- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНД МӨРДӨХ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Засгийн газрын 2013 оны 300 дугаар
тогтоолын хавсралт
АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНД МӨРДӨХ
ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Нэгдүгээр бүлэг
Ерөнхий зүйл
Зорилго, хамрах хүрээ
1.1. Энэхүү техникийн зохицуулалтын зорилго нь арьс, шир бэлтгэх, боловсруулах, худалдах явцад хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, хуурамч бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхээс хамгаалахад оршино.
1.2. Энэхүү техникийн зохицуулалтыг бүх төрлийн боловсруулсан арьс, ширийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой мэдүүлэг гаргах, хорио цээрийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагаанд баримтална.
1.3. Энэхүү техникийн зохицуулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа арьс, шир үйлдвэрлэх болон худалдан борлуулах иргэн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөнө.
Норматив ишлэл
1.4. Энэхүү техникийн зохицуулалтад иш татаж хэрэглэсэн дараахь стандарт, бусад баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийн хамгийн сүүлчийн батлагдан хэвлэгдсэн албан ёсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ:
-MNS 0060 Боловсруулаагүй арьс, шир. Техникийн шаардлага;
-MNS 4724 Анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир. Техникийн шаардлага;
-ISO 5431 Ямааны арьсан вет блю. Техникийн шаардлага;
-ISO 5432 Хонины арьсан вет блю. Техникийн шаардлага;
-ISO 5433 Үхрийн арьсан вет блю. Техникийн шаардлага;
-MNS 0084 Гутлын дээд биений болон дотрын зориулалттай боловсруулсан арьс. Техникийн шаардлага;
-MNS 0086 Хувцасны зориулалттай боловсруулсан арьс. Техникийн шаардлага;
-MNS 5480 Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага;
-MNS 5582 Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрээс урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус. Техникийн шаардлага;
-ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо;
-MNS ISO IEC 17025 Сорилт ба шалгалт тохируулгын лабораторид тавих шаардлага.
Нэр томьёо
1.5. Энэхүү техникийн зохицуулалтад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.5.1. “анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир” гэж химийн болон механик аргаар боловсруулсан, идээлсэн, будсан болон будаагүй, тосолсон, хатаасан, өнгө засал хийгээгүй арьс, ширийг;
1.5.2. “гандсан арьс, шир” гэж химийн аргаар үсийг нь унагаасан, механик аргаар шар махыг нь авсан, давс, хүчлээр боловсруулж, чанарын хамгаалалт хийсэн түүхий арьс, шир болон идээлэхэд бэлтгэж давс, хүчлээр боловсруулж, хөөлтгүй болгосон арьс, ширийг;
1.5.3. “вет-блю” гэж химийн аргаар үсийг нь унагаасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурьлаг давсаар нэвт идээлэгдсэн, жигд өнгөтэй нойтон хөх арьс, ширийг;
1.5.4. “вет вайт” гэж химийн аргаар үсийг нь унагаасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурьлаг давснаас бусад идээлэгчээр идээлсэн нойтон цагаан арьс, ширийг;
1.5.5. “краст” гэж энэхүү техникийн зохицуулалтын 1.5.3, 1.5.4-т заасан хагас боловсруулсан арьс, ширэнд нэмэлт идээлэг хийж, будсан болон будаагүй, тосолж, элдэж, тэлж хатаасан, өнгө засал хийгээгүй арьс, ширийг;
1.5.6. “хувцасны савхи буюу шевред” гэж энэхүү техникийн зохицуулалтын 1.5.5-д заасан краст (хагас боловсруулсан хонины арьс)-ыг цаашид хувцасны зориулалтаар гүйцэд боловсруулж, өнгө засал хийсэн хонины арьсыг;
1.5.7. “илэг” гэж энэхүү техникийн зохицуулалтын 1.5.5-д заасан краст (хагас боловсруулсан арьс, шир)-ыг шар махан талаас нь зүлгэж, цаашид гүйцэд боловсруулсан арьс, ширийг;
1.5.8. “нубук” энэхүү техникийн зохицуулалтын 1.5.5-д заасан краст (хагас боловсруулсан арьс, шир)-ыг нүүрэн талаас нь зүлгэж, цаашид гүйцэд боловсруулсан арьс, ширийг;
1.5.9. “хром” энэхүү техникийн зохицуулалтын 1.5.5-д заасан краст (хагас боловсруулсан шир)-ыг цаашид гүйцэд боловсруулж, өнгө засал хийсэн ширийг;
1.5.10. “юфть” энэхүү техникийн зохицуулалтын 1.5.3 болон 1.5.4-т заасан хагас боловсруулсан ширэнд нэмэлт идээлэг хийж, будсан болон будаагүй, их хэмжээгээр тосолж, элдэж, тэлж хатаасан, өнгө засал хийсэн ширийг;
1.5.11. “булигаар” энэхүү техникийн зохицуулалтын 1.5.3 болон 1.5.4-т заасан хагас боловсруулсан ширэнд нэмэлт идээлэг хийж, будсан болон будаагүй, тосолж, элдэж, тэлж хатаасан, өнгө засал хийсэн, хээ тавьж арласан ширийг;
1.5.12. “шевро” энэхүү техникийн зохицуулалтын 1.5.5-д заасан краст (хагас боловсруулсан ямааны арьс)-ыг цаашид гүйцэд боловсруулж, өнгө засал хийсэн ямааны арьсыг.
