- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ, НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2013 оны 229
дүгээр тогтоолын хавсралт
СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ, НЭМЭГДЭЛ ХӨЛС
ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 Нийгмийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааны зорилго нь нийгмийн ажилтны мэргэшил, ур чадварын өсөлтийг тодорхойлж, тэдний ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд оршино.
1.3 Сургуулийн нийгмийн ажилтанд “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” гэсэн мэргэшлийн зэрэг олгоно. Мэргэшлийн зэргийг давхардуулан олгохгүй.
Хоёр. Мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт
2.1 Нийгмийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуур үзүүлэлтийг харгалзана:
2.1.1. Нийгмийн ажилтнаар мэргэшсэн болон сургуулийн нийгмийн ажилтнаар ажилласан туршлагатай байх;
2.1.2. Боловсрол судлал, сэтгэл судлал болон хүүхдийн хөгжил, эрх хамгааллын чиглэлээр мэргэшсэн байх;
2.1.3. Ёс зүйн хэм хэмжээг сахин холбогдох хууль, журмыг мөрдөн ажилладаг байх;
2.1.4. Мэдээлэл боловсруулах, судалгаа хийх, гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэг чадвартай байх.
2.2. Нийгмийн ажилтанд мэргэшлийн “Ахлах” зэрэг олгоход дараах тусгай шалгуур үзүүлэлтийг харгалзана:
2.2.1. Сургуулийн нийгмийн ажилтнаар 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
2.2.2. Нийт суралцагчдынхаа 50-иас доошгүй хувьд хөгжил, төлөвшлийн судалгаа, оношилгоо хийж, судалгааны үр дүнд суурилан хөгжлийн хөтөлбөр боловсруулж, багш, эцэг эхэд үзүүлсэн зөвлөн туслах үйлчилгээний тоо, чанар;
2.2.3. Сургууль дээр гарсан харилцааны болон хүүхдийн эрхтэй холбоотой бэрхшээл, сурагч, багш, эцэг эхэд тулгарч буй асуудлыг судлан, шийдвэрлэсэн үр дүн, үйлчилгээг холбон зуучилсан байдал;
2.2.4. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, оролцоог хангахад багш, эцэг эх, олон нийттэй бүтээлчээр хамтран ажилласан ажлын үр дүн, тоо, чанар;
2.2.5. Сургуулийн өөрийн үнэлгээний арга зүйг хөгжүүлэн, үнэлгээний дүнг бодит байдлын судалгаатай харьцуулсан дүгнэлт;
2.2.6. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг дэмжин, нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд нийт анги, бүлгийн 50-иас доошгүй хувийг оролцуулж, хамтран зохион байгуулсан байдал.
2.3. Нийгмийн ажилтанд мэргэшлийн “Тэргүүлэх” зэрэг олгоход дараах тусгай шалгуур үзүүлэлтийг харгалзана:
2.3.1. Сургуулийн нийгмийн ажилтнаар 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
2.3.2. Нийт суралцагчдын 80-аас доошгүй хувьд хөгжил, төлөвшлийн судалгаа, оношилгоо хийж, судалгааны үр дүнд суурилан хөгжлийн хөтөлбөр боловсруулж, багш, эцэг эхэд үзүүлсэн зөвлөн туслах үйлчилгээний тоо, чанар;
2.3.3. Сургууль дээр гарсан харилцааны болон хүүхдийн эрхтэй холбоотой бэрхшээл, сурагч, багш, эцэг эхэд тулгарч буй асуудлыг судлан, шийдвэрлэх арга замаа оновчтой сонгосон тэргүүн туршлагаа 3-аас доошгүй боловсролын байгууллагад түгээн дэлгэрүүлсэн байх;
2.3.4. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, оролцоог хангахад багш, эцэг эх, олон нийттэй хамтран зохион байгуулсан ажлын үр дүн, чанарт өмнө авсан ахлах зэргийн үр дүнгээс гарсан ахиц;
2.3.5. Сургуулийн өөрийн үнэлгээний арга зүйг түгээн дэлгэрүүлж, үнэлгээний дүнг бодит байдлын судалгаатай харьцуулсан дүгнэлт, шийдэл;
2.3.6. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, багш, эцэг эхийн оролцоотой нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, үүнд нийт анги, бүлгийн 70-аас доошгүй хувийг хамруулан асуудал шийдвэрлэсэн байдал.
2.4. Нийгмийн ажилтанд мэргэшлийн “Зөвлөх” зэрэг олгоход дараах тусгай шалгуур үзүүлэлтийг харгалзана:
2.4.1. Сургуулийн нийгмийн ажилтнаар 15 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
2.4.2. Нийт суралцагчдыг 100 хувь хөгжил, төлөвшлийн оношилгоо, судалгаанд хамруулж, судалгааны үр дүнд суурилан хөгжлийн хөтөлбөр боловсруулж, багш, эцэг эхэд үзүүлсэн зөвлөн туслах үйлчилгээний тоо, чанар;
2.4.3. Сургууль дээр гарсан харилцааны болон хүүхдийн эрхтэй холбоотой бэрхшээл, сурагч, багш, эцэг эхэд тулгарч буй асуудлыг судлан, шийдвэрлэх арга замаа оновчтой сонгосон тэргүүн туршлагаа 5-аас доошгүй боловсролын байгууллагад түгээн дэлгэрүүлж, үр дүнг судлан дүгнэлт хийж, хамтран ажилласан байх;
2.4.4. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, оролцоог хангахад багш, эцэг эх, олон нийттэй хамтран зохион байгуулсан ажлын үр дүн, чанарт өмнө авсан тэргүүлэх зэргийн үр дүнгээс гарсан ахиц;
2.4.5. Багш, ажилтнуудад сургуулийн өөрийн үнэлгээний арга зүйг эзэмшүүлэн, сургуулийн өөрийн үнэлгээний дүнг бодит байдлын судалгаатай харьцуулсан дүгнэлт, шийдэл;
2.4.6. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, багш нарын оролцоотой тухайн оршин суугаа засаг захиргааны нэгжийн тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаанд анги, бүлэг бүрийг хамруулан асуудал шийдвэрлэсэн жил бүрийн ажлын үр дүн.
Гурав. Мэргэшлийн зэрэг олгох ажлыг
зохион байгуулах
3.1. Нийгмийн ажилтанд олгох мэргэшлийн “Ахлах” зэргийг тухайн сургалтын байгууллага, “Тэргүүлэх” зэргийг аймаг, нийслэлийн Боловсролын газар, “Зөвлөх” зэргийг үндэсний түвшинд сургалт зохион байгуулах, мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллага тус тус хариуцна.
3.2. Нийгмийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгох дүгнэлтийг тухайн мэргэшлийн зэрэг олгох ажлыг хариуцах эрх бүхий байгууллагын ерөнхий менежерийн шийдвэрээр байгуулагдсан эцэг эх, мэргэжил, арга зүйн байгууллага, мэргэжлийн холбоо, бусад сонирхлын бүлгийн төлөөлөл бүхий ажлын хэсэг гаргана.
3.3. Мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий байгууллага бүр мэргэшлийн зэрэг олгосон нийгмийн ажилтны талаарх мэдээллийн санг бүрдүүлнэ.
3.4. Мэргэшлийн зэрэг авахыг хүссэн нийгмийн ажилтан дараах материалыг бүрдүүлж, тухайн сургалтын байгууллагын удирдлагад уламжилна:
3.4.1. мэргэшлийн зэрэг авахыг хүссэн өргөдөл;
3.4.2. тухайн мэргэшлийн зэргийн тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан тухай нийгмийн ажилтны өөрийн үнэлгээ, нотлох бичиг баримт;
3.4.3. сургалтын байгууллагын хамт олны хурлын шийдвэр;
3.4.4. 3х4 хэмжээний цээж зураг 2 ширхэг.
Дөрөв. Мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс
4.1. Мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлсийг сарын үндсэн цалингаас Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр тооцож олгоно.
4.2. Сургалтын байгууллага, аймаг, нийслэлийн Боловсролын газар, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь гаргасан шийдвэр болон мэдээлэл, хяналт-шинжилгээнд тулгуурлан нийгмийн ажилтанд мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн боловсролын болон байгууллагын төсөвт тусгана.
Тав. Мэргэшлийн зэргийн хүчинтэй байх хугацаа,
түдгэлзүүлэх, нөхөн олгох
5.1. Нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг нь түүнд мэргэшлийн зэрэг олгосноос хойш 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
5.2. Нийгмийн ажилтанд олгосон мэргэшлийн зэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.
5.3. Журмын 5.1- д заасан хугацаа хэтэрсэн болон мэргэшлийн зэргээ ахиулах, “Зөвлөх” зэргээ хамгаалах хүсэлт гаргаж, тухайн мэргэшлийн зэрэгт тавигдах тусгай шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд нийгмийн ажилтанд мэргэшлийн зэргийг олгохгүй.
5.4. Мэргэшлийн зэрэг ахиулах тусгай шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд өмнө олгогдсон мэргэшлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий байгууллага нь шийдвэрлэнэ.
5.5. Нийгмийн ажилтны эрх үүргийг зөрчиж, мэргэжлийн алдаа гарган холбогдох хууль, журмыг зөрчсөн нь тогтоогдвол мэргэшлийн зэрэг олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн мэргэшлийн зэргийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ.
5.6. Мэргэшлийн зэргийн үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд олгох шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу нөхөн олгож болно.
5.7. Мэргэшлийн зэргийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэж ашигласан нь тогтоогдвол холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
---- oOo -----
Текст томруулах
A
A
A