- Нүүр
- Сайдын тушаал
- БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙГ КОДЖУУЛАХ ЖУРАМ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны
А/35 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙГ КОДЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Хөдөө аж ахуйн бирж (цаашид “бирж" гэх)-ээр арилжих бараа, түүхий эдийг коджуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Биржээр арилжих бараа, түүхий эдийг коджуулах ажлыг бирж удирдан зохион байгуулна.
1.3 Бараа, түүхий эдийн код дахин давтагдахгүй байна.
1.4 Биржийн арилжаанд Стандартчлал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2006 оны 26 дугаар тогтоолоор заавал мөрдөх эрхзүйн хэм хэмжээтэй батлагдсан МNS 5641:2006 “ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код” багц стандарт, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан Биржийн бараа, ямааны ноолуур Техникийн шаардлага МNS 6375: 2013, Биржийн бараа, хонины ноос, Техникийн шаардлага МNS 6376: 2013, 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор батлагдсан Хүнсний буудай. Техникийн ерөнхий шаардлага МNS 0097:2010, 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөө аж ахуй. Зусах рапсын үрийн чанар. Техникийн шаардлага МNS 4791:2005, Үнэ, стандартын улсын хорооны 1981 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан Үйлдвэр, бааз, худалдаа бэлтгэлийн байгууллагад тушаах мал МNS 0684:1981, 1982 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэр, экспортын бааз, худалдаа бэлтгэлийн байгууллагад тушаах адуу МNS 0407:1982” стандартыг мөрдөнө.
Дээрхи 1.4 дэх хэсэгт ҮХААС-ын 2013 оны А/135 дугаар тушаалаар орсон нэмэлтийг тусгав.
Хоёр . Биржийн бараа, түүхий эдийг кодлогчийн эрх, үүрэг
2.1. Биржийн итгэмжлэгдсэн агуулахын бараа, түүхий эд хариуцсан мэргэжилтэн нь код олгогчийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ эзэмшсэнээр код оноох эрх эдэлнэ.
2.2. Код олгогч нь агуулахад хүлээн авч коджуулсан бараа, түүхий эдийн тухай мэдээллийг биржид цахим хэлбэрээр хүргүүлж, биржийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчид хэвлэмэл хэлбэрээр өгнө.
2.3. Бирж нь кодлогдсон бараа, түүхий эдийг мэдээллийн сандаа бүртгэж, биржийн арилжааны зах зээлд оролцогчдод цахим хэлбэрээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухай бүр мэдэгдэж байна.
Гурав. Код оноох, олгох
3.1. Биржийн бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч нь код авах хүсэлтээ дор дурдсан материалыг бүрдүүлэн биржийн итгэмжлэгдсэн агуулахад гаргах бөгөөд кодыг энэ журмын 2.1 -т заасан ажилтан олгоно. Үүнд:
3.2.1. Код хүсэгч нь хуулийн этгээд бол албан бичиг, иргэн бол өргөдөл (хүсэлтэд бирж эсхүл брокероос өгсөн өөрийн бүртгэлийн дугаарыг заавал бичнэ);
3.2.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар;
3.2.3. мал эмнэлэг, үржлийн тасгийн гарал үүслийн бүртгэлийн гэрчилгээ;
3.2.4. мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт;
3.2.5. лабораторийн шинжилгээ.
Дөрөв. Бараа, түүхий эдийн кодын бүрдүүлбэр
4.1. Бараа, түүхий эдийн кодын бүрдүүлбэрт тухайн бараа, түүхий эдийн нэр, холбогдох стандартын дагуу тогтоосон ангилал, гарал үүсэл агуулагдана.
4.2. Бараа, түүхий эдийн код 10 оронтой үсэг, тооноос бүрдэнэ.
4.3. Бараа, түүхий эдийн кодын үсэг, тоо нь дараах утгыг илэрхийлнэ:
4.3.1. кодын 1, 2 дахь үсэг тухайн бараа, түүхий эдийн нэрийг (биржийн тухай хуулийн 4.5-д болон 5.1.7-д заасны дагуу тусгайлан батална);
4.3.2. кодын 3, 4 дэх тоо тухайн бараа, түүхий эдийн тодорхойлолт, стандартын ангилал, зэрэглэлийг (энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу);
4.3.3. кодын 5, 6 дахь үсэг бэлтгэн нийлүүлэгчийн хот, аймгийн нэрийг (МNS 5641:2006 “ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код” багц стандартын дагуу);
4.3.4. кодын 7, 8 дахь тоо бэлтгэн нийлүүлэгчийн дүүрэг, сумын нэрийг (МNS 5641:2006 “ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код” багц стандартын дагуу );
4.3.5. кодын 9,10 дахь тоо /ХХ/ нь бараа, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчийн нэрийг (тусгай журмын дагуу бирж эсхүл брокероос өгсөн бэлтгэн нийлүүлэгчийн бүртгэлийн дугаар) тус тус илэрхиилнэ.
Тав. Кодыг хэрэглэх хүрээ
5.1. Бараа, түүхий эдийн код нь тус бараа, түүхий эдийг биржийн итгэмжлэгдсэн агуулахад хүлээн авах, бүртгэх, хаяглах, хадгалах, биржээр арилжих, арилжааны гэрээ байгуулах, тээвэрлэх, даатгуулах, цахим болон хэвлэмэл хэлбэрээр мэдээлэл солилцох үйл ажиллагаанд хэрэглэгдэнэ.
Зургаа. Бусад
6.1. Коджуулахтай холбогдон үүссэн маргааныг бирж хянан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл Зохицуулах зөвлөлөөр хэлэлцүүлж болно.
6.2. Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A