A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ /ЭМС-ын 2017-А/143 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2017-А/143 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 02 өдрийн

03 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ  УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1.1. “Эрүүл мэндийн тухай хууль”, “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”-д нийцүүлэн нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх дотоодын болон импортын ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисыг Монгол улсад бүртгэх, чанарын баталгаатай байдлыг хангах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. ЭМЯ-ны Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөл (цаашид “ зөвлөл” гэх) нь эдгээр бодисыг улсын бүртгэлд бүртгэх, сунгах, хүчингүй болгох асуудлаар шийдвэр гаргана.

1.3. ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс нь (цаашид “ажлын алба” гэх) ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисын бүртгэлтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хариуцна.

1.4. Ажлын алба нь улсын бүртгэлд бүртгүүлэх материалыг хүлээн авч бүртгэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын асуудал хариуцсан мэргэжлийн зөвлөлийн (цаашид “мэргэжлийн зөвлөл” гэх) дүгнэлт, ЭМЯ-ны Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгох, мэдээний санд оруулах, холбогдох байгууллага, олон нийтийг мэдээллээр хангах үйл ажиллагааг хариуцна.

1.5. Халдварт өвчин судлалын үндэсний төв нь ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх чиглэлээр үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай шавж, мэрэгч, нян, вирус, тархвар, хор судлаач зэрэг нарийн мэргэжлээр мэргэшсэн эмч, биологич, химич, эрүүл ахуйч мэргэжилтэй хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн мэргэжлийн зөвлөл байгуулж холбогдох баримт бичиг, туршилт судалгаа, олон улсын байгууллагын зөвлөмж зэргийг үндэслэн мэргэжлийн дүгнэлт гаргана.

 

ХОЁР. АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫН БҮРТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

2.1. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын бүртгэлд дараах бодисыг үйлдвэрлэгч болон гарал үүслийн улс тус бүрээр бүртгэнэ. Үүнд:

2.1.1. Шинээр хэрэглэх ахуйн шавж, мэрэгч устгах бодис

2.1.2.Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр хэрэглэх ариутгах, халдваргүйжүүлэх бодис

2.1.3. Ахуйн нөхцөлд шинээр хэрэглэх ахуйн шавжаас хамгаалах бодис (арьсны түрхлэг, цацлага, шавьж үргээгч ялтас г.м.)

2.2. Улсын бүртгэлд бүртгүүлэх ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодис нь дор дурьдсан шаардлага хангасан байна. Үүнд:

2.2.1. Олон улсын  байгууллагаас зөвлөмж болгосон байх (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага г.м)

2.2.2. Экспортлогч улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан тухайн бодисын сертификаттай байх;

2.2.3. Экспортлогч улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан лабораторийн шинжилгээний бичигтэй байх;

2.2.4. Шошго, хэрэглэх заавар нь албан ёсны баталгаажсан монгол орчуулгатай байх;

2.2.5. Экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсдаа 3-аас доошгүй жил хэрэглэгдэн сөрөг нөлөөгүй болохыг баталгаажуулсан албан ёсны бичигтэй байх;

2.2.6. Бодисыг хэрэглэх арга аюулгүй ажиллагааны заавартай байх.

 

ГУРАВ. АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ  БҮРТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

3.1. Бүртгүүлэхийг хүсэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам” -д дурдсанаас гадна дараах бичиг баримтыг ажлын албанд ирүүлнэ. Үүнд:

3.1.1. Бүртгүүлэх өргөдөл

3.1.2.Үйлдвэрлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн хуулбар

3.1.3. Үйлдвэрлэгчийн танилцуулга

3.1.4. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын хаяглалт, дагалдах мэдээлэл, хэрэглэх заавар

3.2. Монгол улсад үйлдвэрлэсэн ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодис бүртгэхэд нэмэлтээр ариутгах халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний  хуулбарыг ирүүлнэ.

3.3. Факс, цахилгаан шуудангаар илгээсэн, тамга тэмдэггүй бичиг баримтыг шаардлага хангахгүйд тооцно.Ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг бүртгүүлэгч байгууллага хариуцна.

 3.4. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын бүртгэлийн бичиг баримтыг ажлын алба хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж, мэргэжлийн зөвлөл нь ажлын 21 хоногийн дотор дүгнэлт гарган ажлын албанд буцааж ирүүлнэ.

3.5. Ажлын алба нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ажлын 5 хоногт багтаан зөвлөлийг хуралдуулан хурлын шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд хоёр жилийн хугацаагаар бүртгэж гэрчилгээг ажлын 5 хоногийн дотор олгоно.

3.6. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг бүртгэхгүй, буцаасан шийдвэр гарсан тохиолдолд тухайн байгууллагад албан бичгээр ажлын 5 хоногийн дотор шийдвэрийг хүргүүлнэ.

           3.7. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын тухай  мэдээний сан, баримт бичгийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг ажлын алба хариуцна.

           3.8. Улсын бүртгэлд бүртгэсэн ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын бүртгэлийн баримт бичгийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах бөгөөд тэдгээрийн бүртгэлийг хөтөлж баримт бичгийг архивын тухай хуулийн дагуу архивлана.

 

 

 

ДӨРӨВ. АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫН БҮРТГЭЛИЙГ СУНГАХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

 

4.1. ЭМЯ-ны Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөл нь ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын бүртгэлийг сунгах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

4. 2. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын улсын бүртгэлийг сунгахад дараах материал бүрдүүлнэ:

4.2.1. Байгууллагын албан бичиг

4.2.2. Тухайн химийн бодисыг лабораторид шинжлүүлсэн шинжилгээний дүн

4.2.3. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт

  4.3. Бүртгэгдсэн ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын бүртгэлийг дараах тохиолдолд мэргэжлийн эрх бүхий байгууллагын санал, дүгнэлт, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн  хүчингүй болгоно. Үүнд:

                     - хэрэглэх явцад хортой үйлчлэл илэрсэн

                     -зах зээлд хуурамчаар их хэмжээгээр түгээгдсэн талаар  мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан

                    -үйлдвэрлэлийн технологи хоцрогдсоноос чанарын шаардлага хангахгүй болсон

                   - олон улсын хэмжээнд хэрэглэхийг хориглосон.