Хоёрдугаар бүлэг
Бүх төрлийн арьс, ширийг боловсруулах,
худалдаалахад тавигдах шаардлага
Бүх төрлийн арьс, ширийг боловсруулахад тавигдах шаардлага
2.1. Бүх төрлийн арьс, ширний түүхий эдийг орон нутгийн мал нядалгааны цех болон мах боловсруулах үйлдвэрийн дэргэдэх арьс, ширний анхан шатны тордолтын цэгт “MNS 0060 Боловсруулаагүй арьс, шир. Техникийн шаардлага” стандартын дагуу бэлтгэж арьс, ширний гарал үүслийг орон нутгийн эрх бүхий байгууллага тодорхойлно.
2.2. Бүх төрлийн арьс, шир нь “MNS 4724 Анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир.” стандартын дагуу дараахь техникийн шаардлагыг хангасан байна:
2.2.1. үслэг эдлэлийн зориулалттайгаас бусад боловсруулсан бүх төрлийн арьс, ширний үсний уг нь бүрэн гүйцэд авагдсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, нэвт идээлэгдэж будагдсан, жигд өнгөтэй байна;
2.2.2. анхан шатны боловсруулалт хийсэн арьс, ширний чанарын үзүүлэлт нь “Хүснэгт 1”-д заасан шаардлагыг хангасан байна:
Хүснэгт 1
Ангилал |
Чанарын үзүүлэлт |
||||||
pH |
Татах цэг, C, (багагүй) |
Чийг %, (ихгүй) |
Хромын исэл, % |
Бусад идээлэгч бодис, % |
Өнгө |
Тос, % (багагүй) |
|
Вет блю |
3.5-4.2 |
95.0 |
65.0 |
3.0-6.0 |
- |
Жигд хөх цэнхэр |
- |
Вет вайт |
- |
60.0 |
65.0 |
- |
идээлэг хийсэн бодисын агууламж, тоо хэмжээ |
Цагаан цайвар |
- |
Краст |
3.5-4.5 |
- |
14.0 |
3.0-6.0 |
- |
Жигд |
4.5 |
2.3. “MNS 4724 Анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир. Техникийн шаардлага” стандартын 4.1-д заасан гандсан арьс, шир нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу чанарын хамгаалалт хийсэн түүхий эдэд хамаардаг тул боловсруулсан арьс гэж үзэхгүй.
