- Нүүр
- Сайдын тушаал
- Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам
Байгаль орчин, ногоон хөгжлийн
сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны
өдрийн А-156 тоот тушаалын хавсралт
Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь усны ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү журмыг ус олборлох, дамжуулах, нөөцлөх, борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа ус хангагч, усны тоолуурын хэмжил зүйн ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага болон ус ашиглагч, хэрэглэгч дагаж мөрдөнө.
1.3. Унд, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтын усны олборлолт, дамжуулалт, нөөцлөлт, борлуулалт, хаягдал усны тоо хэмжээг тогтоох ба ашиглалтын тайлан мэдээг гаргах ажилд эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан усны тоолуурын заалтыг үндэслэнэ.
Хоёр. Тоолууржилтад тавих ерөнхий шаардлага
2.1. Тоолуур нь дараах шаардлагыг хангасан байна
2.1.1. техникийн болон ашиглалтын баримт бичигтэй байхын зэрэгцээ
загварын туршилтад орж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, хэмжил зүйн хяналтад хамрагдсан байх;
2.1.2. Хүйтэн усны тоолуур-шалгах арга хэрэгсэл /MNS 2662:2002/ болон
Ундны хүйтэн ус ба халуун усны тоолуур-хэмжил зүйн болон техникийн шаардлага
/MNS OIML R 49-1:2012/ стандартуудын шаардлагад нийцсэн байх;
2.1.3. хэмжил, тооцооны үнэн зөв байдлыг хангахын тулд хэрэглэгч,ашиглагчийн суурилуулах цэвэр усны тоолуурын голч нь шугам хоолойн оруулгын голчтой адил байх бөгөөд бодит зарцуулалтад тохирсон байх;
2.1.4. бохир усны шугамын гаргалгаан дээр суурилуулах тоолуур нь гаргалгааны шугамын голчтой адил байх бөгөөд мэдрэгчийн хийц нь бохир усны найрлагаас хамааран өөрчлөгдөх, эвдрэх, гэмтэх зэрэг эрсдлээс хамгаалагдсан эд ангиар хийгдсэн байна.
2.2. Тоолуурын суурилалт
2.2.1. газрын доорхи ус ашигладаг бол ус авах цэг, цооног, худаг, ус дамжуулах шугамын оролт тус бүр дээр тоолуур суурилуулна.
2.2.2. гадаргын ус ашигладаг бол ус авах барилга байгууламжийн шахуурга бүр дээр эсхүл ус дамжуулах гол хоолойн эх дээр тоолуур суурилуулна.
2.2.3. усны нэг оруулгатай бол усны тоолуурыг нэгдсэн оруулга дээр, харин олон оруулгатай бол оруулга тус бүр дээр усны тоолуур суурилуулна.
2.2.4. усалгаатай газар тариаланд механикжсан аргаар усалгаа хийж байгаа тохиолдолд бороожуулагч дээр тоолуур суурилуулна.
2.3. Тоолуурын хамгаалалт
2.3.1. усны тоолуурыг түүний заалтыг харах боломжтой, үзлэг, үйлчилгээ
хийхэд тохиромжтой, гэрэлтүүлэгтэй, агаарын температур +5°С-аас багагүй дулаан өрөөнд, Ус хэмжих цахилгаан хэрэгсэл /ISО 4064/ стандартын дагуу суурилуулна.
2.3.2. тоолуур нь хөлдөлт ба механик гэмтлээс хамгаалагдсан байна.
Гурав. Энэхүү журамд дараах оролцогч талууд байна
3.1. Төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
3.1.1. ус ашиглагч, хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг
тоолууржуулах бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
3.1.2. тоолуурын ашиглалтад тавих хяналт шалгалтыг гүйцэтгэх;
3.1.3. аймаг, нийслэлийн хэмжээнд тоолууржуулалтын ажлыг эрчимжүүлэх
замаар усны хэрэглээ, ашиглалтыг бодитой тооцдог тогтолцоонд шилжих нөхцлийг бүрдүүлэх.
3.2. Хэмжил зүйн байгууллага дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
3.2.1 Хэмжил зүйн төв байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хуульд зааснаар хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл олгох;
3.2.2. усны тоолуурын шалгалт баталгаажуулалтын ажлыг ус хангагч болон аж ахуйн нэгж, байгууллагатай хийсэн хэмжүүр баталгаажуулалтын гэрээ, график төлөвлөгөө, стандартын дагуу улсын баталгаатай суурин эталон тоног төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэх;
3.2.3. усны тоолуурын баталгаажуулалтын хугацааг өөрчлөх, шинэчлэх асуудлыг судалгааны үндсэн дээр тогтоох.
