A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • “Байгаль орчны аудит хийх эрх олгох журам /БОАЖС-ын 2019 оны А/809 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2019 оны А/809 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 24.-ний

өдрийн А-126 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

“Байгаль орчны аудит хийх эрх олгох журам”

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журам нь байгаль орчны аудит хийх хуулийн этгээдэд эрх олгох, сунгах, түтгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2.Байгаль орчны аудит гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2/14-т заасныг ойлгоно.

 

1.3.Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээд нь байгаль орчны аудит хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

 

1.4.Байгаль орчны аудит хийх эрх авахыг хүссэн хуулийн этгээдийн удирдлага  эрх зүй, экологийн чиглэлээр мэргэшсэн, тухайн салбартаа 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна. 

 

 

Хоёр. Байгаль орчны аудит хийх хуулийн этгээд, түүнд тавигдах шаардлага

 

2.1.Байгаль орчны аудит хийх хуулийн этгээд гэдэгт байгаль орчны аудитаар гарсан дүгнэлт, зөвлөмжийн үнэн зөв байдал, түүнтэй холбогдон гарах үр дагаварыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцах чавдар бүхий байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаль орчны аудит хийх эрх бүхий  компани, аж ахуйн нэгжийг ойлгоно.

 

2.2.Байгаль орчны аудит хийх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

1.байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлын туршлагатай зургаагаас  доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгаль орчны аудитын багтай байх;

2.байгаль орчны аудитын багийн гишүүн нь эрх зүй, экологи, байгаль хамгааллын, технологийн чиглэлийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай мэргэшсэн боловсон хүчин байх;

           3.байгаль орчны аудит хийх дотоод  арга зүйтэй байх;

4.байгаль орчны аудитын багийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь орон тооны мэргэшсэн боловсон хүчин байх;

 

Гурав. Байгаль орчны аудит хийх эрх олгох, сунгах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох

 

3.1.Энэ журмын 2 дугаар хэсэгт заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд байгаль орчны аудитын эрх авахад шаардлагатай холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

3.2.Байгаль орчны аудит хийх эрх авах хүсэлтэд  дараах бичиг баримтыг хавсаргасан байна:

3.2.1.хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагааны танилцуулга;

3.2.2.байгаль орчны аудит хийхэд шаардлагатай материаллаг бааз, боловсон хүчний нөөц болон мэргэжил, мэргэшлийг илтгэх бичиг баримтууд;

3.2.3. байгаль орчны аудит хийх дотоод арга зүйн талаархи танилцуулга;

3.2.4. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.2.5. албан хүсэлт;

 

3.3.Энэ журмын 3.1-т заасны дагуу хүсэлт гаргасан хуулийн этгээдийн байгаль орчны аудит хийх чадварыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 14 хоногт багтаан  үнэлж, шийдвэрлэнэ.

 

3.4.Байгаль орчны аудит  хийх эрхийг энэхүү журамд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдэд 3 жилийн хугацаатайгаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олгоно.

 

3.5.Хуулийн этгээд нь байгаль орчны аудит хийх эрхийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө эрх сунгуулах хүсэлтээ гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

 

3.6.Энэ журмын 3.5-д заасан хүсэлт болон тайлан, байгаль орчны аудиттай холбогдсон бусад мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянан үзэж, байгаль орчны аудит хийх эрхийг сунгах эсэх талаар шийдвэр гаргана.

 

3.7.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн байгаль орчны аудит хийх эрхийг 3 жилийн хугацаагаар сунгана.

 

3.8.Энэ журмын 3.5-д заасан хугацаанд байгаль орчны аудит хийх эрх сунгуулах хүсэлт гаргаагүй хуулийн этгээдийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр түтгэлзүүлнэ.

 

3.9.Байгаль орчны аудит хийх эрх авахдаа хуурамч материал бүрдүүлсэн, байгаль орчны аудит хийхдээ холбогдох арга, аргачлалыг зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт, зөвлөмж гаргасан зэрэг нь эрх бүхий байгууллагаас тогтоогдвол хуулийн этгээдийн байгаль орчны аудит хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хүчингүй болгоно.

 

3.10.Байгаль орчны аудит хийх эрх олгох, сунгах,  түтгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон мэдээллийг байгаль орчны мэдээллийн санд тухай бүр оруулах ажлыг  тус яамны байгаль орчны аудитын асуудал хариуцсан нэгж зохион байгуулна.

 

Дөрөв. Бусад

 

4.1. Байгаль орчны аудит хийх мэргэшсэн боловсон хүчнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажилах гэрээ байгуулсан эрх бүхий сургалтын байгууллага бэлтгэнэ.

 

4.2.Байгаль орчны аудит хийх мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийг  байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллагатай хамтран батална. 

 

4.3. Журмын 2.4 дэхь хэсэгт заасан байгаль орчны аудитын багийн гуравны хоёроос доошгүй нь орон тооны мэргэшсэн боловсон хүчин байна гэдэгт дээрхи сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдсан хүнийг ойлгоно.

 

4.4.Байгаль орчны аудит хийх хуулийн этгээд нь аудит хийлгэж буй  аж ахуйн нэгжтэй Иргэний хуулийн 189.5-ыг үндэслэн экологийн хариуцлагын гэрээ байгуулна.

 

4.5.Энэхүү гэрээнд байгаль орчны аудиттай холбогдон үүсэх 2 талын эрх, үүргийг тодорхойлсон байна.

 

4.6.Байгаль орчны аудитыг холбогдох арга, аргачлалын дагуу хийгээгүй, аудитын зөвлөмжөөр өгөгдсөн үүргийг биелүүлээгүй зэргээс байгаль орчинд учирсан аливаа хохирол, эрсдэлийг уг гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд 2 тал харилцан хүлээнэ.

 

4.7.Уг гэрээг байгаль орчны аудитын зөвлөмж, дүгнэлтийн хамт холбогдох байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

 

4.8.Байгаль орчны аудитын эрх олгох, сунгах, түтгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