A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАХ, АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ /БОАЖС-ын 2018 оны А/57 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/57 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Байгаль орчин, ногоон хөгжлийн

 сайдын 2013 оны 04 дүгээр сарын 22 -ны өдрийн

А-124 тоот тушаалын хавсралт

 

САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАХ,

АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журам нь усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу усны сав газрын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ байгуулах, тухайн сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтэнд талуудын оролцоог хангах, сав газрын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих, хамтран ажиллах харилцааг зохицуулахад оршино.

            1.2. Зөвлөл нь сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих, олон талын оролцоог хангах үүрэг бүхий  байгууллага мөн.

1.3. Зөвлөл нь усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгод олон талт ашиг сонирхол бүхий оролцогчдын эрх тэгш, хариуцлагатай, хамтран ажиллах нөхцөлийг хангах зарчмыг баримтлан ажиллана.

1.4. Зөвлөл нь Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, Монгол улсын нэгдсэн орсон олон улсын гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулна.

1.5. Зөвлөлийн нэрийг англи хэл рүү “River basin council” гэж хөрвүүлнэ.

 

Хоёр. Сав газрын зөвлөл байгуулах

 

2.1. Зөвлөл байгуулах саналыг тухайн сав газрын захиргаа Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан төлөөллийг ханган зохион байгуулсан хурлаар гаргана. Саналыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, хянан шийдвэрлэснээр зөвлөл үйл ажиллагаа явуулах эрх үүснэ.

2.2. Нэг сав газарт нэгээс илүүгүй сав газрын зөвлөл байх бөгөөд зарим сав газрын байрлал, бүс нутгийн экосистемийн онцлог зэргээс шалтгаалж 2 ба түүнээс дээш сав газрыг хамарсан нэг зөвлөл байж болно.

2.3. Сав газрын хүрээнд цутгал болон салаа голуудын асуудлаар тухайн сав газрын зөвлөл нь салбар зөвлөл байгуулан ажиллаж болно.

2.4. Зөвлөлийн бүрэлдэхүүнд хуульд зааснаас гадна хөдөө аж ахуй, газрын алба, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл орж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллага, ус ашиглагч, иргэд олон нийтийн төлөөлөл адил тэнцүү байх зарчмыг баримтална.

2.5. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, 31-45 хүртэл тооны гишүүдтэй байна.

            2.6. Зөвлөл анх дугаар хуралдаанаар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг сонгоно.

2.7. Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ба ажлын үр дүнг харгалзан зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь буюу зарим хэсгийг 1 удаа улираан томилж болно.

2.8. Зөвлөл нь албаны хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.

 

Гурав. Сав газрын зөвлөлийн хуралдаан

 

            3.1. Зөвлөлийн хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

            3.2.Зөвлөлийн хуралдаан ээлжит болон ээлжит бус байж болно. Ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа хуралдуулна. Хуралдааны товыг Зөвлөлийн дарга тогтоож хуралдаан болохоос ажлын 7-оос доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлана.

            3.3. Ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт болон шаардлагатай гэж үзсэн материалыг гишүүдэд хүргүүлж гишүүдийн саналыг урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр авч болно.

            3.4. Хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй асуудлыг уг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 50-иас дээш хувийн саналаар хэлэлцэж болно.

            3.5. Зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс дээш хэсгийн шаардсанаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.  

            3.6. Зөвлөлийн гишүүдийн ердийн олонхи (50%+1) хүрэлцэн ирснээр хуралдаан хүчин төгөлдөр болно.

            3.7.Зөвлөлийн хуралдаанаас гарах шийдвэр нь тогтоол, зөвлөмж, дүгнэлт, хуралдааны тэмдэглэл хэлбэртэй байна. Шийдвэрт зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

3.8. Зөвлөлийн хуралдааны дэгийг зөвлөл өөрөө тогтооно.

 

Дөрөв. Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл

 

4.1. Зөвлөл нь Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлнэ:

4.1.1. сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөлд олон нийтийн санал зөвлөмж авах ажлыг сав газрын захиргаатай хамтран зохион байгуулах;

4.1.2. сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, нэгдсэн санал дүгнэлтийг сав газрын захиргаанд хүргүүлэх;

4.1.3. сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн  явц, үр дүнд хяналт тавьж олон нийтэд мэдээлнэ. Шаардлагатай тохиолдолд сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх;