3.3. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
3.3.1. худалдан авах ажиллагааны газраас тоолууржуулахтай холбоотой тендерийг зохион байгуулах, хэрэгжүүлэх явцад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
3.3.2. ус ашиглагч, хэрэглэгчийн тоолууржилтын ажлын явц, дүн мэдээг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.
3.4. Ус хангагч байгууллага дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
3.4.1. ус хэрэглэгч, ашиглагчийн цэвэр болон хаягдал усны хэмжээг хэмжил зүйн байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тогтоох;
3.4.2. өөрийн харъяалагдах ус, дулаан дамжуулах төв, цэвэр усны оролтын
шугам, орон сууцны ус, дулааны зангилаан дээр суурилагдсан буюу аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн хэрэглэж байгаа усны тоолуурыг баталгаажуулалтад хамруулах төлөвлөгөөг тайлант оны 11 дүгээр сарын 15-ны дотор тухайн орон нутгийн хэмжил зүйн байгууллагад хүргүүлэх.
3.5. Усны тоолуурын хэмжил зүйн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
3.5.1. усны тоолуурын засвар тохиргоо хийх үйл ажиллагааг шалгалтын суурин эталон тоног төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэх;
3.5.2. усны тоолуур худалдах, суурилуулах ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь засвар үйлчилгээ, сэлбэгийн нийлүүлэлтийг хариуцах;
3.5.3. ус ашиглагч, хэрэглэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр
баталгаажуулалтын хугацаа нь дууссан хуучин загварын тоолуурыг улсын баталгаатай шинэ загварын тоолуураар сольж өгөх;
3.6. Ус ашиглагч, хэрэглэгч дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
3.6.1. ус ашиглагч, хэрэглэгч нь цэвэр болон хаягдал усны тоолууртай байх бөгөөд тоолууржуулах ажлын зардлыг хариуцах;
3.6.2. усны тоолуур эвдэрсэн тохиолдолд ус хангагч байгууллагад яаралтай мэдэгдэж, усны тоолуурыг шугамнаас салгах, баталгаажуулсны дараа буцааж тавихад байлцах, тоолуурын засвар, суурилуулалтыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагаар хийлгэх;
3.6.3. ус ашиглагч, хэрэглэгч нь шууд сольж тавих нөөц, баталгаатай усны тоолууртай бол хангагч байгууллагын төлөөлөгчийг байлцуулан сольж, заалтыг хоёр тал бүртгэж авах;
3.6.4. өөрийн эзэмшилд болон эзэмшлийн талбайд байгаа дамжин хэрэглэгчийн усны тоолуурыг бүрэн бүтэн байлгаж, түүний битүүмжлэлийг хамгаалах;
3.6.5. ус ашиглагч, хэрэглэгч нь усны тоолуурын ашиглалтын хугацааг харгалзахгүйгээр хэмжилзүйн ажил, үйлчилгээний гэрээ, графикийн дагуу тогтоосон хугацаанд хэмжил зүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ авах бөгөөд дахин битүүмжлүүлэх;
3.6.6. ус ашиглагч, хэрэглэгч усны тоолуураа ээлжит бус баталгаажуулалтад
хамруулахыг хүсвэл ус хангагч болон хэмжил зүйн байгууллагад урьдчилан мэдэгдэж, тоолуурыг шугамнаас салгахдаа эрх бүхий байгууллагын төлөөллөөр акт үйлдүүлж, зөвшөөрөл бүхий усны тоолуурын лабораторид шалгуулах;
3.6.7. ус ашиглагч, хэрэглэгчийн тоолуурын заалт мэдэгдэхүйц өөрчлөгдсөн нөхцөлд холбогдох эрх бүхий байгууллагад хандан шинэчлэн солих;
3.6.8. ус ашиглагч, хэрэглэгчийн төлөөлөл нь хангагч болон хяналтын
байгууллагын эрх бүхий хүмүүс усны тоолуурын заалтыг бүртгэхэд байлцан хэмжүүрийн заалт бүртгэж авсан баримт бичигт гарын үсэг зурах.
Текст томруулах
A
A
A