A

A

A

Бүлэг: 1979


Засгийн газрын 2013 оны 214 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН
САН БАЙГУУЛАХ, ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1 Энэхүү журмын зорилт нь хөгжлийн бодлого боловсруулах, макро эдийн засгийн төсөөлөл хийх, хөрөнгө оруулалт төлөвлөх ажлын хүрээнд судалгаа, тооцоо хийхэд шаардлагатай мэдээллийн нэгдсэн сан байгуулах, түүнийг зохицуулахад оршино.

 

Хоёр. Журмын нэр томъёоны тодорхойлолт

 

2.1. Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

     2.1.1. “Үндэсний эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэдгийг Сангийн сайдын 2011 оны 103 тоот тушаалаар баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын дагуу тухайн оны нийт үйлдвэрлэлд тухайн аж ахуйн нэгжийн ирэх 10 жилд үйлдвэрлэх үйлдвэрлэлийн жилийн дундаж хэмжээ 5 хувиас дээш эзэлж байгаа аж ахуй нэгжийг;

     2.1.2. “Маягт” гэдгийг Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батлах маягт.

Гурав. Мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэх
        мэдээллийн төрөл, хамрах хүрээ

3.1. Мэдээллийн санд мэдээллээ өгөх үүрэг бүхий байгууллагууд:

     3.1.1. яам, агентлаг;

     3.1.2. орон нутгийн удирдлагын байгууллага;

     3.1.3. Шинжлэх ухааны академи, судалгааны хүрээлэнгүүд, төрийн өмчит их, дээд сургууль;

     3.1.4. үндэсний эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа болон оруулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж.

3.2. Мэдээллийн санд төвлөрүүлэх мэдээллийн төрөл:

     3.2.1. статистик мэдээлэл;

     3.2.2. бодлогын судалгаа;

     3.2.3. техник, эдийн засгийн үндэслэл;

     3.2.4. аж ахуйн нэгжийн санхүүгийн болон маягтын дагуух мэдээлэл;

 

     3.2.5. аж ахуйн нэгжийн маягтын дагуу эдийн засгийн төлөвлөгөө, төсөөлөл.


            
Дөрөв. Мэдээллийг цуглуулах үе шат

 

4.1. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан маягт, жагсаалтын дагуу мэдээллийг энэхүү журмын 3.1-д заасан байгууллагууд нэгтгэн гаргана.

4.2. Энэхүү журмын 4.1-д заасан мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим болон цаасаар хүргүүлнэ.

4.3. Энэхүү журмын 4.2-т заасан мэдээллийг ашиглан Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ.

 

Тав. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

 

5.1. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

     5.1.1. Монгол Улсын Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сан байгуулах программ хангамжийг бий болгох;

     5.1.2. энэхүү журмын 3.2-т заасан мэдээллийн төрлийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийн жагсаалт болон мэдээлэл авах цахим, бичгийн форматыг батлах;
 
      5.1.3. энэхүү журмын 3.1-д дурдсан байгууллагаас журмын 3.2-т заасан мэдээллийг авч Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сан бий болгох;

      5.1.4. үндэсний аюулгүй байдал болон хуулийн этгээдийн нууцлалтай холбоотой мэдээллийн нууцлалыг чанд хадгалах;

      5.1.5. мэдээллийн нэгдсэн сангийн тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулах.

 

Зургаа. Төрийн захиргааны төв болон нутгийн
захиргааны байгууллагын эрх, үүрэг

 

6.1. Энэхүү журмын 3.1-д заасан төрийн байгууллага нь энэ журмын 3.2-т заасан мэдээллийн төрлийн хүрээнд эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан мэдээллийн жагсаалт, маягтын дагуу мэдээллээ цахим болон албан тоотоор тус байгууллагад хүргүүлнэ.

6.2. Энэхүү журмын 3.1-д заасан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглана.

 

Долоо. Шинжлэх ухааны академи, судалгааны хүрээлэн,
их, дээд сургуулийн эрх, үүрэг

 

7.1. Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиуд нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа улирал болгоны эхний долоо хоногт багтаан цахим хэлбэрээр эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

Найм. Төрийн өмчит болон төрийн өмчийн
          оролцоотой аж ахуйн нэгжийн үүрэг

 

8.1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж нь жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор дараах мэдээллийг цахим болон албан бичгээр эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

       8.1.1. Үндэсний статистикийн хорооны даргын 2003 оны 12 дугаар тушаалаар батлагдсан АҮ-7 маягтын дагуу өмнөх жилийн үйлдвэрлэл, борлуулалт,  санхүүгийн тайлан;
 
      8.1.2. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулсан маягт, загварын дагуу үндсэн үйл ажиллагааны болон эдийн засгийн ирэх таван жилийн зорилт, төлөвлөгөө;

      8.1.3. Техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа.

 

Ес. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрх үүрэг

 

9.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
  
     9.1.1. Эдийн засгийн хөгжлийн яамнаас жил бүрийн эхний хагаст Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сангийн хэрэгжилтийн талаар тайлан, мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байх;

     9.1.2. Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сангийн журмын хэрэгжилтэд хяналт тавих;

     9.1.3. Мэдээллийн нэгдсэн сантай холбоотой санал, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх;

     9.1.4. Журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд холбогдох арга хэмжээг авах санал гаргах.

 

 


-----оОо-----