4.1.4. сав газрын зөвлөл нь тухайн орчны экосистемд сөрөг нөлөө үзүүлэхүйц болон олон нийтийн эрх ашигтай зөрчилдсөн гэж үзсэн тохиолдолд ус ашиглахтай холбогдсон сав газрын захиргааны дүгнэлтийг хүчингүй болгуулах саналыг төрийн захиргааны төв байгууллагад тавих;

4.1.5. усны барилга байгууламжийн зураг төсөл усны нөөцөд сөрөг нөлөөтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдвал барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх саналыг эрх бүхий байгууллагад гаргах; 

4.1.6. ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, үйл ажиллагааг зогсоох талаар сав газрын захиргаанд үндэслэл бүхий шаардлага хүргүүлэх;

4.1.7. тухайн сав газрын хэмжээнд шаардлагатай гэж үзсэн газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтанд авах тухай саналыг боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэх;

4.1.8. усны хэрэглээ-ашиглалтын байдалд хяналт тавьж, усны тогтвортой менежментийг хангахад чиглэгдсэн нийгэм, эдийн засгийн судалгаа хийж, шаардлагатай үйл ажиллагаа, шийдвэрлэх арга замын талаар холбогдох газруудад зөвлөмж  өгөх;

4.1.9. сав газрын хэмжээнд усны чанар, орчны доройтлын байдалд хяналт тавьж, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн талаар эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;

4.1.10. олон нийтийг усны нөөц, түүний хамгаалалтын талаархи мэдээллээр хангах, мэдлэг олгох, тэдэнд усыг зохистой хэрэглэх хандлага төлөвшүүлэх зорилгоор нийтийг хамарсан ажил, сургалт сурталчилгаа зохион байгуулах;

4.1.11. зөвлөл нь чиг үүргийнхээ хүрээнд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллуулж болно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд салбарын мэргэжилтэн, судлаачдыг татан оролцуулна.

 

Тав. Зөвлөлийн даргын эрх үүрэг

            5.1. Зөвлөлийн дарга дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1. зөвлөлийн хуралдааныг товлон зарлах, хуралдааныг удирдан зохион байгуулах, гарсан шийдвэрийг ёсчлон баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

5.1.2. зөвлөлийг төлөөлөн бусад зөвлөл, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй харилцах;

5.1.3. гадаад улсын байгууллага, иргэд, олон улсын байгууллагатай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, чиглэлийн хүрээнд харилцах;

5.1.4. зөвлөлийг удирдлагаар хангаж, зөвлөлийн гишүүдэд үүрэг, чиглэл өгөх;

5.1.5. зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа зөвлөлийн бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдох ба ажлын үр дүнг харгалзан 1 удаа улираан томилж болно;

5.1.6. зөвлөлийн дарга хүндэтгэх шалтгаанаар ажиллах боломжгүй тохиолдолд өөрийн эрх үүргээ Зөвлөлийн нарийн бичгийн даргад түр хугацаанд шилжүүлэх.

Зургаа. Зөвлөлийн нарийн бичгийн даргын эрх, үүрэг

6.1. Зөвлөлийн нарийн бичгийн дарга дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:

6.1.1. зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх;

6.1.2. сав газрын байгалийн нөхцөл, баялаг, нөөц, тэдгээрийн хамгаалалт, ашиглалттай холбоотой мэдээ, мэдээлэл цуглуулах, вэб сайт ажиллуулах;

6.1.3. зөвлөлийн гишүүдийг мэдээ, мэдээллээр хангах, Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж хуралдааны тэмдэглэл хөтлөх;

6.1.4. орон нутгийн төр, аж ахуй, бизнесийн болон иргэний нийгмийн байгууллага, гадаад, дотоодын төсөл, ард иргэдтэй харилцах.  

 

Долоо. Зөвлөлийн гишүүний бүрэн эрх, үүрэг

 

7.1. Зөвлөлийн гишүүд дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:

7.1.1. зөвлөлийн үйл ажиллагаанд тогтмол оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх;

7.1.2. зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар аль ч байгууллага, удирдлагад санал тавих, мэдээлэл авах;

7.1.3. зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах;

7.1.4. зөвлөлийн гаргасан хамтын шийдвэрийг биелүүлэх;

7.1.5. зөвлөлийн гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахих;

7.1.6. зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах.

 

Найм. Зөвлөлийн санхүүгийн эх үүсвэр

 

8.1. Зөвлөл нь үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй байх бөгөөд дараах эх үүсвэрээс бүрднэ:

         8.1.1. орон нутгийн болон улсын төсвийн санхүүжилтээс гэрээний үндсэн
                    дээр гүйцэтгэсэн ажлын төлбөр;

         8.1.2. олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилт.