй байгуулах гэрээнд байгууллага нь дараах нөхцөлийг заавал тусгана:
3.3.1 Ажиллах хугацаа;
3.3.2 Албан тушаал, ажлын газрын хаяг, ажиллах нөхцөл;
3.3.3 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл;
3.3.4 Цалин хөлсний хэмжээ, олгох хугацаа болон нийгмийн даатгалын шимтгэл, татварын асуудлыг холбогдох хууль журмын дагуу тооцох;
3.3.5 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэндэд хохирол учирсан болон бусад зөрчил, сөрөг үр дагавар гарсан тохиолдолд үүрэх хариуцлага.
3.4 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнтэй ажиллах орчуулагч нь дараах шаардлагыг хангасан байна.
3.4.1 Тухайн гадаадын эмнэлгийн мэргэжилтний эх хэлний дээд түвшний мэдлэгтэй, түүнийг гэрчилсэн үнэмлэх, баримт бичигтэй байх,
3.4.2 Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр орчуулга хийж байсан туршлагатай буюу түүнийг гэрчилсэн баримт бичигтэй байх ( өмнө нь орчуулга хийж байсан эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт г.м)
Дөрөв. Гадаадын эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг
4.1 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дараах эрхтэй:
4.1.1 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах байр, орчинг бүрдүүлэхийг шаардах;
4.1.2 Энэхүү журмын 3.4-т заасан шалгуур хангасан орчуулагчтай ажиллах.
4.2 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэгтэй:
4.2.1 Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль, тогтоомжийг бүрэн сахиж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах;
4.2.2 Зөвхөн тухайн мэргэжлээр авсан зөвшөөрлийн хүрээнд, зөвлөлөөс тогтоосон хугацаанд үйл ажиллагаа явуулах;
4.2.3 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн зөвшөөрлийг бичгээр авах;
4.2.4 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай үзүүлэх.
Тав. Зөвшөөрлийг хүчингүй болгох, мэдээлэх
5.1 Дараах тохиолдолд гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно:
5.1.1 Байгууллагын болон гадаадын эмнэлгийн мэргэжилтний санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан;
5.1.2 Байгууллага болон гадаадын эмнэлгийн мэргэжилтэн гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, бусад хуулийг зөрчсөн нь холбогдох байгууллагаар тогтоогдсон;
5.1.3 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдаа гаргасан нь холбогдох байгууллагаар тогтоогдсон.
5.2 Ажлын алба нь гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийн төслийг боловсруулж Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газраар хянуулан, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж баталгаажуулна.
5.3 Энэхүү журмын 5.2-т заасан шийдвэрийн төсөл, зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой асуудлын үнэн зөв байдлыг ажлын алба бүрэн хариуцна.
5.4 Ажлын алба нь зөвшөөрөл олгосон, зөвшөөрлийг хүчингүй болгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтний талаархи мэдээллийг зөвшөөрлийн мэдээний санд бүртгэн, цахим хуудас (http:www.chd.moh.mn)-д байршуулж Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд албан тоотоор хүргүүлнэ.
Текст томруулах
A
A
A