2.4. Бүх төрлийн боловсруулсан арьс, шир нь “MNS 0084 Гутлын дээд биений болон дотрын зориулалттай боловсруулсан арьс” стандартын дагуу дараахь техникийн шаардлагыг хангасан байна:
2.4.1. гутлын дээд болон дотрын зориулалттай боловсруулсан арьс, шир нь гүйцэд идээлэгдсэн, зөв тослогдсон, өнгө туяаны ялгаагүй жигд будагдсан, жигд хээтэй, жигд зузаантай, биелэг уян, зөөлөн, жигд цэлмэнжүүлсэн, шар махыг сайтар цэвэрлэсэн, эрүүл ахуй, эдэлгээний шаардлага бүрэн хангасан байна;
2.4.2. өнгө зүлгэсэн хром, юфть, булигаар, гутлын дотрын арьсны хөндлөн огтлолын гуравны хоёр хүртэл зузааныг үндсэн өнгөөр будна. Шевро, илэг, нубук нэвт будагтай байна;
2.4.3. гутлын дээд болон дотрын зориулалттай боловсруулсан арьс, ширний хими, физик, механикийн үзүүлэлт “Хүснэгт 2”-т заасан шаардлагыг хангасан байна:
Хүснэгт 2
№ |
Үзүүлэлт |
Нэр төрөл |
Гутлын дээд биений зориулалттай арьс, шир |
Дотрын арьс |
|||
Гоёлын гутлын |
Өдөр тутмын гутлын |
Ажлын гутлын |
Тусгай зориулалтын |
||||
1 |
Чийг, %, дээшгүй |
Бүх нэр төрөл |
14
|
||||
2 |
Тос, % |
-хром, нубук -шевро -илэг -юфть, булигаар -үстэй арьс |
6-14 6-14 5-10 - - |
6-14 6-14 5-10 5.5-12 5-8 |
5-10 - 5-10 5.5-12 5-8 |
6-20 - - 6-20 5-8 |
- 5-10 |
3 |
Оксид хром, %, доошгүй |
-хром, нубук -шевро -илэг -юфть, булигаар -үстэй арьс |
3.5 |
||||
4 |
Тасралт эсэргүүцэх даалт, Н/мм2, доошгүй |
-хром, нубук, илэг -шевро -юфть, булигаар -үстэй арьс |
15 15 - - |
20 18 23 10 |
25 - 25 10 |
25 - 25 10 |
- 12 - - |
5 |
Өнгөний язралт, Н/мм2, доошгүй |
-хром -шевро -юфть, булигаар |
12 10 - |
15 12 15 |
15 - 15 |
15 - 15 |
- 8 - |
6 |
Харьцангуй суналт, %, доошгүй |
-хром, шевро -нубук, илэг -юфть, булигаар -үстэй арьс |
15 |
18 |
|||
7 |
Будгийн тогтвор үрэлтэд (веслик), балл, доошгүй -хуурай (20) -нойтон (10) |
Бүх нэр төрөлд |
4-5
4-5 |
4-5
4-5 |
4-5
3-5 |
4-5
3-5 |
5 |
8 |
Хучих будгийн олон нугаралт тэсвэрлэх чадвар, удаа, доошгүй |
-хром, шевро, нубук -юфть, булигаар
|
5000 - |
5000 3000 |
3000 2000 |
2000 2000 |
- - |
9 |
Ус нэвтрэлт, (г/цаг) |
-хром, шевро, нубук -юфть, булигаар
|
- - |
- - |
0.5 0.35 |
0.3 0.1
|
- - |
10 |
Үлдэгдэл суналт, %, талбайгаар |
-хром, илэг, нубук -шевро -юфть, булигаар |
5-15 10-20 - |
5-15 10-20 5-12 |
5-15 - 5-12 |
- - - |
|
11 |
Арьсны зузаан, мм |
-хром, нубук -шевро -юфть, булигаар -үстэй арьс |
1.1-1.6 0.5-1.1 - - |
1.2-1.8 0.7-1.3 1.6-2.2 1.4-2.6 |
1.4-2.0 - 1.7-2.4 1.8-3.0 |
1.6-2.2 - 1.8-2.8 1.8-3.0 |
0.6-1.2 0.6-1.2 0.6-1.2 0.6-1.2 |
2.4.4. гутлын улалгааны аргаас хамаарч арьс, ширийг тослох тосны хэмжээг хэрэглэгчийн саналаар боловсруулж болно;
2.4.5. үйлдвэрлэгч нь энэхүү стандартын дагуу боловсруулсан арьс, ширэнд чанарын баталгаа гарган, лабораторийн шинжилгээний дүнг дагалдуулсан байна;
2.4.6. энэхүү техникийн зохицуулалтын 2.4.3-т зааснаас гадна мэдрэхүйн бусад аргаар тодорхойлох боловсруулсан арьс, ширний үзүүлэлт, загварыг үйлдвэрлэгч-хэрэглэгч хоорондоо тохиролцож болно;
2.4.7. гутлын дээд биений болон дотрын зориулалттай боловсруулсан арьс, ширийг “MNS 5177 Боловсруулсан арьсны гэмтлийг тодорхойлох, зэрэглэх арга” стандартын дагуу зэрэглэж дугаарлана;
2.5. Бүх төрлийн боловсруулсан арьс, шир нь “MNS 0086 Хувцасны зориулалттай боловсруулсан арьс. Техникийн шаардлага” стандартын дагуу дараахь техникийн шаардлагыг хангасан байна:
