A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДҮРЭМ (Засгийн газрын 2020 оны 31 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

  Засгийн газрын 2013 оны 173
дугаар тогтоолын хавсралт

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДҮРЭМ


(Засгийн газрын 2020 оны 31 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Улсын бүртгэлийн ерөнхий газар (цаашид “Ерөнхий газар” гэх) нь улсын бүртгэлийн хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт, бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэг бүхий улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мөн.

1.2. Ерөнхий газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

 

Хоёр. Ерөнхий газрын чиг үүрэг

 

2.1. Ерөнхий газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. төсвийн хөрөнгө болон гадаад улсын төсөл хөтөлбөрөөр улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх талаар санал боловсруулах;

2.1.2. улсын бүртгэлийн байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах;

2.1.3. Ерөнхий газар нь монгол, англи хэлээр өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаархи мэдээллийг агуулсан, иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээллийг нээлттэй хүргэх зорилгоор цахим хуудастай байх.

 

Гурав. Ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц


3.1. Ерөнхий газар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7.1-д заасан харьяа салбар, нэгж, ажилтнаас бүрдэнэ. Салбар, нэгж нь нийслэлд газар, аймаг, дүүрэгт хэлтэс, сум, хороонд улсын бүртгэгчийн зохион байгуулалттай ажиллана.

3.2.  Ерөнхий газрын дарга нь түүнд зөвлөх үүрэг бүхий “Даргын       зөвлөл”-ийг байгуулан ажиллуулна.

3.3. Ерөнхий газрын дарга нь “Даргын зөвлөл”-ийг удирдаж, түүний бүрэлдэхүүн, чиг үүрэг, ажиллах журмыг батална.

3.4. Ерөнхий газар нь төрийн албаны салбар зөвлөлтэй байна. Салбар зөвлөл нь төрийн албаны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу ажиллана.

3.5. Ерөнхий газар нь төрийн захиргааны албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг шалгаж тогтоох эрх, үүрэг бүхий Ёс зүйн хороотой байна. Ёс зүйн хороо нь Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг тус тус баримтална.

 

Дөрөв. Байгууллагын дотоод үйл ажиллагаа

 

4.1. Ерөнхий газрын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, улсын бүртгэл болон бичиг хэргийн хөтлөлтийг зохион байгуулах ажлыг Ерөнхий газрын даргын баталсан журмаар зохицуулна.

4.2. Ерөнхий газраас төрийн дээд байгууллагуудад асуудал боловсруулж хүргүүлэх, Монгол Улсын хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайдын захирамжийн төсөлд санал өгөхдөө тухайн асуудлыг хариуцсан нэгжийн дарга болон тэргүүн дэд, дэд дарга нарын саналыг тусгаж, хууль зүйн үндэслэлийг хянуулан эдгээр албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан байна.

4.3. Ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж (цаашид “Газар” гэх), аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн газар, хэлтэс нь үйл ажиллагаагаа сар, улирал, жилээр төлөвлөж, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамт олны саналыг тусган  Ерөнхий газрын даргаар батлуулна.

4.4. Газар, орон нутгийн салбар, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг улирал, хагас жил, жилээр тайлагнаж биелэлтийг хангаж ажиллана.

4.5. Газрууд өдөр тутмын үйл ажиллагаа болон шийдвэрлэх асуудлын төсөл, дээд газарт хүргүүлэх санал, тушаал шийдвэрийн төслийг боловсруулахдаа холбогдох бусад газар, нэгжийн үйл ажиллагаатай уялдуулах, тэдгээрийн саналыг тусгасан байх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хамтарсан төлөвлөгөө, хуваарь гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээ, үе шат, хариуцах албан тушаалтныг тодорхойлж, биелэлтийг хангаж хамтран ажиллана.

4.6. Ерөнхий газарт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид харьяалах газар, нэгжийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулна. Албан хаагчийн үр дүнгийн гэрээг газар, нэгжийн дарга дүгнэж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллана.

 

Тав. Ерөнхий газрын удирдлагын бүтэц, эрх үүрэг

 

5.1. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн ерөнхий тогтолцооны загварт заасны дагуу Ерөнхий газрын удирдлага нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга (газрын дарга) нараас бүрдэнэ.

5.2. Ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн            9 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.2.1. улсын бүртгэлтэй холбоотой аливаа асуудлаар хууль эрх зүйн болон практик шаардлага, шалтгаан нөхцөл, хүрэх түвшинг тогтоох, судлах зорилгоор ажлын хэсэг томилон ажиллуулах;

5.2.2. тэргүүн дэд дарга, дэд дарга, газрын дарга, аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлтийг нь үнэлж, дүгнэх;

5.2.3. улсын бүртгэлийн асуудлаар гарсан гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаархи мэдээллийг хүлээн авах, маргаантай бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэргээр хянан шийдвэрлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах.

5.3. Хуулиар хориглоогүй тохиолдолд Ерөнхий газрын дарга зарим эрхээ холбогдох албан тушаалтанд бичгээр шилжүүлж болно.

5.4. Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нар дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.4.1. харьяалах газар, нэгжээ мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;

5.4.2. эрхлэх асуудлын хүрээнд тушаал гаргах, хөрөнгө захиран зарцуулахаас бусад үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, ерөнхий газрын даргын өмнө ажлаа тайлагнаж, хариуцлага хүлээх;

5.4.3. хууль тогтоомж, дүрэм журамд заасан болон Ерөнхий газрын даргаас өгсөн бусад эрх, үүрэг.

5.5. Тэргүүн дэд дарга, дэд дарга нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн Ерөнхий газрын даргын тушаал, үүрэг, даалгаврыг удирдлага болгоно.   

5.6. Ерөнхий газрын даргын эзгүйд албан үүргийг түүний үүрэг болгосноор тэргүүн дэд дарга, дэд дарга түр орлон гүйцэтгэнэ.

5.7. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын эзгүйд түүний ажил үүргийг дараагийн шатны албан тушаалтан түр орлон гүйцэтгэнэ. 

 

Зургаа. Салбар, нэгжийн чиг үүрэг

 

6.1. Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгж нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох заалт болон орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрэмд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрмийг Ерөнхий газрын дарга батална.

6.2. Нийслэлийн улсын бүртгэлийн газар нь хэлтэстэй, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь тасагтай байна.

6.3. Салбар, нэгж нь хууль, дүрэм, журамд зааснаас гадна харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.3.1. орон нутагт улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах;

6.3.2. орон нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллах, тэдгээрийн дэмжлэг, туслалцааг авч ажиллах;

6.3.3. байгууллагын үйлчилгээний стандартыг чанд мөрдөж, сахилга хариуцлагатай ажиллах.

 

Долоо. Салбарын даргын эрх, үүрэг

 

7.1. Салбарын дарга нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрэмд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

7.1.1. хэлтэс, тасгийн дарга, төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэх;

7.1.2. газар, хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах;

7.1.3. албан хаагчдыг ажилд томилох, цол, зэрэг дэв олгох, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах тухай санал, дүгнэлтээ дээд газарт уламжлах.

7.2. Салбарын даргын түр эзгүйд түүний албан үүргийг хэлтэс, тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч хэрэгжүүлнэ.

 

 


---оОо---