- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАНД ТАВИХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШААРДЛАГА, ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2013 оны
.06 сарын 10 өдрийн 212 тоот тушаалын
нэгдүгээр хавсралт
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАНД ТАВИХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШААРДЛАГА, ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1.Энэхүү журмын зорилго нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хүүхдийн байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд /цаашид "урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ" гэх/ хамруулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг нийслэлд дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, орон нутагт Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Аймгийн нэгдсэн эмнэлэг, лаборатори бүхий сумын эрүүл мэндийн төв, Cум дундын эмнэлгүүдэд хийж гүйцэтгэнэ.
1.3.Тухайн эрүүл мэндийн байгууллагад мөрдөж байгаа үйлчилгээний төлбөрийг мөрдөнө.
Хоёр. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний төрөл, хамрах хүрээ
2.1.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ нь дараах үзлэг шинжилгээнээс бүрдэнэ.
а/Үзлэгт:
2.1.1 Сүрьеэ
2.1.2 Арьсны халдварт өвчнүүд
б/Шинжилгээнд:
2.1.3 Нян тээгч илрүүлэх
2.1.4 Хамар залгиурын арчдасын шинжилгээ
2.1.5 Цагаан хорхой илрүүлэх
2.1.6 Флюрографийн зураг
2.2.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд дараах ажил, үйлчилгээ эрхлэгч этгээд хамрагдана.
2.2.1.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтан, ажиллагсад;
2.2.2.Төрийн болон хувийн эзэмшлийн усан хангамжийн байгууллагын ус түгээгч, инженер, техникч, усны машины жолооч;
2.2.3.Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон хүүхдийн зуслан, асрамж, халамжийн газрын багш, туслах багш, нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн багш нар.
Гурав. Ажилтанд тавигдах шаардлага
3.1.Журмын 2.2-д заасан ажил үйлчилгээг эрхлэхийн өмнө болон цаашид 6 сар тутамд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдана.
3.2.Халдварт өвчнөөр өвчилсөн буюу өвчтөнтэй хавьтал болсон тохиолдолд тухай бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдана.
3.3.Ажилтан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт бичигдсэн санамж зөвлөмжтэй танилцан гарын үсэг зурж, санамжийг мөрдөж ажиллана.
Дөрөв. Ажил олгогчид тавигдах шаардлага
4.1.Ажилтан, ажиллагсадыг журмын 3.1-т заасан хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ хийж урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулна.
4.2.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дүн эерэг гарсан ажилтнуудыг эмчилж, эрүүлжүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийх ажлыг Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэнэ.
4.3.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдал, баталгаажуулалтанд хяналт тавьж ажиллана.
Тав. Эрүүл мэндийн байгууллагад тавигдах шаардлага
5.1.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг холбогдох стандарт арга, аргачлалын дагуу үнэн зөв, бүрэн хийнэ.
5.2.Үзлэг, шинжилгээний үр дүнг эмч болон эмнэлгийн удирдлага эсхүл эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Эрх бүхий албан тушаалтныг тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын тушаалаар томилж, гарын үсгийн тайлал болон тэмдэгийн загварыг баталгаажуулсан байна.
5.3.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дүн “эерэг” гарсан иргэн, ажилтныг эмчилж, эрүүлжүүлэх арга хэмжээг авна.
5.4.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх зөвшөөрлийг /итгэмжлэл/-ийг холбогдох эрх бүхий байгууллагаас авсан байна.
5.5.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийсэн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон дээд шатны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний асуудал эрхэлсэн байгууллагад мэдээлнэ.
5.6.Эрүүл мэндийн дэвтрийг батлагдсан загварын дагуу хэвлүүлж, ашиглана.
Зургаа. Хориглох зүйл
6.1. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ бүрэн хийгдээгүй, лабораторийн шинжилгээний дугаар бичигдээгүй тохиолдолд баталгаажуулах;
6.2.Эрүүл мэндийн дэвтрийг хуурамчаар үйлдэх, засварлах;
6.3.Журамд зааснаас бусад улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээ хийлгэх;
6.4.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй хүнийг ажиллуулахыг хориглоно.
Долоо. Бусад
7.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол улсын холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A