2.5.1. хувцасны зориулалттай боловсруулсан арьсны түүхий эд нь “MNS 0060 Боловсруулаагүй арьс, шир. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангасан байна;
2.5.2. хувцасны зориулалттай боловсруулсан арьс, шир нь гүйцэд идээлэгдсэн, зөв тослогдсон, өнгө, туяаны ялгаагүй жигд, нэвт будагдсан, жигд цэлмэнтсэн, жигд зузаантай, махан тал нь сайтар цэвэрлэгдсэн, уян зөөлөн, биелэг, торгомсог байна;
2.5.3. арьсыг сайн татаж хатаах бөгөөд тэгш хэмтэй хэлбэр дүрсээ алдаагүй байна;
2.5.4. гоёлын хувцасны арьс нь зөөлөн, биелэг, торгомсог, гэмтэл багатай байна;
2.5.5. өдөр тутмын хувцасны арьсны төрөл бүрийн гэмтлийг багасгах зорилгоор хээ чимэглэл тавих буюу бусад өнгө засал хийсэн байж болно;
2.5.6. хувцасны зориулалттай боловсруулсан арьсны хими, физик-механикийн үзүүлэлт нь “Хүснэгт 3”-т заасан шаардлагыг хангасан байна:
Хүснэгт 3
№ |
Үзүүлэлтүүд |
Гоёлын |
Өдөр тутмын |
Тусгай зориулалтын |
|
1 |
Чийг, %, дээшгүй |
14 |
|||
2 |
Тасралт эсэргүүцэх даалт Н/мм2, доошгүй |
12.0 |
15.0 |
15.0 |
|
3 |
Тос, %, доошгүй, савхи илэг |
12 12 |
16 12 |
14 14 |
|
4 |
Харьцангуй суналт, %, доошгүй |
20 |
|||
5 |
Арьсны зузаан, мм |
0.6-0.8 |
0.8-1.2 |
||
6 |
Оёдлын утасны даалт, Н (доошгүй) |
50 |
70 |
||
7
|
Будгийн тогтвор үрэлтэд , балл, (веслик, 20 удаа) -хуурай (20 удаа) -нойтон (10 удаа) |
5/5 4/4 |
4/4 4/4 |
4/4 4/4 |
|
8 |
рН, доошгүй |
3.5 |
|||
9 |
Гэрэлд тэсвэрлэлт, өдрийн гэрэлд, балл |
3 |
4 |
||
10 |
Цаашид цууралт, Н/мм, доошгүй |
12 |
14.0 |
||
11 |
Усны дусалд өнгө хувиралтын хугацаа, мин |
5 |
10 |
||
12 |
Хучих будгийн олон нугаралт тэсвэрлэх чадвар, удаа, доошгүй |
- |
30000 |
||
2.5.7. энэхүү техникийн зохицуулалтын 2.5.6-д зааснаас гадна мэдрэхүйн бусад аргаар тодорхойлох боловсруулсан арьсны үзүүлэлт, загварыг үйлдвэрлэгч-хэрэглэгч хоорондоо тохиролцож болно;
2.5.8. хувцасны зориулалттай боловсруулсан арьсыг “MNS 5177 Боловсруулсан арьсны гэмтлийг тодорхойлох, зэрэглэх арга” стандартын дагуу зэрэглэж дугаарлана.
2.6. Бүх төрлийн арьс, ширэнд хийх шинжилгээг үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аргачлалын дагуу үйлдвэрийн дэргэдэх болон хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид хийсэн байна.
Бүх төрлийн арьс, ширийг худалдаалахад тавигдах шаардлага
2.7. Худалдаалах гэж байгаа боловсруулсан бүх төрлийн арьс, шир нь дараахь стандартуудад заасан шаардлагыг хангасан байна:
2.7.1. MNS 4724 “Анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир. Техникийн шаардлага”, (энэ стандартын 4.1-д заасан гандсан арьс, шир орохгүй);
2.7.2. ISO 5431 ”Ямааны арьсан вет блю. Техникийн шаардлага”;
2.7.3. ISO 5432 ”Хонины арьсан вет блю. Техникийн шаардлага”;
2.7.4. ISO 5433 “Үхрийн арьсан вет блю. Техникийн шаардлага”;
2.7.5. MNS 0084 “Гутлын дээд биений болон дотрын зориулалттай боловсруулсан арьс. Техникийн шаардлага”;
2.7.6. MNS 0086 “Хувцасны зориулалттай боловсруулсан арьс. Техникийн шаардлага”;
2.7.7. экспортод гаргах адуу, тэмээний шир нь энэхүү техникийн зохицуулалтын 2.7.1, 2.7.5, 2.7.6 дахь заалтуудын шаардлагыг хангасан байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2014 оны 330 дугаар тогтоолоор нэмсэн. Засгийн газрын 2023 оны 372 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.8. Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж гадаад оронд худалдаалахаар гаргаж байгаа бүх төрлийн арьс, ширийг дараахь стандартын дагуу баглаж, хаяглан тээвэрлэнэ:
2.8.1. MNS 0084 “Гутлын дээд биений болон дотрын зориулалттай боловсруулсан арьс. Техникийн шаардлага”;
2.8.2. MNS 0086 “Хувцасны зориулалттай боловсруулсан арьс. Техникийн шаардлага”.
Гуравдугаар бүлэг
Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт
тавигдах ерөнхий шаардлага
3.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад оронд худалдах гэж байгаа бүх төрлийн арьс, ширийг “MNS 5480 Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” стандартыг хангасан үйлдвэрт боловсруулсан байна:
3.1.1. үйлдвэрийн газрын байршил, орчны тохижилт, зам талбай нь хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.04-ийн шаардлагыг хангасан байна;
3.1.2. үйлдвэрийн газрын барилга байгууламж, инженерийн шугам, сүлжээ нь “Производственные здания” СНиП 2.09.02-85*, “Складские здания” СНиП 2.11.01-85*, “Захиргаа аж ахуйн барилга” БНбД 31-04-03-т заасан шаардлагыг хангасан байна;
3.1.3. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартуудын хүрээнд хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байна;
3.1.4. үйлдвэрийн барилга, байгууламж, төлөвлөлт шийдэл нь үйлдвэрлэлийн технологийн урсгалын шаардлагыг хангасан байна;
3.1.5. үйлдвэрлэлийн технологи ажиллагааг зөвхөн мэргэжлийн инженер-технологчийн удирдлага дор гүйцэтгэнэ;
3.1.6. үйлдвэрийн ажлын байранд ахуйн болон хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно;
3.1.7. байгаль, орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөртэй ажиллана.
3.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад оронд худалдаалах гэж байгаа бүх төрлийн арьс, ширийг боловсруулахад гарах технологийн хаягдал ус нь “MNS 5582 Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрээс урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус. Техникийн шаардлага” стандартад нийцсэн байна.
3.3. Бүх төрлийн арьс, ширийг боловсруулах үйлдвэр нь “MNS 5105 Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага” стандартад тавигдсан шаардлагыг хангасан байна.
3.4. Бүх төрлийн арьс, шир боловсруулах үйлдвэр нь “ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо” стандарт нэвтрүүлэх бэлтгэлийг үе шаттайгаар хангаж, 2017 онд бүрэн нэвтрүүлсэн байна.
3.5. Бүх төрлийн арьс, шир боловсруулах үйлдвэр нь технологийн горим, түүхий эд, эцсийн бүтээгдэхүүний чанарын шинжилгээ хийх, дотоод хяналтын лабораторитай байх бөгөөд лаборатори нь “MNS ISO IEC 17025 Сорилт ба шалгалт тохируулгын лабораторид тавих шаардлага” стандартын шаардлага хангасан байна.
3.6. Бүх төрлийн арьс, шир боловсруулах үйлдвэр нь эрх бүхий байгууллага болон нийлүүлэгч, үйлдвэрлэгчээс гаргасан чанарын баталгааны гэрчилгээтэй түүхий эд, бодис, материал, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд ашиглана.
3.7. Бүх төрлийн арьс, ширийг боловсруулахдаа хязгаарласан болон хориглосон химийн бодис (хромын 6 валенттай давс, пентахлор фенол г.м)-ыг хэрэглэхгүй.
Дөрөвдүгээр бүлэг
Боловсруулсан бүх төрлийн арьс, ширэнд
хяналт хийхэд тавигдах шаардлага
4.1. Бүх төрлийн арьс, ширийг Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, худалдаалах зорилгоор улсын хилээр гаргах болон гаднаас нэвтрүүлэхдээ холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хяналт, шалгалт хийнэ.
4.2. Боловсруулж, худалдах бүх төрлийн арьс, ширийг тохирлын баталгаанд хамруулсан байна.
4.3. Бүх төрлийн арьс, ширийг Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, худалдаалах зорилгоор хилээр нэвтрүүлэх мэдүүлэгт холбогдох хууль тогтоомжид заасан баримт бичгийг хавсаргасан байна.
4.4. Энэхүү техникийн зохицуулалтын хэрэгжилтэд холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод хяналт тавина.
------оОо------
Текст томруулах
A
A
A