- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2013 оны
07 сарын 09 - ны өдрийн 247 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН
ШИНЖЭЭЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээч (цаашид шинжээч гэх) сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох, шинжээчийн эрхийг хүчингүй болгох, шинжээчийг ажиллуулахад энэхүү журмыг баримтална.
1.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахаар томилогдсон мэргэжилтнийг эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч гэнэ.
Хоёр. Шинжээч сонгон шалгаруулах, эрх олгох
2.1. Магадлан итгэмжлэх байгууллага нь магадлан итгэмжлэлийн шинжээчийг 2 жил тутамд нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулна.
2.2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, анагаах ухааны их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд дараах шаардлагыг хангасан мэргэжилтнийг шинжээчид нэр дэвшүүлнэ:
2.2.1. мэргэжлээрээ 15-аас дээш жил тасралтгүй ажилласан;
2.2.2. дээд боловсролтой, эрдмийн болон мэргэшлийн зэрэг, цолтой
2.2.3. эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн;
2.2.4. тасаг, нэгжийн эрхлэгчээс дээш албан тушаал эрхэлдэг, эрүүл мэндийн байгууллагын нэгж, хэсгийг удирдаж байсан туршлагатай;
2.2.5. ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
2.3. Энэхүү журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан хувь хүн шинжээчид нэрээ дэвшүүлж болно.
2.4. Шинжээчээр ажиллахыг хүсэгч дараах материалыг бүрдүүлж, магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ:
2.4.1. төрийн албан хаагчийн анкет;
2.4.2. иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
2.4.3. дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, эрдмийн цол болон мэргэжлийн зэргийг нотлох баримтыг наториатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.4.4. ажиллаж буй байгууллага, мэргэжлийн зөвлөл, нийгэмлэгийн тодорхойлолт;
2.4.5. ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл (УИХ-ын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтаар);
2.4.6. 4х6 хэмжээтэй 2 хувь зураг.
2.5. Энэ журмын 2.4-т заасан материалыг бүрдүүлж ирүүлсэн нэр дэвшигчийн ажлын туршлага, магадлан шинжлэх шалгуурын дагуу үнэлгээ хийх чадварыг харгалзан 2.2-т заасан шаардлагыг хангасан мэргэжилтнүүдийг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, сонгон шалгаруулна.
2.6. Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн сонгон шалгаруулалтад тэнцсэн шинжээчийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 2 жилийн хугацаагаар томилно.
Гурав. Шинжээчийг томилон ажиллуулах
3.1. Магадлан итгэмжлэх байгууллага нь эрүүл мэндийн байгууллагад үнэлгээ хийх хуваарийг урьдчилан гаргаж, шинжээчид нэр дэвшүүлсэн байгууллага, шинжээчид албан бичгээр мэдэгдэнэ.
3.2. Шинжээчид нэр дэвшүүлсэн байгууллага нь шинжээчийг томилолтын хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх үүрэг хүлээнэ.
3.3. Шинжээч нь үнэлгээ хийх эрүүл мэндийн байгууллагатай ашиг сонирхлын болон үйл ажиллагааны харилцаа холбоогүй байх шаардлагатай. Үнэлгээ хийх тохиолдол бүрт ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл өгнө.
3.4. Шинжээчийн эрүүл мэндийн байгууллагад үнэлгээ хийсэн хугацаа, ажлын үр дүнг нь харгалзан ажлын хөлс олгоно.
3.5. Магадлан итгэмжлэх байгууллага нь шинжээчид нэр дэвшүүлсэн байгууллага, шинжээчтэй гэрээ байгуулж ажиллана.
Дөрөв. Шинжээчийн эрхийг сунгах, хүчингүй болгох
4.1. Шинжээч нь үнэлгээг мэргэшлийн өндөр түвшинд хийж, ёс зүйн болон мэргэжлийн зөрчил гаргаагүй бол шинжээчээр дахин ажиллах хүсэлтээ магадлан итгэмжлэх байгууллагад 1 удаа гаргаж болно.
4.2. Хоёр жил тутам шинжээчдийн гуравны нэг шинэчлэгдэж байх ба энэхүү журмын 4.1-д заасны дагуу томилогдож ажилласан шинжээч 3 жил завсарласны дараа дахин шинжээчээр ажиллах хүсэлт гаргаж болно.
4.3. Шинжээчийг дараах тохиолдолд чөлөөлж, шинжээчтэй хийсэн гэрээг цуцална:
4.3.1. өөрийн хүсэлтийг үндэслэн;
4.3.2. мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан нь холбогдох байгууллагаар тогтоогдсон;
4.3.3. гэрээний заалт зөрчсөн;
Текст томруулах
A
A
A